| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2404001400050 |
| Дугаар | 2025/ДШМ/938 |
| Огноо | 2025-08-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/938
2025 08 07 2025/ДШМ/938
Ө.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Баттуяа,
шүүгдэгч Ө.Г-, түүний өмгөөлөгч Д.Цолмон,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Г-, түүний өмгөөлөгч Д.Цолмон нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ө.Г-т холбогдох эрүүгийн 2404001400050 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г-,
Шүүгдэгч Ө.Г- нь согтуурсан үедээ Багануур дүүргийн 2 дугаар хороо, Галуут хэсэгт 2024 оны 5 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед хохирогч Б.М-гийн эзэмшлийн “Iphone 14 рго” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Багануур дүүргийн прокурорын газраас: Ө.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г-ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-т оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр байнга оршин суух хаягаа өөрчлөх, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ө.Г-т тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Г-оос гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 3.100.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.М-д олгож, Ө.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ө.Г-ийн өмгөөлөгч Д.Цолмон давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхэд “Ө.Г- нь хохирогч Б.М-гийн гар утсыг хулгайлаагүй болох талаар, нотлох баримтаар хэргийг хөдөлбөргүй нотолж чадаагүй, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөхөөр байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах хүсэлтийг” гаргасан боловч хүлээж аваагүй. Мөн хэрэг асуудлын талаар хөдөлбөргүй нотлох, гэрчүүдийн мэдүүлэг үйл баримтын зөрүүтэй байдлыг арилгах зорилгоор шүүх хуралдаанд нэр бүхий гэрч нарыг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх мөн л хүлээж аваагүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирогч Б.М-гийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Д-ын мэдүүлэг нь хэргийн үйл баримт, болсон цаг хугацаа, газар, гэм буруутай этгээдийн үйлдлийг хангалттай нотолсон, бусад гэрч нарын мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй” хэмээн дүгнэж өмгөөлөгчийн дүгнэлтийг үгүйсгэж байгаагаа тодорхойлсон.
Насанд хүрээгүй гэрч А.Д- гар утсыг газраас олсон хэмээн ярьж байсан гэдэг нь насанд хүрээгүй гэрч Г.У-ын “...найз нь Багануур дүүргийн 2 дугаар хороо зам дээр явж байгаад замын хашлага хэсэг дээрээс гар утас олсон юм гээд ... Д- нь эхэндээ надад өөрөө олсон гэж хэлж байсан боловч сүүлд нь М- ахтай уулзсаны дараа Г- гэх хүнээс авсан гэж хэлсэн” (хавтаст хэргийн 20-21 дугаар тал), насанд хүрээгүй гэрч А.О-ын "...ах Д- гар утсыг олсон гэж хэлж байсан” (хавтаст хэргийн 97-98 дугаар тал) гэх мэдүүлгүүдээр нотлогдоно. Гэтэл гар утсыг нь зарах гэж байсан нь хохирогчид баригдаж илрэх үед эхлээд утсыг олж өгнө хэмээн хогийн сав ухаж байгаад олдохгүй болохоор нь хэсэг хугацааны дараа “Г- ах надад өгсөн” гэж өөрийгөө хамгаалан хохирогчтой хамт архи ууж явснаар нь шүүгдэгч Г- руу бурууг тохсон байдаг. Энэ талаар Д- нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн. Мөн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гэрчээр 2 дахь удаагаа өгсөн мэдүүлэгтээ (хавтаст хэргийн 23-24 дугаар тал) гар утас засварын газар ороод “ID кодыг мартсан” хэмээн худал талаараа дурдсан. Бас энэ мэдүүлэгтээ Г-ийг гар утас өөрт нь өгсөн гэх үедээ улаан өнгийн цамцтай байсан гэж мэдүүлсэн нь бусад гэрч нарын мэдүүлгээр няцаагддаг. Гэрч нар шүүгдэгч Г-ийг тухайн үед бараан ногоон өнгийн хүрэм цамцтай байсан гэж мэдүүлдэг. Д- нь Г- гар утсыг А- дэлгүүрийн орчим надад өгсөн гэдэг ч тухайн дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийхэд энэ нь нотлогдоогүй. Г- ах зараад тал мөнгийг нь ахдаа өгчих, би өөрөө чамайг олж уулзаад авна гэж хэлсэн гэх агуулгатай мэдүүлгийг дээр дурдсан мэдүүлгүүддээ хэлсэн атлаа гар утсыг засварын газар худалдаж авахгүй гэхээр нь Г-т буцааж өгөхийн оронд хогийн саванд шууд хаячихаад явсан байдаг. Иймд “насанд хүрээгүй гэрч А.Д-ын мэдүүлэг нь хэргийн үйл баримт, болсон цаг хугацаа, газар, гэм буруутай этгээдийн үйлдлийг хангалттай нотолсон, бусад гэрч нарын мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй” гэх шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хохирогч Б.М-гийн мэдүүлгийн тухайд: 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн мэдүүлэгтээ Багануур дүүргийн төв орохдоо гар утсаа алга болсон мэтээр ярьдаг (хавтаст хэргийн 62 дугаар тал). Гэрч нарын мэдүүлгээр дүүргийн төв орохоос өмнө гар утсаа олохгүй Г-аас утасдаж асууж байсан талаар мэдүүлдэг, (хавтаст хэргийн 65 дугаар тал) гэрч Г-ын мэдүүлэг, хавтаст хэргийн 214 дугаар тал гэрч Г.А-ийн мэдүүлэг) 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлэгтээ Багануур дүүргийн төвөөс ирээд шууд У-ийнд очиж амарсан мэтээр ярьдаг (хавтаст хэргийн 17 дугаар тал). Гэрч Ц-ийн мэдүүлгээр дүүргийн төвөөс ирээд тэдний гэрт орж архи уусан байдаг. Мөн гэрч Ш-, Ц- нар хохирогчийг архи уух чадваргүй болтлоо согтсон байсан талаар мэдүүлсэн. Хохирогч нь гар утас алдагдах үеэр их хэмжээний согтолттой байсан, явсан маршрут, хийсэн үйлдлээ санах чадваргүй байсан болох нь илэрхий байна. Багануур дүүргийн 2 дугаар хороонд /дүүргийн төвөөс алслагдмал хороо/ архи ууж гар утсаа олохоо больсон гэх цаг хугацаанаас хойш, өөрийн гар утсыг насанд хүрээгүй гэрч Д- нь гар утас засварын газар худалдахаар завдсан болохыг мэдсэний дараа Д-тай уулзаад гар утсыг хэзээ, хаанаас олсон талаар мэдээлэл авсныхаа дараа цагдаад өргөдөл гаргахдаа Д-ын үгээр гар утсаа алга болгосон цаг хугацаагаа өргөдөлдөө бичсэн байдаг.
Хохирогч нь архи уусан өдрийнхөө маргааш нь түр зорчиж байсан тээврийн хэрэгслийн жолооч Г-аас гар утсаа байн, байн утсаар асуугаад байсан талаар гэрч Г- мэдүүлдэг. (хавтаст хэргийн 65 дугаар тал). Хохирогчийн мэдүүлэг бусад гэрч нарын мэдүүлгээс зөрүүтэй хохирогч нь өөрийгөө хянах, болсон асуудлыг санах чадваргүй байсан нь илэрхий байхад шүүх хохирогчийн мэдүүлгээр хэрэг нотлогдсон гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн хохирогч нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн мэдүүлэгтээ гар утсаа халаасандаа хийгээд товчилж чадаагүй гэж мэдүүлсэн. Тэрээр гар утсаа халааснаасаа унаган гээгдүүлсэн байх магадлалтай. Гэрч Ц- (хавтаст хэргийн 67, 203 дугаар тал) мэдүүлэхдээ Заяагийн дугаараас Заяагийн нөхөр У- над руу залгасан байсан, тэгээд манайд У-, М- нар орж ирээд У- нь намайг яагаад утсаа авахгүй байгаа юм бэ, олон удаа залгасан гэсэн ... тэр хоёр манайд орой 23 цагийн орчим орж ирээд 20 минут хэртэй болоод гараад явсан ... би утсаа харахад М-, У- хоёр аль аль нь миний утас руу залгасан байсан ... орой 23 цаг 20 минутын үед М- нь утастай явсан гэж бодож байна” гэсэн.
Дээр дурдсан нотлох баримтуудаас дүгнэн үзвэл насанд хүрээгүй гэрч А.Д- нь хохирогчийн гар утсыг замын хашлага орчмоос олоод зарах гэж оролдсон боловч бүтээгүй тул шууд хогийн саванд хаясан. Өөрийнх нь ярьснаар Г- зараарай, эргэж уулзаад мөнгөө авна гэж хэлсэн бол хүний өгсөн гар утсыг шууд хогийн саванд хаях логик шалтгаан байхгүй. Д- нь гар утсыг зарах гэж “ID кодыг нь мартсан” хэмээн худал хэлсэн. Г- өгсөн бол түүнээс кодыг нь асууж болох байсан, худал хэлэх шаардлага байхгүй байсан. Г- А- дэлгүүр орчимд түүнд гар утсаа өгсөн гэдэг боловч камерын бичлэгээр энэ нь нотлогдоогүй. Тэрээр гар утсыг олоод зарж чадаагүй учир хаячихсан. Дараа нь хохирогч ирээд утсаа нэхэхээр нь хогийн саванд үзээд байхгүй болохоор нь сая Г-оос авсан хэмээн хохирогчид худал хэлж хариуцлагаас зайлсхийсэн. Шүүгдэгч Г- нь тухайн үед нэлээд согтсон байсан учир тэр орой болсон асуудлын талаар бараг санахгүй байгаа талаараа мэдүүлдэг ч бусдын утсыг хулгайлах сэдэл хэзээ ч төрөхгүй, хулгайлаагүй талаар мэдүүлдэг. Энэ талаарх түүний хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар болон хэрэг зөрчлийн талаарх лавлагаа, хувийн байдлын талаар гэрч нарын мэдүүлэг, нийгмийн даатгалын лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдоно. Энэ хэрэг анх шалгагдаж эхэлж байх үед нь өмгөөлөгч би Г-ийн гэм буруугүй болохыг тогтоолгохын тулд хохирогч М-, гэрч Ц-, У- нарын гар утасны дуудлагын түүхийг гаргуулах, явсан маршрутыг нарийвчлан тогтоолгох зэрэг хүсэлтийг гаргаж байсан. Мөрдөгч хүсэлтийг бүрэн хангахаар шийдвэрлэсэн ч ажиллагааг хийгээгүй. Зөвхөн хохирогчийн утсыг хаана, ямар дугаар дээр ашиглаж байгааг л гаргуулах албан бичиг зохих газруудад илгээсэн байдаг. Мөн Д-ын мэдүүлгийг үндэслэлтэй эсэхийг шалгаж, 2 дугаар хороонд хэзээ очсон талаар тодруулах ажиллагааг хийгээгүй. Ингээд цагдаагаас дуудахгүй. ажиллагаа явуулахгүй байж байснаа хагас жилийн дараа хэргийг шалгаж, жилийн дараа шүүхээр шийдвэрлэж байгаа нь асуудлыг бүрхэгдүүлэх нэг үндэслэл болсон. Шүүх хуралдаанд гэрч нарыг оролцуулах талаар гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй. Шүүгдэгч Г- нь хохирогчийн гар утсыг хулгайлаагүй бөгөөд энэ хэргийг нотлох баримт эргэлзээтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно уу. ...” гэв.
Шүүгдэгч Ө.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би энэ хүний утсыг үнэхээр аваагүй. Тухайн үед анхны мэдүүлгийг надаас авснаас хойш 6 сар сураг чимээгүй байсан. Би өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй учраас юу болоод байгааг сайн мэдэхгүй байсан. Ямар нэгэн зүйл огт болоогүй байсан учраас үнэн зөв нь олдож, шийдэгдсэн байх гэж бодож байтал гэнэт цагдаагаас дуудсан. Ажил дээр байна гэж хэлэхэд одоо чөлөө аваад ир гэсэн. Би ажлаа дуусгаад Цагдаагийн байгууллагад ирж уулзахад намайг яллагдагч болгосон байсан. Жилийн дараа хийгээгүй хэргийнхээ төлөө яллагдагчаар татагдаж байна. Тэр үед замын камерыг шүүсэн бол бид нарын явсан маршрут тодорхой харагдах байсан. Тухайн хэрэг болсон гэх газар төвөөсөө 14 километрийн зайтай. Бид тэндээсээ төв рүү явах зам хооронд олон камер бий. Зам зуур бид дэлгүүр орж нэг шил архи авсан. Тухайн дэлгүүрийн камерыг шалгаад хэдэн цагт орсон, хэдэн төгрөгийн тооцоо гарсан зэрэг үйл баримтыг тогтоосон байсан бол өөр шийдвэр гарах ёстой байсан, гомдолтой байна. ...” гэв.
Прокурор Б.Баттуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Ө.Г-т холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Ө.Г-, түүний өмгөөлөгч Д.Цолмон нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ө.Г- нь согтуурсан үедээ, 2024 оны 5 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.М-гийн эзэмшлийн “Iphone 14 рго” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Б.М-гийн “...мөнгө яах вэ гэхэд миний утас унтарчихсан байж таараад Г-ийн утсанд сим картаа сольж хийгээд пин код нь болохгүй байхаар нь өөр өөрсдийн сим картыг авч утас утсандаа хийсэн, би утсаа өмднийхөө баруун талын халаасанд хийсэн, явж байхад Г- эгчийнхээ гэрээр орно гээд бууж үлдээд бид нар урд талын гудамж руу очиж айлд орох гэж байгаад болиод буцаж Г-ийн буусан гудамж руу явж байхад өөдөөс алхаад ирж байсан. Тэгээд Ө.Г-ийг авч буцаж нөгөө айлынхаа гадаа ирж Ө.Г-, У- бид гурав буугаад, Ц.Г- ах машинтайгаа явсан. Би машинаас буусныхаа дараа гар утас байхгүй болохоор нь Ө.Г-оос асуухад “би чиний утсыг аваагүй, надад мэдэх зүйл байхгүй” гээд байсан. ...2024 оны 06 дугаар сарын 04-ний өглөө Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах Хэрлэн худалдааны төвийн гар утас засвар худалдаагаар орж “...“I phone 14 рго” загварын гар утасны код гаргуулах ямар нэг хүн ирээгүй юу” гэхэд “2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 2 хүүхэд ирж код тайлуулах гээд явж байсан” гэж хэлэхээр нь засварчинтай хяналтын камерын бичлэгийг нь шүүж үзэхэд миний зүс таних Д-, Ууганбаяр гэх хоёр хүүхэд явж байсан дүрс бичигдсэн байхаар нь хүнээс асууж байгаад утасны дугааруудыг нь олж яриад уулзсан. Тухайн үед Д- надад “2024 оны 05 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед Багануур дүүргийн 2 дугаар хороонд байхад Г- ах надад өгсөн, кодыг нь тайлуулаад зарах юм бол тал мөнгийг нь ахдаа өгөөрэй, болохгүй бол сэлбэгт өгөөд тал мөнгийг нь ахдаа өгөөрэй” гэж хэлсэн гэх яриа өгүүлэлтэй байсан. Миний гар утас “I phone 14 рго” загварын, чернилэн ягаан өнгөтэй, гар утасны ард талын хоёр камерын хамгаалалт нь цуурсан, урд шилэн наалт нь цуурсан, гадна талаараа хар өнгийн хавтасгүй гэртэй утас байсан. ...Ө.Г-ийн утсыг асаагаад сим картын пин кодыг буруу хийж миний сим картыг блоклочихсон. ...би тухайн үед өөрийн өмсөж явсан уурхайн нормын өмдний баруун талын халаасанд хийгээд товчлох гэсэн товч нь тасраад унасан байсан болохоор товчилж чадаагүй, миний баруун талд Ө.Г- нь сууж явсан. ...” /1хх 14-15, 62-63/,
насанд хүрээгүй гэрч Г.У-ын “...би Д-д “утас засвар ажиллаж байна” гэж хэлээд гэртээ оччихоод буцаад эгчийн хамт “Хэрлэн” худалдааны төв дээр ирж, Д-тай уулзахад “найз нь Багануур дүүргийн 2 дугаар хорооны зам дээр явж байгаад замын хашлага хэсэг дээрээс гар утас олсон” гээд “I phone” загварын үзмэн ягаан өнгийн гар утас барьчихсан явж байсан. Д- “би сая утас засварчин луу ороод кодыг нь тайлуулах гэсэн чинь “I phone 10” загварын гар утаснаас хойших загварын гар утсыг тайлах боломжгүй гээд байна, чи ороод сэлбэгт өгчих, гуйж байна” гээд байсан... “Хэрлэн” худалдааны төвөөс гараад явж байхад Д- “наад гар утсаа хогийн саванд хаячих” гэхээр нь үйлчилгээний төвийн голд 2 давхар руу өгсөх явган хүний шатны хажууд байсан хогийн саванд хаячихсан. 2-3 хоногийн дараа М- гэх зүс таних ах Д-тай уулзчихсан ирээд гар утсаа хайсан. Тухайн гар утасны ар талын камер нь хагарсан, шилэн наалтгүй, хар бор өнгийн утасны гэртэй байсан. М- ахтай уулзсаны дараа Г- гэх хүнээс авсан гэж хэлсэн байсан. ...” /1хх 20-21/,
насанд хүрээгүй гэрч А.Д-ын “...би 2024 оны 05 дугаар сарын 31-ний орой ...Багануур дүүргийн 2 дугаар хорооны уулзвар дээр зам дагуу буугаад дээшээ гэр лүүгээ явж байх замд араас нэг ах дуудсан. Яваад очиход зүс таних Г- /өмнө нь манай ахтай 2-3 удаа архи ууж байсан/ гэх хүн байсан. Нэг утас гаргаж ирээд “ахын дүү энэ утсыг аваад явчих” гэхээр нь “ахаа би юу гэж таныг утсыг авдаг юм бэ, эвдэрчихсэн юм биш үү, та согтуу байна шүү дээ” гэхэд “ах нь гайгүй байна аа, 2-3 шил архи уусан, энэ утас эвдрээгүй, цэнэг нь дуусчихсан байгаа юм аа” гээд байсан. Г- ахын өгсөн утсыг асаах гээд товчлуур дээр дарахад асахгүй байхаар нь “энэ утас асахгүй байна шүү дээ” гэхэд “ах нь сая кодыг олон хийгээд блоклочихсон юм аа, болж байвал чи кодыг гаргаад өгчих, бүр болохгүй бол сэлбэгт өгөөд тал мөнгийг нь ахдаа өгчих” гэж хэлэхээр нь би утсыг аваад гэр лүүгээ явсан. ...Маргааш өглөө нь найз Г.У- руу залгаад “утас засвар онгорхой байна уу, хараад өгөөч” гэж хэлээд “гар утас засварын газар нээлттэй байна” гэхээр нь “Хэрлэн” худалдааны төвийн гар утас засварчин руу орж тухайн гар утасны кодыг тайлах уу гэж асуухад засварчин “кодыг тайлах боломжгүй” гэсэн. Гарч ирэхэд Г.У- хүрээд ирсэн. У-ын хамт засварын газар луу ороод “ядаж сэлбэгт авах уу” гэж асуухад эхлээд “300,000 төгрөгөөр авна” гэж байснаа “олсон гар утас” гэж хэлсэн чинь авахгүй гэсэн. Гарч ирээд хэрэггүй юм чинь гэж бодоод хогийн саванд хаячихсан. Хэд хоногийн дараа хөл бөмбөгийн талбай дээр бөхийн бэлтгэл хийж байхад Мийгаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ ах хүрч ирээд гар утсан дээрээ бичлэг үзүүлээд “энэ та 2 мөн үү” гэсэн. ... Мийгаа ахад би болсон асуудлын талаар хэлж өгсөн. Ө.Г- ах анх уулзаад “миний өөрийн гар утас байгаа юм, ах нь согтуудаа блоклочихлоо” гэж хэлсэн. Надад ягаан өнгийн кейстэй, “I phone” загварын 3 камертай утас өгсөн. Тухайн гар утасны дэлгэцийн шилэн наалт нь гол хэсэгтээ жоохон цуурсан, камерын хамгаалалтын шилэн наалт нь жоохон хагарсан, гар утас нь унтарсан асахгүй байсан. ...тухайн үед найздаа хүнээс авсан гэж хэлээгүй олсон гээд хэлсэн. ... Цагдаагаас мэдүүлэг авах үед ээждээ “Ө.Г- ах нэг утас өгөөд “наад утасныхаа кодыг тайлуулчих, эсвэл сэлбэгт өгөөд тал мөнгийг нь ахдаа өгөөрэй” гэж хэлсэн” гэж болсон явдлыг үнэнээр нь хэлсэн. ...” /1хх 23-24, 73-74, 93-94/,
гэрч Ц.Г-ын “...М-, Г- хоёр надтай явахаар болоод машинд суусан. М-, Г- хоёр гар утсаа гаргаж ирчихсэн архи хэн нь авахаа ярилцаад, нэгнийх нь утас цэнэггүй болчихсон, нэг нь нэгнийхээ утсанд сим картаа сольж хийгээд байсан. ... би тухайн хүмүүсийг суулгаад Ц-гийн хашааны гадаа буулгасан. ...Багануур дүүргийн төв орохоор 2 дугаар хорооны ойролцоо явж байхад араас М- залгаад “таны машинд утсаа хаясан юм шиг байна” гэхээр нь би машиндаа гар утсыг нь үзэхэд байхгүй байсан. ...” /1хх 65/,
гэрч Д.Ц-гийн “...тэр үед М-д мөнгө байгаа гээд М-гийн утас нь цэнэггүй, утаснаасаа сим картаа гаргаад нэгэнд нь өгөөд симээ хийлгээд байсан. Хэний утсанд сим картаа хийсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд нэг нь М-д “сим карт блоклогдчихсон байна” гэж байсан. Г- бид хоёр Г-ын машинд үлдсэн. Тэр үед У-, М- хоёр хөдлөөд яваад өгсөн. ...” /1хх 67/,
гэрч Л.М-ийн “...2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 11-12 цагийн хооронд 18-20 насны эрэгтэй хүүхэд орж ирээд гар утасны код гарах уу гэж асуусан. ...20-30 минутын дараа өөр нэг эрэгтэй хүүхэд орж ирээд “код гаргах уу” гэж асуугаад сүүлдээ “сэлбэгт авах уу” гэж асууж байсан. Тухайн гар утас нь “I phone 14 рго” загварын чернилэн ягаан өнгийн утас байсан. ...” /1хх 67/,
гэрч Д.С-ын “...Ө.Г- сим картаа сольж хийгээд Б.М-гийн утсыг аваад мөнгө шилжүүлсэн гэж хэлж байсан. Тэгээд Б.М- нь Ө.Г-т хандаж “утас гаргаж өг” гээд маргалдаад байсан. ...” /1хх 77-78/,
гэрч Б.У-гийн “...2024 оны 05 дугаар сарын 31-ний орой Б.М- орж ирээд “миний утас байхгүй байна” гээд надаас болон Ө.Г-оос асуусан. Надтай хамт явахдаа Ө.Г-, Б.М- нар нь “хоорондоо сим картаа сольж хийсэн” гэж М- хэлсэн. ...” /1хх 89-91/ гэсэн мэдүүлгүүд,
алдсан эд зүйлийн үнэлгээ /1хх 33/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 127/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ө.Г-ийн хохирогч Б.М-гийн гар утсыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр тогтоон шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.
Шүүгдэгч Ө.Г-, түүний өмгөөлөгч Д.Цолмон нар “...хохирогчийн гар утсыг хулгайлаагүй, хэрэгт цуглуулсан нотлох баримт эргэлзээтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Г-т холбогдох хэргийг хэргийг болгож өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
1. Шүүгдэгч Ө.Г-т холбогдох хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч болон хохирогч нар нь тухайн үед согтууруулах ундааны хэрэглэсэн, хамт машинд сууж явсан байх бөгөөд машинаас буусны дараа хохирогчийн өмдний халаасандаа хийсэн гар утас байхгүй болсныг мэдэж хамт явсан Ө.Г- болон хамт явсан бусад хүмүүс рүү утасдаж асуухад “мэдэхгүй, машинд орхиогүй” гэсэн тул тэрээр гар утас засварын газар очин камер шүүлгэн А.Д-той уулзсанаар 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гарган, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хохирогчоор тогтоогдон “...Д- “Г- ах надад өгсөн, кодыг нь тайлуулаад зарах юм бол тал мөнгийг нь ахдаа өгөөрэй, болохгүй бол сэлбэгт өгөөд тал мөнгийг нь ахдаа өгөөрэй” гэж хэлсэн гэх яриа өгүүлэлтэй байсан. ... Миний гар утас “I phone 14 рго” загварын, чернилэн ягаан өнгийн гар утас байгаа юм. Тухайн гар утасны ард талын хоёр камерын хамгаалалт нь цуурсан, урд шилэн наалт нь цуурсан, гадна талаараа хар өнгийн хавтасгүй гэртэй утас байсан. ... би тухайн үед өөрийн өмсөж явсан уурхайн нормын өмдний баруун талын халаасанд хийгээд товчлох гэсэн товч нь тасраад унасан байсан болохоор товчилж чадаагүй, миний баруун талд Ө.Г- сууж явсан” гэсэн мэдүүлэг нь насанд хүрээгүй гэрч Г.У-ын “...М- гэх зүс таних ах Д-тай уулзчихсан ирээд гар утсаа хайсан...гар утасны ар талын камер нь хагарсан, шилэн наалтгүй, хар бор өнгийн утасны гэртэй байсан. М- ахтай уулзсаны дараа “Г- гэх хүнээс авсан” гэж хэлсэн байсан. ...”, насанд хүрээгүй гэрч А.Д-ын “...Г- ахад “энэ утас асахгүй байна шүү дээ” гэхэд “ах нь сая кодыг олон хийгээд блоклочихсон юм аа, болж байвал чи кодыг гаргаад өгчих, бүр болохгүй бол сэлбэгт өгөөд тал мөнгийг нь ахдаа өгчих” гэж хэлэхээр нь би утсыг нь аваад гэр лүүгээ явсан. ... ягаан өнгийн кейстэй, “I phone” загварын 3 камертай, гар утасны дэлгэцийн шилэн наалт нь гол хэсэгтээ жоохон цуурсан, мөн камерын хамгаалалтын шилэн наалт нь жоохон хагарсан, гар утас нь унтарсан асахгүй байсан. ...Цагдаагаас мэдүүлэг авах үед ээждээ “Ө.Г- ах нэг утас өгөөд наад утасныхаа кодыг тайлуулчих, эсвэл сэлбэгт өгөөд тал мөнгийг нь ахдаа өгөөрэй гэж хэлсэн” гэж болсон явдлыг үнэнээр нь хэлсэн. ...”, гэрч Л.М-ийн “...20 орчим насны эрэгтэй хүүхэд орж ирээд гар утасны код гарах уу гэж асуусан. ...Тухайн гар утас нь “I phone 14 рго” загварын чернилэн ягаан өнгийн утас байсан. ...” гэсэн мэдүүлгүүд, “...Г.У-, А.Д- нар нь хоорондоо юм ярьж байх ба ... У- засварчинд хар өнгийн гар утас үзүүлж байгаа нь ...У- нь Хэрлэн худалдааны төвийн засвараас гарч яваад 03:10 эргэж орж ирж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байв. ...” гэсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр давхар нотлогджээ.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон шүүгдэгч Ө.Г-ийн Б.М-гийн гар утсыг хулгайлсан үйл баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчийн үйлдлийг “гэм буруугүй” гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Г-, түүний өмгөөлөгч Д.Цолмон нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Г-, түүний өмгөөлөгч Д.Цолмон нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН