| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 2334001370196 |
| Дугаар | 2025/ДШМ/50 |
| Огноо | 2025-06-26 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Б.Түмэндэмбэрэл |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/50
2025 6 26 2025/ДШМ/50
Ц.Бд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Түмэндэмбэрэл
Шүүгдэгч Ц.Б
Шүүгдэгч Ц.Б өмгөөлөгч Б.Баярмагнай
Амь хохирогч Би хууль ёсны төлөөлөгч С.Д
өмгөөлөгч Д.Болормаа/цахимаар/, П.Алтанчимэг
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Э
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/204 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч амь хохирогч Би хууль ёсны төлөөлөгч С.Д, түүний өмгөөлөгч Д.Болормаа, П.Алтанчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ц.Бд холбогдох эрүүгийн 2334001370196 дугаар хэргийг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1986 оны 4 дүгээр сарын 16-нд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдохын өмнө Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-д жолооч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ... тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н овогт Ц Б
2. Ц.Б нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу явах чиглэлд Төв аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт Тоёота Приус-30 маркийн 7710 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а “Жолооч дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас асфальтан замын хажуу руу унаж, зам тээврийн осол гарган, зорчигч О.Мяасүрэн, Г.Бнарын амь насыг хохироон, зорчигч Л.Пүрэвнямын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. Төв аймгийн прокурорын газраас Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч Новогт Ц Бг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 269 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4 дэх хэсгийн 4.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Б нь хохирогч Л.П 1.500.000, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.О 5.000.000, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дд 12.100.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д өмгөөлөгчийн хөлс 10.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 132.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, иргэний хариуцагч “Э” ХХК-с 106.726.195 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, амь хохирогч Би2014 оны 02 дугаар сарын 07-нд төрсөн Б.Д, 2015 оны 9 дүгээр сарын 27-нд төрсөн Б.У, 2022 оны 6 дугаар сарын 21-нд төрсөн Б.Мнарт 16 нас, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл хугацаанд сар бүр 59.634 төгрөгийг тус тус шүүгдэгч Ц.Бэс гаргуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
5. Амь хохирогч Би хууль ёсны төлөөлөгч С.Д, түүний өмгөөлөгч Д.Болормаа, П.Алтанчимэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /эхнэр, хүүхдүүд/-д учирсан хохирол, хор уршгийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжтой байтал шийдвэрлээгүй, иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийг чанд сахина гэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж иргэний нэхэмжлэлтэй хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогчид учирсан хохирол, хор уршгийг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримт, үйлдвэрлэлийн ослын шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг зэрэг нотлох баримтын хүрээнд хохирогчид учирсан хохирол, хор уршгийг шаардсан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг дахин зөрчиж байгаад маш их гомдолтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын нэг чухал хэсэг нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу гэмт хэргийн улмаас хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой. Хүний амь, хүүхдүүдийн аавыг юугаар ч орлох боломжгүй. Шүүх Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэх жолоочийн буруутай үйлдэл рүү чиглэх боловч давхар энэ ослын цаана хууль, захиргааны хэм хэмжээний акт, байгууллагын дотоод хэм хэмжээгээр үүрэг хүлээсэн ажил олгогчийн хариуцлагыг хэрхэн шийдвэрлэх талаар дүгнэлт хийхгүй, үүргээ биелүүлээгүйгээс ажилтанд олгох нөхөх олговрыг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжтой байтал иргэний хариуцагч “Э” ХХК-д давуу байдлыг үүсгэж байгаад гомдолтой байна.
Шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 6 дахь заалтад “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д өмгөөлөгчийн хөлс 10.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 132.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, иргэний хариуцагч “Э” ХХК-с 106.726.195 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, амь хохирогч Би2014 оны 02 дугаар сарын 07-нд төрсөн Б.Д, 2025 оны 9 дүгээр сарын 27-нд төрсөн Б.У, 2022 оны 6 дугаар сарын 21-нд төрсөн Б.М нарт сар бүр 59.634 төгрөгийг тус тус шүүгдэгч Ц.Бэс гаргуулсугай” гэх хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
1. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү, төлбөрийг тооцохдоо захиргааны хэм хэмжээний актыг буруу тайлбарлан хэрэглэж, тооцооллыг буруу хийсэн тухай:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуудас 14-т “...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.6-д “Ажилтны ажилласан хугацаа нь энэ журмын 2.2-2.5-д заасан дундаж цалин хөлс тодорхойлох хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн ажилтны ажилласан хугацааны цалин хөлсний нийлбэрийг нийт ажилласан өдөр, эсхүл нийт ажилласан цагт хувааж нэг ажлын өдрийн эсхүл нэг ажлын цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлно” гэж зааснаар нэг сарын дундаж цалинг 1.500.000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна” гэх “Нас барагч Г.Б нь хамгийн сүүлд буюу 2023 оны 01 дүгээр сард “Э” ХХК-д ажиллаж, 1.500.000 төгрөгийн цалин хөлс авсан болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаагаар нотлогдон тогтоогдсон” гэх дүгнэлт хийсэн нь хууль, дүрэм журмыг буруу тайлбарлаж хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүдийн эрхийг дордуулсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.6-д заасан зохицуулалт эл журмын 2.2-2.5-д заасан дундаж цалин хөлсийг хэрхэн тодорхойлох зохицуулалт буюу ажил олгогчийн зүгээс ажилтанд нэмэгдэл цалин хөлс, ажилтанд хариуцлага тооцох, ажилтанд олгох тэтгэмж, олговортой холбоотойгоор хэрэглэгдэх зохицуулалт байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-н 2.1.1-т “нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж” гэж заасны дагуу дундаж цалин хөлсийг тодорхойлохоор байна.
1. Хохирогч Г.Бнь 2022 оны 11 дүгээр сараас эхлэн “Э” ХХК-д ажилд орсон /шүүгдэгч Ц.Б мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дмэдүүлэг зэргээр нотлогдох бөгөөд үүнээс өмнө “Тера экспресс” ХХК-д ажиллаж байсан, 2010 оноос хойш тасралтгүй хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлж байсан.
Хохирогч “Э” ХХК-д ажиллаж байхдаа тухайн сард хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээр цалин хөлсөө авдаг байсан бөгөөд сард дунджаар 4.000.000-5.000.000 төгрөгийг авдаг байсан. Харин ажил олгогчийн зүгээс бодит цалин хөлсийг бууруулж 1.500.000 төгрөгөөс тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. /амь хохирогчийн гар дээр бодит авч байсан цалинг амь хохирогчийн дансны хуулга зэргээс харах боломжтой, энэ нотлох баримтыг өмгөөлөгчийн зүгээс бүрдүүлэх гэсэн боловч хувь хүний нууцтай холбоотой баримт гэж банкнаас өгөөгүй тул 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд баримт бүрдүүлэх хүсэлтийг гаргаж байсан/
2. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т заасны дагуу тэтгэврийн хэмжээг хохирогч Би сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтоохоор хуульд заасан. Харин “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1.1-т зааснаар нэг сарын цалин хөлсийг тодорхойлохдоо “ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж” тогтоохоор заасан байна. Журмын энэхүү зохицуулалтаас үзвэл ажилтны цалин хөлс нь тасралтгүй сүүлийн 6 сар, 3 сар байхыг шаардаагүй, харин тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн сарын тоонд хувааж тооцон гаргахаар заасан байна.
Иймд, хохирогч Би Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоос сүүлийн 6 сарын цалин, хөлсний дунджаас нэг сарын дундаж цалин хөлсийг тооцон гаргахад хуульд харшлахгүй.
/Нас барагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс сүүлийн 6 сарын цалинг авав/
| Он, сар | Ажилласан хоног | Цалин |
| 2022 оны 1-р сар | 21 | 4.055.825 |
| 2022 оны 2-р сар | 17 | 3.640.236 |
| 2022 оны 3-р сар | 22 | 2.408.580 |
| 2022 оны 4-р сар | 21 | 5.491.886 |
| 2022 оны 5-р сар | 22 | 550.000 |
| 2023 оны 1-р сар | 22 | 1.500.000 |
| Дүн | 125 | 17.646.527 |
Үүнээс нэг өдрийн ажлын дундаж цалин 17.646.527/125=172.222 төгрөг,
Нэг сарын дундаж цалин 141.172.22х21=2.964.616,54 төгрөг бөгөөд хохирогч болон хөдөлмөрийн чадвартай эхнэрт ногдох хэсгийг /2.965.616,54/5=592.923.308х2=1.185.846) хасаад 1,779,770 төгрөг /1 хүүхэд 593,256 төгрөг/. Үүнээс сар бүр нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмж сар бүр авч буй 721.096 төгрөгийг хасаж 1.058.674 төгрөг, нэг хүүхдийн 352.891 төгрөгөөр тооцож насанд хүрээгүй Б.М, Б.У, Б.Д нарыг 18 нас хүртэл хугацаанд сар бүр нэг хүүхдийн 352.891 төгрөг, нийт 1.058.674 төгрөгийг шүүгдэгч Ц.Бэс гаргуулахаар анхан шатны шийтгэх тогтоод өөрчлөлт оруулж өгнө үү.
2. Эдийн бус гэм хорын хохирол арилгах, нөхөн төлбөр гаргуулах тухай:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д өөрийн хань, хүүхдүүдийн аав Би амь насаар хохирол учирсан тул хүнийхээ амь насыг мөнгөн дүнгээр тооцож 132.000.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох Ц.Б-с гаргуулахаар иргэний нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д-г сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлага гаргасан гэж үзэн Шүүхийн шинжилгээний тухай, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн зохицуулалтын үйлчлэх цаг хугацааг тайлбарлаж, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэх зохицуулалтыг тайлбарлаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эдийн бус гэм хорын хохирол, хүний амь насны төлбөрийг хангахаас үндэслэлгүй тайлбар хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйл “Гэмт хэргийн хохирол, хор уршиг”-ийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэх, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэх, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтооно”
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус хуульд заасан.
Хохирогч Г.Б 1992 оны 7 дугаар сарын 02-нд төрсөн, осол болох үед 31 настай байсан ба хүн амын дундаж наслалтын хувьд цаашид 34 жил хөдөлмөрлөх, ар гэрээ тэжээн тэтгэх боломжтой байсан. Гэтэл энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул шууд учирсан хохирол гэж үзэхээр байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хүний амь насыг мөнгөн дүнгээр тооцсон 132.000.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох Ц.Б-с гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү.
3. Өмгөөлөгчийн зардал гаргуулах тухай:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 16 дугаар хуудаст “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” талаар хуульчилсан бөгөөд хэргийн оролцогчийн өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, иргэний эрх зүйн гэрээ хэлцлээр тохирсон үүргийн биелэлт байдаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзсэн болно” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох өмгөөлөгчийн зардлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Хохирогч Ц.Б амь нас хохирсон явдалд шүүгдэгч Ц.Б гэм буруутай болохыг тогтоосон, уг гэмт хэргийн улмаас өнөөдөр нөхрөө алдаж, хүүхдүүд нь өнчин хоцорч, өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүх, цагдаа, хууль хяналтын байгууллагаар тасралтгүй явж энэ их хүнд хэцүү зүйлийг туулан өнгөрөөж байсан.
Хэрэв энэ гэмт хэрэг гарч, цагдаа, прокурор, шүүхэд хэрэг маргаан үүсээгүй байсан бол С.Д өмгөөлөгч авч өөрөөсөө өмгөөлөгчийн зардал болох 10.000.000 төгрөг гаргахгүй байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” гэж тус тус заасны дагуу өмгөөлөгчийн зардал болох 10.000.000 төгрөгийг гэм буруутай Ц.Б-с гаргуулж шийдвэрлэж өгнө үү.
4. Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр гаргуулах тухай:
Шийтгэх тогтоолын 16 дугаар хуудаст “...шүүхээс шүүгдэгч Ц.Б гэм буруутай, болгоомжгүй үйлдлийн улмаас буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а “Жолооч дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэм буруутайд тооцсон тул шүүхийн хэлэлцүүлгийн шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д болон түүний өмгөөлөгч нараас үйлдвэрлэлийн ослын тэтгэмжид иргэний хариуцагч “Э” ХХК-аас 106.726.192 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож гэж,
“Тогтоох” хэсгийн 6 дахь заалтад "...иргэний хариуцагч “Э” ХХК-с 106.726.195 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож...” хэмээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хохирогчийн эрхийг шүүхийн байгууллага дахин хөндсөн шийдвэрийг гаргасан.
Учир нь: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон шинжээчид 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 8031215/016 дугаар “Шинжээчийн дүгнэлт” гаргаж шүүхэд ирүүлсэн бөгөөд тус шинжээчийн дүгнэлтээр “үйлдвэрлэлийн осол” гэх дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл тусгай мэдлэг бүхий шинжээчид ажилтан үйлдвэрлэлийн осолд өртсөн гэх дүгнэлтийг гаргасан. Тус нотлох баримтыг хэргийн оролцогч болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч болон талууд нотлох баримтаар шинжлэн судлуулж мэтгэлцсэн байдаг. Мөн анхан шатны шүүх тус шинжээчийн дүгнэлтийг гаргах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай гэж үзэж 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1370 дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйл 5 дахь хэсгийг баримтлан шүүх хурлыг 60 хүртэл хоногоор хойшлуулан прокурорт даалгавар өгч тус нотлох баримтыг бүрдүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.36. “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж зааснаар анхан шатны шүүхийн шатанд хийгдсэн шинжээчийн дүгнэлт бөгөөд прокурор, хохирогч, иргэний хариуцагч нарын шинжлэн судлуулж мэтгэлцсэн нотлох баримт байтал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д иргэний хариуцагчаас нэхэмжилсэн үйлдвэрлэлийн ослын хохирлын төлбөр 106.726.195 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Түүнчлэн хүний амь нас хохирсон энэхүү асуудалд зохих хүн, хуулийн этгээдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу “Э” ХХК-г иргэний хариуцагчаар тогтоон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татаж оролцуулсан, шинжээчийн дүгнэлт гаргасан атал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
Амь хохирогч Г.Б нь 2022 оны 11 дүгээр сараас Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургууль, 21-6 тоот хаягт байрлах “Э” ХХК, /гүйцэтгэх захирал Б/-д тээврийн жолоочийн ажлын байранд ажиллахаар ажил олгогчтой харилцан тохиролцож ажилд орсон. Г.Б нь ажил олгогчийн техник, тээврийн хэрэгслээр түүний зааварчилгаа нь дор заасан цагт Өмнөговь аймгаас БНХАУ-руу нүүрс тээврийн ажил үүргийг гүйцэтгэж, үүний төлөө цалин хөлс авч “Э” ХХК-тай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн.
Хохирогч Г.Б нь Улаанбаатар хот, ... тоот хаягт оршин суудаг, харин “Э” ХХК Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан багийн “Цагаан хад” суурьшлын бүсэд кемп, нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг.
2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу ажилдаа очих замдаа Төв аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт нас барсан. “Э” ХХК-ийг кемп менежер албан тушаалтай А.Б 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн мэдүүлэг, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлэг, /хх-ийн 48-49, 54-56/ “...тухайн хүмүүс “Э” ХХК-д жолоочоор ажилладаг, фэйсбүүк группэд тухайн хүмүүсийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цагаанхад гэх газрын кемп дээр бэлэн байгаарай 02 дугаар сарын 16-ны өдөр ачилтад ороод 02 дугаар сарын 17-ны өдөр урагшаа хил гарч ачаагаа буулгах талаар мессеж бичиж үлдээсэн”, “тухайн компани өөрийн гэсэн ажилчдын унаа байдаггүй. Ажилчид нь өөрсдөө хувийн унаагаар болон хот хоорондын тээврээр зорчиж явдаг” гэх, хохирогч О.М хууль ёсны төлөөлөгч Ю.О мэдүүлэг /хх-33/, хохирогч Л.П мэдүүлэг /хх-40/, хохирогч Я.Барамсайн мэдүүлэг /хх-43/, Ц.Б мэдүүлэг /хх-51/, хохирогч Б хууль ёсны төлөөлөгч С.Д миний мэдүүлэг /хх-34/ зэргээс үзэхэд нэр бүхий 5 иргэн “Э” ХХК-ийн ажилчид бөгөөд тус осол болох өдөр ажилдаа очих замдаа осолд орж 2 ажилтан амь насаа алдаж, 3 ажилтан эрүүл мэндээрээ хохирсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “энэ зүйлд заасан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа” гэдэгт ажил үүргээ гүйцэтгэх, албан томилолтоор ажиллах, ажилдаа ирэх очих, ээлж солилцох, ажил хүлээлцэх, сургалтад хамрагдах болон ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ зэрэг хамаарна”, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлд “дараах нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод даатгуулагч өртсөн тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно”, “...3/ ажилдаа ирэх, буцах замд”,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2 дугаар зүйл “Ажил олгогч дараах үүрэгтэй”, 43.2.3-т “энэ хуульд заасны дагуу хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн..., ...ажлын байраар хангах” гэх заалтуудыг “Э” ХХК зөрчсөн, хохирогч Г.Б үйлдвэрлэлийн осолд орсон болохыг “Хөдөлмөр хамгаалал, хүний хөгжлийн төв”-ийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8031215/016 дугаар “Шинжээчийн дүгнэлт”-ээр тогтоосон.
Тодруулбал, ажил олгогч “Э” ХХК хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас ажилтан нарын аюулгүй байдал зөрчигдөн улмаар осолд орж амь насаа алдсан.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэх, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 125.1-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно” 125.1.2-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин” гэж зааснаар хохирогч Г.Б ажилдаа очих замдаа үйлдвэрлэлийн осолд орж амь насаа алдсан байх тул нэг сарын дундаж цалин хөлсийг Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт буюу “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.5-д заасны дагуу тооцон үзэхэд 2.964.616,54 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг 36 дахин нэмэгдүүлж 2.964.616,54х36=106.726.195 төгрөгийг иргэний хариуцагч, ажил олгогч “Э" ХХК-с гаргуулж өгнө үү.
Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээд буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн талаарх гэм бурууг дан ганц хэлэлцсэн юм гэж үзэж байгаа бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ зөрчсөн талаар зөрчлийг шүүхээс нээлтэй үлдээх учиртай. Гэтэл иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний хүүхдүүдийн эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдана”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл “Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэж тус тус заасны дагуу иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхгүйгээр шийдвэрлэж байгаа нь шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй болно.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт, хуулийн хүрээнд тус хэргийн хамт хянан шийдвэрлэх боломжтой байхад зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хүүхдүүдийн зөрчигдсөн эрхийг сэргээн тэдэн учирсан хохирол, хор уршгийг буруутай этгээдүүдээс гаргуулахаар иргэний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д өмгөөлөгч П.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаар хохирогчийн эрх зүйн байдлыг эрс дордуулан шийдвэрлэсэн тул уг хэсгийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байгаа. Харин бидний хувьд шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын хэсэгт гомдол гаргаагүй. Тухайн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан хуулийн этгээд нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүдэн тухайн осол гарч гурван хүүхэд өнчирч үлдсэн. Тухайн компани ажилчдаасаа талийгаачийн ажил явдалд зориулан хураасан мөнгийг хохирол, төлбөрт төлсөн мэтээр тайлбарладаг. Иймд гомдолд дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэв.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д өмгөөлөгч Д.Болормаа тус шүүх хуралдаанд /цахим/ гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдол болон П.Алтанчимэг өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Талийгаач Би амь насыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохиролд тооцон нэхэмжилж байгааг анхаарч үзнэ үү. Мөн тэжээгчээ алдсан тэтгэмжийн асуудлыг холбогдох хэм хэмжээний актын хэрэглээний хувьд хянаж өгнө үү гэв.
8. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэх зүйл байхгүй учир Ц.Бд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
9. Прокурор Б.Түмэндэмбэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлүүдэд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх талаар заасан ба өөрөөр хэлбэл хохирогчийн хохиролтой холбоотой хуулийг буцаан хэрэглэх талаар зохицуулагдаагүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна гэв.
10. Шүүгдэгч Ц.Б өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай байдаг. Анхан шатны шүүхээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг боломжит хэмжээгээр гаргуулсан, үүнийг шүүгдэгч талаас зөвшөөрч байгаа. Мөн өмгөөлөгчийн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцдоггүй ба Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэдэггүй. Үйлдвэрлэлийн ослын хувьд шүүгдэгчийн өмгөөлөгч миний хүсэлтээр хийгдсэн ажиллагаа ч шүүхээс үүнийг нотлох баримтын хүрээнд үнэлээгүй, яллах дүгнэлтэд тусгагдаагүй асуудлыг шүүх шийдвэрлэх хуулийн боломжгүй. Эрүүгийн хуульд хохирол, хор уршиг гэсэн хоёр зүйл хуульчлагдсан тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэв.
11. Шүүгдэгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ осол болсонд маш их харамсаж байгаа. Би өөрөө бага насны хоёр хүүхэдтэй, нэг нь хөгжлийн бэрхшээлтэй. Талийгаач Г.Б бид хоёр найзууд байсан, цаашид гэр бүлийг нь харж, хандан явах болно гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч амь хохирогч Би хууль ёсны төлөөлөгч С.Д, түүний өмгөөлөгч Д.Болормаа, П.Алтанчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын дагуу Ц.Б-д холбогдох эрүүгийн 2334001370196 дугаар хэргийг тус шүүх 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд заасны дагуу бүхэлд нь хянан үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл шүүгдэгч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй үедээ буюу 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 50 минутын үед Л.П, Я.Б, Г.Б, О.М нарын хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумыг чиглэн Тоёота Приус-30 маркийн 7710 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Төв аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт байх А0201 дугаар бүхий улсын чанартай авто замын 148 дугаар км-ийн шонгийн ойролцоо зорчих явахдаа мөн дүрмийн 12.4-т “...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно...” гэснийг зөрчсөний улмаас замын хажуу хэсэг рүү тээврийн хэрэгсэлтэйгээ онхолдон зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Л.П эрүүл мэндэд хөнгөн учруулж, зорчигч О.М, Г.Б нарын амь нас хохирсон гэмт хэргийн үйл баримтын талаар тусгагджээ.
3.1. Дээрх гэмт хэргийн талаарх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн амь хохирогч О.М хууль ёсны төлөөлөгч Ю.О “...талийгаач нь Өмнөговь аймгийн Цагаанхадад үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-д жолооч хийдэг. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажил руугаа явна гээд Өвөрхангай аймагт байх гэрээсээ өөрийн авто машинаар Улаанбаатар хотод ирж авто машинаа дүү болох О.Мягмардоржид өгчхөөд Өмнөговь аймаг руу явах хүмүүстэйгээ хамтдаа явсан. Тэгээд 02 дугаар сарын 15-ны оройн 20 цагийн үед над руу нэг хүн залгаад танай хүүхэд зам тээврийн осолд орсон гээд, ...Төв аймаг руу очиход хүү маань нас барсныг мэдсэн...” гэх /хх-ийн 1-р хавтас 33-р тал/,
Амь хохирогч Би хууль ёсны төлөөлөгч С.Д“...талийгаач Өмнөговь аймгийн Цагаанхадад үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-д жолооч хийдэг. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажил руугаа явна гээд надтай хамт гэрээс 12-13 цагийн хооронд гараад Монелын ойролцоо очиж ажил руугаа явах машин нь дүүрэг дээр явж байна гэхээр нь хүлээж байгаад машинд нь суулгаж өгчхөөд би гэр рүүгээ харьсан. ...19 цагийн үед “та манай менежер рүү яриарай гэж хэлэхээр” нь залгатал танай хүн тавуулаа явж байгаад Төв аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон байна, та яаралтай Төв аймаг яваад очоорой би одоо Улаанбаатар хотоос гарч байна гэж надад хэлсэн...” гэх /хх-ийн 1-р хавтас 37-р тал/,
Л.П хохирогчоор өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед Улаанбаатар хот, Нисэхээс Өмнөговь аймгийн Ханбогд сум “Э” ХХК руу ажилдаа явахаар найз Ц.Б, Я.Б, О.М, Г.Б бид тав явж байсан, ...17 цагийн үед Төв аймгийн Баянцагаан суманд явж байхад жолоочийн хойд талын дугуй хүржигнээд хагарах шиг болоод гэнэт машин өөрөө баруун тийш хазайхад жолооч Ц.Б үрүүлээ зүүн тийш дараад машин онхолдсон...” гэх /хх-ийн 1-р хавтас 40-р тал/,
Я.Б хохирогчоор өгсөн /түүнийг хохирогчоор тогтоосныг прокурорын 2023 оны 9 тоот тогтоолоор хүчингүй болгосон хх-ийн 1-р хавтас 162-р тал/ “...14 цаг 30 минутын орчим Улаанбаатар хотоос гараад явж байгаад урагшаа явж байхдаа зөөлхөн яваарай 100 км/ц хурдтай яваарай, хурдан явж болохгүй шүү гэж хэлээд хурдыг нь харах үед 95-96 км-ийн хурдтай явж байхаар санаа амраад унтаад явж байхад гэнэт тар, тар гэх дуу гарах чимээгээр сэрээд хартал зүүн гар тийшээ чиглэлтэй шарвах маягтай замаас гарч байсан цааш юу болсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд машин дотроо ухаан орох үед Л.Пүрэвням урд талын зорчигчийн суудал дээр харагдаж байхаар нь “гайгүй юу бууя гэж асуухад гайгүй бууя” гэсэн..., ...Л.Пүрэвнямыг буулгаад хартал Ц.Б машины хойд талд хэвтэж байсан..., ...машины хажууд газарт хэвтэж байсан цүнхийг авч О.Мяасүрэнгийн толгойн доор нь дэрлүүлчхээд түргэн дуудахаар утсаа гаргаж иртэл сүлжээгүй байсан ба цаг харах үед 17 цаг 53 минутад болж байсан. ...19 цагийн орчим түргэн ирээд бид нарыг үзээд цааш Г.Билгүүн, О.Мяасүрэн нарыг үзэхэд нас барсан байна гэж хэлсэн...” гэх /хх-ийн 1-р хавтас 43-44-р тал/,
Иргэний хариуцагч “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Б гэрчээр мэдүүлсэн “...тухайн хүмүүс “Э” ХХК-д жолоочоор ажилладаг. Фейсбүүк группэд тухайн хүмүүсийг 02 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цагаанхад гэх газрын кемп дээр бэлэн байгаарай 02 дугаар сарын 16-ны өдөр ачилтад ороод 02 дугаар сарын 17-ны өдөр урагшаа хил гарч ачаагаа буулгах талаар мессеж бичиж үлдээсэн..., ...2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 50 минутад над руу танихгүй дугаараас Л.Пүрэвням залгаж бид хэд осолд орчихлоо хоёр хүний биеийн байдал тааруу байна гэж хэлсэн..., ...би Улаанбаатар хотоос шууд осолд орсон гэх газар руу явж очиход Г.Билгүүн, О.Мяасүрэн нар нас барсан байсан...” гэх /хх-ийн 1-р хавтас 49-р тал/ мэдүүлгүүд,
“...Б-н биед гавал ясны нийлмэл хугарал, баруун тал бөмбөлгийн тархины эдийн няцралт, аалзан хальсан доорх цус харвалт, хоёр талын ухархайн хана, хамар яс, эрүү ясны хугарал, шүдний булгаралт, баруун, зүүн талын хавирганы хугарал, биед зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл..., ...амьд ахуйд үүссэн байх боломжтой..., ...талийгаач Г.Бнь гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. ...цусанд 0,6% этилийн спирт илэрсэн, согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. .../I/-р бүлгийн цустай...” гэх,
“...талийгаач О.М биед гавал ясны нийлмэл хугарал, баруун, зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн тархины эдийн няцралт, аалзан хальсан доорх цус харвалт, баруун талын 5, 6 дугаар хавирганы хугарал, биед шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл..., ...амьд ахуйд үүссэн байх боломжтой..., Талийгаач О.М нь гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. ...цусанд этилийн спирт илрээгүй. .../1/-р бүлгийн цустай...” гэх Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 28, 29 дугаар /хх-ийн 1-р хавтас 58-61, 74-77-р тал/,
Шинжлэх Ухаан Техникийн Их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн Тээврийн салбарын техникийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 05/12 дугаар “...7710 УНВ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашины жолооч Ц.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “а” болон “б” заалт буюу “Жолооч: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,
б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ”,
3.7 “в”-р заалт буюу “Жолоочид тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй... тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг... хориглоно”,
12.4-р заалт буюу “...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно...” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. 7710 УНВ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашины жолооч Ц.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “а” болон 12.4-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй байна. Автомашинд учирсан эвдрэл, гэмтлүүдээр хурдыг тогтоох боломжгүй. Харин автомашин замаас гарч анх онхолдсон гэх “А” цэгээс ослын дараах байрлал хүртэлх газраас хөндийрч шидэгдэж туулсан зайг тооцон хурдыг тооцох боломжтой. Уг хурд нь тухайн автомашины хамгийн бага хурд юм. Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйл илэрсэнгүй...” /хх-ийн 1-р хавтас 150-151-р тал/ гэх,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2027 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн Япон Улсын “Bridgestone” фермд 2013 оны 29 дэх долоо хоногт үйлдвэрлэгдсэн 195/80R/15 хэмжээстэй, 10+20 градус агаарын хэмтэй үед 4 улиралд, хөнгөн ачааны автомашинд ашиглах зориулалтын хайлшин обудтай хаймар дугуй нь хагарсан гэмтэлтэй байна. Уг дугуйнд үүссэн гэмтэл нь хөдөлгөөний явцад болон тээврийн хэрэгсэл онхолдож өнхрөх явцад үүссэн байж болох гэмтэлтэй байна. Шинжилгээнд осол хэргийн материал ирүүлээгүй тул осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй. Үзлэг шинжилгээний явцад шинэ нэмэлт зүйл илрээгүй...” /хх-ийн 1-р хавтас 133-144-р тал/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,
Хэргийн газрын болон талийгаач О.М, Г.Б нарын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 1-р хавтас 6-25, 62-72, 78-88-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
4.1. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу “гэм буруугийн болгоомжгүй” хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэргийн төрөлд хамаардаг.
5. Хууль тогтоогчоос уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” хэмээн үндсэн шинжийг томьёолсон.
Харин энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол 3 дахь хэсэгт зааснаар,
3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, эсхүл энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол мөн зүйлийн 4 дэх хэсгээр хүндрүүлэн зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
5.1. Өөрөөр хэлбэл дээр дурдагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Ц.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байгаа өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан, үүний улмаас хохирол, хор уршиг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршигт хүрч зорчигч О.Мяасүрэн, Г.Бнарын амь нас хохирсон байх тул прокуророос түүний үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
6. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нэг бүрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, шүүгдэгч Ц.Б гэм буруугийн болгоомжгүй үйлдэл О.М, Г.Б нарын амь нас хохирсонтой шалтгаант холбоотой байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг болон шүүгдэгч нь Л.П1.500.000 төгрөг, амь хохирогч О.М хууль ёсны төлөөлөгч Ю.О5.000.000 төгрөг, амь хохирогч Бихууль ёсны төлөөлөгч С.Дд 12.100.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Уг гэмт хэрэг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн, хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулахаар хуульчлагдсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүндрүүлэн өөрчилсөн тул анхан шатны шүүх Ц.Б гэмт хэрэг үйлдэхэд мөрдөгдөж байсан хууль үйлчлэх цаг хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхойлон мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрөл хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан /6/ жилийн хугацаагаар хасаж дөрвөн /4/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
7. Амь хохирогч Б хууль ёсны төлөөлөгч С.Д, түүний өмгөөлөгч Д.Болормаа, П.Алтанчимэг нар хамтран “...анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл болох тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг захиргааны хэм хэмжээний актыг буруу тайлбарлан амь хохирогчийн дундаж цалинг буруу тогтоосон, амь хохирогч Н.Б амь насыг эдийн бус хохиролд тооцон нэхэмжилсэн 132.000.000 төгрөг болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зардалд төлсөн 10.000.000 төгрөгүүдийг холбогдох хуулиудыг буруу тайлбарлан хэрэглэж хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн иргэний хариуцагч “Э” ХХК хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Г.Б ажил үүргээ гүйцэтгэхээр явж байхдаа амь насаа алдсаныг үйлдвэрлэлийн осол гэж үзэх тул иргэний хариуцагчаас нэхэмжилсэн 106.726.195 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан бол мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан.
Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгон шийдвэрлэдэг. Харин хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заан хэлэлцэхгүй орхивол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй байдаг.
7.1.1. Монгол Улсын Их хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс даган мөрдсөн, өөрөөр хэлбэл үүнээс өмнө манай улсад гэмт хэргийн улмаас хохирсон хүний амь насыг мөнгөн дүнгээр илэрхийлэн тооцож гэм буруутай этгээдээс гаргуулах хууль, эрх зүйн зохицуулалт байгаагүй тул эдийн бус хохирол гэж нэхэмжилсэн 132.000.000 /нэг зуун гучин хоёр сая/ төгрөгийг,
7.1.2. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталж, тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж зааснаас бусад хэргийн оролцогчийн өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд иргэний эрх зүйн гэрээ хэлцлээр тохирсон үүргийн биелэлт байдаг ба хохирогчийн өөрийн сонгон авсан өмгөөлөгчтэйгөө харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаардаггүй тул шүүхээс амь хохирогч Б хууль ёсны төлөөлөгч С.Д өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 10.000.000 /арван сая/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ
7.1.3. Харин хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогч нараас анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, тайлбар зэргээс үзвэл амь хохирогч Г.Б иргэний хариуцагч “Э” ХХК-д анх 2022 оны 12 дугаар сард ажилд орж 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдах хүртэл ажилласан байхад уг хуулийн этгээдээс түүний цалинг 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр тооцон 2023 оны 1 дүгээр сард нэг удаа төлсөн /хх-ийн 4-р хавтас 46-р тал/ нь ойлгомжгүй байхад анхан шатны шүүх тухайн баримтыг үндэслэн амь хохирогчийн бага насны гурван хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд тус бүр 59.634 /тавин есөн мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.
7.1.4. Г.Б нь Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-руу явах замдаа зам тээврийн осолд орж амь насаа алдсан гэдэг нь тогтоогдсон, хэрэгт авагдсан 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 8031215/16 дугаар дүгнэлтээр уг авто осол нь “Үйлдвэрлэлийн осол мөн” гэх шинжээчийн дүгнэлт авагдсан ч уг асуудлыг “Үйлдвэрлэлийн осол” мөн эсэхийг холбогдох хууль болон Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 269 дугаар тогтоолд заасан журмын дагуу шийдвэрлэхээр байхад шүүхээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлийн шаардлагын тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь цаашид хэргийн оролцогчийн уг асуудлаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан үйлдэл болсон байх тул уг асуудлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэлэлцэхгүй орхиж, энэ талаар гаргасан амь хохирогч Б хууль ёсны төлөөлөгч С.Д, түүний өмгөөлөгч Д.Болормаа, П.Алтанчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын тухайн хэсгийг хүлээн авч шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулав.
8. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “Тогтоох нь” хэсгийн 2 дахь заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан /6/ жилийн хугацаагаар хасаж, дөрвөн /4/ жилийн хугацаагаар хорих ялыг хэнд оногдуулсан нь тодорхойгүй, шүүгдэгчийн нэрийг бичихгүй орхигдуулсан хэдий ч хавтаст хэргийн 4 дүгээр хавтасны 71-88 дугаар талд авагдсан шийтгэх тогтоолын удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгүүд бүхэлдээ утга агуулгын хувьд шүүгдэгч Ц.Б-д уг ялыг оногдуулан, эдлүүлэх талаар тусгагдсан байх тул үүнийг техникийн шинжтэй алдаа гаргасан үзэн зөвтгөх нь зүйтэй байна.
Түүнчлэн Ц.Б-д холбогдох хэргийг шүүхээр хянан хэлэлцэх шатанд тэрээр 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 211 хоног, 2024 оны 11 дүгээр сарын 25-аас 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 88 хоног буюу нийт 299 хоног цагдан хоригдсон байхад уг хугацааг 269 хоног гэж буруу тооцжээ.
9. Иймд магадлалд дурдсан үндэслэлүүдээр амь хохирогч Б хууль ёсны төлөөлөгч С.Д, түүний өмгөөлөгч Д.Болормаа, П.Алтанчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч ханган, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх эрх хасаг ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолохоор хуульчилсан байхад шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт “...нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг дурдах нь зүйтэй...” хэмээн тогтоох хэсгээс зөрүүтэй дүгнэсэн,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэдэг ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар хүний эрүүл мэндэд “хөнгөн” хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байхад мөрдөн байцаалтын явцад Ц.Б Л.П эрүүл мэндэд “хөнгөн хохирол” учруулсан гэж үзэн түүнийг хохирогчоор тогтоосны прокурор болон шүүхийн шатанд зөвтгөн түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй нь буруу хэдий ч энэ нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөө үзүүлэхгүй тул магадлалд дурдах нь зүйтэй гэж үзэв.
11. Шүүгдэгч Ц.Б нь анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/204 дугаар шийтгэх тогтоолыг уншиж танилцуулснаас хойш давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болсон 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 45 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/204 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч Ц.Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан /6/ жилийн хугацаагаар хасаж, дөрвөн /4/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,
4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б цагдан хоригдсон 269 /хоёр зуун жаран ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай...” гэснийг
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б цагдан хоригдсон 299 /хоёр зуун ерөн ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай...” гэж,
6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4 дэх хэсгийн 4.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Б нь хохирогч Л.П1.500.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.О5.000.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дд 12.100.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дөмгөөлөгчийн хөлс 10.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 132.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, иргэний хариуцагч “Э” ХХК-с 106.726.195 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, амь хохирогч Би2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн Б.Д, 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн Б.У, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Б.Мнарт 16 нас, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл хугацаанд сар бүр 59.634 төгрөгийг тус тус шүүгдэгч Ц.Бэс гаргуулсугай...” гэснийг
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Б нь Л.П1.500.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.О5.000.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дд 12.100.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дөмгөөлөгчийн хөлс 10.000.000 төгрөг, эдийн бус хохиролд нэхэмжилсэн 132.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
иргэний хариуцагч “Э” ХХК-с 106.726.195 төгрөг гаргуулах болон тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, амь хохирогч Б хууль ёсны төлөөлөгч С.Д, түүний өмгөөлөгч Д.Болормаа, П.Алтанчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг магадлалд дурдсан үндэслэлээр хүлээн авч ханган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 45 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
Б.Т
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
М.МӨНХДАВАА