| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2020/00075/И |
| Дугаар | 212/МА2020/00033 |
| Огноо | 2020-04-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 212/МА2020/00033
С.Нийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00176 дугаар шийдвэртэй, Өлгий сумын 3 дугаар баг Бөхөн-Уул, 3-26 тоотод оршин суух Б овогт С Нийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын 5 дугаар багт оршин суух Б овогт Зн Нд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, хариуцагчийн өмгөөлөгч Х.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол болох 2.780.048.00 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлд: Миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолтой эрүүгийн 1813002390165 дугаар хэргийн хохирогч юм. Хариуцагч З.Н нь Тоёото виста маркийн 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж намайг дайрсны улмаас миний 2 сартай хүүхэд М.А нас барж, миний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Уг гэмт хэргийн улмаас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар надад 5.864.443.00 төгрөгийн бодит хохирол, 30.000.000.00 төгрөгийн сэтгэл санааны хохирол нийт 35.864.443.00 төгрөгийн хохирол тодорхойлогдсон ба үүнээс хариуцагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 5.864.443.00 төгрөгийг, сэтгэл санааны хохирлоос зөвхөн 2.000.000.00 төгрөг нийт 7.864.443.00 төгрөгийн хохирол төлж өгсөн. Дээрх шийтгэх тогтоолоор цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш дахин олон удаа эмчилгээ хийлгэсэн ба одоогийн байдлаар материаллаг хохирлын хэмжээ 2.780.048.00 төгрөг болж байна. Иймд хариуцагч З.Нгаас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл гарсан гэм хорын хохирол болох 2.780.038.00 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: З.Н би хувийн Тоёото виста маркийн 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж, тухайн үед хохирогч нарт учирсан бодит хохирол 5.249.450.00 төгрөгийг төлж барагдуулсан. Энэ нь Шийтгэх тогтоолын 8,9 дүгээр заалтаар нотлогдоно. Миний үйлдсэн авто ослын гэмт хэргийн улмаас хохирогч С.Нийн биед учирсан гэмтлийг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 328 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд дүгнэлтийг хохирогч С.Н хүлээн зөвшөөрч, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгээгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор нотлох баримтаар үнэлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй учир хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаар үнэлэх хууль ёсны нотлох баримт юм. Гэтэл нэхэмжлэгч С.Н нь Н Мэд хувийн эмнэлэгт 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өвчний түүх нээлгэж, 2019 оны 01 дүгээр сарын 18-наас 2019 оны 01 дүгээр сарын 24-ний хооронд хамрын таславчийг засах, хамрын хуучин муруйлтыг засах 2 шаттай мэс засал хийлгэсний төлбөрт бэлэн мөнгөний баримтаар төлсөн мөнгө болох 1,460,000 төгрөг (эмч Д.Батчулууны баримт) ор хоног 180,000 төгрөг буюу бүгд 1,640,000 төгрөгийн хохирол нь хариуцагч З.Н миний авто ослын гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй. Хариуцагч З.Н миний гэмт үйлдэл, авто ослын гэмтлийн улмаас нэхэмжлэгч С.Нийн биед тохой болон хоёр хөлний өвдөг, ташааны хэсгээр зулгаралт бий болж, тархины доргилт, зүүн талын 8,9,10,11 дэх хавирга далд хугаралд өртсөн зэрэг гэмтэл буй болсон нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанаар болон Шинжээчийн дүгнэлт, 2018 оны 07 дугаар сарын 21-нээс (осол болсон өдөр) 2018 оны 7 дугаар сарын 31-ний хооронд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн тухай 1092 дугаартай өвчний түүх зэрэг нотлох баримтаар батлагдана. Мөн нэхэмжлэгч С.Нийн өөрийн нотлох баримтаар хавсаргасан амбулаториор эмчлүүлсэн картаар давхар нотлогдож байна. С.Нийн уг гэмтэл нь бүрэн эдгэрсэн болох нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн М эмнэлгийн Томографын шинжилгээний дүгнэлт (эмч Мөнх-Од) зэргээр нотлогдож байна. С.Н нь цээжний хөндийн томографын шинжилгээгээр (2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр) бөөрний тэвшинцэр өргөссөн, бөөрөнд тархмал уйланхайлт өөрчлөлт өвчтэй болох нь нотлогдсон байна. Нотлох баримтаар өгсөн өвчтөн илгээх хуудсаар Улаанбаатар хотод онош тодорхойлоход урьд ослын улмаас гэмтэл авсан гэх нурууны хэсэгт ямар нэгэн голомтод өөрчлөлтгүй буюу эрүүл гэж гарсан байна. Нэхэмжлэгч С.Н нь Ц Баян-Өлгий ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 403.300.00 төгрөгийн нислэгийн гэх төлбөрийн баримт хавсаргасан боловч уг төлбөрийн баримтад хүний нэр байхгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Харин 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн С.Н гэсэн нислэгийн билетийн хавсралтад хавсаргасан бөгөөд мөнгөний дүн 225.000.00 төгрөг гэж тусгасан байх юм. Ц ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нийтийн тээврийн зөрчих тасалбар 85.000.00 төгрөг төлсөн баримтыг хавсаргасан байна. Мөн Улаанбаатар хотод УКНЭ-ийн эмнэлгээс өвчтөн илгээх хуудаст ерөнхий эмч А, эмчлэгч эмч Баярбаатар нар гарын үсэг зурж баталгаажуулсан оношид С.Нийг поликистоз (олон уйланхайтай) гэсэн онош тавьж буцаасан нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн цээжний хөндийн компьютерт томографын шинжилгээний дүгнэлтэд заасан хоёр талын бөөрний тэвшинцэр их өргөссөн,...бөөрөнд тархмал уйланхайт өөрчлөлт тодорхойлогдоно гэсэн оноштой тохирч байна. Энэ нь олдмол өвчин учраас уйланхайд шинжилгээ хийлгэсэн, түүний эмчлүүлсэн явдал З.Н миний гэм бурууд огт хамааралгүй. С.Н нь хараа зүйн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн оношоор 2017 онд осолд өртөхөөс нэг жилийн өмнө нүдний хараа шалгахад: R/е =1,5; L -1,0 байсан ба шил зүүдэг байсан гэж тодорхойлсон нь С.Нийн хараа ослоос өмнө (-) хэмтэй, шил зүүдэг болохыг нотолж байна. Иймд нүдний шилний 66.000.00 төгрөгийг би хариуцах учиргүй. Өлзий ден ХХК-ны эмийн сангаас худалдан авсан гэх нотлох баримтаар өгсөн эмнүүд нь бөөрний өвчнийг анагаах чиглэлийн эм тариа байх тул авто ослын хор уршиг, хохиролд холбогдох зардал гэж үзэхгүй. Мөн эмчийн жоргүй авч хэрэглэсэн эмийг нэхэмжилсэн нь үндэсгүй. Иймд, Нэхэмжлэгч С.Нийн нэхэмжлэлийн шаардлага болон холбогдох нотлох баримтууд нь 3.Нд надад холбогдох 2018 оны эрүүгийн 1813002390165 дугаартай хэрэгт огт хамааралгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00176 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 509 дүгээр зүйлийн 509.1-ийг тус тус баримтлан хариуцагч Б овогт Зн Нгаас гэм хорын хохирол бүгд 2780048 (хоёр сая долоон зуун наян мянга дөчин найман) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б овогт Сийн Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр гомдлыг гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүгийн 1813002390165 дугаар хэрэгт шүүгдэгч З.Н нь тоёота виста маркийн 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж хохирогчийг дайрсны улмаас 2 сартай хүүхэд М.А нас барсан, мөн нэхэмжлэгч С.Нийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Энэхүү шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-д болон хуульд заасны дагуу нэхэмжлэгч С.Наас хариуцагч З.Нд холбогдуулан дээрх шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойших хугацаанд гарсан хохирлоо нэхэмжилж байгаа. Гэтэл шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой. Тухайлбал, хавтаст хэргийн 18 дахь талд авагдсан эмнэлгээс өвчтөн илгээх хуудаст нэхэмжлэгчийг Улаанбаатар хот руу эмнэлэгт илгээх болсон үндэслэл шалтгааныг картанд гэж тэмдэглэсэн, хэргийн 22 дахь талд авагдсан амбулаториор эмчлүүлэгсдийн картанд нэхэмжлэгчийн авто ослын улмаас гэмтэл авсан тухайг болон өвчтөний онош, эмчилгээг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар бичсэн. Түүнчлэн, нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн Health-Aid эмнэлгийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн толгойн компьютерт томографын шинжилгээ зэрэг нотлох баримтуудад нэхэмжлэгч С.Н нь зам тээврийн ослын улмаас хамрын таславч дунд хэсгээр зүүн тийш муруйсан гэмтэл авсан болохыг, хагалгаанд орох заалттай болохыг тэмдэглэсэн. Тухайн үед нэхэмжлэгч С.Нийн 4 хавирга хугаралттай байсны улмаас хамрын таславч засах хагалгаа хойшлогдож байсныг, дараа нь 2019 оны 01 дугээр сард уг хагалгааг хийлгэсэн болохыг нэхэмжлэгч тайлбарласан. Энэ нь бусад байдлаар хэргийн 33 дахь талд авагдсан өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно. Гэтэл шүүхээс хэт нэг талыг барьж НӨАТ-ын баримтуудад нэхэмжлэгчийн нэр байхгүй байна гэж хийсвэрээр дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын эрхийг хангасан байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч З.Нд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2.780.048.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр зам тээврийн осол гаргасан нь үнэн боловч 2.780.048.00 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь ослоос үүдэлтэй гарсан хохирол биш тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч З.Н нь 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн орчимд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй үедээ Тоёота виста маркийн 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осол гаргаж, ослын улмаас М.Аын амь нас хохирч, хохирогч С.Нийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.
Тэрээр гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч С.Нид учирсан бодит хохирол 3.249.450.00 төгрөг, сэтгэл санааны хохирол 2.000.000.00 төгрөг бүгд 5.249.450.00 төгрөг төлсөн нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна. Энэхүү шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтад ....хохирогч С.Н нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. гэж заасан байна.
Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо болон гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдох учиртай. Хариуцагч З.Н нь авто ослын улмаас нэхэмжлэгч З.Нийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай хэдий ч нэхэмжлэгч З.Нийн шаардаж буй хохирлыг гэмт хэргийн улмаас үүссэн гэм хор гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Тухайлбал, нэхэмжлэгч З.Нийн нэхэмжилж буй Улаанбаатар хотод очиж шинжилгээ хийлгэсэн зардал /бөөр уйланхайтай онош гарсан хх-ийн 18 дугаар хуудас/, Улаанбаатар хот руу ирж, очсон зардал, Баян-Өлгий аймгийн Нур Алтай Мед эмнэлэгт Улаанбаатар хотоос мэргэжлийн эмч ирэхэд хамрын таславчийг засах, хамрын хуучин муруйлтыг засах 2 шаттай мэс засал хийлгэсэн зардал, эмнэлэгт хэвтсэн зардал, Хараа нүдний эмнэлгээр харааны шил рамтай нь захиалан хийлгэсэн зэрэг зардлыг хариуцагч З.Нгийн гэм буруутай үйлдлээс учирсан, уг үйлдэлтэй шалтгаант холбоотой гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.
Хавтаст хэрэгт нотлох баримтааар авагдсан Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 328 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: 1.Иргэн С.Нийн биед баруун талын гарын тохой, зүүн талын өвдөг, баруун талын өвдөг, баруун талын ташааны хэсэгт бор өнгийн тав тогтсон, зулгарсан зулгаралт, тархи доргисон, зүүн талын 8,9,10,11-р хавирга бага зэрэг зөрсөн далд хугарал, зүүн талын уушгины няцрал, цээжний хөндийд хий хурсан, аарцаг бүсэлхий хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлдлээр үүссэн гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэж заасан байх ба нэхэмжлэгч С.Нийн хамарт гэмтэл учирсан, бөөр уйланхайтсан, нүдний хараанд өөрчлөлт орсон талаар тусгагдаагүй байна.
Иймээс нэхэмжлэлийн үндэслэлд заасан асуудлаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Н.ТУЯА
Д.КӨБЕШ