Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/937

 

   

 

 

 

   2025            08             07                                        2025/ДШМ/937                     

 

Б.Э-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Мөнгөнцэцэг,

шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1600 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Э-од холбогдох эрүүгийн 2309 02469 2055 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э-,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ****дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял болгож, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн***** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 11 сарын хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн **** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 11 сар 14 хоногоор тогтоож, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 13 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн **** дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 10 сар 03 хоног хорих ялаар тогтоож, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн **** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, цагдан хоригдсон 214 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, биечлэн эдлэх ялын хугацааг 151 хоногоор тогтоосон;

 

Шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Улаанбаатар” зочид буудлын урдаас хохирогч О.О-г сандал дээр сууж байхад нь түүний эзэмшлийн эд хөрөнгө болох “Samsung S20 plus” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан 590.000 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э-ыг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 151 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор сольж нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 5 сар 1 хоногоор тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон 10 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-оос 590,000 төгрөгийг гаргуулан хохирогч О.О- /РД:/-д олгож, шүүгдэгч Б.Э-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Д.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Э-од 3 жил 5 сар 1 хоногийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ болон үйлдлийн арга зэрэгтэй нийцээгүй гэж үзэн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүгдэгч Б.Э- нь хэдийгээр өмнө нь өмчийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа холбогдон шүүхээр ял шийтгүүлж байсан. 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр О.О-гийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан 590,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд гэм буруутайд тооцогдон 3 жилийн хорих ял шийтгүүлсэн. Тэрээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 991 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн зорчих эрх хязгаарлуулах ялаар шийтгүүлсэн үйлдэлтэйгээ хэргээ нэгтгүүлж чадаагүйгээс 2 удаа шүүхээс ял шийтгүүлсэн байна. Улсын яллагч шүүгдэгчид 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал гаргасан байх бөгөөд шүүх шүүгдэгч Б.Э-ын хувийн байдал, түүний өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч засрал хүмүүжил олоогүй, хохирол төлөөгүй гэх үндэслэлээр улсын яллагчийн саналаас дээгүүр буюу 3 жилийн хорих ялыг 1 үйлдэлд оногдуулсан. Анхан шатны тойргийн шүүхээс шүүгдэгч хэргээ нэгтгүүлэн шийдвэрлүүлж чадаагүй байдал, үйлдлийн тоо, хохирлын хэмжээ болон түүнийг Дархан Уул аймагт “Хүслэн хотхон” ХХК-ийн барилгын ажилд ажиллаж байсан байдал зэргийг харгалзалгүй 3 жилийн хорих ял оногдуулсанд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна.

Шүүгдэгчийн хувьд сүүлд буюу 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 991 дүгээр шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн үйлдэл нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс өмнөх үйлдэл бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл гэмт хэрэгт дахин холбогдоогүй, ажил хөдөлмөр эрхэлж, засрал хүмүүжлийг олж авахаар эрмэлзэн хөдөлмөрлөж байна. Иймд шүүгдэгч Б.Э-од оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялын хэмжээг багасгаж өгнө үү. Миний хувьд ажил төрөл хийж, шинээр эхэлж амьдрах гэж оролдсон. Дахин буруу замаар явахгүй гэдгээ амлаж байна. ...” гэв.

 

Прокурор Б.Мөнгөнцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э-од оногдуулсан ял шийтгэл түүний гэм буруу болон түүний хувийн байдалд тохирсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч ял шийтгэл шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй, нийт 7 удаа ял шийтгүүлсэн энэ нь шүүгдэгчийн зүгээс хэргийг нэгтгүүлж чадаагүйтэй холбоотой гэдэг байдлаар тайлбарлаж байна. 7 удаа ял шийтгүүлсэн гэх байдал нь хэрэг нэгтгүүлж чадаагүйтэй холбоогүй. Энэ хүний хувийн байдалд хамаарч байгаа. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож, ухамсарласан байдал харагддаггүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хаана байгаа нь тодорхойгүй алга болсон. Мөн прокурорын шатанд олдохгүй байсан. Хэргийг шүүхэд шилжүүлэхэд шүүхийн шатнаас оргон зайлж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзэж байсан нөхцөл байдал бий. Тиймээс анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдалтай хамааруулж, хувийн байдалд нь тохирсон ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Б.Э-од холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Улаанбаатар” зочид буудлын урд хохирогч О.О-гийн “Samsung S20 plus” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан 590.000 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч О.О-гийн “...би Улаанбаатар зочид буудлын сааданд утсаа хажуу талдаа тавиад цүнхнээсээ дэвтрээ гаргаж ирээд ард юм дуугарахаар нь эргээд хартал миний утсыг аваад зугтаачихсан. ...” /хх 20-21/,

Б.Э-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн "...“Улаанбаатар” зочид буудлын сааданд 1 үл таних эмэгтэй сууж байсан, баруун гар талд сандал дээр гар утсаа тавьчихсан байхаар нь би ардаас нь гэтэж байгаад гар утсыг нь аваад шууд хойш алхаад явсан. Хоёр залуу миний араас “хөөш нааш ир” гэсэн. Би айсандаа өвс рүү шидсэн. ...” /хх 26, 49/ гэсэн мэдүүлгүүд, алдсан эд зүйлийн үнэлгээ /31/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Э-ын хохирогч О.О-гийн гар утсыг дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Д.Ганбаатар “...Б.Э-од оногдуулсан 3 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Аливаа гэмт хэрэг нь хүний аюулгүй байдал, эрх, эрх чөлөө нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг нийгмийн чухал эрх ашигт халдаж хохирол учруулдаг тул Эрүүгийн хуулиар зохицуулж, хариуцлага хүлээлгэдэг.

 

Шүүхээс ял оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж зэргийг харгалзана.

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2 жилийн хорих ял болгон багасгах боломжтой гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Д.Ганбаатарын “хорих ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.Э- нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 52 хоног цагдан хоригдсон байгааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1600 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 991 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 151 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор сольж нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 5 сар 1 хоногоор тогтоосугай. ...” гэж,

4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-од оногдуулсан 2 жил 5 сар 1 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 52 /тавин хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                                        С.БОЛОРТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН