Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 166

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нямбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Н.Мягмарнаран нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нарангэрэлийн Мягмарнаранд холбогдох 1818003420185 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Сартуул овогт Нарангэрэлийн Мягмарнаран /РД:ТА96040238/, 1996 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангид гал сөнөөгч ажилтай, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг Хар ус 8-61 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Мягмарнаран нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр төв холбооны ард талын зам дээр 72-08 ДАР улсын дугаартай Тоёота приус 11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т “жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна.”, мөн дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1-т “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас 6 настай явган зорчигч Н.Намуунзаяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Мягмарнаран нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр төв холбооны ард талын зам дээр 72-08 ДАР улсын дугаартай Тоёота приус 11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т “жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна.”, мөн дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1-т “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас 6 настай явган зорчигч Н.Намуунзаяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

 

-Шүүгдэгч Н.Мягмарзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 72-08 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Холбооны урд талын замаар явж байхад замын эсрэг талд нэг хүүхэд замаар гарах гээд зогсож байсан. Би тэр охиныг зам гарахаа  больчихлоо гэж бодоод чигээрээ явтал охин зам хөндлөн гүйж гарч ирсэн. Тэгээд би тэр даруй цагдаа, түргэн дуудаж охиныг эмнэлэгт хүргэж өгсөн.

...Би Н.Намуунзаяа охинд байнга анхаарал тавьж байсан. Миний ээж зүрхний өвчтэй учраас байнгын унаж тусдаг, асаргаанд байдаг. Би Онцгой байдлын албанд маш их хичээл зүтгэл гаргаж орсон. Цаашид ажлаа хиймээр байна. Н.Намуунзаяа охины эмчилгээнд гарах зардлыг тухай бүр өөрийнхөө чадлаар төлж, тусалж дэмжинэ, надад хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нямбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр би ажилтай байсан. Тэгсэн оройн 16:00 цаг өнгөрч байхад манай эхнэр миний утас руу залгаад “охин машинд дайруулчихлаа, эмнэлэг аваад явж байна” гэж ярьсан. Тэгээд би ажпаасаа чөлөө аваад шууд охин дээрээ очиж, дараа нь цагдаагийн газар очиж байцаалт өгсөн. Цагдаагийн газарт байцаалт өгч байхад Мягмарнарангийн эхнэр гэх хүн “таны хүүхэд өөрөө гүйж ирээд машинд дайруулсан” гэсэн зүйл ярьсан. Тэгэхээр нь би камерын бичлэгийг шүүлгэж үзэхэд Мягмарнаран тээврийн хэрэгслээ жолоодож байхдаа ямар ч хурд хассан зүйл харагдахгүй байсан. Мягмарнаран миний охиныг явган хүний гарц дээр мөргөсөн байсан. Шинжээчийн дүгнэлтээр миний охины нурууны ясны 5-7 хугаралтай гэсэн байсан. Эмч цаашид хүүхдийг хамаагүй хөдөлгөж болохгүй гэж зөвлөсөн. Охиныг зам тээврийн осолд орсноос хойш эхнэр бид хоёр хоёулаа ажлаасаа чөлөө авч, хүүхдээ ээлжлэн асарч байна. Автын ослын улмаас үүссэн гэмтэл сүүлд илэрдэг гэж хүмүүс ярих юм. Миний охин одоо хичээлээсээ чөлөө авсан, хичээлдээ явахгүй байгаа. Манай охин төлбөртэй сургуульд сурдаг. Тиймээс хүүхдээ хичээлээс нь хоцрогдуулахгүйн тулд гэрийн багш авч, хичээлийг нь нөхөн хийлгүүлэх бодолтой байна. Эхнэр бид 2 хүүхдээ хот руу авч явж үзүүлсэн. Н.Мягмарнаран миний охины биеийн байдал ямар байгаа талаар асууж, надтай ярьдаггүй. Н.Мягмарнаран миний охинд санаа тавьдаггүй.

...Би Н.Мягмарнарангаас 1380000 төгрөг авсан. Одоо хохирогчид нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу нөхөн олговорт тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 37 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, нийт 8894800 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-6/,

-Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг /хэргийн 8-9/,

-Хяналтын камерийн бичлэгийг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хэргийн 16,18/,

 

-Насанд хүрээгүй хохирогч Н.Намуунзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Нарантуяа аниатайгаа хичээл тараад явж байгаад замаар гарахад нэг машин ирээд намайг мөргөсөн. Хөл, нуруу, гар өвдөж байсан. Цагаан зураастай гарцаар гарсан. Нарантуяа анай түрүүлээд гарсан, би араас нь гарсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 20/,

 

-Гэрч Б.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"... Би тэр өдөр дуү Намуунзаяаг хичээлээс нь аваад гэр лүугээ 19 дүгээр сургуулиас гараад байран дундуур явж байгаад Холбооны арын замын эхний хэсгээр нь хөтөлж гараад дараагийн хэсгээр нь гарах гэхэд дүү гараас тавиад замын голд үлдсэн. Тэгээд би эргээд авах гэсэн чинь нэг машин хурдтай ирээд манай дүүг мөргөсөн.

...толгой нь хагарсан, хөл нь доголж байсан. Машин нилээн хурдтай явж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 26/,

 

-Гэрч О.Дэлгэрмөрөнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мягмарнарангийн ажлынхан зааланд тоглоно гээд Мягмарнаран машинаа жолоодоод би хажууд нь суугаад явж байтал холбооны арын зам дээр хүүхэд гарч ирээд машинд мөргүүлсэн. Тэгээд зогсоод шууд эмнэлэг рүү явж үзүүлээд тэнд тэр хүүхдийн ээж нь ирээд буцаж осол гарсан газар очиж цагдаа нар ирсэн. Тэр хүүхэд явган хүний гарцаар гарч байсан.’’ гэх мэдүүлэг /хэргийн 27/

 

-“Н.Намуунзаяагийн биед сээрний 3 нугаламын их биеийн шахагдсан хугарал, хуйхны шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Н.Намуунзаяад учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 449 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 29/,

 

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /хэргийн 30/,

-Интермэд эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн баримтууд /хэргийн 31-32/,

 

-“Жолооч Нарангэрэлийн Мягмарнаран нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна.” мөн дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1-т “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн. Явган зорчигч Н.Намуунзаяа нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй болно.” гэх 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 36/,

 

- “Автотээврийн үндэсний төвийн Дархан салбарын техник оношлогооны 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 40-43/,

-Хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт /хэргийн 72/,

-Хохиролтой холбоотой баримтууд /хэргийн 73-77/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Намуунзаяагийн биед “сээрний 3 нугаламын их биеийн шахагдсан хугарал, хуйхны шарх” бүхий гэмтэл тогтоогдсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эмчилгээ хийлгэсэн талаар холбогдох баримтаа бүрдүүлж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь нотлох баримтын хэмжээнд 1380000 төгрөг төлсөн талаар талууд маргахгүй байна.

 

Харин иргэний нэхэмжлэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нямбат нь шүүхийн шатанд охин Н.Намуунзаяагийн цаашид гарах эмчилгээнд нь 2009 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн “Хохирогчид нөхөн олговор олгох тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасны дагуу 8894800 төгрөгийн нөхөн олговор гаргуулахаар иргэний нэхэмжлэл гаргаж байна.

 

2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан “хохирогчид нөхөх олговор олгох тухай хууль”-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...энэ хуулийн зорилт нь 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самууны үеэр амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагын албан хаагч /цаашид “төрийн тусгай албан хаагч” гэх/, хуулийн этгээдэд нөхөх олговор олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “энэ хууль нь мөн хуулийн 1 дүгээр зүйлд заасан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самууны үеэр амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, төрийн тусгай албан хаагч, хуулийн этгээд /цаашид “хохирогч” гэх/-д хамаарна.” гэж уг хуулийн зорилт, үйлчлэх хүрээг тодорхой зааж өгчээ.

 

Иймд тодорхой нэгэн үйл явдлын улмаас хохирол амссан иргэнд төрөөс нөхөх олговор олгохоор зохицуулсан хуулийн заалтыг төсөөтэй хэрэглэж, гэмт хэрэг үйлдсэн этгээдээс нөхөх олговор гаргуулж, хохирогчид олгох хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нөхөх олговор гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин насанд хүрээгүй хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Н.Мягмарнаран нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр төв холбооны ард талын зам дээр 72-08 ДАР улсын дугаартай Тоёота приус 11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т “жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна.”, мөн дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1-т “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас 6 настай явган зорчигч Н.Намуунзаяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Н.Мягмарзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би тэр охиныг зам гарахаа  больчихлоо гэж бодоод чигээрээ явтал охин зам хөндлөн гүйж гарч ирсэн.” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-6/, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг /хэргийн 8-9/, хяналтын камерийн бичлэгийг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хэргийн 16,18/, насанд хүрээгүй хохирогч Н.Намуунзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Нарантуяа аниатайгаа хичээл тараад явж байгаад замаар гарахад нэг машин ирээд намайг мөргөсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 20/, гэрч Б.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"... би эргээд авах гэсэн чинь нэг машин хурдтай ирээд манай дүүг мөргөсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 26/, гэрч О.Дэлгэрмөрөнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...холбооны арын зам дээр хүүхэд гарч ирээд машинд мөргүүлсэн.’’ гэх мэдүүлэг /хэргийн 27/, “Н.Намуунзаяагийн биед сээрний 3 нугаламын их биеийн шахагдсан хугарал, хуйхны шарх тогтоогдлоо.” гэх 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 449 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 29/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /хэргийн 30/,  Интермэд эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн баримтууд /хэргийн 31-32/, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 36/,   “Автотээврийн үндэсний төвийн Дархан салбарын техник оношлогооны 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 40-43/, хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт /хэргийн 72/, хохиролтой холбоотой баримтууд /хэргийн 73-77/ болон хавтаст хэрэгт авагдаж  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Мягмарнаран нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Нямбат нь хохирогч Н.Намуунзаяад эмчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөртэй холбоотой бичгийн баримтууд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Н.Мягмарнарангаас 1380000 төгрөгийг хохирол төлбөрт төлж, цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн баталгааг талууд гаргасан /хэргийн 83/ байна.

 

Иймд шүүгдэгч Н.Мягмарнаранг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд төлсөн, хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэстэй.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг баримтын хүрээнд төлж, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө сайн дураар илэрхийлсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэснийг тус тус дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Сартуул овогт Нарангэрэлийн Мягмарнаранг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.3 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан иргэний нэхэмжлэгч М.Нямбатаас нөхөх олговорт 8894800 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, насанд хүрээгүй хохирогч Н.Намуунзаяа нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.  

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Сартуул овогт Нарангэрэлийн Мягмарнаранд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялын 600000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч Н.Мягмарнаранд үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Н.Мягмарнаранд анхааруулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй “Сиди”-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мягмарнаранд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ