Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/254

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгч Б- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б-/; 1983 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3-т зааснаар 14575000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б- нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Анхан шатны шүүхийн ойролцоо хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн ******* ы эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б- нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Анхан шатны шүүхийн ойролцоо хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн ******* ы эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* тай маргалдаж байгаад түүнийг цохисон. Хохирол төлбөрт 1500000 төгрөг төлсөн. Миний буруу, би гэм буруугаа ойлгож байна.” гэх мэдүүлэг,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

 

-Хохирогч ******* ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 сарын 26-ны орой 18 цагийн үед намайг алтны уулзвар гараад явж байхад зүс таних ******* машинтайгаа явж байгаад намайг дуудахаар нь би эргэж харчихаад яваад өгсөн юм. Тэгсэн машинтайгаа шахаж зогсоод “машинд суучих” гээд байсан. Тэгэхээр нь би “суухгүй, эрүүл болохоор чинь уулзъя” гэж хэлээд машиныг нь тойроод явсан. Тэгсэн машинаасаа бууж ирээд намайг заамдаад авахаар нь би түлхээд “зүгээр бай” гэж хэлсэн. Тэгтэл ******* тай хамт явж байсан ах бууж ирээд биднийг “боль, учраа олоо” гэж хэлсэн. Тэгээд миний үүрч явсан цүнх газар унасан байсан учир цүнхээ аваад дээшээ боссон чинь миний хамар луу ******* цохисон уу? мөргөсөн үү? ямар ч байсан миний хамраас цус гоожоод эхэлсэн. Тэгээд бид маргалдаад би уурлаад зогсож байсан чинь ******* дахиад гараараа миний хамар луу цохисон.  Би уурлаад “цагдаа дуудна, чамаар хамраа янзлуулна” гэж хэлсэн. Тэр үед ******* надад “мөнгө төгрөг хэдэн саяараа байна” гээд утсаар ярьж зогсож байснаа зугтаад явчихсан. Тэгээд би цагдаа дуудсан.

...Б- нь миний эмчилгээний төлбөрийг бүрэн барагдуулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 4-5/,

 

-Гэрч  ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 сарын 26-ны өдөр би найзындаа байж байтал ******* утсаар залгаад “найзындаа байна, мах ид, бас найз нь 200 грамм архи татчихлаа, хүргээд өгөөч” гэж хэлсэн. Би 18  очсон. Тухайн үед цаг 18 л болж байсан байх. Тэгээд очоод нэг их удалгүй ******* ыг гэрт нь хүргэж өгөхөөр машиныг нь унаад прокурорын урдуур явж байсан чинь ******* “зогсоорой, таньдаг хүн байна” гэж хэлээд буусан. Би машинд суугаад хүлээж байтал ******* нөгөө хүнтэйгээ юу ярьсныг мэдэхгүй, нэг мэдсэн чинь барилцаад авсан. Тэгэхээр нь бууж очоод салгасан. Тэгсэн ******* гээд залуу нь барьж байсан савтай усаараа ******* ыг цохиод авсан чинь ******* зөрүүлж цохисон уу?, мөргөсөн юм уу? сайн мэдэхгүй байна. Ямартай ч ******* гээд залуугийн хамраас нь цус гараад эхэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 9/,

 

- Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 14/,

 

-“…******* ы биед хамар ясны зүүн хэсгийн хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 703 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 15/,

- “Цаашид Б-аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх хохирогч ******* ы гаргасан баталгаа /хэргийн 46/ болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ******* ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь “…******* ы биед хамар ясны зүүн хэсгийн хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт тогтоогдлоо.” гэх 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 703 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 15/-ээр нотлогдож байна. Хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд: “...Б- нь миний эмчилгээний төлбөрийг бүрэн барагдуулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 4-5/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Б-аас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Б- нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Анхан шатны шүүхийн ойролцоо хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн ******* ы эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* зөрүүлж цохисон уу?, мөргөсөн юм уу? сайн мэдэхгүй байна. Ямартай ч ******* гээд залуугийн хамраас нь цус гараад эхэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 9/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 14/, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 703 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 15/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б-т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг шүүгдэгч Б-т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б-т анхааруулах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* ны ******* т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 500000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б-т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б-т анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ