| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 1934011350410 |
| Дугаар | 2025/ДШМ/49 |
| Огноо | 2025-06-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Ууганцэцэг |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/49
2025 6 25 2025/ДШМ/49
П.Ж, Д.Х нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Ууганцэцэг
Шүүгдэгч Д.Х
Шүүгдэгч Д.Хын өмгөөлөгч С.Тэгшжаргал /цахим/
Иргэний хариуцагч Д.Бямбасүрэн
Иргэний хариуцагч Д.Бөмгөөлөгч С.Оюунцэцэг
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/132 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Д.Б өмгөөлөгч С.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн П.Ж, Д.Х нарт холбогдох эрүүгийн 193401130410 дугаар хэргийг 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 20-нд Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө “Арвин шар зам” ХХК-ийн жолоочоор ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймаг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт П-ын Ж,
2. Монгол Улсын иргэн, 1971 оны 5 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, авто механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Д-ын Х,
3. П.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Хөх хошуу” гэх газар 5005 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6 “суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль ойр явах бөгөөд баруун гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэх заалтуудыг зөрчсөний улмаас Д.Х-ын жолоодон явсан 7553 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган, 7553 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Х- ын эрүүл мэндэд хүнд, Б.Тий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Д.Х нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Хөх хошуу” гэх газар 7553 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6 “суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль ойр явах бөгөөд баруун гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэх заалтуудыг зөрчсөний улмаас П.Жын жолоодож явсан 5005 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган 7553 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Тий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
4. Төв аймгийн Прокурорын газраас П.Жад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т, Д.Хт мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
5. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Пын Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол” учруулж,
Шүүгдэгч Т овогт Дын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол“ учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч П.Жыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч П.Ж, Д.Х нарт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлж, Д.Х, П.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар 1, 2, 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар 11.515.696 төгрөг иргэний хариуцагч “Алтан шар зам” хоршооноос гаргуулж, хохирогч Д.Хт, шүүгдэгч Д.Хаас 1.265.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Тд тус тус олгож,
Иргэний хариуцагч Д.Бямбасүрэн нь хохирогч Д.Х 3.000.000 /гурван сая/ төгрөгийг, Б.Тд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Д.Х нь 2.124.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй, хохирогч Б.Т нь цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Хаас жич нэхэмжлэх эрхтэй, энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Жаас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж,
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг барагдуулах, нөхөн төлүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг дурдаж, хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн П.Жын №251504 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.Жад буцаан олгож, 1 ширхэг СИДИ-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Ж, Д.Х нар нь энэ хэрэг баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Ж, Д.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
6. Иргэний хариуцагч Д.Б өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолд “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагч “Арвин шар зам” хоршоо хариуцах нь хуульд нийцнэ” гэж дүгнээд хохирогч Д.Хын нэхэмжлэлийн шаардлагаас 11.515.696 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гомдолтой байна.
Учир нь: Нэг. Хохирогч 6.339.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад эм тарианы зардалд нэхэмжилснээс 1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр талд буй 586.000 төгрөг, 56 дугаар талд авагдсан “Энхжаргалан” эмийн сангийн зарлагын баримтад авагдсан 138.400 төгрөгийн зарлагын падан байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэн 2.124.500 төгрөгийг хасаж, үлдэх 4.214.500 төгрөгийн шаардлагыг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.
1. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “Жороор олгох эмийг стандартын шаардлага хангасан жороор олгоно”, Эрүүл мэндийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/495 дугаар “Заавар батлах тухай” тушаалаар жорын стандартыг баталж жорд илүү эм бичиж олгохыг хориглосон болон эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан мэргэшсэн болон рездент эмчийн хүлээх эрх үүргийн 22.1.2-т заасан эмчийн үүрэгт эмийн жор бичих үүргийг тодорхойлсон.
2. Мөн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-ийн 4.1.14-т “Төлбөрийн баримт гэж төлбөр тооцоо хийгдсэн нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийн таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа, хийгдсэн бараа, ажил үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гарсан цаасан болон цахим баримтыг төлбөрийн баримт” гэдгийг тодорхойлсон. Гэтэл одоог хүртэл мөрдөгдөж байгаа И-баримтаар биш зарлагын баримтаар эм авсан гэх баримтыг үнэлэх боломжгүй.
3. Стандартын дагуу бичигдсэн эмийн жор байхгүй, эмчид үзүүлсэн баримт буюу өвчний түүх дээр бичигдсэн эмийн талаарх баримт байхгүй атал шийтгэх тогтоолд зөвхөн “Энхжаргалан” эмийн сангийн зарлагын падаан байна гээд төлбөрөөс хассан баримттай нь яг адил “Энхжаргалан” эмийн сангийн зарлагын падаан дээр бичигдсэн 1 дүгээр хавтаст хэргийн 50-63 дугаар талд авагдсан зарлагын баримтаар авсан гэх эм тарианы 18.400, 18.040, 32.050, 19.000, 9.000, 115.970, 190.000, 39.000, 261.000, 8.100, 47.400, 230.500, 8.100, 47.400, 230.500, 150.550, 2020 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 09 цагаас 03 минутын зайтай авсан гэх эмийн 2.700, 189.000, 2020 оны 5 дугаар сарын 18-нд 2 удаа авсан гэх 60.232, 89.875 төгрөгийн баримт мөн 159.000, 62.600, 254.300, суга таяг 2 удаа авсан гэсний 1 удаагийн 40.000, 61.800, 9.480, 14.500, 183.500, 14.400, төгрөгийн нийт 2.391.607 төгрөгийн баримтуудыг нотлох баримтаар тогтоогдож байна хэмээн шийдвэрлэснээ шийтгэх тогтоолдоо дурдалгүй орхигдуулжээ.
4. Түүнчлэн 1 дүгээр хавтаст хэргийн 50 дахь талд буй 10-17 гэх дугаартай 24, 29, 53, 64, 95 гэх баримтуудад ямар тоо, үнэ бичигдсэн нь мэдэгдэхгүй байхад шүүх 4.214.500 төгрөгөөр эм авсан гэж шийдсэн нь ойлгомжгүй байгаа тул хохиролд тооцсон эмийн үнийн дүн бодитой нотлогдоогүй гэж үзэж гомдолтой байна.
Хоёр. Шийтгэх тогтоолд шүүхийн шатанд нэхэмжилсэн 5.131.196 төгрөгийн 2 дугаар хавтаст хэргийн 136-151 дүгээр талд авагдсан 114 хуудас баримт нотлогдсон гэж буйг зөвшөөрөхгүй гомдолтой байна.
Учир нь: 1. Хохирогч Д.Хын өвчний түүх гэх баримтад 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гээд нийт 8 удаа үзүүлж оношлуулж эм бичүүлжээ. Гэтэл 8 удаагийн эмчийн үзлэгээр 11.470.196 төгрөгийн эм тариа хэрэглэсэн гэх нөхцөл байдал илтэд эргэлзээтэй байдаг.
Иймд эмчийн үзлэг, жор, өвчний түүхээр олгогдсон эм тарианы зардал буюу 2021 оны 10 дугаар сард авсан 12.800, 22.200, 2021 оны 11 дүгээр сард авсан 18.900, 3.700, 16.200 төгрөгийн буюу нийт 73.800 төгрөгийн баримтаас бусад эмийг ямар өвчний улмаас авсан, эмч нар жор бичсэн эсэх нь огт мэдэгдэхгүй байх тул нотлогдоогүй эм тариа авсан гэх баримтуудыг хохирлоос хасаж өгнө үү.
Гурав. Шийтгэх тогтоолд мөн 7553 УНО улсын дугаартай авто тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэ 5.170.000 төгрөгийг “Арвин шар зам” хоршооноос гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.
Учир нь: 1. Авто осол гарахад жолооч П.Ж Д.Х нар хоёулаа буруутай нь тогтоогдсон.
2. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар хохирогч Д.Хын гэм буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байх тул түүний машинд учирсан гэмтлийг иргэний хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй, гомдолтой байна.
Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж иргэний хариуцагчийн хариуцах төлбөрийн хэмжээг үнэн бодитой шийдвэрлэж өгнө үү гэв.
7. Прокурор Э.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Энэ гэмт хэрэг 2019 онд гарч, 2025 онд шийдвэрлэгдсэн. С.Оюунцэцэг өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоос үзвэл хэргийн материалтай бүрэн гүйцэд танилцаагүй байна. Шүүгдэгч П.Ж, Д.Х нар нь хоёулаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэн тухайн гэмт хэрэг гарсан тул шүүхээс тэднийг гэм буруутайд тооцсон. Хэрэгт авагдсан хохиролтой холбоотой зарим нэг нотлох баримтууд бүдгэрсэн байхыг үгүйсгэхгүй. Мөн тухайн ослын улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан юм чинь эм хэрэглэх нь зүйн хэрэг тул шийтгэх тогтоолыг хууль ёсны гэж үзнэ. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.
8. Иргэний хариуцагч Д.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс Б.Тд 1.000.000, Д.Хт 3 сая гаран төгрөг өгсөн. Мөн манай компани уг зам тээврийн осолд өртсөн автобусаа өөрсдөө зассан. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд памперс, ковидын болон архины хордлогын эм авсан байдаг. Энэ хоёр жолооч хоёулаа адилхан алдаа гаргасан байхад яагаад манай байгууллага Д.Хын машинд учирсан хохирлыг бүхэлд нь хариуцах ёстой юм бэ гэв.
9. Шүүгдэгч Д.Хын өмгөөлөгч П.Тэгшжаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг бүхэлд нь хянах байх. Миний үйлчлүүлэгч Д.Х хүнд гэмтлийн улмаас 8 сарын хугацаанд хэвтэрт байсан. Шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зарим зардлыг хасаж тооцоод 11.515.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолд нэг бүрчлэн дүгнэсэн. Иймд иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэв.
10. Шүүгдэгч Д.Х гаргасан тайлбартаа: Энэ хэрэг гараад 5-6 жил болж байна. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч хэрэгт авагдсан И-баримтын дагуу намайг гутаах зүйл ярьж байгаад гомдолтой байна. Осолд ороод хүнд гэмтэл авсан учир амьд үлдэхийн тулд эхсийн тариа хүртэл хийлгэсэн ба надад бусдаас илүү төлбөр авах шаардлага байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Д.Б өмгөөлөгч С.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.Ж, П.Х нарт холбогдох хэргийг тус шүүх 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд заасны дагуу бүхэлд нь хянан үзлээ.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.
3. Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан.
Мөн шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авч шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлэх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах учиртай.
4. Хавтаст хэргийн 4 дүгээр хавтасны 50-54 дүгээр талд авагдсан Төв аймгийн прокурорын газрын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 272 дугаар “Яллах дүгнэлт”-ийн “Тэмдэглэх” болон “Тогтоох” хэсгүүдээс үзвэл Д.Хын үйлдлээс гадна П.Жыг 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 5005 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг, “Хөх хошуу” гэх газарт замын хөдөлгөөнд оролцон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6-д заасныг зөрчсөний улмаас Д.Хын жолоодон явсан 7553 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгслийн жолооч Д.Хын эрүүл мэндэд хүнд, зорчигч Б.Тий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэж үзэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байхад 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхдээ энэ талаарх үйл баримтад ямар нэг дүгнэлт хийлгүй орхигдуулсан байгаа тул шийтгэх тогтоолыг хэргийн бодит бодит байдалд нийцсэн гэж үзэх боломжгүй.
5. Прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг зайлшгүй хангахын зэрэгцээ энэ агуулгаараа шүүхийн шийдвэрийн нэгэн адил тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх учиртай.
5.1. Прокуророос шүүгдэгч П.Ж, Д.Х нарыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6-д “...суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш эргэх буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно...” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн атлаа яллах дүгнэлтийнхээ тэмдэглэх болон тогтоох хэсгүүдэд шүүгдэгч нарыг “...5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль ойр явах бөгөөд баруун гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно...” гэх заалтуудыг зөрчсөн хэмээн яллаж байгаа нь ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна. /хх-ийн 4-р хавтас 50-54-р тал/
6. Дээрх прокурорын болон анхан шатны шүүхээс гаргасан алдаа, зөрчлүүдийн талаар тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 78 дугаар магадлалын /хх-ийн 3-р хавтас 202-р тал/ “Тодорхойлох нь” хэсгийн 6, 7-д тодорхой дүгнэн бичсэн байхад уг нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг дахин шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж үзнэ.
7. Тухайн гэмт хэрэг 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг хууль тогтоогчоос 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж мөн зүйлийн 1 дэх хэсэгт өмнө нь хуульчлагдаагүй байсан эрх хасах ялыг шинээр нэмж, мөн уг зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрөл хэмжээг нэмэгдүүлэн хуульчилсан байхад шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхгүй шүүгдэгч П.Ж, Д.Х нарт нэмэгдэл болон үндсэн ял оногдуулж, уг ялуудыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэн өршөөн хэлтрүүлснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
8. Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т тус тус заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдэд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
9. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар иргэний хариуцагч Д.Б өмгөөлөгч С.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүйг, хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаагаар шүүгдэгч П.Ж, Д.Х нарт урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсэн зэргийг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/132 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч П.Ж, Д.Х нарт урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
М.МӨНХДАВАА