Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 92

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                             Хэргийн индекс:114/2016/0077/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  хийсэн   хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 19 дүгээр байрны ******* тоотод оршин суух Гүр овгийн *******

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

            “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/78 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                            Г.*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:        Д.Гантулга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:           Л.Алтанчимэг

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч:                           Б.Содболд

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:             Б.Саранчимэг  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулгаас шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г.******* газрын харилцаа, барилга хот байгуулалт газрын даргаар ажиллаж байхдаа газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргатай болон Дархан-Уул аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээгээ байгуулан ажиллан 2016 оны үр дүнгийн гэрээгээр ажлаа хангалттай сайн үнэлүүлж улсын хэмжээнд Дархан-Уул аймгийн газрын алба гуравдугаар байр эзэлсэн. “Гео батоник” ХХК-тай хамтарч Дархан-Уул аймгийн газар    зохион    байгуулалтын    ерөнхий    төлөвлөгөөг   гарган   аймгийн   Иргэдийн   хурлын тэргүүлэгчдээр батлуулж, Засаг даргын захирамжуудаар газрыг эзэмшүүлж, Хот төлөвлөлтийн зайлшгүй хийх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, барилга хот байгуулалтын яам, газрын харилцаа геодези зураг зүйн газар, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, Засаг дарга түүний тамгын газар, Дархан-Уул аймгийн хууль зүйн хэлтэс, хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүдийн заавар зөвлөмжийг авч үүрэгт ажлаа цаг хугацаанд нь биелүүлж ажиллаж байсан ба санхүүгийн хяналт шалгалтын ямар нэгэн зөрчилгүй, албан тушаалтнуудад сахилгын арга хэмжээ авагдаагүй ажлаа үр дүнтэй сайн хийж гүйцэтгэж байсан гэж үзэж байна.

 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа буюу 7 дугаар сарын 25-нд Засаг дарга Г.******* даргатай уулзаж газрын албаны даргын ажлыг чинь өөрчилнө гэхэд нь даргаа би 7 дугаар сарын 25-наас амаръя амраад орж ирэхдээ хуучин хяналт шинжилгээ үнэлгээний даргаар тавъя гэж байгаа бол тэр ажлыг хийе нэг сарын хугацаанд би амраад ороод ирье гэж ярилцсан байсан. Гэтэл Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт хэвтэж байхад нь хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Чагнаадорж утсаар ярьж таны 7 дугаар сарын 25-ны өдрийн амралтын захирамжийг чинь хүчингүй болгосон та ажилдаа эргэж ор гэсэн үүрэг өгснөөр дээд шатныхаа даргын үүрэг даалгаварыг биелүүлээд ажилдаа орсон. 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 2016 оны 07 дугаар сарын газар олголтын бүх захирамжуудыг ажлын хэсэг гарч шалгалт хийнэ гэсэн албан тоотыг ирүүлснээр 07 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Дархан-Уул аймгийн газрын алба ямар нэгэн байдлаар төрийн ажил зогсонги байдалд орж газрын гэрчилгээ бичигдэхгүй 14 хоног шийдвэр гаргах түвшиний ч ажил хийгдээгүй, төрийн үйлчилгээг ч гацаасан, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх ажиллах боломжоор хангаагүй. 08 дугаар сарын 15-ны өдрийн өглөө хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Баясгалан өрөөнд нь  очиж 08 дугаар сарын 15-ны  өдрийн Б/78 захирамжийг гаргаж ирсэн ба ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Чагнаадорж, төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Лхагважаргал нарын бүрэлдэхүүнтэй таны ажлыг авна гээд захирамжийн нэг хувийг уншиж танилцуулсан байдаг.

2015 оны 10 дугаар сарын 01-нээс 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх захирамжийг шалгах ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байхад шууд халж, та зөвхөн тамга тэмдэгээ өг гэхэд нь тодорхой хугацаанд энэ байгууллагыг удирдаж ажиллаж байсныхаа хувьд би хамт олныхоо өмнө хэнд миний ажлыг хүлээлгэж өгөх гэж байгаа тэр хүнд албан ёсоор ажлаа хүлээлгэж өгнө, ажлаа эмхлээд цэгцлье дараагийнх нь хүнд дотоод нууцтай холбоотой бичиг баримтууд байгаа үүнийг зааж зөвлөж өгье гэхэд нь шууд тамга тэмдэгийг нь аваад энэ хүнийг газрын албанаас хөөх шахуу л гаргасанд нь гомдолтой байгаа.

2. Г.******* даргыг ажлаас шууд халах үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2 байх ёстой байтал захирамжлах хэсэгт заагаагүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9-д засаг дарга өөрийн эрх мэдлийнхээ хүрээнд захирамж гаргана. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д төрийн албанд нэг жил эргэж орохгүйгээр халах гэсэн нь ерөнхий зохицуулалт тусгайлсан зохицуулалт биш. Г.******* даргыг шууд ажлаас нь халах хууль зүйн хувьд үндэслэл байхгүй зохих хуулийн зохицуулалтуудыг барьж шийдээгүй учраас 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын Б/78 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газрын албан тушаалд Г.*******ыг эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн гурван шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгч  Л.Алтанчимэгээс шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Аймгийн Засаг дарга 78 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-ийг баримталж төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан. Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д энэ хуулийн 13,15,40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд, 26.1.1-д “сануулах”, 26.1.2-д “цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”,  26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэсэн гурван заалт байгаа. Үүний дагуу ажлын байранд тавигдах зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэсэн шалтгаанаар, гарсан зөрчлийг нь дүгнэж үзэхэд шууд 26.1.3 дахь заалтыг баримтлан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл гарч ирсэн. 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн Засаг дарга С.Насанбатыг огцруулж, аймгийн Засаг даргаар А.******* томилогдсон. Түүнээс хойш А.******* нь томилгооны асуудлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд хийж газрын албаны даргаар Г.******* дарга  2015 оны 12 дугаар сард томилогдсон. Түүнээс хойш Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, өмчлөх эрхтэй холбоотой маш олон захирамж гарснаас нийт 64 захирамжтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүд  Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан ба энэ хэргүүдээс нийт 25 хэрэг захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр эрх зүйн зөрчилтэй хууль зүйн үндэслэлгүй гэж  хүчингүй болж  газар өмчлөх, эзэмших  иргэдийн эрх сэргээгдсэн. Ажлын байрны тодорхойлолтод “аймгийн Засаг даргыг мэргэжил арга зүйн хувьд хангаж ажиллана” гэж тодорхойлж зааж өгснөөс үзэхэд  аймгийн Засаг даргыг Дархан-Уул аймгийн газрын албаны дарга мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахаар байна. Газартай холбоотой асуудлыг зааж зөвлөж зөв шийдвэр гарахад нь нэг номерын туслан гүйцэтгэх албан тушаал юм. Арга зүйн зөвлөгөө өгч чадаагүйгээс ийм их хэмжээний зөрчил гаргасан. Нэхэмжлэгч нь аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзахад хяналт шинжилгээ үнэлгээний албанд томилох талаар харилцан ярилцсан гэсэн байна. Хариуцагч Аймгийн Засаг даргатай утсаар ярихад үгүй ээ би тийм зүйл хэлээгүй гэсэн. 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Аймгийн Засаг дарга уулзаад чамтай цаашид хамтран ажиллах боломжгүй тийм учраас ажлаа хүлээлгэж өг гэхэд нь Г.******* дарга тэгье би өргөдлөө өгье гэж зөвшөөрөөд гарсан байсан энэ нь сонсох үйл ажиллагааны талаар аймгийн Засаг даргын нарийн бичгийн хөтөлсөн тэмдэглэл байгаа. Сая ч гэсэн нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргад эвлэрэх талаар санал тавихад зөвшөөрсөнгүй. Газрын харилцааны талаар маш их зөрчил дутагдал гаргасан учраас газрын албаны даргаар ажиллах боломжгүй хүн гэсэн дүгнэлтийг гаргасан. Төрийн жинхэнэ албан хаагчийн удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явагддаг энэ сонгон шалгаруулалтад тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага, мэргэжил бусад шаардлагыг хангасан албан хаагчийг сонгон шалгаруулж оруулдаг. Аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдөр баталсан ажлын байрны тодорхойлолтын “б” шаардлагын ажлын байрны мэргэжил гэдэгт газар зохион байгуулагч, геодези  кадастр мэргэжилтэй байх ёстой гэсэн байхад түүнийг засаад “эрх зүйч” мэргэжилтэй болгож сонгон шалгаруулалтын зарыг төрийн албаны салбар зөвлөлд өгч явуулсан байна.Мөн Гарын харилцаа, геодез, зураг зүйн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр батлан гаргасан ажлын байрны тодорхойлолтын “б” заалтад мэргэжил гэдэгт газар зохион байгуулагч, барилгын инженер гэсэн, шаардлагатай гэдэгт геодези кадастр гэсэн байгаа. Гэтэл энэ ажлын байрны тодорхойлолтыг өгөхгүйгээр 2013 оны С.Насанбат даргын баталсан тодорхойлолтын нэг л хуудсыг зассан байгаа нь баримт бичиг хуурамчаар үйлдсэн, энэ хүний мэргэжилд тохируулж бичсэн болох нь тогтоогдож байна. Дээрх шаардлагыг нэхэмжлэгч хангахгүй байгаа учраас аймгийн Засаг дарга энэ хүнийг хүлээн зөвшөөрөөгүй, мэргэжил арга зүйн хувьд тохирохгүй гэж үзэж байгаа. Ажлын байрны тодорхойлолтыг засаж хуурамч бичиг баримтаар сонгон шалгаруулалт зарлаж газрын харилцаа, барилга хот байгуулалтын албанд томилогдсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Мөн төрийн алба захирах захирагдах зарчимд үндэслэж явагддаг. 2016 оны 06 дугаар сард сонгууль болж аймгийн Засаг даргаар С.Насанбат томилогдсон. Гэтэл хуучин ажиллаж байсан Засаг дарга А.******* 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргасан А/259 дүгээр захирамжаар эрүүл мэндийн газрын дарга Сүнчин, байгаль орчны дарга *******, Санхүү хяналт аудитны алба *******, газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Г.Сүхбааар нарын ээлжийн амралтыг шийдсэн байсан.Шинээр томилогдсон аймгийн  Засаг дарга ажлаа хүлээж авахад Г.******* дарга өөрөө уулзаад би амарч байгаа гэж албан ёсоор мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй. Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нь Г.******* даргатай хэд хэдэн удаа уулзах гэж утсаар ярьсан боловч уулзаагүй, утсаа аваагүй нь  хавтаст хэрэгт гэрчийн мэдүүлэгт дурьдсан байгаа. Энэ хугацаанд өвчтэй байсан гэж нэхэмжлэгч нотлох баримт өгч байна өвчтэй байсан бол тухайн үед албан ёсны актаа аймгийн Засаг даргад өгөх ёстой байсан өгөөгүй ажлаас халах захирамж гарсны дараа өвчтэй байсан гэж яригддаг. Дархан-Уул аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 2016 оны 05 дугаар сард баталсан байдаг ба үүнээс хойш хэдхэн хоногийн дараа 3 удаагийн тодотголыг хийсэн байснаас нь үзэхэд улс төрийн шинжтэй байсан нь тодорхой. Газрын харилцаа барилга, хот байгуулалтын албаны удирдах албан тушаалтан хангалтгүй ажилласнаас гурван удаагийн тодотгол хийгдэж тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газруудад дахин нэмж олгосон үйл ажиллагаанууд байгаа. Энэ нь аймгийн  Засаг даргад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх тал дээр хангалтгүй ажилласан нь харагдаж байна. Мөн 103 иргэнд Онгод хороололд, ургамал газар тариалангийн газруудад газар олгосон байдаг. Энэ нь Засгын газрын 2016 оны 173 дугаар тогтоолд Дархан-Уул аймагт газар өмчлүүлэх метр квадратыг заасан байхад заагдаагүй газарт иргэнд газар өмчлүүлсэн нь 173 дугаар тогтоолыг зөрчсөн ба тогтоолд зөвхөн Хонгор сум, Орхон сум, Шарын гол суманд газар өмчлүүлэх метр квадратыг заасан байхад Дархан сум өөрөө барилга хот байгуулалтын газартай холбогдож иргэдэд газар өмчлүүлэх талбайн хэмжээг газрын харилцааны албанд өгөөгүйгээс үүнийг иргэдэд өгөх зорилгоор тодотгол хийсэн нь үндэслэлгүй. Онгод хороололд 103 иргэнд газар олгохдоо тухайн иргэний өргөдөл хүсэлтийг аваагүй, нөгөө хүмүүс нь захирамж гарсны дараа захирамжаа аваад газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт очиж 2016 оны 07 дугаар сарын 07-ний өдөр гэрээ гэрчилгээгээ авахаар бүртгэгдсэн байсан ба тэр өргөдлүүд нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэж бичсэн боловч тэр өргөдлүүдийг аймгийн Засаг даргын ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэр дээр огт бичиж бүртгэгдээгүй байсан.Энэ тухай гэрчийн мэдүүлэгт баримт материал дутуу, захирамжаа аваад ирэхэд нь дарга гэрчилгээ бич гэж үүрэг өгсний дагуу гэрчилгээг бичиж гэрээг байгуулсны дараа нь нөхөж материалыг нь бүрдүүлж өгсөн гэж тайлбарласан. Гэрчилгээний үнэ төлөгдөөгүй байхад барилга хот байгуулалтын газрын дарга мэргэжилтнүүддээ үүрэг өгч гэрчилгээг бич олон хоног амрана гэж хууль бус үүрэг өгсний дагуу үнэ нь төлөгдөөгүй гэрчилгээнүүд олгогдсон зэрэг олон зөрчилтэй асуудлууд гарсан. Мөн захирамжаар 25 дугаар хороололд инженерийн шугам сүлжээ холбох зориулалтаар 25.000.000 төгрөг төлсөн иргэдэд газрыг олгож байхад ямар ч бичиг баримтгүйгээр 4-5 хүнд тухайн газрыг олгосон. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт ажиллаж байсан Нармандах, Ганбаяр нарыг ******* дарга ажлаас нь халсан ба Нармандах, Ганбаярын эхнэр мөн Иргэдийн хурлын төлөөлөгч Элдэвсайхан нарт өөртөө газар олгосон байсан нь том хэмжээний зөрчил байсан учраас энэ хүнд сахилгын шийтгэл ногдуулж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтын дагуу ажлаас нь халсан. Иймд аймгийн Засаг даргын захирамж үндэслэлтэй тул аймгийн Засаг даргын захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Содболдоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн захирамж нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг тус тус баримталж гарсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийг төрийн албан хаагчийг ажлаас шууд халах үндэслэл болдог 26 дугаар зүйлийг хэрэглэсэн нь үндэслэлгүй  гэж тайлбарлаж байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нарийвчилсан зохицуулалт байгаа. 26 дугаар зүйлийн 26.1-д заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд 26 дугаар зүйлийн 26.1-26.3 дахь заалтын  аль нэгийг барьж сахилгын шийтгэл ногдуулж болохоор хууль тогтоогч зохицуулж өгсөн байна. 26 дугаар зүйлийн 26.1-д заасан гурван үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлийг зөрчсөн бол сануулах, цалингийн хэмжээг 6 сар хүртэл 20 хувиар бууруулах, төрийн албанд нэг жилийн хугацаагаар эргэж орохгүйгээр халах гэсэн гурван арга хэмжээний аль нэгийг авах боломжтой байна. Аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-г барьж нэг жилийн хугацаатайгаар төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халсан захирамж гаргасан нь хууль хэрэглээний хувьд ямар нэгэн алдаа зөрчил байхгүй.Миний үйлчлүүлэгч Д.Ганбаярын хувьд төрийн алба тасралтгүй явуулах зарчмынхаа үндсэн дээр газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулж тухайн албыг удирдаж явах төрийн албан хаагч хэрэгтэй байсан учраас төрийн албан хаагчийн ажлын байранд тавигдаж байгаа шаардлага шалгуурыг нь хангаж байсан учир геодези зураг зүйн газрын даргатай зөвшилцөн  газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дэд дарга *******ын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн албан тоот ирсний дагуу Засаг дарга захирамжаараа Д.Ганбаярыг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай 2016 оны 08 дугаар сарын 18-ны Б/81 дүгээр захирамж гаргасан нь хэрэгт цугларсан нотлох баримт, тайлбаруудаар тогтоогдсон байна. Г.******* дарга ажилд томилогдохдоо ажлын байрны тодорхойлолтын В хэсэгт газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нь тухайн газрын чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн, мэргэжил нь газар зохион байгуулагч инженер гэсэн хэсэг дээр “эрх зүйч” гэж засвар оруулж энэ тодорхойлолтод заасныг үндэслэн томилогдсон байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.3, 13.1.5-г зөрчсөн гэж үзэх үндэслэл бүрдсэн гэж үзэж байна.  13 дугаар зүйлд заасан 3 зөрчил байгаа учраас 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар ажлаас чөлөөлөх эрх нь ажил олгогч буюу аймгийн Засаг даргад байсан.Тухайн байгууллагаа удирдах чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн хүн удирдах нь төрийн алба алдаа дутагдалгүй хэвийн үргэлжлэх суурь боломж өгдөг. Монгол Улсын хэмжээнд явагдаж байгаа хөдөлмөрлөх харилцаа бол тухайн байгууллагынхаа тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх тэр шаардлага шалгуурыг хангасан байхыг шаардаж байна. Г.******* даргыг томилогдохоос өмнөх, дараа нь томилогдсон албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод газар зохион байгуулагч, барилгын инженер гэсэн мэргэжлийг шаардаад байхад Г.******* дарга энэ ажлыг эрхлэхдээ эрх зүйч мэргэжилтэй хүн байж ажлын байрны тодорхойлолтод засвар оруулснаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн  3-н заалтыг зөрчсөн гэж үзэх боломжтой байна. Миний үйлчлүүлэгч Д.Ганбаярын хувьд 2010 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт мэргэжилтнээс нь эхлээд тодорхой албан тушаалуудыг эрхэлж ажиллаж ирсэн. Одоогийн үүрэг гүйцэтгэж байгаа ба хууль ёсны буюу албан ёсны ажлын байрны тодорхойлолтод заасан бүх шаардлагыг хангаж, ажлын байрны тодорхойлолтын В хэсэгт заагдаж байгаа газар зохион байгуулагч, инженер, барилгын инженер гэсэн нарийн мэргэжлийг эзэмшсэн хүн байгаа учраас газрын харилцаа барилга, хот байгуулалтын даргын албан тушаалд томилогдох бүрэн боломжтой, цаашид ч энэ ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой гэж үзэж байна. Г.******* дарга газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаал эрхэлж байх хугацаандаа тухайн байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг чөлөөлөх, ажлаас халах шийдвэрүүдийг гаргаж байсан ба  Ганбаяр тухайн үед ажлаасаа халагдаж эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж ажилдаа эгүүлэн тогтоогдож байсан. Удирдах албан тушаалтанд хэдийгээр халах, чөлөөлөх эрх хэмжээ нь байгаа ч гэсэн ажилтныг ажлаас чөлөөлөх, ажилд авахдаа холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж ажиллах ёстой. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг. Д.Ганбаярыг хоёр шатны шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож , цалинг нь гаргуулсан боловч  Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн нийтлэг эрх үүргийг зөрчсөн байна. Иймд 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар Г.*******ыг ажлаас халсан аймгийн Засаг даргын захирамж  нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Г.*******аас “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/78 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгөн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/78 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан  Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Г.*******ыг үүрэгт ажлаас нь 2016 оны  08 дугаар сарын 15-ны өдрөөс төрийн албанд 1 жилийн хугацаатай эргэж орох эрхгүйгээр халсан шийдвэр гаргажээ.

            Дээрх Аймгийн Засаг даргын захирамжид дурьдсан үндэслэлүүдийг дурьдвал;

           1.“Нэхэмжлэгч Г.*******ыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д “хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.2-д “...дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ”, 33.4-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэжээ.

 

          Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Дархан-уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 32, 46 дугаар тогтоолуудаар аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хот байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг  тодотгон баталсан байх бөгөөд Аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн А/86 дугаар захирамжаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар  шийдвэрлэснээр  газар эзэмших дуудлага худалдааг зохион байгуулсан нь Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 32, мөн оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 46 дугаар тогтоолууд, Аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн А/86, А/141 дүгээр захирамжууд, газар эзэмших эрхийн дуудлага худалдааг зохион байгуулсан тухай тайлан, хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

          Хариуцагчаас Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Аймгийн Засаг даргын шийдвэрээр 68 иргэн, 12 аж ахуйн нэгжид сонгон шалгаруулалтгүйгээр 149.148 га газар эзэмшүүлсэн гэж нэхэмжлэгч Г.*******ыг буруутгаж байгаа ба Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нь Аймгийн Засаг даргад мэргэжлийн зөвлөгөө өгөх, Засаг даргын шийдвэрийн төслийг боловсруулах үүрэгтэй боловч газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх нь нэхэмжлэгчид хуулиар олгогдоогүй байх тул газар эзэмшүүлсэн гэж буруутгах үндэслэлгүй байна. Мөн захирамжид нэхэмжлэгчийг  Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтыг зөрчсөн гэж дурьдсан нь нэхэмжлэгч Г.*******т холбогдолгүй заалт болохыг дурьдах нь зүйтэй.

       

           2.“Газрын харилцаа, геодези зураг зүйн даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр батлан гаргасан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын  “ажлын байрны тодорхойлолт”-ын тавигдах шаардлагын 1.1-д заасан ерөнхий шаардлагыг хангаагүй, ажлын байрны тодорхойлолтыг хууль бусаар өөрчлөн засварласан, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8 дахь заалтыг зөрчин Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргатай зөвшилцөхгүйгээр томилогдсон” гэх тухайд

            Г.******* нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/57 дугаар захирамжаар  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, мөн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/33 дугаар захирамжаар аймгийн  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар тус тус томилогдсон байна.

            Аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс нотлох баримтаар ирүүлсэн Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагын ерөнхий шаардлага болох мэргэжил гэсэнд” эрх зүйч” гэж тодорхойлж захиалагч байгууллага захиалга өгчээ.

              Шүүхээс Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар болон Аймгийн Засаг даргаас нотлох баримтаар авсан ажлын байрны тодорхойлолтоор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад тавигдах шаардлага нь “газар зохион байгуулагч инженер, барилгын инженер” мэргэжилтэй байхаар тодорхойлсноос үзэхэд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нь “газар зохион байгуулагч инженер, барилгын инженер” мэргэжилтэй байхыг шаардсан байхад өөр мэргэжилтэй хүнийг томилсон нь хууль бус байна.

 

              Хариуцагчийн “Г.******* нь тухайн салбарт ажиллаж байгаагүй, газрын даргаар томилохдоо Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргатай зөвшилцөлгүйгээр томилогдсон” гэсэн тайлбар нь Г.*******ын Төрийн албан хаагчийн анкет, Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2/1659 дугаар албан бичгээр тогтоогдож бөгөөд   Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны даргыг газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас...”,  20 дугаар зүйлийн 20.2.8-д “аймаг, нийслэлийн газрын албаны даргыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга... томилох, чөлөөлөх” гэж заасныг зөрчсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

              3. “Ажлын байрны зорилго, зорилтыг хангалтгүй биелүүлсэн, Аймгийн Засаг даргад хариуцсан ажлаараа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэдээллээр хангаж чадаагүйн улмаас хууль бус шийдвэрүүд гарснаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын газар эзэмших, өмчлөх эрх нь зөрчигдсөн” гэх тухайд

           Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны зорилго хэсэгт “газар ашиглалтын төлөвлөлт, зохион байгуулалт, барилга хот байгуулалт, төрийн нууцын хадгалалт хамгаалалт...хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн удирдлага, зөвлөгөөгөөр хангах” гэж,  мөн 1 дүгээр үндсэн зорилтод “хариуцсан асуудлаараа Засаг даргад мэргэжлийн зөвлөгөө өгч, мэдээллээр хангах”, Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1-д “Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нь  тухайн шатны Засаг даргын  шийдвэрийн төслийг дараах төрлүүдээр боловсруулна” гэж тус тус тусгагджээ.

            Нэхэмжлэгчийг дээрх үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас 2016 онд  Аймгийн Засаг даргын гаргасан газар эзэмших, өмчлөх, ашиглах, хугацаа сунгахтай холбоотой  захирамжууд олноор гарч тухайн захирамжууд нь шүүхийн шийдвэрүүдээр хүчингүй болсон гэх хариуцагчийн тайлбар нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлэсэн байдлын судалгаа,хариуцагчийн  тайлбараар нотлогдож байна.

            Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн “Нэхэмжлэгчийг Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын архивт хадгалагдаж байсан  нэгж талбарын хувийн хэргийг удаа дараа авч Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Энхбатад өгсөн нь байгууллагын нууцын тухай хуулийг зөрчсөн, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 173 дугаар тогтоолыг зөрчин гарсан аймгийн Засаг даргын 2016 оны А/175, А/237, А/246 дугаар захирамжуудаар нийтдээ 103 иргэнд 7,3 га газрыг шинээр эзэмшүүлж, өмчлүүлэхдээ иргэдийн өргөдөл хүсэлтийг авалгүйгээр Газрын албаны мэргэжилтнүүдэд дарамт, шахалт үзүүлэн гэрчилгээний үнийг урьдчилан төлүүлэлгүй бичилт хийн тухайн өдрөө газар эзэмшүүлэх гэрээг бичүүлж,  бусад холбогдох материалыг нь дараа бүрдүүлэн хувийн хэргийн бүрдүүлэлтийг хийсэн” гэх тайлбарын тухайд

            Нэхэмжлэгч Г.******* нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 1, 4 дүгээр сард удаа дараагаар 132 иргэн, хуулийн этгээдийн нэгж талбарын хувийн хэргийг байгууллагын архиваас бөөнөөр гаргуулан аймгийн Засаг дарга болон хууль зүйн хэлтсийн даргад хүргүүлж, 1 сар гаруй хугацааны дараа  очиж хувийн хэргийг буцаан авчруулж архивт хийсэн болох нь архив бичиг хэргийн эрхлэгч Ө.Мягмарсүрэнгийн тайлбар болон хувийн хэргийн жагсаалтуудаар нотлогдож байна. Энэ үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 13.1.7-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа...төр байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах”, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.3-д “төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хариуцдаг, тэдгээр нууцтай албан үүргийн дагуу танилцсан албан тушаалтан уг нууцыг задруулах өөр зорилгоор ашиглахыг хориглох бөгөөд ажилтан бүх нууц хадгалалт хамгаалалтыг хууль тогтоомжинд зааснаар сахиж ажиллах” гэж заасныг зөрчсөн байна.

           Мөн аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/175 дугаар захирамжаар 49 иргэн, хуулийн этгээдэд, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/237 дугаар захирамжаар 80 иргэн, хуулийн этгээдэд,  2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/246 дугаар захирамжаар 102 иргэнд тус тус газрыг эзэмшүүлж өмчлүүлэхээр шийдвэрлэжээ. Дээрх захирамжуудыг гарсан өдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 25-ний өдөр 47 иргэн газар хүсэх тухай өргөдлөө, 07 дугаар сарын 05-ний өдөр 64 иргэн өргөдлөө аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргасан, дээрх шийдвэрүүдийг үндэслэн гэрчилгээний үнийг зарим нь төлөөгүй,  хувийн хэрэгт бүрдүүлэх материалууд нь дутуу байхад гэрээ, гэрчилгээг бөөнөөр нь бичиж олгосон болох нь өргөдөл хүсэлтийг бүртгэх бүртгэлийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.Чулуунцэцэг, Б.Баярмаа, Д.Ууганбаяр, Ө.Мягмарсүрэн нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад...”, Газрын харилцаа, геодези зураг зүйн даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”ын 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-д заасантай нийцээгүй байна.

 

          4.”Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийг зөрчин үндэслэлгүйгээр ажлаас халсан” гэх тухайд

          Нэхэмжлэгч Г.******* Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар кадастрын мэргэжилтэн Д.Ганбаяр,  мөн 2016 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар газар зохион байгуулагч, инженер А.Нармандах нарыг үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлж халсан бөгөөд  Д.Ганбаяр, А.Нармандах нар шүүхийн шийдвэрээр албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон, ажилгүй байсан хугацааны цалин 5,8 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байна.

 

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Г.*******тай уулзаж ажил үүргийнх нь болон дээрх зөрчлүүдийн талаар урьдчилан  хэлэлцэж ярилцаж байсан нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн сонсох ажиллагааны талаарх тэмдэглэл, мөн гэрч С.Баясгалангийн  “Газрын албаны дарга нь ажилдаа ирдэггүй, архи уудаг гэсэн гомдол иргэдээс удаа дараа  ирдэг байсан ба энэ талаар тодруулахаар Г.******* даргыг удаа дараа дуудахад нэг бол утсаа авдаггүй, эмнэлэгт хэвтэж байна, амралтанд амарч байна гэж шалтаглан ирээгүй, 2016 оны 8 дугаар сарын 06-нд ажил дээр нь очиж уулзахад ажил дээрээ халамцуу байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ө.Мягмарсүрэнгийн “С.Баясгалан дарга манай албаны даргатай уулзах гэж 2- 3 удаа ирсэн, мөн 8 дугаар сарын 5-6-ны үеэр Г.******* даргад ажлаа өгөөрэй гэж хэлээд явсан” гэсэн мэдүүлэг ,  2016 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хурлын тэмдэглэл зэргээс үзэхэд хариуцагчаас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-н дагуу ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

           Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд нэхэмжлэгч Г.*******ыг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 13.1.7-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа ...төр байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах” гэж заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг биелүүлээгүй гэж үзэн  Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан Аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн Б/78 дугаар захирамж хуульд нийцсэн байна.

            Иймд нэхэмжлэгч Г.*******ын Дархан-Уул аймгийн Засаг даргын  2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/78 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.                                               

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1.Төрийн албаны тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******ын  Дархан-Уул аймгийн Засаг даргын  2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/78 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                                                                                                                           

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.

 

     4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.НАРАНТУЯА