Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 022

 

         З.Мөнхбазарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 179/2016/0170/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч З.Хосбаяр, шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:                                                                 

Прокурор: Ц.Мөнхжаргал,

Ялтан: З.Мөнхбазар,

Ялтны өмгөөлөгч: В.Энхболд,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунбилэг нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолтой ялтан З.Мөнхбазарт холбогдох 201622000317 дугаартай эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгч О.Алтанчулуу, В.Энхболд нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 26-нд төрсөн, 37 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Байчууд овогт Загдраднаагийн Мөнхбазар /регистрийн дугаар РЯ80122611/.

З.Мөнхбазар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын төвд хадам ах Л.Энхбаатарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Байчууд овогт Загдраднаагийн Мөнхбазарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар З.Мөнхбазарыг 5 /тав /жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар З.Мөнхбазарт оногдуулсан 5 /тав/ жил10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн 201622000317 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч  З.Мөнхбазарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч  шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч О.Алтанчулуу давж заалдах гомдолоо: …З.Мөнхбазар нь давж заалдах шатны шүүхийн шатанд Л.Энхбаатарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч В.Энхболд давж заалдах гомдолдоо: “… Хэрэгт мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахдаа нэг талыг барьсан гэж үзэж байна. Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1  /гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/, 80.1.4-д заасан шүүгдэгчид хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцлүүд, 80.1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад нотолбол зохих асуудлуудыг хангалттай нотлолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Жишээ нь “… Нэг мэдсэн чинь би Мөнхбазарын гэрийн үүдэн дээр цус нөжтэйгөө хутгалдчихсан байсан. Мөнхбазар “Та манай довжоо руу уначихсан ш дээ” гээд миний хажууд зогсож байсан. … Толгой маш их өвдөж байсан. Энэ өдөр бол  2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр болсон асуудал юм. … Толгой өвдөөд хаана юу болж байгааг ч ойлгож мэдэж чадах юмгүй байгаад байна. Тэгээд л нэг мэдсэн чинь Мөрөнд төрлийнхөө айлд ирчихсэн, миний тархи задарчих гээд өвдөж байсан” гэсэн хохирогчийн мэдүүлэг /хх-24-25/, ...Гэрч Д.Хадбаатарын: “2016 оны яг хэдэн сарын хэдний өдрийг санахгүй байна. Манай нутгийн Шаравдорж над дээр ирээд Энхбаатарын биеийг үзээд өгөөч гэсэн. Энхбаатарын биеийг үзэхэд толгой өвдөнө, хүзүү хөшинө гэсэн зовиуртай байсан…” гэсэн мэдүүлэг. ...Гэрч Ч.Тунгалагийн мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогч Л.Энхбаатар нь 2016 оны 5 дугаар сарын 6-нд бус мөн сарын 4-нд гэмтсэн байхыг үгүйсгэхгүй нөхцөл байдал байх ба энэ талаар хохирогч эх сурвалжаа тодорхой заалгүй эргэлзээтэй мэдүүлсэн. Л.Энхбаатар нь зодуулсан эсхүл унасан нь тодорхойгүй, мөн гэмт хэргийн улмаас Л.Энхбаатарт ямар хэмжээний эд хөрөнгийн /мөнгөөр үнэлэгдэх/ хохирол учирсан, уг хохирол төлөгдсөн эсэх нь эргэлзээтэй байхад шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Хохирогч Л.Энхбаатар нь “эмчилгээний зардал болон бусад зардлаа шүүгдэгчээс нэхэмжилнэ, шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хохирол төлбөл гомдолгүй” гэх боловч энэ талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул” ...гэж хийсвэр дүгнэлт хийж хохирогчийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь “… хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч , прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх, нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй”  /ЭБШХ-ийн 16-р зүйлийн 16.1/ мөн нотлох баримтыг шалгах, үнэлэх талаарх ЭБШХуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2, 95 дугаар зүйлийн 95.1, 95.2 дахь хэсэгт заасан заалтуудыг хэрэгжүүлээгүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд хэргийг хянан үзэж бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотлоогүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хэрэгт мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахдаа нэг талыг барьсан” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр аймгийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэрэгт авагдсан материалуудыг үндэслэн хэргийг хянахад хохирогч Л.Энхбаатар  2016 оны 05 дугаар сарын 04, 06-ны өдөр бусдад зодуулсан талаар хохирогч, гэрчүүд мэдүүлсэн байхад  “З.Мөнхбазар нь  2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ...Л.Энхбаатарыг зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлджээ.” гэсэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь  ойлгомжгүй байна. Иймд  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн”, 80.1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 80.1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр”, 80.1.5-д заасан ”гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ”-г нотолсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Мөн хохирогч Л.Энхбаатарын бие махбодид  шинжилгээ хийж, гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл хохирогчийн биед хэд, хэдэн гэмтэл учирсан талаар дүгнэлтэд тусгасан байх ба эдгээр гэмтлүүд  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын аль заалтад хамаарах, ямар гэмтлүүд болох нь тодорхойгүй байх тул шинжээчийн дүгнэлтийг тодорхой болгох шаардлагатай. Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь хохирогчид учруулсан гэмтлийн зэргээс шалтгаалан зүйлчлэгддэг учир тодорхойгүй дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжгүй байна.

Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгээгүй буюу “мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахад нэг талыг барьсан” гэж үзэх үндэслэл болж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.2.1, 325 дугаар  зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

1. З.Мөнхбазарын  өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг аймгийн прокурорын газарт очтол З.Мөнхбазарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                                       З.ХОСБАЯР

                                                                        Б.СОСОРБАРАМ