| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0150/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\169 |
| Огноо | 2018-05-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2018\ШЦТ\169
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө. Өлзиймаа,
Шүүгдэгч*******нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын*******д холбогдох 1718003670169 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогтой *******ын******* /*******/, 1978 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 ээж, ах, дүү, нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзаж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч*******нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 3 дугаар байрны 2 дугаар орцны подвальд үйл ажиллагаа явуулдаг оёдлын цехээс иргэн *******гийн “Samsung J7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 535000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч*******нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 3 дугаар байрны 2 дугаар орцны подвальд үйл ажиллагаа явуулдаг оёдлын цехээс иргэн *******гийн “Samsung J7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 535000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр согтуу байсан. Шинэ хорооллын 3 дугаар байрны оёдлын цех рүү ороод жи-7 маркийн гар утсыг аваад гарсан. Тухайн үед цех рүү яах гэж орсон, гар утсыг яаж авч гарснаа сайн санахгүй байна.
…Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй, надад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 8/,
-*******гийн эзэмшлийн J7 маркийн гар утасны талаарх Мобиком корпорацийн мэдээлэл /хэргийн 9-12/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 20/,
-Эд зүйл баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл/ хэргийн 22/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 23-25/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 26/,
-Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 14 цагийн орчим би ажил дээрээ ажлаа хйигээд сууж байхад гаднаас хар өнгийн куртик, хар өнгийн өмдтэй, куртикнийхээ дотуур босоо захтай цайвар өнгийн цамцтай, майга хөлтэй, 25-30 орчим насны эрэгтэй хүн гаднаас орж ирээд “эгч ээ би 3 настай, 6 настай хоёр хүүхдийн хантааз хийлгэх гэсэн юм аа, би ******* цогцолбор сургуулийн ******* багшийн хүүхэд байна. Ээж тань руу явуулсан юм.” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надад одоо зав байхгүй, 20-ний өдөр хүртэл захиалга ихтэй байна” гэж хэлэхэд тэр залуу “би эхнэр хүүхэдтэйгээ явж байгаа материалаа авсан, гадаа манай эхнэр хүүхэд байгаа” гэж хэлээд гарч яваад буцаж орж ирээд миний хажууд ирээд “таны хийж байгаа зүйлийг үзье” гээд миний оёж байсан суудлын бүрээсийг аваад сандал дээр тавьж үзээд “за за эгч ээ, би маргааш ирээд таны ажилд тусалж байгаад юмаа хийлгээд авнаа” гэж хэлээд тэр залуу хоёр гараа халаасандаа хийгээд гараад явсан юм. Би тэр залууг гараад явсаных нь дараа бандан дээр байсан гар утсаа үзэхэд алга болсон байсан. Тэгээд би гар утсаа хулгайд алдсанаа мэдээд цагдаагийн газарт ирж өргөдөл өгсөн юм.
...2016 онд Мобикомоос 535000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Гадуураа тогосны зурагтай, самсунг жи-7 маркийн гар утас байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 28-29/,
- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 535000 /таван зуун гучин таван мянга/ төгрөг байна.” гэх 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 42-43/
- *******аас хохирогч *******д гар утас хүлээлгэн өгсөн тухай тодорхойлолт /хэргийн 67/,
- “******* би 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр *******аас өөрийн алдсан утастай ижил самсунг жи-7 маркийн шинэ гар утас хүлээн авлаа. Одоо *******аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх тодорхойлолт /хэргийн 68-69/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******д 535000 төгрөгийн хохирол учирсан болох нь *******гийн эзэмшлийн J7 маркийн гар утасны талаарх Мобиком корпорацийн мэдээлэл /хэргийн 9-12/, хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 онд Мобикомоос 535000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Гадуураа тогосны зурагтай, самсунг жи-7 маркийн гар утас байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 28-29/, “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 535000 /таван зуун гучин таван мянга/ төгрөг байна.” гэх 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 42-43/ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч*******нь хохирол төлбөрийг барагдуулсан болох нь *******аас хохирогч *******д гар утас хүлээлгэн өгсөн тухай тодорхойлолт /хэргийн 67/, “******* би 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр *******аас өөрийн алдсан утастай ижил самсунг жи-7 маркийн шинэ гар утас хүлээн авлаа. Одоо *******аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх тодорхойлолт /хэргийн 68-69/ зэргээр нотлогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч*******нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 3 дугаар байр, 2 дугаар орцны подвальд үйл ажиллагаа явуулдаг оёдлын цехээс иргэн *******гийн Samsung J7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 535000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...оёдлын цех рүү ороод жи-7 маркийн гар утсыг аваад гарсан.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 8/, *******гийн эзэмшлийн J7 маркийн гар утасны талаарх Мобиком корпорацийн мэдээлэл /хэргийн 9-12/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 20/, эд зүйл баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл/ хэргийн 22/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 23-25/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 26/, хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр залууг гараад явсаных нь дараа бандан дээр байсан гар утсаа үзэхэд алга болсон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 28-29/, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 42-43/, *******аас хохирогч *******д гар утас хүлээлгэн өгсөн тухай тодорхойлолт /хэргийн 67/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч*******нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй СД-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогтой *******ын*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******д анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан 500000 /таван зуун мянга/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төрийн сангийн 0000100190005002 тоот данснаас 500000 төгрөгийг буцаан гаргаж, шүүгдэгч *******д /*******/ олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ