| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 2318003150596 |
| Дугаар | 2025/ДШМ/56 |
| Огноо | 2025-07-30 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/56
******* холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Нарийн бичгийн дарга Б.Анужин нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2318003150596 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр баг, ******* ******* хотхоны урд иргэн ******* “архи нэхэж цүнхнээс татлаа” гэх шалтгаанаар түлхэж унаган нүүр толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөж, биед нь баруун чамархай, дагз хэсгийн цууралт, баруун чамархайн хуйхны цус харвалт баруун чамархайн хатуу хальсан дээрх цус харвалт, зүүн чамархайн тархины эдэд цус харвалт, баруун хөмсөг, баруун нүд хамрын нуруу, зүүн хацар, дээд уруул, эрүү, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулж,” хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сум дундын анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд:
-******* овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 4.600.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
-Хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
-Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:
...Миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус шүүхэд гомдол гаргаж байна.
Учир нь миний бие энэ хэргийг огт үйлдээгүй. Намайг хохирогчид гар хүрч цохисон гэх ямар ч нотолгоо, камерын бичлэг байхгүй атал архины бүрэн хамааралтай ганцхан гэрчийн мэдүүлгийг үнэн, худал эсэхийг нягтлалгүйгээр намайг буруутгасан. Мөн тэр гэрч өөрөө намайг хохирогчид гар хүрснийг нүдээрээ хараагүй гэдгээ мэдүүлдэг. Би хохирогчид гэмтэл учруулах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл би хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан. Үүнийг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй.
Намайг гүтгэж мэдүүлэг өгсөн гэрч нь зан байдлын хувьд хурц, ширүүн, худалч бөгөөд урьд нь нөхрөө хөнөөж ял эдэлж байсан хүн юм. Гэтэл зөвхөн түүний хэлсэн нь цаг хугацааны хувьд ойролцоо байна гэдэг шалтгаанаар үндэслэлтэй гэж үзсэн нь дэндүү өрөөсгөл, чамлалттай нотолгоо учраас гомдолтой байна. Магадгүй тэр хүн өөрөө ч хохирогчийг зодсон байх магадлалтай юм.
Яагаад гэвэл хохирогч тэр гэрч тай гэр бүл болох хэмжээнд харилцаатай, үргэлж хамт явж харагддаг байсан. Мөрдөн байцаалтын шатанд надаас мэдүүлэг авахдаа өөрийгөө хянах чадваргүй, согтуу байхад, харанхуй шөнө, өмгөөлөгчгүйгээр хүчээр тулгаж, загнаж, айлгах байдлаар гарын үсэг зуруулж мэдүүлэг авсан.
Миний бие өдий хүртэл 54 жил амьдрахдаа нэг ч удаа бусадтай гар зөрүүлж, зодоон хийж, хэрэгт холбогдож байгаагүй. Мөрөөрөө архи уугаад явдаг. Хувийн байдлыг минь анхан шатны шүүх харгалзаж үзсэнгүй.
Би тухайн хэрэг болох цаг хугацаанд хуучин Дарханд байрладаг “Гэгээн мариа” сүм болон Дархан-Уул аймгийн Халамжийн хэлтсийн харьяа төрийн бус байгууллагуудад асаргаа сувилгаанд эмчлүүлж байсан. Үүнийг тухайн сүмийн нийгмийн ажилтан , төрийн бус байгууллагын дарга нар гэрчилнэ. Эдгээр хүмүүс намайг тухайн цаг үед хэргийн газар байх боломжгүй гэдгийг харуулж байгаа юм.
Иймд эдгээр нөхцөл байдлыг нягтлан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч ******* нь бусдын эрүүл мэндэд санаатайгаар халдан зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс ******* Эрүүгийн хуулийн тусгай ангин 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг болон шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг эргэлзээгүй нотолж хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм бурууд тохирсон, шүүхээс дээрх үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж үзвэл шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр баг, ******* ******* хотхоны урд иргэн ******* “архи нэхэж цүнхнээс татлаа” гэх шалтгаанаар түлхэж унаган, нүүр толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөж, биед нь баруун чамархай, дагз хэсгийн цууралт, баруун чамархайн хуйхны цус харвалт баруун чамархайн хатуу хальсан дээрх цус харвалт, зүүн чамархайн тархины эдэд цус харвалт, баруун хөмсөг, баруун нүд хамрын нуруу, зүүн хацар, дээд уруул, эрүү, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох:
-гэрч “...намайг лааз түүгээд явж байхад үйлчилгээний төвийн хойд талын баарны шатан дээр талийгаач хамраас нь цус гарсан сууж байсан. “Та яасан юм” гэж асуухад “ нүүр лүү өшиглөсөн” гэж хэлсэн... Тэрнээс хойш талийгаач тэй дахиж таараагүй. Талийгаач тэй уулзсаны дараа миний санаж байгаагаар 3-4 хоногийн дараа охинтой нь таарахад “аав өнгөрчихлөө” гээд явж байсан... мөн надад г зодсон талаараа ярьж байсан гэсэн” гэх мэдүүлэг /хэргийн 37, 39-р тал/,
-Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 138 дугаар шинжээчийн “Талийгаачид баруун чамархай, дагз хэсгийн цууралт, баруун чамархайн хуйхны цус харвалт, баруун чамархайн хатуу хальсан дээрх цус харвалт, зүүн чамархайн тархины эдэд цус харвалт, баруун хөмсөг, баруун нүд, хамрын нуруу, зүүн хацар, дээд уруул, эрүү, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт. баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, шулуун гэдэсний цагариг булчингийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь амьд байхдаа үүссэн хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаачид шинжилгээгээр элэгний хатуурал өвчин тогтоогдсон нь үхэлд нөлөөлжээ. Талийгаач нь элэг хатуурах өвчний улмаас элэгний дутагдлаар нас баржээ” гэх дүгнэлт /хэргийн 44-47-р тал/,
-шинжээч : “...баруун чамархай, дагз ясны хугарал, баруун чамархайн хуйхны цус хуралт, баруун чамархайн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа, зүүн чамархайн тархины эдийн болон аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун хөмсөг, зовхи, хамрын нуруу, зүүн хацар, дээд уруул, эрүү баруун шилбэ өвдөгт зулгаралт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, шулууны гэдэсний амсар хэсгийн цагариг булчингийн урагдал нь мохоо хүчин зүйлээр үүснэ. Мохоо хүчин зүйл гэдэг нь цохих, унах, мөргөх зэрэг эдгээр хүчин зүйлээс үүсэж болно. Уг гэмтлүүд нь яг аль хүчин зүйлээр үүссэнийг тогтоох боломжгүй байна. Мөн дээрх гэмтлүүд нь буюу ил харагдаж байгаа цус хуралт нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Гавал тархины битүү гэмтлүүд нь гэмтлийн шинж байдал, эдгэрэх эд эсийн шинжилгээний хариу зэргээс үзэхэд 5-с дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг /хэргийн 61-62, 122-р тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 176 дугаар шинжээчийн “Амь хохирогчид баруун чамархай, дагз ясны хугарал, баруун чамархайн хуйхны цус хуралт, баруун чамархайн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа, зүүн чамархайн тархины эдийн болон аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун хөмсөг, зовхи, хамрын нуруу, зүүн хацар, дээд уруул, эрүү баруун шилбэ өвдөгт зулгаралт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, шулууны гэдэсний амсар хэсгийн цагариг булчингийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хохирлын хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нас барахаас 4-с дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Амь хохирогчийн биед учирсан баруун чамархай, дагз ясны хугарал, баруун чамархайн хуйхны цус хуралт, баруун чамархайн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа, зүүн чамархайн тархины эдийн болон аалзан хальсан доорх голомтлог цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр баруун чамархайд хүч үйлчлэхэд үүснэ, баруун хөмсөг, хамрын нурууны зулгаралт, хоёр зовхины цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, бусад гэмтэл нь тухайн гэмтэл учирсан хэсэгт тус бүрдээ мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба нас барахаас 4-с дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь үхэлд хүргээгүй бөгөөд уг гэмтлийн авсан ч идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Амь хохирогч нь элэгний хатуурал, архаг үрэвсэл, тэлэгдэх хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил өвчтэй байжээ. Амь хохирогч нь спиртийн цочмог хордлогын улмаас дотор эрхтний цус эргэлтийн хямралд орж, нойр булчирхайн үхжилт үрэвсэл, бөөрний сувганцрын үхжилд орж улмаар нас баржээ. Амь хохирогчид тогтоогдсон гавал тархины гэмтэл нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй бөгөөд тухайн үед цусан хурааг авах мэс засал хийх заалтгүй байжээ. Амь хохирогчид хийгдвэл зохих эмчилгээ хийгдсэн байна. Амь хохирогч нь эмнэлэгт ирэх үедээ хордлогын байдал гүнзгийрсэн, биеийн байдал маш хүнд ирсэн тул зохих эмчилгээ хийсэн ч амь насыг аврах боломж муу байжээ.” гэх дүгнэлт /хх-ийн 194-201-р тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.
Гэм буруугийн санаатай хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүй түүний улмаас бий болох хор уршигт хандах сэтгэхүйн харилцаа бөгөөд оюун санааны хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулыг ухамсарласан, учирч болох хор уршгийг урьдчилан мэдсэн боловч уг хор уршгийг зориуд хүсэж, мэдсээр байж үйлддэг онцлогтой.
Шүүгдэгч ******* нь “Би энэ хэргийг огт үйлдээгүй. Хохирогчийг зодоогүй, Намайг хохирогчид гар хүрч цохисон гэх ямар ч нотолгоо, камерын бичлэг байхгүй, шүүх архины бүрэн хамааралтай ганцхан гэрч гийн мэдүүлгийг үнэн, худал эсэхийг нягтлалгүйгээр намайг буруутгасан. Магадгүй тэр хүн өөрөө ч хохирогчийг зодсон байх магадлалтай. Би тухайн хэрэг болох цаг хугацаанд “Гэгээн мариа” сүм болон Дархан-Уул аймгийн Халамжийн хэлтсийн харьяа төрийн бус байгууллагуудад асаргаа сувилгаанд эмчлүүлж байсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгатай гомдол гаргасан.
Шүүгдэгч нь өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч *******ийн өөрийнх нь сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “...2023 оны намар 9 сарын сүүлээр, өдрийг сайн санахгүй байна, хог түүгээд, архи уугаад яваад байдаг гэдэг хүн надтай таараад “архи байна уу” гэхээр нь би “байхгүй” гэхэд тэр миний үүрч явсан юмыг авах гэхээр нь би түлхээд холдуулах гэхэд газар унасан. Би уурандаа толгой хэсэг рүү нь нэг удаа баруун хөлөөрөө өшиглөж орхиод явсан. ...Би тэй маргалдаж өшиглөх үедээ шар өнгийн израйл буюу хагас түрийтэй гутал өмсөж явсан...” гэж 1-р хавтаст хэргийн 124, 137-р талд өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч нь хохирогч ******* “архи нэхлээ” гэж шалтгаанаар уурлан дургүйцэж түүнийг түлхэж унагах, нүүр, толгойд нь өшиглөх зэргээр халдсан үйлдэл хийсэн болох нь гэрч тогтвортой, зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн зодуулсан талаараа ярьсан гэх цаг хугацаа нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 176 дугаар шинжээчийн “Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нас барахаас 4-с дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, дээр дурдсан баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон, түүний энэ үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.
Улмаар шүүгдэгч *******өөс өөр хүн хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэж сэжиглэх, таамаглах, эргэлзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд өөр газар байсан гэж давж заалдах гомдолдоо дурдсан байх энэ байдал нь мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүхийн аль ч үе шатанд тогтоогдоогүй, ийм баримт, нотолгоогоо гаргаж өгөөгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгч *******өөс хохирогчийн эмчилгээ болон оршуулгатай холбоотой зардалд нийт 4.600.000 төгрөг нэхэмжилсэн баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй гэдгийг дүгнээд, баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас 2025 оны 03 сарын 31-ний өдрийн шүүгчийн 479 дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсанаас хойш анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийн хуралдаан хүртэл 35 хоног биш, 58 хоног цагдан хоригдсон байх бөгөөд анхан шатны шүүх түүний хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцохдоо дутуу тооцсон байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн, анхан шатны шүүх хуралдаанаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл 62 хоног, нийт 120 хоног цагдан хоригдсон болохыг шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ