Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/939

 

   

 

 

 

    2025            08             07                                       2025/ДШМ/939                     

 

Ц.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Батгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О-,

шүүгдэгч Ц.С-, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1487 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.С-, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.С-д холбогдох эрүүгийн 2408000001311 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С-,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ***** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж,  шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

 

Шүүгдэгч Ц.С- нь согтуурсан үедээ, 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн **** тоотод хамтран амьдрагч Ө.Б-той маргаж улмаар түүний цээжин тус газарт нь хутгалж хүнийг алах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт,

мөн согтуурсан үедээ, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ газрын эзэмшлийн “Golden dragon” загварын *****улсын дугаартай автобусны хаалганы шилийг чулуугаар шидэн  хагалж, 525.502 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: шүүгдэгч С-г хүнийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-т зааснаар 15 (арван таван) жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 15 /арван тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ц.С-гийн цагдан хоригдсон нийт 256 /хоёр зуун тавин зургаа/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-гаас 15.173.400 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О-д олгож, шүүгдэгч Ц.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Архидан согтуурсан үедээ нөхөр болох Б-тын амь насыг хохироож нөхөж боломгүй алдаа хийсэн нь үнэн. Уг үйлдлээ санамсаргүй маргаанаас болж үйлдсэн ч түргэн тусламж, 103, 102, гэр бүл, хадмын талын хүмүүс рүү залгаж, үйлдлээ илчлэн яаралтай тусламж авахыг хүссэн. Талийгаач бид хоёр дундаасаа бага насны хоёр хүүхэдтэй, ирээдүйд эх хүний хариуцлагаа хүлээж, хөгшин настай эхийгээ ачлах боломжийг надад өгч ялын доод хэмжээгээр оноож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.С-гийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.С-гийн хувьд гэр бүлийн харьцаа, хувиараа ажил эрхэлж байсан болон бага насны хоёр хүүхэдтэй зэрэг нөхцөл байдал нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дэлгэрэнгүй харагддаг бөгөөд үйлдсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж, гэм бурууд маргадаггүй. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөр, оршуулгын зан үйлийн зардлыг бүрэн төлсөн, мөн Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болох 15.173.400 төгрөгийг төлсөн зэргийг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж 12 жил болгож  өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хувьд маш их гомдолтой байна. Би шүүгдэгч болон түүний өмгөөлөгч яагаад давж заалдах гомдол гаргасныг ойлгохгүй байна. Миний хоёр ач охин одоог хүртэл аавыгаа асууж байгаа учраас зүрх, сэтгэл минь өвдөж байна. Би энэ гомдлоо үлдсэн насаараа тайлж чадахгүй байх. Мөн би хоёр ач охиноо бага нь төрөөд 7 хоног, том нь 3 настай байхаас нь эхэлж 4 жилийн хугацаанд тасралтгүй харж байна. Миний том ач надаас өдөр бүр “аав яагаад ирэхгүй байгаа юм бэ, яагаад ийм удаан ирэхгүй байгаа юм бэ” гэж асуухад нь би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Хүмүүс хоорондоо хэл, амаараа ойлголцож болох байтал заавал нэгнээ алах шаардлага байсан юм уу. Мөн шүүгдэгч давж заалдах гомдолдоо хоёр нялх хүүхэдтэй гэж дурдсан байсан. Гэтэл 4 жилийн хугацаанд нэг ч удаа хүүхдүүд дээрээ ирж байгаагүй, миний ах, дүү, хамаатны хүмүүс өсгөж өдий зэрэгт хүргэсэн. Иймд давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.  

 

Прокурор С.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д тус тус заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэрэгт 12- 20 жил хүртэлх хугацаагаар хорих эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг хорин жил хүртэл хугацаагаар тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй” гэж тодорхой заасан учраас түүний гомдлыг хүлээж авч, хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гомдлыг хүлээн авах боломжгүй талаар болон шүүгдэгчийг хоёр хүүхдээ огт харж байгаагүй талаар дурдсан бөгөөд энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч нарын өгсөн мэдүүлэгтэй зөрүүгүй. Гэр бүлийн хүчирхийллийг заавал эрэгтэй хүн үйлдэхгүй. Шүүгдэгч нь амь хохирогчид гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.С-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Ц.С-, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан.

 

Энэхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь юм.

 

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны, үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх гурван үндэслэлийг заасан бөгөөд мөн хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд эдгээрийг дэлгэрүүлэн зохицуулжээ.

 

Тухайлбал, дээрх хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-; “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;” нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.С-г согтуугаар, хамтран амьдрагч Ө.Б-ой маргаж улмаар түүний цээжин тус газарт нь хутгалж хүнийг алах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт, мөн согтуугаар, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ газрын эзэмшлийн “Golden dragon” загварын автобусны хаалганы шилийг чулуугаар шидэн хагалж, бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэгт тус тус буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8, мөн зүйлийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Ц.С-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “...шүүгдэгч Ц.С-г ...бусдын өмчлөлийн зүйлийг устгасан, гэмтээсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ гэм буруутайд тооцолгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тусгана.” гэж заасныг ноцтой зөрчжээ.

 

Үүнээс гадна шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шийдвэр гаргасан шүүхийн нэрийг “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн...” гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн нэрийг зөрүүтэй бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэр гаргасан шүүхийн нэр, …тусгана.”, мөн шүүгдэгч Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар 15 жилийн хорих ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж ялыг хэрхэн нэмж нэгтгэх болсон үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой заагаагүй нь мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасантай тус тус нийцээгүй байна.

 

Дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотой шүүгдэгч Ц.С- болон түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарын “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлууд хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1487 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ц.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                                        С.БОЛОРТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН