Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 137/ШШ2026/00058

 

 

                                Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Т  банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А, Н.Д нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 36,624,031.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 16-ны өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 19-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Ч  дүүрэг ..-р хороо, ..  байранд байрлах Т банк ХК /ХХД: ..., РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.А, Н.Д нар нь Т  банкны Д салбараас 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дугаар MN640034281501867693 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 23 сарын хугацаатай хагас жилд нэг удаа төлөх нөхцөлтэйгөөр малчны зээл авсан болно. Зээлийн барьцаанд мал 215 ширхэг монгол гэр 1 ширхэг, зурагт 32 инч зэргийг барьцаанд тавьсан болно. Зээлдэгч Д.А, Н.Д нь зээлийн төлөлтийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийг хуваарийн дагуу төлөлгүй хугацаа хэтрүүлж зээлийн гэрээний 2.2.1,3.2.1, 3.2.4,3.3, 6.2.1, 6.2.2 дахь заалтуудыг тус тус удаа дараа зөрчиж өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр нь 28,500,000 төгрөг, үндсэн зээлийн хүүний төлбөр нь 7,906,043.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр нь 201,987.93 төгрөг, нийт 36,608,031.73 төгрөг болсон байна. Зээлдэгч Д.А, Н.Д нарт зээлийн төлбөр төлөх, хугацаа хэтэрсэн талаар байнга утсаар сануулж, биечлэн уулзаж зээл төлөх шаардлага тавьж байсан боловч зээлийн төлбөрийг өнөөдрийг болтол хийгээгүй одоогийн байдлаар 193 хоног хугацаа хэтрээд байна. Иймд зээлийн гэрээний 3.2.4 Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /Зээлдэгч нас барсан эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах гэж зааснаар зээлдэгч зээлээ төлж барагдуулахгүй байгаа учир зээлдэгч Д.А, Н.Д нараас зээлийн нийт төлбөр болох 36,624,031.73 төгрөгийн төлбөр нэхэмжилж байгаа учир шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ...-р баг, .. тоотод оршин суух, Т овогт Д-ийн А  /РД: .., утас: ../

Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сум, ..-р баг, .. тоотод оршин суух, Т овогт Н-ын Д  /РД: .., утас: ../ нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Д.А, Н.Д бид Т банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.  Нэхэмжилж байгаа зээлийн үнийн дүн 36,624,031.73 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т  банк ХК нь хариуцагч Д.А, Н.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,624,031.73 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А, Н.Д нар нь зээлийн 36,624,031.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А, Н.Д нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 36,624,031.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.А, Н.Д нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,070 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 170,535 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 170,535 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Д.А, Н.Д нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Э.Б