Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 213/МА2019/00023

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******т

холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг Ерөнхий шүүгч  М.Мөнхдаваа  даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны  8 дугаар сарын 14-ний  өдрийн 131/ШШ2019/00635 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Улаанбаатар хот  Чингэлтэй дүүрэг  ******* *******ны нэхэмжлэлтэй 

Хариуцагч Баянхонгор аймаг Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг 55 дугаар байр 02 тоотод оршин суугч  Баасангийн *******т  холбогдох

Хадгаламж *******наас ******* *******инд шилжиж ирсэн 25.375.000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,  Баянхонгор сум 1 дүгээр багийн 55 дугаар байрны 2 тоот хаягт байрлах 61,57 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.******* миний нэр дээр шилжүүлэхийг ******* *******инд даалгаж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цээпилмаагийн давж  заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний  өдөр  хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга  О.Сувд-Эрдэнэ оролцов. 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг ******* *******наас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Хадгаламж ******* нь төлбөрийн чадваргүй болж Монгол Банкны Ерөнхийлөгчийн тушаалаар хуулийн этгээдийн хувьд албадан татан буугдаж Хадгаламж Банкны эрх хүлээн авагч томилогдсон. Татан буугдсан Хадгаламж *******ны актив пассив хөрөнгийг Хадгаламж ******* ХХК дахь *******ны эрх хүлээн авагч болон ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нарын 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн актив, пассив хөрөнгө шилжүүлэх  154 тоот гэрээгээр ******* *******инд шилжүүлсэн.

Энэхүү гэрээний хавсралт болох 2013 оны 07 сарын 23-ны өдрийн шаардах эрх шилжүүлэх 164 тоот гэрээ, мөн өдрийн  бусад актив хөрөнгө шилжүүлэх 165 тоот гэрээгээр Хадгаламж *******ны нэр дээр бүртгэлтэй Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр  багийн 55 дугаар байрны 02 тоот, 61,75 мкв талбайтай орон сууц, Баянхонгор салбарын захирал Баасангийн *******аас авах 25.375.000 төгрөгийн авлага зэрэг нь ******* *******инд шилжин ирсэн. Шилжин ирсэн орон сууц нь Хадгаламж *******ны өмч бөгөөд гүйцэтгэх захирлын 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдан авах тухай 709/2 тоот тушаалаар Хадгаламж *******ны нэр дээр Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Очир заан ХХК-ийн барьж байгаа 18 айлын орон сууцанд 61,75 м.кв 3 өрөө орон сууцыг худалдан авахаар шийдвэр гаргасан байдаг. Мөн тушаалаар  тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг *******ны нэр дээр бүртгүүлж, *******ны төвд хүргүүлэхийг Баянхонгор салбарын захирал Б.*******т үүрэг болгосон байна.  Улмаар мөн захирлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 572 тоот тушаалаар   тухайн 61,75 м.кв 3 өрөө орон сууцыг Баянхонгор салбарын захирлын амьдрах орон сууцны зориулалтаар нийт 43.500.000 төгрөгөөр худалдан авсан тул Төв *******ны үндсэн хөрөнгөд бүртгэхийг бүртгэлийн газрын Н.Уранчимэгт зөвшөөрсөн байна. Хадгаламж ******* нь Баянхонгор салбарын захирлын амьдрах орон сууцны зориулалтаар дээрх үл хөдлөх хөрөнгийг авсан байдаг. Гэхдээ энэ нь тухайн орон сууцыг салбарын захирлын өмчлөлд шилжүүлсэн биш бөгөөд амьдрах орчны ая тухтай байдлыг ажилтны хүсэлтийн дагуу ажил олгогчийн зүгээс хангасан арга хэмжээ юм. Хадгаламж *******наас ******* *******инд шилжиж ирсэн Баянхонгор салбарын захирал Б.*******аас авах авлага нь энэхүү орон сууцтай холбоотой үүссэн байдаг.

Хадгаламж ******* нь 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баасан овогтой *******тай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд дараа нь   2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөн нэмэлт гэрээ байгуулж гэрээний хугацааг 5 жил болгон өөрчилж, уг гэрээний 5.4 дэх заалтаар ажилтны нийгмийн асуудлын нэг хэсгийг шийдэх зорилгоор ажил олгогч нь ажилтны зүгээс гаргасан хүсэлтийн дагуу Очир заан ХХК-ийн Баянхонгор аймагт барьж байгаа 2011 оны 11 дүгээр сард ашиглалтанд орох шинэ орон сууцнаас 61,75 м/кв орон сууцыг 43,500,000 төгрөгөөр өөрийн нэр дээр худалдан авч, ажилтныг орон сууцаар хангана гэж, мөн гэрээний 7.3-т зааснаар  ажил олгогч гэрээний хугацаа дуусгавар болоход ажилтныг гэрээнд заасны дагуу сайн ажилласан гэж үзвэл орон сууцыг ажилтны нэр дээр шилжүүлэн өгнө гэж тохиролцсон байх боловч тус нэмэлт гэрээний дараа 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дахин шинээр байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд орон сууц эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар тусгаагүй байдаг. Ингээд 2013 оны 07 сарын 22-ны өдөр Хадгаламж *******ны актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээний хавсралтаар  Хадгаламж ******* ХХК-ийн Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын хөдөлмөрийн гэрээнд заасан эрх, үүргийг шилжүүлэх тухай гэрээгээр Хадгаламж *******ны ажилтнуудыг нийтээр нь ******* *******инд шилжүүлсний дагуу Баянхонгор салбарын захирал Б.*******тай 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №Т03-001 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулан салбарын захирлын албан тушаалд хэвээр үлдээж ажиллуулсан байна.

Б.******* нь ******* *******тай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1560 тоот, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 604 тоот Хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулан ажиллаж байгаа бөгөөд эдгээр гэрээнд Хадгаламж *******наас ******* *******инд шилжиж ирсэн орон сууц болон 25,375,000 төгрөгийн авлагыг  Б.*******ын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх болон авлагаас чөлөөлөх асуудлыг тусгаж зохицуулаагүй байдаг.  Мөн ******* *******ны Дотоод аудитын газраас хийсэн хяналт шалгалтын актаар Баянхонгор салбарын захирал Б.*******ын 25,375,000 төгрөгийн авлагыг 2019 оны 2 дугаар улиралд багтаан төлүүлж, эргэн тайлагнахыг Тусгай активын алба болон мэргэжилтэн Б.Жавхлантөгсөд үүрэг болгож тогтоосон. ******* ******* Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасан шаардах эрхийн хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ. 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Баасан овогтой ******* миний бие Хадгаламж *******ны Гүйцэтгэх удирдлагуудын тавьсан удаа дараагийн санал хүсэлтийг хүлээн авч тус *******ны Баянхонгор салбарын захирлаар 2011 оны 06 сараас эхлэн ажилласан. Хадгаламж ******* надтай тодорхой нөхцөл тохирон Б.******* миний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 43,500,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц худалдан авч, уг байрыг надад ашиглуулах, эзэмшүүлэх, 5 жил тогтвор суурьшилтай ажиллуулан хугацааны эцэст миний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан юм.

Хадгаламж *******ыг  2013 оны 7 дугаар сард  гэнэт татан буулгах шийдвэр гарч тус *******ны хөрөнгө, хүний нөөцийг ******* *******  ХХК-тай нэгтгэсэн үйл явц болсон. Гэтэл 2013 оны 10 дугаар сард ******* *******ны Хүний нөөцийн газрын мэргэжилтэн Б.*******ээс таны нэр дээр 25,375,000 төгрөгийн авлага байна, үүнийг төлөх үүрэг удирдлагаас өгсөн гэж ярьсан. Юун авлага болохыг тодруултал Хадгаламж *******ны үед надад олгогдсон байрны үлдэх өртөг нь ******* *******ны авлагын дансанд бүртгэгдсэн байсан. Дараа нь 2013 оны 11 дүгээр сард Б.*******ээс таны байрны үлдэх өртгийг ажилтны хөнгөлөлттэй зээл болгох тухай Хүний нөөцийн хороо ярилцан шийдвэрлэх болсон, хэрэв зээлд хамрагдахгүй бол дотоод журмын дагуу хариуцлага тооцох тухай яригдсан гэж мэдэгдсэн.  Манай *******ны салбар нь улирлын ажлын үзүүлэлтээр ТОП-5 нэгжид удаа дараа шалгарсан амжилт гарган ажиллаж ирсэн. Иймд миний бие *******тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн ханган ажилласан гэж үзэж буй бөгөөд гэрээнд заасан хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй үр дүнтэй ажиллаж ирсэн болно.  Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баасангийн *******ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цээпилмаа шүүхэд  гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.******* миний бие 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс Хадгаламж *******ны Баянхонгор аймаг дахь салбарын захирлаар Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн ба 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулсан. Тус гэрээгээр хөдөлмөрийн гэрээний хугацааг 5 жилээр байгуулж Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр багийн 55 дугаар байрны  2 тоот хаягт байрлах 61,57 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Хадгаламж ******* өөрийн нэр дээр худалдан авч нэхэмжлэгчид эзэмшүүлэх, гэрээнд заасны дагуу 5 жил тогтвор сууршилтай сайн ажилласан гэж үзвэл тус орон сууцыг ажилтны нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон байдаг.  Хадгаламж *******ийг  2013 онд татан буулгах шийдвэр гарч *******ны хөрөнгө, хүний нөөцийг ******* *******тай нэгтгэх үйл явц болж,  миний бие үргэлжлүүлэн ******* *******инд ажилласан.  Иймд 2011 оны 10 дугаар дугар 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээний 6 дугаар хэсэгт заасны дагуу Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр багийн 55 дугаар байрны 2 тоот хаягт байрлах 61,57 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.******* миний нэр дээр шилжүүлэхийг ******* *******инд даалгаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс хариуцагч талын  сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хадгаламж *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нэмэлт гэрээ нь 2013 онд Хадгаламж ******* татан буугдахад дуусгавар болсон, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******аас Хадгаламж *******наас ******* *******инд шилжиж ирсэн 25.375.000 төгрөгийн авлага гаргуулах тухай ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д тус тус зааснаар Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1-р баг, 55 дугаар байрны 2 тоот хаягт байрлах, 61.57 мкв талбайтай, 3 өрөө, Ү-0320002225, 000164091 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.*******ын нэр дээр шилжүүлэхийг ******* Банк ХХК-д даалгах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цээпилмаагийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК болон хариуцагч Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 284.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Баасангийн *******ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цээпилмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох Хадгаламж *******наас ******* *******инд шилжиж ирсэн 25.375.000 төгрөгийн авлага гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-д холбогдох Баянхонгор аймгийн Баянхонгор сум 1 дүгээр баг, 55 дугаар байрны 2 тоот хаягт байрлах 61,57 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцээд гаргасан 131/ШШ2019/00635 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч доорхи үндэслэлэээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож дүгнэхдээ 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №Т03-001 хөдөлмөрийн гэрээний 2.4.1-т зааснаар эзэмшиж байгаа орон сууцны үлдэгдэл үнэ 25.375.000 төгрөгийг жилийн 2.4 хувийн хүүтэй орон сууцны зээлд шилжүүлнэ гэж талууд харилцан тохиролцжээ. Мөн гэрээг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр тус тус хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахдаа дээрх орон сууцны талаар зааж тусгаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байна.

Гэтэл Хадгаламж ******* ХХК-ийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын хөдөлмөрийн гэрээнд заасан эрх үүргийг шилжүүлэх тухай 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний 3.2-т зааснаар бол  Хөдөлмөрийн гэрээ нь Хадгаламж ******* ХХК-ийн ажилтнуудын өмнөх Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох, цалин хөлс болон бусад нөхцөл үүрэг хариуцлага нь хэвээр хадгалагдах нөхцлийг хангасан байна гэж заасан байгааг анхаараагүй байна.  ******* ******* ХХК-аас  2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №Т03-001 хөдөлмөрийн гэрээний 2.4.1-т зааснаар эзэмшиж байгаа орон сууцны үлдэгдэл үнэ 25.375.000 төгрөгийг жилийн 2,4 хувийн хүүтэй орон сууцны зээлд шилжүүлнэ гэсэн заалт оруулсан нь Б.*******ын Хадгаламж *******тай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний 5.4, 7.3-т заасан гол нөхцлүүдийг дордуулж гэрээ байгуулсан байхад шүүх анхаарч үзээгүй байна.

Мөн Иргэний хуульд зааснаар  Үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн бол бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэж зааснаар Б.******* нь Хадгаламж *******тай байгуулсан хэлцэлийн дагуу үүргээ биелүүлж дуусгасан байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн  шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг ******* *******наас Баасангийн *******т холбогдуулж Хадгаламж *******наас ******* *******инд шилжиж ирсэн 25.375.000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Баянхонгор сум 1 дүгээр багийн 55 дугаар байрны 2 тоот хаягт байрлах 61,57 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.******* миний нэр дээр шилжүүлэхийг ******* *******инд даалгаж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар  анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цээпилмаад эрх үүрэг танилцуулаагүй,  эрх үүрэг танилцуулсан баримт байгаа боловч /хх-ийн 81 дүгээр тал/  шүүгчийн  гарын үсэг байхгүй, баталгаажаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цээпилмаа нь шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасныг хариуцагч талд гардуулсан тухай баримт  байгаа боловч /хх-ийн 108 дугаар тал/ сөрөг нэхэмжлэлийг гардуулсан баримтанд шүүгчийн гарын үсэг байхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2-д заасан ажиллагаануудыг шүүгч хэрэгжүүлээгүй байна.

Нөлөөлөлийн мэдүүлэг бөглүүлээгүй /хх-ийн 80 дугаар тал/ нөлөөлөлийн мэдүүлэг танилцуулах баримтанд шүүгчийн гарын үсэг байхгүй байгаа нь хөндлөнгийн нөлөөлөх оролдлого байсан эсэх нь тодорхойгүй, хэргийг хөтлөн эмхлээд /хх-ийн 132 дугаар тал/  шүүгч хэргийг болсон гэж  үзвэл гарын үсэг зурж хүлээлцэх байтал шүүгчийн гарын үсэг байхгүй байхад хэргийг давж заалдах шатны шүүхэд шилжүүлсэн зэргээр хэрэгт тавигдах шаардлагуудыг хангаагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цээпилмаад хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 83 дугаар тал/  байгаа боловч  83 хуудас хэргийн материалаас зөвхөн 10 хуудас хэрэг танилцуулсан, хэргийг танилцуулсан ажилтны гарын үсэг байхгүй, нэхэмжэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс, хариуцагч Б.******* нарт 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хэргийн материал танилцуулсан боловч /хх-ийн 69 дүгээр тал/  111 хуудас хэргийн материал танилцуулахаас зөвхөн 25 хуудас хэрэг танилцуулсан, бусад  хэрэгт авагдсан үйл баримтуудыг  зохигч талуудад танилцуулаагүй байгаа нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг анхан шатны шүүх зөрчсөн байна.

Иймд шүүхээс хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Хариуцагч Б.*******ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цээпилмаагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 284.825  төгрөгийг  төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагчид олгох үндэстэй байна. 

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШШ2019/00635  дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар  хариуцагч Б.*******ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цээпилмаагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 284.825 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагчид  олгосугай.   

3. Давж  заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг  гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

                                ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

                                                                 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ     

                                                                                            Г.УЛАМБАЯР