Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 137/ШШ2026/00092

 

 

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                            хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч Х  банк ХК-ийн Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б, Б.Б  нарт холбогдох зээлийн 40,058,717.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, Төв талбайд байрлах, Х банк ХК-ийн Замын-Үүд салбар /ХХД: .., РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б, Б.Б  нар нь 2024 оны 12 дүгээр сарын 09-ны өдөр Х Банктай 1390090528 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч Б  овогтой Б  Х Банк дахь 5005900447 дугаартай дансанд 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2025 оны 08 дугаар сараас хойш хугацаа хэтрэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба зээл, хүүний төлбөрийг төлөлгүй 125 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, зээл төлөх боломжийг удаа дараа өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй, санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1390089689 дугаартай зээлийн гэрээг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 37,861,823.55 төгрөг, зээлийн хүү 2,150,055.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,838.31 төгрөг, нийт 40,058,717.83 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 40,058,717.83 төгрөгөөс тооцож 358,244 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн болно. Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцож нэмэгдүүлэн нэхэмжлэх болно  гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .. тоотод оршин суух, Б  овогт Б-ийн Б  /РД:.., утас: ../,

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .. тоотод оршин суух, Б овогт Б-ын Б  /РД:.., утас: ../ нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.Б, Б.Б  бид Х  банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Хас банкнаас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн болох 40,058,717.83 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.            

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х  банк ХК-ийн Замын-Үүд салбар нь хариуцагч Б.Б, Б.Б   нарт холбогдуулан зээлийн 40,058,717.83 төгрөг гаргуулахаар, хариуцагч нар нь сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б, Б.Б  нар нь зээлийн 40,058,717.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х  банк ХК-ийн Замын-Үүд салбар нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б, Б.Б  нарт холбогдох зээлийн 40,058,717.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б, Б.Б  нар нь төлөхөө  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,244 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 179,122 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 179,122 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Б.Б, Б.Б  нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   Э.Б