Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00346

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00346

 

 

 

Н.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/03614 дүгээр шийдвэртэй Н.Энхтуяагийн нэхэмжлэлтэй Ч.Тунгалагсайханд холбогдох, 30 000 000 төгрөг гаргуулах, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, Э.Эрдэнэцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Эрүүл ногоон зүрх ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь буудайн соёолжийн нунтгаар эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдан борлуулдаг. Ч.Тунгалагсайхан нь ...манай компани их ашигтай ажиллаж байгаа, компанид зохих хувийн хувьцаа эзэмшиж, хамтран ажиллаач гэсэн саналыг тавьсны дагуу 2017 оны 10 дугаар сард Эрүүл ногоон зүрх ХХК-ийн хувьцаа эзэмшиж, хамтран ажиллахаар түүнтэй харилцан тохиролцсон. Улмаар 2017 оны 11 дүгээр сард Ч.Тунгалагсайхантай уулзахад тэрээр компанийн нэг бүр нь 100 төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг нийт 30 хувийн хувьцааг худалдан авахыг санал болгосон. Мөн ...нөхөр бид хоёр Хятад улс руу явж, тоног төхөөрөмж авах гэж байгаа тул мөнгөө дансанд шилжүүлчих. Буцаж ирээд хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулж, компанийн хууль ёсны хувьцаа эзэмшигч болгоно гэж хэлсэн учир Хаан банк ХХК дахь Ч.Тунгалагсайханы эзэмшлийн 5007656276 тоот дансанд 20 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, нөхөр Н.Юмчинсэрчингийн данснаас 10 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус тус шилжүүлсэн. Компанийн 30 хувийн хувьцаа шилжүүлж өгөхгүй байсан тул удаа дараа шаардсаны эцэст 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр компанийн хувьцааг 30 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байгуулсан боловч тус гэрээг нэмэлт бичиг баримт шаардсаны улмаас тус гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Харин компанийн хувьцааг нэрлэсэн үнээр нь буюу 30 хувийн хувьцааг 3 000 төгрөгөөр худалдах өөр гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр Эрүүл ногоон зүрх ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Талуудын хооронд байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 3.3-д ...компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан, баланс, холбогдох зөвшөөрлийг үнэн зөвөөр гаргаж өгөх..., 3.6-д худалдагч тал нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийг удаа дараа зөрчсөн, мэдээлэл өгөхөөс зайлсхийсэн тохиолдолд худалдан авагч тал нь гэрээг цуцлах, оруулсан хөрөнгөө анхны өртгөөр үл маргах журмаар бүрэн гаргуулж авах, хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй гэж тус тус заасан. Гэтэл Ч.Тунгалагсайхан нь Компанийн тухай хууль болон Компанийн дүрмээр олгогдсон хувьцаа эзэмшигчийн эдлэх эрхийг зөрчиж, тус компанид зөвхөн борлуулагчийн үүрэг гүйцэтгүүлж, компани хаана, ямар үйл ажиллагаа явуулж байгааг надаас нууж, компанид хохиролтой, зөвхөн өөрийн хувийн ашиг сонирхолд нийцсэн үйл ажиллагаа явуулсаар өнөөдрийг хүрсэн.

Энэ асуудлыг цэгцэлж, шийдвэрлэх шаардлагыг хувьцаа эзэмшигчийн хувьд Ч.Тунгалагсайханд удаа дараа тавьсан боловч тэрээр ямар ч арга хэмжээ аваагүй, уулзахаас зайлсхийж, утсаа авахгүй байсан бөгөөд эдгээр зөрчлүүдээ арилгаж, компанийн баримт бичигтэй албан ёсоор танилцуулж, мэдээллээр хангах үүргээ биелүүлэхийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр шаардсан боловч мөн адил ямар ч арга хэмжээ аваагүй, хариу ирүүлээгүй. Тухайн нөхцөл байдлуудаас болж цаашид тус компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Мөн компанийн үйл ажиллагаанд оролцуулахаас байнга зайлсхийж байгаа тул талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзах мэдэгдлийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шуудангаар мөн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ч.Тунгалагсайханы [email protected]@yahoo.com цахим хаягуудаар тус тус хүргүүлж, гэрээнээс татгалзах мэдэгдлийг Зууны мэдээсонины 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 150 /5857/ дугаарт нийтлүүлсэн. Түүнчлэн, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэрээнүүдээс татгалзсантай холбоотой үүссэн асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэхээр Ч.Тунгалагсайханы гэрт очсон боловч нөхөр н.Буяннэмэх нь намайг хэл амаар доромжилж, ...наад асуудлаа шүүх, цагдаагаар шийдвэрлүүл гэж эвлэрэн хэлэлцэхээс шууд татгалзсан. Иймд гэрээнээс татгалзсантай холбогдуулан хувьцааны төлбөрт төлсөн 30 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн түүнчлэн, 30 000 000 төгрөгийг үнийн дүн бүхий гэрээг халхавчлах зорилгоор 3 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн ба тус гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна. 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ-г нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Тунгалагсайхан нь гэр бүлийн хүрээнд 2013 оноос эхлэн буудайн соёолжны жүүс хүнсний нэмэлт тэжээлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зарж борлуулж байгаад 2016 оноос Эрүүл ногоон зүрх ХХК-ийг байгуулж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Улмаар нэхэмжлэгч Н.Энхтуяагийн нөхөр эмч н.Юмчинсэрчин нь бидэнтэй холбогдож хамтарч ажиллах саналыг 2-3 удаа ... 30 000 000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийе, явцын дунд хувьцааны асуудлаа шийдье, Н.Энхтуяаг ажилдаа туслуулаад борлуулалт хийлгэе. Хавдар судлалын үндэсний төвд, эмнэлэгтээ зараад байж болно гэсэн санал тавьсныг хүлээн зөвшөөрч 30 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг авч компанийн 30 хувийн хувьцааг шилжүүлэхээр болсон. Н.Энхтуяа нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 20 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Үүнээс хойш 6 сарын дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Анх гэрээ байгуулахдаа хамтран ажиллах хүсэл зоригоо илэрхийлэн хамтран үйл ажиллагаа явуулж байсан. 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулах үндсэн шалтгаан нь олон улсын байгууллагаас хөнгөлөлттэй зээл авахын тулд дүрмийн сангийн хэмжээ 100 000 000 төгрөг байх шаардлагатай байсан тул дүрмийн сангаа 70 000 000 төгрөг, 30 000 000 төгрөг болгож хийе гэж тохиролцсон. Нэхэмжлэгч ...хариуцагч тал компанийн талаарх мэдээлэл болон холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй, танилцуулаагүй. Мөн гэрээнээс татгалзсан тухайгаа Ч.Тунгалагсайханд удаа дараа мэдэгдэж байсан гэх боловч хэрэгт авагдсан баримтууд дотор Н.Энхтуяа нь гэрээнээс татгалзсан талаар Ч.Тунгалагсайханд мэдэгдсэн талаар баримт болон илгээсэн албан бичгийг хэн хүлээж авсан нь тодорхойгүй, хариуцагчид хүлээлгэн өгсөн баримт байхгүй. Зууны мэдээ сонинд гэрээнээс татгалзсан талаа зарлуулсан ч уг Зууны мэдээ сонинг уншдаг хүн ч бий, уншдаггүй ч хүн байдаг. Тийм учраас үүнийг гэрээнээс татгалзсан талаар илэрхийлсэн, хариуцагч хүлээн авсан гэж ойлгохгүй. Бодит байдал дээр Н.Энхтуяа нь компанийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бараа бүтээгдэхүүнээ борлуулж, орлого олж байсан. Харин ч эсрэгээрээ нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж компанийн борлуулалт хийдэг албан ёсны цахим хуудсыг хариуцагч ажиллуулж чадахгүй болсноос борлуулалт эрс багассан, мөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт зогссон. 2018 оны 7 дугаар сараас хойш бараа бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй, үлдсэн бараа бүтээгдэхүүн борлогдоогүй. Хэрэгт авагдсан компанийн санхүүгийн тайлангаас үзвэл компани ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа. Компанийн тухай хуулийн дагуу компани ашигтай ажилласан тохиолдолд хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг хуваарилагдаг болохоос биш нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг дор дор нь ногдол ашиг хуваарилдаг зүйл гэж байхгүй. Нэхэмжлэгч 6 сар ажиллаж үзээд ...ашиггүй байгаа учраас би гэрээнээс татгалзлаа, мөнгөө авъя гэж хэлж болохгүй. Тиймээс компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд компани ашигтай ажиллавал ногдол ашиг авч, харин ашиггүй ажиллавал эрсдэлийг хамт хүлээх нь зүйтэй. Тийм учраас нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэгэнт 3 000 төгрөгийн гэрээг үндэслээд Улсын бүртгэлийн байгууллага Н.Энхуяаг 30 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгээд оруулчихсан байгаа тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоод ач холбогдолгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ч.Тунгалагсайханаас 30 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхтуяад олгож, Эрүүл ногоон зүрх ХХК-ийн 30 хувийн хувьцааг Ч.Тунгалагсайханд буцаан шилжүүлэхийг Н.Энхтуяад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Тунгалагсайханаас 312 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхтуяад олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдолдоо: Хариуцагч нь нэхэмжлэгчээс бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсны орлого 8 300 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар ... аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан ...Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэсэн дүгнэлтийг хийсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоосон гэж үзсэн. Гэтэл бодит байдал дээр энэ мэдэгдлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар ямар ч баримт байхгүй. Улсын бүртгэтгэлийн ерөнхий газарт хариуцагчийн гаргасан гомдлын агуулгаас шүүх хариуцагчийг уг мэдэгдлийг мэдсэн гэж үзсэн нь учир дутагдалтай. Хэрэв тухайн мэдэгдлийг хариуцагчид бичгээр болон амаар мэдэгдсэн бол ямар нэг саадгүйгээр орлого, зарлагын тайлан, санхүү болон хөрөнгө оруулалтын зарцуулалтын тайлангуудыг гарган өгөх байсан. Түүнчлэн хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс гаргасан баримтаар дээрх төлбөр хөрөнгө оруулалт болох нь тодорхой харагдах ба хөрөнгө оруулалтын зарцуулалтын тайлан гэж бичигдсэн байна. Гэтэл уг харилцааг шүүхээс худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж үзсэн нь үндэслэлгүй. Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Иргэний хуулийн 243 дугаар зүйл 243.1 дэх хэсэгт зааснаас үзвэл хариуцагч Ч.Тунгалагсайхан нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн, хариуцагч үнийг төлж хөрөнгийг хүлээн авсан байна. Энэ нөхцөл байдлаас гэрээг зөрчсөн гэж үзэж гэрээнээс татгалзах үндэслэлгүй юм. Гэтэл 20 000 000 төгрөгийг Эрүүл ногоон зүрх ХХК-д хөрөнгө оруулалт хэлбэрээр өгсөн бөгөөд харин хувьцаа худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч компанидаа гадаадын хөнгөлөлттэй зээл авахад шаардлагатай хэмээн дүрмийн санг 100 000 000 төгрөг болгон үүний 30 хувь болох 30 000 000 төгрөгийн хувьцааг өөртөө шилжүүлэн авсан. Үүнээс гадна нэхэмжлэгчийн компанийн борлуулалт авдаг байсан фэйсбүүк пэйж хуудсын нэрийг сольсон, компанийн бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоо өөртөө дур мэдэн авдаг байсан зэрэг хууль бус ажиллагаанаас үүдэн Эрүүл ногоон зүрх ХХК-ийн үйл ажиллагаа бүрэн зогссон байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Энхтуяа нь хариуцагч Ч.Тунгалагсайханд холбогдуулан 30 000 000 төгрөг гаргуулах, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Н.Энхтуяа өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч гэрээ болон хуульд заасан ... үүргээ биелүүлээгүйн улмаас Эрүүл ногоон зүрх ХХК-ийн хувьцааг 30 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж байна, үүргээ биелүүлэхийг болон гэрээнээс татгалзаж буйг удаа дараа шаардаж мэдэгдсэн гэж тодорхойлсон. Мөн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээнд худалдагч нь компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг санхүүгийн тайлан, балансын талаар үнэн зөв мэдээлэх, Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийг удаа дараа зөрчсөн, мэдээлэл өгөхөөс зайлсхийсэн тохиолдолд худалдан авагч тал нь гэрээг цуцлах, татгалзах эрхтэй гэж тохиролцжээ. /хх-ийн 7-8 дугаар тал/

Хариуцагч өөрийн татгалзлаа нэхэмжлэгч Н.Энхтуяа нь компанийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, борлуулалт хийдэг албан ёсны Эрүүл ногоон зүрх Wheatgrass цахим хуудсыг хариуцан ажиллуулж, бараа бүтээгдэхүүнээ борлуулж, орлого олж байсан, гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хүлээн аваагүй гэж тайлбарласан. /хх-ийн 25-26 дугаар тал/

Хэргийн 7-8 дугаар талд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Эрүүл ногоон зүрх ХХК-ийн 30 ширхэг хувьцааг 30 000 000 төгрөгийн үнээр худалдах, худалдан авах тухай 2018/02 тоот гэрээ, мөн 3 000 төгрөгийн үнээр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус авагдсан. Эдгээрээс 3 000 төгрөгийн үнэ бүхий Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь талуудын тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдсон. /хх-ийн 61-62 дугаар тал/

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч гэрээнээс татгалзах үндэслэл болж буй хариуцагчийн үүргээ зөрчсөн гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэгч тухайн компанийн үйл ажиллагаанд хэрхэн ямар оролцоотой байсан нь тодорхойгүй, нотлох баримтгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд худалдах худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан тохиолдолд хариуцагчаар татагдаж байгаа худалдагч гэрээгээр хүлээсэн үүргээ хэзээ, хэрхэн зөрчсөн болох, худалдан авагч үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан эсэх зэрэг нь эргэлзээтэй, эдгээр үйл баримтыг нарийвчлан тодруулсны эцэст үүрэг гүйцэтгүүлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 204 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзах, гэрээ цуцлахыг шаардах эрхтэй эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

Хууль буюу гэрээнд зааснаар гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар, мөн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх учиртай.

Түүнчлэн, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлийг нэхэмжлэгч нь бараа бүтээгдэхүүнийг борлуулах явцдаа 8 300 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага болж буй 30 000 000 төгрөгт буюу оруулсан хөрөнгө оруулалтдаа тооцож авсан тул түүнээс гаргуулна гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх зохигчдыг энэ талаар мэтгэлцүүлэхгүйгээр сөрөг нэхэмжлэлийг шууд хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. /хх-ийн 117, 128 дугаар тал/

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан 3 000 төгрөгийн үнэ бүхий Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна. /хх-ийн 157 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах, хэргийн үйл баримтад болон хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/03614 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 312 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ