Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00345

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00345

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн

нэгдүгээр хэлтсийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/00239 дүгээр шийдвэртэй Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлттэй, Ц.Өсөхбаярыг архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн иргэний хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 13-9 тоотод оршин суух иргэн П.Амартүвшингийн гаргасан өргөдлийн дагуу шалгахад Ц.Өсөхбаяр нь Их нарангийн эцэс болон гудамж талбайд бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурдаг. Ар гэрийнхээ болон бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг гэдэг нь баримтаар тогтоогдож байна. Ц.Өсөхбаяр нь урьд өмнө нь архины албадан эмчилгээнд явж байсан. Явж ирээд 2 cap архи уугаагүй. Иймд Ц.Өсөхбаярыг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Өсөхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Архийг долоо хоногт нэгээс хоёр удаа уудаг. Эхнэр охинтойгоо хамт амьдардаг. 2017 онд архины албадан эмчилгээнд явж байсан. Уг нь эмчилгээнд явж ирээд архи уухгүй 2 cap болсон ч найз нөхөддөө уруу татагдаад уух болсон. Би архины албадан эмчилгээнд явахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Ц.Өсөхбаярыг архины албадан эмчилгээнд явуулж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Ц.Өсөхбаярыг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлж, Албадан эмчилгээний хугацааг гуравдагч этгээд Ц.Өсөхбаярыг албадан эмчлэх байгууллагад хүлээн авсан өдрөөс эхлэн тооцох бөгөөд албадан эмчлэх нийт хугацааг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан журмаар тогтоохыг тайлбарлаж, хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Ц.Өсөхбаяр давж заалдах гомдолдоо: 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ иртэл манай хашаанд байдаг эхнэрийн дүү нь найзуудаа дагуулаад ирсэн байсан ба эхнэрийн дүүг загнасан юм. Гэтэл орой эхнэр ирж дүүгээ өмөөрч бид хоёр маргалдаж эхнэр н.Амартүвшин нь цагдаа дуудсан юм. Улмаар 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хороон цагдаа ирж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр оруулж албадан эмчилгээнд явуулсан. Хороон цагдаа дээр манай эхнэрн н.Амартүвшин нь хуулийн мэдлэггүйн улмаас албадан эмчилгээнд явуулах гэж байгааг мэдэлгүй гарын үсэг зурж зөвшөөрсөн. Миний зүрх салгалж өвддөг, сахарын өвчин хүнд хэлбэртээ орж, биеийн байдал тааруу байгаа тул харгалзан үзэж албадан эмчилгээнээс чөлөөлж өгч тусална уу. Эхнэр н.Амартүвшин нь миний шинжилгээ муу гарсан талаарх баримтыг өргөдөлдөө хавсаргаж өгсөн. Цаашид үлдсэн амьдралдаа архи уухгүй, тууштай амьдралын төлөө зүтгэж эхнэр хүүхэддээ анхаарал халамж тавьж амьдарахаа амлаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ гэж заажээ.

Архины албадан эмчилгээнд хамруулах тухай Цагдаагийн байгууллагын хүсэлтэд заагдсан Ц.Өсөхбаяр нь нийгмийн хэв журмыг зөрчиж, иргэд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг гэх байдлууд тодорхой бус байхаас гадна тухайн өдөр ямар зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байхад Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гаргасан хүсэлтийг хангаж, Ц.Өсөхбаярыг архины албадан эмчилгээнд явуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

Мөн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага тухайн хүнийг согтуурах, мансуурах донтой эсэхийг тодорхойлох дүгнэлтийг үзлэг хийснээс хойш 24 цагийн дотор гаргана гэж заажээ.

Хэргийн 14 дүгээр талд авагдсан Согтуурах мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтийг Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нар гаргасан байх боловч гуравдагч этгээд Ц.Өсөхбаярыг биечлэн үзсэн талаар болон холбогдох шинжилгээг зохих газруудаар хийлгэсэн эсэх, албадан эмчилгээнд тэрээр эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй байна.

Гуравдагч этгээд нь давж заалдах гомдолдоо ... биеийн эрүүл мэнд муу, зүрх салгалж өвддөг, сахарын өвчин хүнд хэлбэрт шилжсэн талаар дурджээ. /хх-ийн 39 дүгээр тал/

Дээрх эмнэлгийн байгууллагын дүгнэлт гэх 1 хуудас баримтад хийсэн тэмдэглэгээнүүдээс шинжилгээнд хамрагдсан, эсхүл эрүүл мэндийн байдал, архины албадан эмчилгээ хийлгэхэд харшлах өвчин байгаа эсэх нөхцөл байдал тодорхой бус байна. Мөн хэргийн 4 дүгээр талд Ц.Өсөхбаярыг эрүүлжүүлдэгдэж байсан талаарх баримт авагдсан бөгөөд зөвхөн уг баримтуудыг үндэслэн түүнийг согтуурах донтой болсон, архины албадан эмчилгээнд хамруулах нөхцөл байдал үүссэн гэж үзэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр гуравдагч этгээд Ц.Өсөхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Өсөхбаярыг архины албадан эмчилгээнд явуулах тухай Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/00239 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Өсөхбаярыг архины албадан эмчилгээнд явуулж эмчлүүлэх тухай Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн гуравдагч этгээдийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ