Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2018/0339

 

 

О.Х-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 110/ШШ2018/0031 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, О.Х-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:
   Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 110/ШШ2018/0031 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч О.Х-ын тус шүүхэд гаргасан “Сагсай сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/69, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/96 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “1. Сагсай сумын засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/69 дугаартай захирамжаар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 700м.кв газрыг тус багийн иргэн Е.Е-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар жилийн хугацаагаар эзэмшсэний дагуу сумын засаг даргаас Е.Е-д газар эзэмшүүлэх захирамж гаргаж газар эзэмшүүлэх эрхийг гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
Гэтэл шүүх шийдвэртээ “Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчээс” Сагсай сумын засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/69, 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/96 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэжээ. Шүүхийн уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж энэ тухайгаа гэрчилгээ эзэмшиж байсан этгээдэд мэдэгдэнэ”-гэсэн заалтыг Сагсай сумын засаг дарга, газрын даамал зөрчиж одоо хүртэл надад албан ёсоор мэдэгдээгүй, хариу өгөөгүй байхад захиргааны анхан шатны шүүх энэхүү заалтын шийдвэрт тусгаагүй зөрчиж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нөгөө талаар газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч этгээд нь засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан заалтыг Сагсай сумын засаг дарга хуулийн заалтыг ноцтой зөрчиж албан ёсоор бичгээр хариу өгөөгүй, иргэн хүн намайг хохироосон үйлдэл хийсэн байхад захиргааны хэргийн анхан шатны шүүх энэхүү зөрчлийг анхаараагүй, шалгаагүй хэргийг дутуу шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Зүй нь захиргааны хэргийн шүүх Засаг даргын актыг миний нэхэмжилсний дагуу бүрэн шалгаж үзээд, илт хүчин төгөлдөр бус болгохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж, захиргааны зөв актыг гаргах тухай захиргааны байгууллага ба албан тушаалтанд даалгаж шийдвэрлэх ёстой байсан юм. Харамсалтай нь хэргийг дутуу шалгаж, үндэстэй шийдвэр гаргаагүйг эс зөвшөөрч байна.
2. Нөгөө талаар Сагсай сумын Засаг дарга, газар эзэмшүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 03 ны өдрийн А/96 дугаартай захирамж гаргаж нэхэмжлэгчид олгосон 15 дугаартай захирамжаар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна гэж анхан шатны шүүх хариуцагчийн талд дутуу шалгаж ашигтай шийдвэр гаргасныг эс зөвшөөрч байна. Харин хариуцагч уг шийдвэрийг гаргаад газар эзэмшигч надад мэдэгдээгүйгээс болж миний шүүхэд гомдол гаргах эрх маань ноцтой зөрчигдөж иргэн би хохирч байгаад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгож хариуцагчид маргаан бүхий захиргааны акт хууль бус болохыг тогтоож захиргааны байгууллага, албан тушаалтнаас надад учруулсан хохирлыг нөхүүлж, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх ёстой байсан юм. Иргэн хүн Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлд “Төрийн байгууллагад, албан тушаалтанд өргөдөл гомдлыг шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх хэрэгтэй” гэж заасан байхад Сагсай сумын засаг дарга газар эзэмшигч надад зориуд мэдэгдээгүй, албан ёсоор хариу өгөөгүй нь зориуд санаатай, намайг хохироосон үндэслэл гэж би үзэж байна. Хавтаст хэрэгт уг үйл явдал байсаар байхад шүүх анхаараагүй шийдвэрийн үндэс болгоогүй, хэргийг дутуу үнэлж, дутуу шийдвэр гаргасан гэж үзэж байна.
3. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалт зөрчигдсөн. Учир нь иргэн К.С нь урьд нь энэхүү маргаж байгаа газрыг эзэмших эрхтэй байсан эсэх талаар гэрч Б.Б-ээс: К.С нь Хар уулын чиглэлд мал маллаж суусан болохоор Сагсай сумын Засаг даргын 2003 оны 48 дугаартай захирамжаар тухайн газрыг эзэмшдэг гэж ойлгож болно гэж К.С-ыг Сагсай сумын нутаг уг газарт газар эзэмшиж сууж байсныг нотолж хэлж өгснийг анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэс болгож өгсөн юм. Иймд шүүх шийдвэртээ “Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт буй уг газарт К.С нь мал маллаж, газар эзэмшиж байсныг хүлээн зөвшөөрч байгаа атлаа газар эзэмшээгүй, Засаг даргын захирамж гараагүй” гэж янз бүрийн агуулгатай шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир уг хэргийг баттай болгож үнэн бодит шийдвэр гаргаж өгөхийг хүсье.
4. Нэхэмжлэгч О.Х миний бие Сагсай сумын засаг дарга байсан Т.К-д хүсэлт өргөдөл гаргаснаар уг газрыг 60 жилийн хугацаатай газар эзэмших захирамж гаргаж өгч Сагсай сумын 3 дугаар багийн нутаг болох “Хар уулын Желди хаваргын Хар шохы, Хар үзүүр, Полигон автодром, Улаан худаг” гэх газруудаас бүрдсэн газар нутгийг бэлчээрийн зориулалттай мал аж ахуйг эрхлэх зорилгоор захирамж гаргаж өгсөн юм. Уг захирамжийн дагуу гэрчилгээ авсан юм. Гэрчилгээтэй болж Ховд аймгийн Булган сумаас баз дүү К.С-ыг 1994 оны Сагсай сумын 3 дугаар багийн нутагт ирүүлж Хар шоход өвөлжөөний саравчтай хашаа, 3 өрөө малчны сууц, түүнийг уруудаад Ховд голын эрэгт мал төллүүлэх хашаа, төлийн пүнз, 3 өрөө сууц барьж улмаар 2010 он хүртэл тэнд суурьшсан. Хэрэв тухайн үед Засаг дарга байсан Т.К нь захирамж гаргаагүй байсан бол би хаа холоос иргэн К.С-ыг 600 км газарт авчирж мал маллуулахгүй байсан. Нөгөө талаар бүтэн 16 жил эрхийн актгүйгээр манай малыг, тэр малчныг мань сум суурьшуулж байлгахгүй байх ёстой байсан. Малыг мань тоолж, малчныг мань иргэний хувьд харьяалуулж үүргийг нь биелүүлж эрхийг нь эдлүүлж байлгачихаад одоо тус сумын удирдлага бүгдээрээ мэдэхгүй байгаа нь тэд үгсэн нийлж миний газар эзэмших эрхийг нь хааж, боож байгаа хэрэг. Мөн миний би уг газрыг эзэмшиж эхэлсэн 1994 оноос ба Ноос-Нэхмэл, Шалгын зэрэг хоршоо компанийн захирал, эзэн нь байсан тул зарим баримт бичигт эзэмшлийн газар дээр нэр дурьдсан байгууллага, компанийн нэрээр ч бичигдэж байсан тал бий. Сумын урьдах болон одоогийн зарим удирдлага, ажил хариуцсан хүмүүс өөр хоорондоо ам нийлж илт үндэслэлгүй мэдүүлгийг шүүхэд өгч миний эсрэг ажилласан нь харагдаж байна. Тухайлбал сумын дарга байсан Т.К 1996 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр уг бэлчээр нутгийг зохистой ашиглах, газар эзэмшигч нь миний нэр дурдсан байгууллагад хамаатай болохыг баталж бэлчээр булаацалдаж байсан саахалт малчид иргэн болох Хамшыбай, Хавшүкир, Халым нарт удаа анхааруулсан бичиг ирүүлж байсан. Жишээлбэл иргэн Хамшыбайд /одоо үр хүүхдүүд нь миний эзэмшлийн газрыг эзэмшүүлэхээр сумын Засаг дарга захирамж гаргасан/ ...Цэргийн ангийн Полигон болон Желди хавиргын хуучин задгай отог хүртэлх газрыг, газрын хуулийн дагуу “Шалгын” хоршооны малчин К.С нарт зөвшөөрсөн болно... гэж өөрийн гараар бичиж өгч байсан атал /дээрх хүмүүст бичсэн албан бичгүүд хавтаст хэрэгт бий/ тэрээр шүүхэд өгсөн мэдүүлэгт уг газрыг миний бие О.Х ба миний эзэмшлийн байгууллага, компанийн нэр дээр байсныг мэдэхгүй гэж хариулсан нь харагдаж байна. Мөн Засаг дарга асан Т.К-ний захирамж нь цэнхэр өнгөтэй гэрчилгээнд бичигдсэн гэж нэхэмжлэгч тодорхой зааж гэрчилж байна. Дараа нь газар эзэмшүүлэх захирамж болон гэрчилгээг шинэчилж олгосон сумын Засаг дарга К.Б, газрын даамал Ү.А нар тодорхой гэрчилж байхад анхан шатны шүүх иргэн хүн намайг хохироож сумын Засаг дарга захирамжийг алга хийсэн байхад өөрийн эрх хэмжээгээр бүрэн гүйцэд шалгаагүйгээр хэргийг дутуу шалгасан болоод сумын албан тушаалтан нарын талд шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нөгөө талаар би тухайн үед Засаг дарга асан Т.К-д “захирамж бичиж өг” гэж хүчээр бичүүлээгүй шүү дээ. Иргэн К.С-ыг алс холоос авчирж нэр бүхий газарт мал маллуулснаар уг үйл явдал нь Засаг дарга байсан Т.К захирамж гаргаж өгсөн зэрэг нь баталж байгаа шүү дээ. Мөн К.С нь Сагсай сумын 3 дугаар багт мал маллаж амьдарч байсныг анхан шатны шүүх баталж байгааг юу гэж ойлгох вэ. Зүй нь Сагсай сумын Засаг даргын Е.Е-д Сагсай сумын 3 дугаар багийн нутаг болох “Хар уулын желди хаварга”-д байршилтай захирамжийг хэрэг бүрэн шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлэх ёстой байсан юм.
5. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Газар эзэмших эрхийн 00000 дугаартай гэрчилгээг үзэхэд Сагсай сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай шийдвэрийг үндэслэж “Хар уулын Желди хаварга, Хар шохы, Хар үзүүр, Полигон, автодром, Улаан худаг”-ийн хоорондох 0,05 га буюу 500 м.кв газрыг нэхэмжлэгчид 20 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр тусгагдаж сумын газрын даамал Ү.А-ийн гарын үсэг зурагдаж газрын даамлын тэмдэг дарагдсан гэрчилгээний гараар бөглөх хэсэг нь хоёр өөр хүний бичигтэй байна”. Гэрчилгээний гараар бичих хэсэгт газар эзэмшигчийн овог, эцгийн нэр, нэр бичих хэсэгт “Жадик-Хостай, О Х” гэж аймаг сумын нэрийг бичих хэсэг дэх “Баян-Өлгий Сагсай” гэж Засаг даргын шийдвэрийн огноо, дугаарыг бичих хэсгийн оны гэсэн үгийн өмнөх 2008 гэсэн тоог, газрын байршлын хаяг, нэрийг тусгах хэсгийн “Хур уулын желди хаварга, хар шохы, хар үзүүр, полигон, автодром, улаан худаг”-ийн хоорондох гэснийг газар эзэмших зориулалтыг тусгах хэсэг дэхь “Мал аж ахуй эрхэлсэн” гэж гэрчилгээний сүүлийн хэсэгт 2008 оны 09 дүгээр сарын 04-ны” гэж бичсэн бичгүүд нь Сагсай сумын Засаг даргаар ажиллаж байсан К.Б-ын бичиг мөн гэжээ. Нэхэмжлэгч миний хувьд анхан шатны шүүхэд Сагсай сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/69, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” хүсэлт гаргасан билээ. Харин Сагсай сумын Засаг дарга байсан К.Б, газрын даамал Ү.А нарын бичсэн газар эзэмших гэрчилгээ хоёр өөр төрлийн бичигтэй байсанд нэхэмжлэгч би ямар ч буруугүй юм. Газрын даамал Ү.А шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Сумын Засаг дарга К.Б надад О.Х-т газар эзэмшүүлэхээр захирамж гаргаж өвөлжөөний газар өгөхөөр боллоо. Гэрчилгээ бичиж өгөөрэй, захирамжийн бланк дууссан байна сүүлд захирамж гаргаж өгнө гэх зэргээр надад газар эзэмшүүлсэн тухай нотолгоо байсаар байтал уг захирамж тэр хэвээр гараагүй юм уу, гараад алга болсон юм уу энэнийг юу ч гэсэн надаас нэхдэг нь хууль бус юм.
Сагсай сумын Засаг дарга байсан К.Б нь надад газар эзэмшүүлсэн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг аймгийн архивд шилжүүлээгүй явдалд жирийн иргэн би буруугүй юм. Захирамжийн нэг хувь нь Сагсай сумын төр, захиргааны байгууллагад хадгалагдах ёстой ба нэг хувь нь архивд хадгалагдах ёстой байсан юм. Уг нь би архиваас уг захирамжуудыг эрэн хайсан боловч олдоогүй. Олдоогүй биш, сум баримт бичгээ маш дутуу өгсөн олон захирамж олдохгүй байсан. Энэ тухай хавтаст хэрэгт байгаа судалгаа дүгнэлт материалд дурдсанаар батлагдаж байна. К.С-д газар эзэмшүүлсэн Т.К-ний болон шинэчлэн газар эзэмшүүлсэн 15 дугаар захирамжуудаар уг бэлчээр нутагт олон жил мал аж ахуй эрхэлж байсныг Сагсай сумын Засаг дарга, газрын даамал зэрэг албан тушаалтнууд баталж гэрчилж байгаа. Сумын төр, захиргааны албан тушаалтнуудын тухай, тухайн үед захирамж гаргаагүй эсхүл гаргаснаа алга болгосон, захирамж нь дутуу байхад буюу үндэслэл дутуу байхад гэрчилгээ бичсэн, засвартай гэх баримт бичиг олгосон зэрэг хариуцлагагүй ажиллагаанаас болж иргэн би хохирох ёсгүй юм. Юу ч гэсэн надад эрх бүхий төр, захиргааны байгууллагаас хүчин төгөлдөр эрхийн бичиг гэрчилгээ өгснөөр газар эзэмшиж мал маллан бүтэн 19 жил амьдран сууж Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу газар эзэмших эрхээ хэрэгжүүлж байсан юм. Гэтэл үүнийг анхан шатны шүүх харгалзаж үзэж асуудлыг шударгаар шийдвэрлээгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх хэргийг дутуу шалгасан тул хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзнэ.
6. К.С нь манай малчны хувьд Сагсай сумын 3 дугаар багийн нутаг “Хар Шохы”-д өвөлжөөний саравчтай хашаа, 3 өрөө малчны сууц, түүний уруудаад Ховд голын эрэгт мал төллүүлэх хашаа, төлийн пүнз, 3 өрөө сууц зэрэг газарт үл хөдлөх хөрөнгө барьж 1994 оноос 2010 он хүртэл мал малласан. 2010 оноос М.Д, Ж, М нар өвөлжиж, хаваржиж байсан тул анхан шатны шүүх миний малчин байсан газруудад байсан үл хөдлөх хөрөнгөд шүүхийн журмаар үзлэг хийж дээрх малчид, иргэн О.Х-ын малыг маллаж байсан нь үнэн эсэхийг шалгахгүйгээр зөвхөн Сагсай сумын албан тушаалтнуудын талд шийдвэр гаргасныг эс зөвшөөрч байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 110/ШШ2018/0031 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож иргэн миний нэр бүхий уг газар нутгийг эзэмших эрхийг минь сэргээж өгнө үү” гэжээ.
                                                                                 ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
О.Х нь “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/69 дүгээр захирамж, мөн сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/96 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргад холбогдуулан гаргажээ.
Маргаан бүхий А/69 дүгээр захирамжаар “тус сумын 3 дугаар багийн нутагт Хар уулын Желдихабырга гэх газарт байршилтай 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай иргэн Е.Е-д эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Харин А/96 дугаар захирамжаар “газар эзэмших эрхийн актгүйгээр иргэн О.Х-т газар эзэмшүүлсэн 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 00000 дугаартай гэрчилгээ”-г хүчингүй болгожээ.
Анхан шатны шүүх маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/69 дүгээр захирамж, мөн сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/96 дугаар захирамжууд нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасанд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч О.Х нь “...1994 оноос Сагсай сумын Хар уулын Желди хавиргийн Хар шохы, Хар үзүүр Полигон автодром, Улаан худаг нэртэй газруудаас бүрдсэн газрыг бэлчээрийн зориулалтаар мал аж ахуй эрхлэх зорилгоор Сагсай сумын Засаг даргын захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр маргаан бүхий газрыг надад эзэмшүүлсэн” гэж маргаж, Сагсай сумын 3 дугаар баг, нэгж талбарын 030900675 дугаартай 500 м.кв газрыг О.Х-т гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, газар эзэмших эрхийн 00000 дугаартай гэрчилгээ зэргийг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлжээ.
Гэтэл дээрх нэхэмжлэлийн үндэслэл болсон Сагсай сумын 3 дугаар баг, нэгж талбарын 030900675 дугаартай 500 м.кв газрыг О.Х-т гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, газар эзэмших эрхийн 00000 дугаартай гэрчилгээ хууль ёсны бичиг баримт биш болох нь гэрч К.Б, Ү.А, Т.К, Т.Б-д зэргийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар тогтоогдсон байна.
Мөн Сагсай сумын 3 дугаар баг, нэгж талбарын 030900675 дугаартай 500 м.кв газрыг нэхэмжлэгч О.Х-т эзэмшүүлсэн гэх төрийн захиргааны байгууллагын шийдвэр гараагүй болох нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан нотлох баримтуудаар нотлогджээ.
Тодруулбал, нэхэмжлэгч О.Х-ын нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн “Сагсай сумын 3 дугаар баг, нэгж талбарын 030900675 дугаартай 500 м.кв газрыг иргэн О.Х-т гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, газар эзэмших эрхийн 00000 дугаартай” хууль ёсны дагуу олгогдоогүй гэрчилгээнээс өөрөөр нэхэмжлэгч О.Х-ыг маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн, ашиглуулсан гэх шийдвэр байхгүй тул маргаан бүхий газрыг нэхэмжлэгч эзэмших, ашиглах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаас үзэхэд маргаан бүхий газрыг хууль болон журамд заасны дагуу нэхэмжлэгч О.Х-т эзэмшүүлсэн эрх бүхий төрийн байгууллагын шийдвэр, гэрчилгээ байхгүй тул Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/69 дүгээр захирамж, мөн сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/96 дугаар захирамжууд нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
   1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 110/ШШ2018/0031 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Д.БАТБААТАР
ШҮҮГЧ                        Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ                        Э.ХАЛИУНБАЯР