| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0144/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\175 |
| Огноо | 2018-06-04 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2018\ШЦТ\175
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Хохирогч *******, *******,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан ******* овогт *******ийн *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан *******, *******гийн *******т нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1718002670040 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн ******* /*******/, 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан.
2.Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /*******/, 1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, 2 ах, дүү, 2 хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, 2017 оны 10 дугаар сарын 04-ны шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 20/2 дугаар байрны гадна ертөнцийн зүгээр зүүн хойд талд иргэн *******ын эд зүйлийг авах зорилгоор нүүрэн тус газарт нь цохиж, гар цүнхийг нь авч 180.000 төгрөгийн хохирол, *******тай цуг явсан нөхөр болох *******ын халаасанд байсан 20.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Нокиа-73-60” маркийн гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан,
-Мөн шүүгдэгч ******* нь иргэн *******, *******нарын эд зүйлийг нь хүч хэрэглэн, хууль бусаар авч дээрэмдэх явцдаа *******ын толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч, *******, ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, 2017 оны 10 дугаар сарын 04-ны шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 20/2 дугаар байрны гадна ертөнцийн зүгээр зүүн хойд талд иргэн *******ын эд зүйлийг авах зорилгоор нүүрэн тус газарт нь цохиж гар цүнхийг нь авч 180.000 төгрөгийн хохирол, *******тай цуг явсан нөхөр болох *******ын халаасанд байсан 20.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Нокиа-73-60” маркийн гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэн, дээрэмдэн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн,
-Шүүгдэгч ******* нь иргэн *******,*******нарын эд зүйлийг нь хүч хэрэглэн, хууль бусаар авч дээрэмдэх явцдаа *******ын толгойн тус газарт нь цохиж, гавал тархины битүү гэмтэл, тархины дунд зэргийн няцрал, зүүн чамархайн ясны хугарал, нүүрний шарх, нүүр болон 2 өвдөгний зөөлөн эдийн зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тэр өдөр миний төрсөн эгч манай******* 13 цагийн орчим манай гэрт ирсэн. Тэр үед манай хамаатаны ******* ах 1 шил 0.75 литрийн архи авч орж ирээд тэр архийг нь******* эгч, ******* ах бид 3 хувааж уусан. Тэгж байгаад ******* эгчийн гэрт очиж мод, нүүрс авахаар явж тэнд 0.5 литрийн архи уусан. Тэнд байж байгаад орой 23 цагийн орчим******* эгч бид хоёр манай гэр лүү явсан. Байр тойроод ирэхэд ******* хогийн савны хажууд хүүхдээ тэвэрчихсэн зогсож байсан, харин байрны хажууд нэг эрэгтэй, эмэгтэй хоёр сууж байсан. Тэгтэл ******* бид хоёрыг дуудаад бид хоёр *******тай уулзаад байж байтал юунаас болж маргасан талаар мэдэхгүй байна ямар ч гэсэн ******* тэр эгчтэй маргалдаад хүүхэд нь уйлаад байхаар нь******* эгч хүүхдийг нь аваад орсон. Тэгтэл ******* тэр эгчтэй шууд үсдэлцээд авсан. Тэгэхээр нь салгах гээд дийлэхгүй байсан. Нөгөө талаас нь ч гэсэн нөгөө эмэгтэйгийн нөхөр нь салгах гээд дийлэхгүй байсан. Тэгэхээр нь би шууд тэд нарыг орхиод гэр лүүгээ яваад орсон. Гэрт ******* эгч, манай хоёр хүүхэд байхаар нь******* эгчийг гараад *******ыг дагуулаад ороод ирээч гээд гаргасан. Тэгсэн чинь ******* орцны үүдэнд байсан гэсэн. Эгч******* гараад *******ыг дагуулж орж ирээд ******* хүүхдээ өлгийдөөд эгчийн хамт гараад явсан. Манай нөхөр сүүлд орж ирсэн бас би гэртээ унтлаа гээд үлдсэн. Тэгээд хэвтэж байсан чинь цагдаа нар ирээд намайг аваад цагдаа дээр ирж эрүүлжүүлэгдээд, маргааш өглөө нь мэдүүлэг өгсөн. ” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас найз *******гийн хамтаар Дарханд ирээд *******гийн танилууд болох зүс таних ******* ,******* хоёртой уулзахаар *******ийн гэрт нь ороход *******,******* нар нь гэртээ байхгүй, харин *******ийн нөхөр ******* байсан. *******ийнд орохдоо ******* бид 2 0.75 литрийн архи авч орсон бөгөөд *******ийн нөхөр *******, ******* бид 3 нөгөө архийг хувааж уусан. ******* нь миний бага хүүхдийн эцэг *******ын төрсөн дүү нь бөгөөд тэр архийг ууж дуусч байтал ******* надтай маргалдаж, манай нөхрийг дуудна гэхээр нь би нөхрийг хүрээд ирж магадгүй гэж бодоод гарсан юм. Намайг гарахад орцны хажууд нэг ах, эгч хоёр хоорондоо жаргал зовлонгоо ярьж байгаа бололтой, эхнэр нь дахин нэг пиво аваад өгөөч гэж хэлээд сууж байсан. Би 3 сартай хүүхдээ тэврээд байрны өөдөөс харсан хогийн цэгийн орчим зогсож байтал байрны хойд талаар *******,******* хоёр тойроод гараад ирсэн. Тэгтэл тэр хоёр нөгөө нэг эгч, ах хоёрын урдуур гарахдаа******* нь тэр эмэгтэйгийн цүнхийг аваад орц руу орсон, харин ******* нь тэр ах, эгч хоёрын өмнө нь зогсож байсан. Тэгтэл түг гээд чимээ гарсан чинь ******* тэр эмэгтэйг цохисон юм байна лээ. Тэгэхээр нь би яваад очиход тэр эгчийн нүүрийг дагаад цус гойжиж байсан. Намайг хүүхдээ тэврээд очиход тэр эгч шууд над уруу хараад “эгчийнхээ цүнхийг өгчих, би 5 хүүхэдтэй ядарсан эмэгтэй” гэхээр нь би “таны цүнхйиг аваагүй, би ч гэсэн нялх хүүхдээ тэврээд явж байна, таны цүнхийг авсан хүн орц руу орчихлоо” гэсэн чинь тэр эгч над уруу дайраад эргэх гэсэн чинь миний үснээс зулгаах гээд миний хувцаснаас зуураад байсан. Тэр үед******* нөгөө цүнхийг нь барьчихсан гарч ирсэн. Нөгөө эгч надтай зууралдаад хүүхэд унагаачих гээд байсан чинь******* миний хүүхдийг наашаа өгчих гэж надаас аваад******* миний хүүхдийг аваад, нөгөө цүнхийг нь аваад орц руу орсон. Би тэр эгчид “та яагаад над уруу дайраад байгаа юм бэ? би таны цүнхийг аваагүй, хүүхэд унагаах гээд байна” гэж хэлсэн чинь намайг үсдээд байхаар нь би нэг алгадаад үснээс нь зулгаасан. Тэгж зууралдаж байгаад тэр эгч намайг унагаагаад дээр гарсан. Тэгэхэд хажууд ******* зогсож байсан бөгөөд тэр эгч миний дээр гараад толгойноос маш их цус гараад миний хувцас руу гойжоод байсан. Тэгж байтал ******* гэнэт алга болчихсон. Тэр эгч ч арай гайгүй сулраад ******* гарч ирээд намайг босгож аваад би *******ийн гэрт*******ын хамт орсон. Тэгээд *******ийнд ороход нэг хар өнгийн Эл-жигийн гар утас цэнэглэчихсэн “энэ саяны цүнхнээс гарсан гар утас” гэж******* хэлсэн. Тэгэхээр нь би “өө тийм үү, наад утас чинь ажилладаг юм уу? гэсэн чинь “ажилладаг юм байна” гэж хэлээд би хүүхдээ хөхүүлээд сууж байтал ******* гаднаас орж ирсэн. ******* гаднаас орж ирээд эхнэрийгээ архи уулаа гэж уурлаад******* бид хоёрыг гар гээд хөөсөн. Би*******тай хүүхдээ тэврээд тэдний гэрээс гарсан чинь******* нөгөө гар утсыг нь авсан байсан. Тэгснээ “энэ гар утсыг зарж пиво уух уу?” гэхээр нь “тэгье” гээд вокзал орж нэг танихгүй хүнд нөгөө гар утсаа өгч 2.5 литрийн пиво аваад таксинд суугаад тэр такситайгаа явж байгаад*******ын гэрийн хойд уулан дээр нөгөө пиво ууж талд нь оруулаад*******ын гэрт нь ирж пиво уугаад унтаж байтал 6 цагийн орчим цагдаа нар ирээд******* бид хоёрыг барьж,*******ыг эрүүлжүүлсэн. Бид хоёроос өмнө *******, ******* хоёрыг эрүүлжүүлсэн байсан юм байна лээ.” гэх мэдүүлэг,
-Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 сарын 03-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр шилжих шөнө Сутай баарнаас эхнэрийн хамт гарсан. Эхнэр бид хоёр Сутай баарны хажууд хүн хүлээж түр сууж байсан. Тэгээд эхнэр бид хоёр тэндээс босоод 20/2 дугаар байрны цаад талын булангаар тойрч гараад явж байтал намхан, бүдүүн хүн эхнэр бид хоёр дээр хүрч ирээд“тамхи байна уу?” гэж асуусан. Тэгэхээр би тамхи гаргаж өгсөн. Тэгсэн “гал байна уу?” гэж асуухаар нь галаа гаргаж өгсөн. Тэгээд эхнэр бид хоёр явж байтал цаанаас нэг эмэгтэй гарч ирээд хойш юу болсныг сайн санахгүй байна. Хохирол төлбөрт *******аас дансаар 460000 төгрөг, бэлнээр 120000 төгрөг, нийт 580000 төгрөг, *******ээс 240000 төгрөг авсан, харин эхнэрийн бие тааруу байгаа.” гэх мэдүүлэг,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 5-7/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 8/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 9/,
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 21-23/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 24-27/,
-Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 30, 165, 2 дахь хавтаст хэргийн 38 /,
-Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нөхөр бид хоёр гэр лүүгээ явах гээд 18-н автобусны буудал руу явж байсан. Манай нөхөр найзтайгаа нэг шил архи уучихсан болохоор нилээд согтсон байсан. Тэгтэл 2 цагдаа тааралдаад “гайгүй юу? аваад явж чадах уу? гэхээр нь “чадна” гээд нөхрийгөө босгоод 18-н автобусны буудлын зүүн талын байрны орцны орчим явж байтал 2 эмэгтэй тааралдаад “тамхи байна уу?” гэхээр нь би “тамхи татдаггүй” гэсэн чинь “нөхөрт чинь тамхи байгаа юм биш үү?” гэхээр нь би нөхрийн тамхинаас авч өгсөн. Гэтэл нэг эмэгтэй нь намайг хүзүүдэж аваад “эгч архи уучихсан мөнгөтэй айн?, за цүнхэнд чинь хэдэн төгрөг байна” гэж байснаа миний цүнхийг булааж аваад цаад эмэгтэйдээ “энэ цүнхийг авч бай” гэж хэлээд цүнхийг нь өгсөн. Нөгөө эмэгтэй миний цүнхийг аваад цаашаа орц руу авч ороод “шальтай мөнгө цүнхэнд нь алга байна, Хаан банкны виза карт байна” гээд байхаар нь би “та нар чинь яаж байна аа, миний хүүхэд шиг хүмүүс байна, би та нар шиг хүүхэдтэй, миний цүнхийг өгчих” гэхэд намайг барьж байсан эмэгтэй “чимээгүй бай, дуугүй байгаарай, авгай минь” гээд шууд миний зүүн нүдний хэсэгт цохисон. Тэгэхээр нь “яаж байна аа” гээд доошоо суусан чинь намайг үсдээд босгоод ирсэн. Тэгсэнээ “дуугүй байгаарай” гээд намайг дагуулаад байрыг тойрохоор нь АТМ орох гэж байна гэж бодоод намайг бариад байсан охиныг би барьж аваад унагаад дээр нь гарсан. Тэгсэн чинь араас их хүчтэй толгой руу цохисон. Тэгээд л би ухаан балартсан. Хэсэг байж байгаад замаар явсан машины гэрэл харагдаад байхаар нь зам руу ойртож тусламж авъя гэж бодоод зам руу явж байтал цагдаа нар тааралдаад “юу болсон бэ?” гэхээр нь “хүнд зодуулчихлаа” гээд хэлсэнээ санаж байна. Тэгээд ухаан алдаж, нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн. Цагдаа мэдүүлэг аваад байх шиг байсан. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна, гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33-35/,
-Гэрч Ш.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэртээ ороод ирэхэд манай эхнэр *******, эгч*******, ******* 3 байсан. *******ын хувцас нь нил цус болсон байсан. Тэгэхээр нь “юун цус болсон юм бэ?” гэсэн чинь “бид нар хоорондоо л маргасан юм” гээд байсан.
...эхнэрийг унтаж байхад цагдаа нар ирсэн. Дахин цагдаа нар ирж манайхаас эмэгтэй хүний танихгүй цүнхийг хурааж аваад явсан. Би тэр цүнхний талаар мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42/,
-Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"...Тэр шөнө би оройн эргүүлээр Дархан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт ажиллаж байх хугацаанд 01 цагийн орчим “Сутай” нэртай баарны үүдэн дээр 40 гаруй насны эхнэр, нөхөр хоёр бололтой 2 хүн байсан. Нөхөр нь нилээд согтуу газар хэвтэж байхаар нь явж чадах уу гэхэд эхнэр нь гэх эмэгтэй “манай нөхөр согтоод босож чаддаггүй ээ, одоо гайгүй босоод явна” гэхээр нь нөхрийг нь босгож өгөөд “таксинд суулгаж өгөх үү?” гэхэд “хэрэггүй, бид хоёр өөрсдөө суугаад гэртээ харина” гээд 20/2 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн тал буюу орц талаар нь өгсөөд явсан. Гэтэл удалгүй радио станцаар замын цагдаа Шинэбаяр “18-н автобусны буудлын хажууд эмэгтэй хүн газар хэвтээд, хажууд нь нэг эрэгтэй хүн газар зогсож байна” гэхээр нь хойд хэсгээр нь тойроод очиход “Сутай” баарны урдаас явуулсан эрэгтэй, эмэгтэй хоёр байсан. Эмэгтэйн толгойноос цус гарсан байдалтай газар хэвтээд “намайг зодчихлоо” гэхээр нь нөхрөөс нь “хэн зодсон юм бэ?” гэхэд нөхөр нь маш их согтолттой “би мэдэхгүй” гээд байсан. Тэгтэл эхнэр нь намайг нэг хүүхэдтэй хүүхэн, 2 эмэгтэй зодчихлоо гэсэн. Ингээд эмнэлэг дуудаад ирэхгүй болохоор нь эргүүлийн машин дуудаж эхнэрийг нь эмнэлэг рүү хүргүүлээд нөхрийг нь эхнэрээ зодсон байж болзошгүй гэж бодоод эрүүлжүүлэхийн машин дуудаад өгөөд явуулсан. Би тэр эмэгтэйгээс яг хаана ямар хүнд зодуулсан талаар асуухад 20/2-р байрны орцны үүдэнд 3 эмэгтэй намайг зодоод миний цүнхийг аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би 20/2 дугаар байрны хойд орцны 3 давхар 71 тоотод архи уудаг хүүхнүүд их цугладаг би урьд нь дуудлагаар 4-5 удаа очиж байсан болохоор тэнд байдаг эмэгтэй байж магадгүй гэж бодоод шалгах гээд очиход хаалганых нь урд төмөр оосортай цаг байхаар нь юун цаг юм бол гэж бодоод хаалгыг нь тогшиход нэг эрэгтэй хаалга онгойлгохоор нь “эхнэр чинь хаана байна” гэхэд “унтаж байна” гэсэн. Тэгэхээр нь “хамт байсан хүүхэдтэй эмэгтэй чинь хаана байна” гэхэд “гэр лүүгээ явсан” гэхээр нь сэжигтэй юм байна гэж бодоод “босоод ирээч, уулзъя” гэсэн чинь тэр эмэгтэй босож ирэхдээ хэвтэж байсан гудсан доогуураа нэг зүйл хийх шиг болохоор нь шалгасан чинь нөгөө зодуулсан гэх эмэгтэй болон түүний нөхөр ******* нарын виза карт байхаар нь тэр эмэгтэйг сэжигтэй юм байна гэж бодоод шууд цагдаагийн газар авч ирж жижүүрт хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45/,
-Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эмэгтэй нь зодуулсан байдалтай газар хэвтэж байсан. Ингээд нөхрийг нь зодсон байж магадгүй гэж бодоод асуухад “би мэдэхгүй” гээд байсан. Харин эхнэр нь “намайг жаахан хүүхэдтэй 3 эмэгтэй зодсон” гэж хэлсэн. Тэгээд эмэгтэйг эмнэлэг рүү явуулаад эрэгтэйг нь эрүүлжүүлэх дуудаж өгсөн. Тэгээд *******20/2 дугаа байрны 71 тоотыг шалгъя гэж хэлээд шалгахад ******* гэж эмэгтэй байсан. Хаалганы гадна эмэгтэй хүний цаг байсан. Мөн тэр ******* гэж эмэгтэй гудсан доогуураа зодуулсан хүмүүсийн виза картыг нуусан байсан.’’ гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 46/,
-“*******ын биед гавал тархины битүү гэмтэл, тархины дунд зэргийн няцрал, зүүн чамархай ясны хугарал, нүүрний шарх, нүүр болон 2 өвдөгний зөөлөн эдийн зулгаралт, цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. *******д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална.” гэх 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1003 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 49/,
-Шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...духанд хөндлөн байрлалтай, зах ирмэг тэгш бус, мэс заслын оёдлууд бүхий шархтай, нүүрэнд олон тооны жижиг хэмжээний улаан хүрэн өнгийн зулгаралттай, нилэнхүйдээ цус хуралттай байсан. Нүүр, гавал тархины гэмтэл нь араас цохих үед үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 50/,
-Хохирогч *******ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт / 1 дэх хавтаст хэргийн 56-58, 2 дахь хавтаст хэргийн 19-20/,
-Хохирогч *******ын Люксмед эмнэлгийн тархины шинжилгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 59/,
-Хохирогч *******ын өвний түүх /1 дэх хавтаст хэргийн 61-80/,
-Хохирогч *******ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /1 дэх хавтаст хэргийн 83-84/,
-“Капитал зууч” ХХК-ны 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 97-98, 229-230/,
-Эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримтууд /1 дэх хавтаст хэргийн 171-202, 2 дахь хавтаст хэргийн 21-23/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 215-223/,
-Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн. “...ямар ч байсан “Сутай” баар хаагаад гарсан. Тэгээд хажуугийн 20/2-р байр болох цэнхэр байрны тэнд эхнэртэйгээ явж байхад нэг эмэгтэй таараад “тамхи өгөөч” гээд би тамхи өгсөн. Цаашаа явах гэхэд бас нэг эмэгтэй байх шиг байсан. Тэгсэнээ намайг татаж унагаад цохиж байх шиг байсан. Тэр үед манай эхнэр “миний цүнхийг авчихлаа” гээд орилж байсан. Тэгээд харахад нэг эмэгтэй цүнхийг нь аваад орц руу орсон. Намайг газар унагахдаа миний гар утсыг авсан. Анх тамхи асууж ирсэн эмэгтэйг л би харсан. Тэр эмэгтэй бол намхан, бор царайтай, махлагдуу, бүдүүн дуутай эмэгтэй байсан. Миний хувьд эхнэрийн бие муу байгаа болохоор ажил төрөл хийж чадахгүй байна, гомдолтой.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 226-227/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь “гэмт хэрэг үйлдээгүй” гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгдөг боловч хохирогч *******, ******* нарт худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар сануулж авсан мэдүүлгүүдийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдааггүй байна.
Нөгөө талаар хохирогч *******аар шүүгдэгч нарыг таньж олуулах ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд хийсэн бөгөөд “хамгийн эхлээд 3 /*******/, 2 /*******/ дугаартай эмэгтэйчүүд таараад тамхи асуусан. 1 /*******/ дугаартай эмэгтэй 2 /*******/ дугаартай эмэгтэйд өгөөд 2 /*******/ дугаартай эмэгтэйгээс 3/*******/ дугаартай эмэгтэй миний цүнхийг авч орц руу орсон. Хамгийн эхэлж 1 /*******/ дугаартай эмэгтэй намайг цохиод тэр эмэгтэй намайг дагуулаад байрыг тойрох гэхээр нь би 1 /*******/ дугаартай эмэгтэйг газар унагаад дээр нь гарсан. Тэгээд байж байтал миний араас толгой уруу нэг эмэгтэй цохиход миний толгойноос цус гараад ухаан балартсан. Миний толгой уруу 2 /*******/ дугаартай эмэгтэй цохисон гэж бодож байна. Яагаад гэвэл 3 /*******/ дугаартай эмэгтэй байхгүй, орц уруу орсон байсан. Харин 1 /*******/ дугаартай эмэгтэйг би дээр нь дараад байж байсан учраас 2 /*******/ дугаартай эмэгтэй миний толгойн ар хэсэг рүү цохисон. “ гэх мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Иймд аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч *******, ******* нар нь эмчилгээ хийлгэсэн болон гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлын талаар холбогдох баримтаа бүрдүүлж ирүүлсэн бөгөөд 1326021 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хохирогч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа гаргаж байна.
Хэрэгт авагдсан хохирлын талаарх баримтуудыг дүгнэж үзэхэд эмчилгээ хийлгэсэн зардал, гар утасны үнэ, өмгөөллийн хөлс нийт 1411551 төгрөг болж байгаа бөгөөд хохирогч нар сайн дураар өмгөөлөгч хөлслөн авсан 200000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Хохирогч нарт нийт төлбөл зохих 1211551 төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн хувааж үзэхэд 1 хүнд ногдох төлбөр 403850 төгрөг болж байгаа бөгөөд шүүгдэгч ******* 580000 төгрөг, шүүгдэгч ******* 442000 төгрөг төлсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч *******, ******* нараас гаргах төлбөргүй байна. Харин үлдэх 191551 төгрөгийн хохирлыг хохирогч нар нь Г.*******аас нэхэмжлэх эрхтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, 2017 оны 10 дугаар сарын 04-ны шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 20/2 дугаар байрны гадна ертөнцийн зүгээр зүүн хойд талд иргэн *******ын эд зүйлийг авах зорилгоор нүүрэн тус газарт нь цохиж, гар цүнхийг нь авч 180.000 төгрөгийн хохирол, *******тай цуг явсан нөхөр болох *******ын халаасанд байсан 20.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Нокиа-73-60” маркийн гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэн, дээрэмдэн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан, мөн шүүгдэгч ******* нь иргэн *******,*******нарын эд зүйлийг нь хүч хэрэглэн, хууль бусаар авч дээрэмдэх явцдаа *******ын толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 5-7/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 8/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 9/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 21-23/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 24-27/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 30, 165, 2 дахь хавтаст хэргийн 38 /, хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг эмэгтэй нь намайг хүзүүдэж аваад “эгч архи уучихсан мөнгөтэй айн?, за цүнхэнд чинь хэдэн төгрөг байна” гэж байснаа миний цүнхийг булааж аваад цаад эмэгтэйдээ “энэ цүнхийг авч бай” гэж хэлээд цүнхийг нь өгсөн. ...намайг барьж байсан эмэгтэй “чимээгүй бай, дуугүй байгаарай, авгай минь” гээд шууд миний зүүн нүдний хэсэгт цохисон. ...тэгсэн чинь араас их хүчтэй толгой руу цохисон.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33-35/, гэрч Ш.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...цагдаа нар ирж манайхаас эмэгтэй хүний танихгүй цүнхийг хурааж аваад явсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42/, гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"...эхнэр нь намайг нэг хүүхэдтэй хүүхэн, 2 эмэгтэй зодчихлоо гэсэн. ...нэг эрэгтэй хаалга онгойлгохоор нь “эхнэр чинь хаана байна” гэхэд “унтаж байна” гэсэн. Тэгэхээр нь “хамт байсан хүүхэдтэй эмэгтэй чинь хаана байна” гэхэд “гэр лүүгээ явсан” гэхээр нь сэжигтэй юм байна гэж бодоод “босоод ирээч, уулзъя” гэсэн чинь тэр эмэгтэй босож ирэхдээ хэвтэж байсан гудсан доогуураа нэг зүйл хийх шиг болохоор нь шалгасан чинь нөгөө зодуулсан гэх эмэгтэй болон түүний нөхөр ******* нарын виза карт байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45/, гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эхнэр нь “намайг жаахан хүүхэдтэй 3 эмэгтэй зодсон” гэж хэлсэн. ...хаалганы гадна эмэгтэй хүний цаг байсан. Мөн тэр ******* гэж эмэгтэй гудсан доогуураа зодуулсан хүмүүсийн виза картыг нуусан байсан.’’ гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 46/, “*******ын биед гавал тархины битүү гэмтэл, тархины дунд зэргийн няцрал, зүүн чамархай ясны хугарал, нүүрний шарх, нүүр болон 2 өвдөгний зөөлөн эдийн зулгаралт, цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.” гэх 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1003 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 49/, шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нүүр, гавал тархины гэмтэл нь араас цохих үед үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 50/, хохирогч *******ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт / 1 дэх хавтаст хэргийн 56-58, 2 дахь хавтаст хэргийн 19-20/, хохирогч *******ын Люксмед эмнэлгийн тархины шинжилгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 59/, хохирогч *******ын өвний түүх /1 дэх хавтаст хэргийн 61-80/, хохирогч *******ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /1 дэх хавтаст хэргийн 83-84/, “Капитал зууч” ХХК-ны 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 97-98, 229-230/, эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримтууд /1 дэх хавтаст хэргийн 171-202, 2 дахь хавтаст хэргийн 21-23/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 215-223/, хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн. “...манай эхнэр “миний цүнхийг авчихлаа” гээд орилж байсан. Тэгээд харахад нэг эмэгтэй цүнхийг нь аваад орц руу орсон. Намайг газар унагахдаа миний гар утсыг авсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 226-227/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шнижлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******, ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нотлох баримтын хэмжээнд нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нотлох баримтын хэмжээнд нөхөн төлсөн, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д оногдуулсан хорих, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар тус тусад эдлүүлж, шүүгдэгч *******ийн 2006 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр төрсөн хүү*******, 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдөр төрсөн хүү ******* нарын асран хамгаалагчаар төрсөн эцэг Г.*******г тогтоохоор шийдвэрлэв.
Харин шүүгдэгч *******ын 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү З.Энхжин, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү З.Дөлгөөн нарт асран хамгаалагч тогтоохыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, дээрэмдэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогч *******, ******* нарын иргэний нэхэмжлэлээс 200000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******, ******* нар нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******д 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөрөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******гийн ******* нарт тус бүр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 10000000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч *******д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч *******д анхааруулсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******ийн 2006 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр төрсөн хүү*******, 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдөр төрсөн хүү ******* нарын асран хамгаалагчаар төрсөн эцэг Г.*******г тогтоож, шүүгдэгч *******ын 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү З.Энхжин, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү З.Дөлгөөн нарт асран хамгаалагч тогтоохыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад үүрэг болгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ