| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2406 00000 1115 |
| Дугаар | 2025/ДШМ/911 |
| Огноо | 2025-07-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/911
Ц.Д-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн дав
ж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ганчимэг,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1302 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ганчимэгийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн Ц.Д-д холбогдох 2406 00000 1115 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт Ц-гийн Д-, .............,
урьд: - Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 593 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял,
- Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2012 оны 10 дугаар сарын 30-нд хугацаа дуусч суллагдсан,
- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 3-нд хугацаа дуусч суллагдсан,
- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 7-нд хугацаа дуусч суллагдсан,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 583 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 10 дугаар сарын 4-нд хугацаа дуусч суллагдсан,
- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 646 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг биелүүлээгүй гэх /РД: ........../
Шүүгдэгч Ц.Д- нь 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Ж-” дугаар байрны 2 давхарт байрлах 208 тоотод хууль бусаар нэвтэрч, хохирогч Б.Б-ийн эзэмшлийн 1.206.000 төгрөгийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Ц.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч" хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Д-д 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ц.Д-д энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 646 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 05 сар 04 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 11 сар 04 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 10 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан хорих ялаас хасаж тооцохыг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-гээс 1.206.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-т олгохоор...” шийдвэрлэжээ.
Прокурор Н.Ганчимэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч Ц.Д-г хохирогч Б.Б-ийн эзэмшлийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэж дүгнэхдээ улсын яллагчийн "хууль бус" нэвтрэлт гэж үзсэн дүгнэлт болон хохирогчийн "... тухайн өрее нь миний ажлын өрөө байгаа юм" гэсэн мэдүүлгийг хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй, зөвхөн "...208 тоот нь олон нийтийн худалдааны төв доторх ажлын өрөө эсхүл олон нийтэд зориулсан нийтэд зориулсан үйл ажиллагаа нээлттэй явуулдаг лангуу аль нь болох эсэх нь эргэлзээгүй тогтоогдоогүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ. Гэвч шүүх шүүгдэгч Ц.Д- нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг удаа дараа үйлдэж, 8 удаа ял шийтгэл оногдуулж байсан, шүүхийн шатанд оргон зайлсан үедээ буюу 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 646 дугаартай шийтгэх тогтоолоор 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн хувийн байдлыг харгалзахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна. Шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалтыг журамласан болох, "Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно." гэсэн хэм хэмжээг удирдлага болгосон эсэх нь тодорхойгүй, гагцхүү Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгосон байна. Мөн Ц.Д-д холбогдох хэргийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэж, шийдвэр гаргахдаа шүүгдэгчийн нийт эдлэх ялыг "1 жил 2 сар 4 хоног"-оор тогтоосон гэсэн атлаа гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт "11 сар 04 хоног" гэж уншиж сонсгосон ялын хэмжээнээс зөрүүтэй бичсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна. Уншиж сонсгосноор хүчинтэй болсон шийдвэртээ тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзвэл шүүх өөрийн санаачилгаар залруулга хийх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, энэ талаар шийтгэх тогтоолд дурдаагүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалтай нийцээгүй байх тул, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос Ц.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. /хх 105-108/
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Учир нь,
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох ажиллагаа явуулсны эцэст шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, эсхүл түүний үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулсан гэж бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгч чадахгүйд хүрвэл үүнийг үндэслэл бүхий эргэлзээнд тооцох ба ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болдог.
Өөрөөр хэлбэл, “үндэслэл бүхий эргэлзээ” гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарлыг тал бүрээс нь шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг нэг бүрчлэн шалгаж, дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн иж бүрэн дүгнэлт хийх боломжгүйд хүрэх буюу үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно.
Харин тухайн хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй буюу нотлох баримтын хүрэлцээт байдал хангагдаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд хоорондоо зөрчилтэй тохиолдолд аль нэгийг авч бусдыг үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй бол эргэлзээ үүссэн гэж үзэхгүй юм.
Хэрэгт хохирогч Б.Б- мэдүүлэхдээ: “...Ж- дугаар байрны 2 давхарт 208 тоот өрөө миний ажлын байр юм. Би аяга угаах гээд өрөөгөө түр онгорхой орхисон хойгуур орж хулгай хийсэн байна.../хх 8-9/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 25-27/ зэрэг баримтууд авагдсан байна.
Гэтэл анхан шатны шүүх “Ж-” дугаар байрны 2 давхарт байрлах 208 тоот нь олон нийтийн худалдааны төв доторх ажлын өрөө эсхүл нийтэд зориулсан үйл ажиллагаа нээлттэй явуулдаг лангуу аль нь болох эсэх нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч Ц.Д-д холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилж, зүйлчлэлийг ийнхүү хөнгөрүүлэн шийдвэрлэхдээ дээрх нотлох баримтуудыг ямар үндэслэлээр үгүйсгэж, няцааж байгаа үндэслэлээ тодорхой заагаагүй нь буруу байна.
2. Шүүгдэгч Ц.Д- нь урьд 8 удаа ял шийтгэгдэж байсан ба 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 646 дугаартай шийтгэх тогтоолоор 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байхдаа 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1302 дугаар тогтоолоор 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ялын тооцооны талаарх лавлагаа баримт хэрэгт авагдаагүй байхад хууль зүйн ямар үндэслэлээр, хэдий хугацааны ялыг хэрхэн тооцоолж нэмж нэгтгэсэн нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул ялын тооцоог Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хийсний дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1682 дугаар захирамжаар Ц.Д-г эрэн сурвалжлахыг Цагдаагийн ерөнхий газарт даалгасан гэх тул хэзээ баривчилж цагдан хорьсон, мөн шүүгдэгч нь 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 646 дугаар шийтгэх тогтоолоор ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байсан байх тул тус хорих ангиас хэзээ хорих 461 дүгээр ангид шилжүүлэн авчирсан эсэх асуудлыг нотлох баримтын хүрээнд дүгнэж, зөв тооцоолол хийх шаардлагатайг тэмдэглэж байна.
Иймд дээрх үндэслэлээр прокурор Н.Ганчимэгийн бичсэн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1302 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Ц.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурор Н.Ганчимэгийн бичсэн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1302 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ц.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.ОЧ