Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 205

 

Д.Тд холбогдох эрүүгийн

                                                                 хэргийн тухай                                                                     

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1007 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 152 дугаар магадлалтай, Д.Тд холбогдох 1905025060926 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Тгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эмэгтэй, 2011 оны 6 дугаар сарын 6-нд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Т овогт Д.Т нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Тг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Тг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Тгаас 166.250 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч О.Дд олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ш.Чингис нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Т гаргасан гомдолдоо: “... Банк 100 хувь эрсдэлгүй ажиллах үндсэн үүргээ биелүүлээгүй, үйлчлүүлэгч бүхэн банкны найдвартай, стандарт, хэрэглэгчээ дээдэлсэн үйлчилгээнд итгэж, найдан тодорхой цензур хяналт тавьдаггүйг бид бүхэн бүгд мэддэг. Үйлчлүүлэгчийн анхаарал болгоомжгүй байдал төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдсэнийг мэдээгүй байж байгаад банкнаас авсан мөнгийг үрсэний төлөө гэмт хэрэгтэн болох үндэслэл байхгүй. Гэтэл мэдсээр байж гэдэг үйлдэл нь анхнаасаа төлбөр тооцооны алдаатай гүйлгээнээс илүү мөнгө авч байгаагаа мэдэх, уг үйлдлээ мэдэж банкнаас дуудахад ирэхгүй байх үйлдэл хамаатай атал нөхцөл байдлыг хүчээр мушгин гуйвуулж /шүүгч илүү авсан мөнгөө төлөөгүй нь гэмт хэрэг гэж үзсэн/ мөнгөтэй банкны эрх ашгийг хамгаалахын тулд энгийн иргэний эрхийг зөрчин ялгаварлан хандаж, шүүх банкны талд илтэд үйлчлэн яллаж байгаад гомдолтой байна.

1."Мэдсээр байж" гэдэг үг үйлчлүүлэгчид бус мэргэшсэн байгууллага, ажилтан нарт хамааралтайг анхан шатны шүүх дээр банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон мэргэжилтний "алдаатай гүйлгээ хийгдсэн нь теллерийн буруу, теллер нь мэргэшсэн бус дадлагын хүн байснаас болсон" гэсэн мэдүүлэг,

2."Иен, юаны тэмдэглэгээг андуурч бичсэнээс алдаатай гүйлгээ би хийсэн" гэж теллер мэдүүлсэн зэрэг нь мэдэх ёстой мэргэшсэн байгууллагын ажилтан нь өөрсдөө гэм буруугаа нотолсоор атал илтэд тодорхой зүйлийг орхигдуулан нөхцлийг хүчээр өөрчлөн намайг ялласан нь хууль бус юм.

3.Хэргийн хамгийн гол нотлох баримт камерын бичлэгийг авахаар нэхэхэд ахлах теллер нь алдаатай гүйлгээний бичлэг банканд заавал хадгалагддаг, та санаа зоволтгүй гэсэн атлаа хуулийн байгууллагад гаргаж өгөлгүй хэргийн бодит нөхцлийг өөрчлөн үгсэн хуйвалдаж, намайг валютын ханш харж байсан гэж илтэд гүтгэн бичлэгийг устгасныг шүүхээс огт нэхээгүй, хэргийн үнэн зөвийг хүссэнээрээ өөрчилж мэдүүлсэн теллерийн мэдүүлгээр шийдсэн. Энэ нь шүүх хэргийн үнэн зөвийг тогтоох атал шудрага бус ажиллаж ХХБ-ны захирал Эт ашиг сонирхлын зөрчлөөр үйлчилдгийг харуулж байна.

4.Илүү мөнгө авсаныг банк хэлэхээр нь мэдэж мөнгийг удаахгүй төлье гэхэд банкны зүгээс болон теллер О.Д элдэв дээдээр хэлж доромжлон шоронд явуулна, хулгайч луйварчин гэх мэтээр дарамтлахад нь төлбөрийг шүүхээр дамжуулан төлнө гэснийхээ төлөө /анхан шатны шүүгч та мөнгөө төлөөгүй нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэл болно/ болон давах шатны шүүгчээс та ТҮЦ эрхэлдэг бизнесмэн тул мөнгөний ханш мэдэх ёстой гэж тулган хийсвэр дүгнэлтээр амьдрал бодит байдлаас тасарсан үндэслэлээр намайг яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

5."Банкнаас алдаатай гүйлгээ хийж иенийг юаны ханшаар тооцож илүү мөнгө өгчээ гэж утасдахаар нь бодохдоо япон улс чинь хятад улсаас хөгжлөөрөө илүү юм чинь иен чинь юанаас илүү ханштай баймаар юм гэж бодож байсан" гэснийг давж заалдах шатны шүүхээс тухайн мөнгө өгч байхад тэгж бодоод ашгүй дээ гээд л авчихсан гэсэн байдлаар миний мэдүүлгийг мушгин гуйвуулж өөрчилж, хүчээр яллах бодлого баримталж буй нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн конвенцоор олгосон хүн байх эрхийг минь ноцтойгоор зөрчсөн. Иймд гэмт хэрэг хийгээгүй байхад хүчээр хууль бусаар ял оногдуулсанд гомдолтой байна. Ер нь мөнгөө төлсөнгүй гэдгээр нь гэмт хэрэгтэн болгодог бол Монгол улсад гэмт хэрэг үйлдээгүй хүн үлдэхгүй байх, нөгөө талаар хүний үгийг мушгин гуйвуулж өөрчлөн ялалдаг шүүх байх юм бол шүүх хуулийн байгууллага гэж байх хэрэг байхгүй байх.

6.Эцэст нь хэлэхэд банкны теллер О.Д нь буруугаа хүлээгээд банкийг хохиролгүй болгож, ажлаасаа гараад асуудал дууссан байсан. О.Д нь ажлаасаа гарсны дараа хувь хүний хувьд иргэн Д.Т хоёрын өглөг авлагын асуудал үлдсэн ба энэ талаархи гомдлоо гаргахад цагдаа, прокурорын байгууллага энэ асуудлыг гэмт хэрэг болгон хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хохирогч О.Д биш гэж үзэж гомдол гаргаагүй, гомдол нэхэмжлэх зүйлгүй гэсэн банкийг хүчээр хохирогч болгон намайг ялласан нь хууль бус бөгөөд миний зүгээс гомдолтой байх тул хэргийг минь хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Т нь банкны ажилтны алдаатай гүйлгээ хийснийг мэдсээр байж завшсаны улмаас О.Дд 366.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлогдсон, шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Тгийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны салбарт 1000 иен солиулах гэж өгөхөд теллер О.Д 1000 юаниар тооцож алдаатай гүйлгээ хийснийг мэдсээр байж завшиж, бусдад 366.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Д.Тг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан ба УИХ-аас хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байна.

Шүүгдэгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянаж үзэхэд түүнд холбогдох хэргийг анхан болон давж заалдах журмаар хянан хэлэлцэх үед гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байжээ.

Түүнээс гадна Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан, өөрөөр хэлбэл процессын шинж чанарыг агуулсан хэм хэмжээ тул тухайн заалтыг холбогдох хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх ба Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт хамаарахгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Д.Тг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Д.Тг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүгдэгч Д.Тгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хянаж үзэхэд түүнийг хилсээр ял шийтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1007 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 152 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Тгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                         ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Ч.ХОСБАЯР