Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/02361

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/02361

 

Л.Хоролсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/02116 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Хоролсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Сүхжаргалд холбогдох,

 

Гэрлэлт цуцалж, А.Сүхжаргалын эцэг байх эрхийг хасуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулж, тээврийн хэрэгслийг Б.Должинжавт шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, эмчилгээний зардалд 3 076 065 төгрөг, 472 055 929 төгрөгөөс хүүхдэд болон өөрт ногдох хэсэг 314 703 396 төгрөг, АШУҮИС-ийн төлбөр 1 664 000 төгрөг, зардалд 270 270 төгрөг, ус дулаан СӨХ-ны төлбөрт 572 404 төгрөг, хүүхдийн хэрэгцээнд 303 840 төгрөг, хөрөнгийн үнэлгээ, орон сууцны ханшийн судалгаа хийлгэхэд гарсан зардалд 70 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Хоролсүрэн, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, хариуцагч А.Сүхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Хоролсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Сүхжаргалтай 2013 оны 11 сард танилцаж 2014 оноос гэр бүл болсон. Гэрлэлтээ 2015 оны 8 сарын 14-ний өдөр батлуулсан. 2015 оны 5 сарын 22-ны өдөр хүү С.Лувсанравжаа төрсөн. Хамт амьдарч эхэлсэн үеэс А.Сүхжаргалын зан харьцаа муудаж, байнгын сэтгэл санааны дарамтад, гэр бүлийн хүчирхийлэл дунд амьдарсан. А.Сүхжаргал 6 сартай жирэмсэн байхад хүртэл бусадтай хардаж зодсон. Тухайн үед Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан, гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон. Уучлан,гомдлоо татан авч эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Гэтэл үүнээс хойш хоёр ч удаа зодож эрүүгийн хэрэг үүссэн. Гэр бүлийн дундын өмчлөлд Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 42а байрны 13 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 0,5 м.кв газар, ХУД 15-р хороо Чингисийн өргөн чөлөө гудамж, 50-р байр 71 тоотын 1 өрөө орон сууц, 94-03 УНЯ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгсэл, 00-08 УНЯ улсын дугаартай чиргүүлийн хамт, 18-61 УНӨ улсын дугаартай Войлво маркийн тээврийн хэрэгсэл байдаг. Үүнээс хүү бид хоёрт ногдох хэсгийг гаргуулж, А.Сүхжаргалаар 2021 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тэжээн тэтгүүлэх, эмчилгээний зардалд 787 955 төгрөг, эмчилгээний зардалд 3 076 065 төгрөг гаргуулах, хүүгийн хамт орон байраар хангуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 94-03 УНЯ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг Б.Должинжавын нэр дээр шилжүүлсэн хэлцлийг хүчингүй болгуулах, эцэг байх эрхийг хасуулж, дансанд байсан 472 055 929 төгрөгийн гэр бүлийн дундын орлогыг дур мэдэн зарцуулсан тул ногдох хэсэг 314 703 396 төгрөг, эмчилгээний зардалд 3 076 065 төгрөг, АШУҮИС-ийн төлбөр 1 664 000 төгрөг, цахилгааны зардалд 270 270 төгрөг, ус дулаан СӨХ-ны төлбөрт 572 404 төгрөг, хүүхдийнхээ хэрэгцээнд 303 840 төгрөг, хөрөнгийн үнэлгээ болон орон сууцны ханшийн судалгаа хийлгэхэд нийт 70 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Харин 18-61 УНӨ улсын дугаартай Войлво маркийн тээврийн хэрэгслээс ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч А.Сүхжаргалаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцны хувьд Л.Хоролсүрэнтэй гэр бүл болохоосоо өмнө 8 хувийн лизингээр 42а-13 тоот 2 өрөө байр авсан. Харин 1 өрөө 50-71 тоот байрны хамтран эзэмшигчээр эцэг Алтанхүү байдаг, 2012 онд өвөөг ахмад дайчин гээд улсаас өгсөн, өвөөр шилжин ирсэн учир Хоролсүрэнд хамааралгүй. 2013 онд 8 хувийн орон сууцны зээл авахад урьдчилгаа байршуулахад зөвшөөрөл өгч хамтран эзэмшигчээр орсон болохоос миний нэр дээр өгөгдөөгүй. 9404 УНЯ гэсэн Норд бенз маркийн машин Хоролсүрэнтэй хамтран амьдарч байх хугацаанд миний нэр дээр ирсэн. Гэхдээ энэ машиныг өмнөх цагаан өнгийн микро машинаар сольж авсан машин. Хүү Лувсанравжааг өөрийн асрамжид авна. Өмнөх гэр бүлээс том хүү маань над дээр, бага охин ээж дээрээ байдаг. Л.Хоролсүрэнтэй амьдарч байх хугацаанд хүү Энх-Амгаланг өөр дээрээ авах ямар ч боломж, бололцоо байгаагүй. Энэ хүний ааш араншин тэвчихэд хэцүү, хүү Лувсанравжаад хүртэл хандах хандлага нь хүндрэлтэй, өөрийн ээж дээр байлгадаг байсан. Гэр бүлийн хүчирхийлэл гэх боловч Л.Хоролсүрэнгээс хамааралтай нөхцөл, байдал байсан. Нэхэмжлэгч өвчтэй, байнгын эмчийн хяналтад байдаг, оюутан, цалин, орлогогүй, ажил төрөлгүй, орон байргүй.  0,07 га газар л хуваагдах юм. Нэхэмжлэгч хамтын амьдралтай байх үеийн баримтуудыг гаргажээ. Сургалтын төлбөрийг өөрөө хүсэл зоригоор сурч байгаа учир хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй. Иймд гэрлэлт цуцлахыг зөвшөөрнө, Сүхжаргалын гэр бүлд насанд хүрээгүй Энх-Амгалан байна, эх болох тэтгэврийн насны Должинжав байдаг гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Алтанхүүгийн Сүхжаргал /РД:ТЖ81010914/, Дөрвөд овогт Лхагвасүрэнгийн Хоролсүрэн /РД:УЗ91051703/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү С.Лувсанравжааг эх Л.Хоролсүрэнгийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү С.Лувсанравжааг нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Сүхжаргалаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүү С.Лувсанравжааг эцэг А.Сүхжаргалтай уулзуулахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Л.Хоролсүрэнд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Хоролсүрэн нь 18-61 УНӨ улсын дугаартай Войлво маркийн тээврийн хэрэгслээс ноогдох хэсгээ гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.3, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 42а байрны 13 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 0.5 м.кв газар, 94-03 УНЯ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгсэл, 00-08 УНЯ улсын дугаартай чиргүүлийн хамт тус тус А.Сүхжаргалын өмчлөлд үлдээж, хариуцагч А.Сүхжаргалаас гэр бүлийн хоёр гишүүнд оногдох хувь буюу 76 067 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Хоролсүрэнд олгож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Хоролсүрэнгийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох ХУД 15-р хороо Чингисийн өргөн чөлөө гудамж, 50-р байр 71 тоотын 1 өрөө орон сууц болон А.Сүхжаргалын банкууд дахь данснаас 314 703 396 төгрөгийг гаргуулах, нэмэлт зардалд нийт 5 956 579 төгрөгийг гаргуулах болон А.Сүхжаргалын эцэг байх эрхийг хасуулах, 94-03 УНЯ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг Б.Должинжавт шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Хоролсүрэнгээс 273 875 төгрөгийг, хариуцагч А.Сүхжаргалаас 141 875 төгрөгийг тус тус гаргуулан ХУД-ын Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст, хариуцагч А.Сүхжаргалаас 132 000 төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-д тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,нэхэмжлэгч Л.Хоролсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 538 285 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч А.Сүхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 538 285 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Хоролсүрэнд олгож, хариуцагч А.Сүхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 31 233 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч А.Сүхжаргал болон түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хүү Лувсанравжааг нэхэмжлэгч Л.Хоролсүрэнгийн асрамжид үлдээх боломжгүй. Л.Хоролсүрэн нь бусдад халдварлах магадлалтай өвчнөөр өвчилж байсан, оюутан байнгын цалин орлогогүй, өөрийн гэсэн орон байхгүйн дээр шинжээчийн дүгнэлтээр хүүхдийг хариуцагч эцэг А.Сүхжаргалын асрамжид байвал хүүхдэд илүү ээлтэй байхыг дурдсан. Хүүхэд эхтэйгээ дасан зохицсон гэсэн дүгнэлтийг шүүх хийсэн байгаа ч энэ нь асрамжийг шийдвэрлэх үндэслэл биш юм. Хан-Уул дүүргийн 2-р хороо 42А байрны 13 тоот 2 өрөө орон сууцнаас оногдох хэсгийг гаргуулсан нь үндэслэлгүй. А.Сүхжаргалаас гаргасан 8 хувийн хүүтэй зээл авах хүсэлт ёсоор байрыг худалдан авах 20 жилийн хугацаатай зээлийг Голомт банк гаргаж, уг зээлийг хүү, үндсэн зээлийг графикаар сар бүр төлөх гэрээ байгуулсан. А.Сүхжаргалын асрамжид ээж Б.Должинжав өндөр насны тэтгэвэртэй, хүү С.Энх-Амгалан дунд сургуулийн сурагч. 94-03 УНЯ улсын дугаартай НОРД бенз маркийн авто машины үнэлгээ 19 000 000 төгрөг, гэр бүлийн 1 гишүүнд оногдох хэсэг 3 800 000 төгрөг болно. СХД-ийн 21-р хороонд байрлах цахимаар олгогдсон 0.05 га газрын үнэлгээ 3 000 000 төгрөг гэр бүлийн нэг гишүүнд оногдох хэсэг нь 600 000 төгрөг байна. 00-08 ГЧ улсын дугаартай чиргүүл нь А.Сүхжаргал, Л.Хоролсүрэн нарыг гэр бүл болохоос өмнө А.Сүхжаргалын хуваарьт хөрөнгө. Дээрх хөрөнгүүдээс Л.Хоролсүрэнд 4 400 000 төгрөг ногдож байх бөгөөд шүүхийн шийдвэрээр А.Сүхжаргалаас гаргуулсан 76 067 000 төгрөгнөөс Л.Хоролсүрэнд оногдох 4 400 000 төгрөгийг хасч 71 667 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн 1 болон 6-р зүйлд өөрчлөлт оруулна уу гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Хоролсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт ХУД, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 50 дугаар байр, 71 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Сүхжаргал, Д.Алтанхүү нар бүртгүүлсэн буюу зохигчид гэр бүл болсноос хойш А.Сүхжаргал дурдсан орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн баримт байсаар атал тус баримтыг үл үнэлсэн.

Өвчний улмаас гаргасан зардлуудыг баримтаар нотлоогүй гэж дүгнэхдээ миний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон акт, тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, эмчийн бичиж өгсөн эмийн жор гэх мэт баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэн зөв үнэлсэнгүй.

Шүүх шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүй.

 

А.Сүхжаргал бидний гэр бүл болсноос хойш бий болсон ХУД, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 50 дугаар байр, 71 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцны хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэхээргүй байна хэмээн дүгнэж шийдвэрлэсэн нь буруу. Гэр бүлийн тухай хуулийн 36, 37 дугаар зүйлийн заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн онцгой нөхцөл байдалд хамааралгүй гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх Иргэний процессийн хуулийн 54, 56 дугаар зүйлийн заалтаар тогтоосон журмыг зөрчин хариуцагч А.Сүхжаргалын хүсэлтээр хийгдсэн шинжилгээний зардлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Хоролсүрэн нь хариуцагч А.Сүхжаргалд холбогдуулан гэрлэлт цуцалж, А.Сүхжаргалын эцэг байх эрхийг хасуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулж, тээврийн хэрэгслийг Б.Должинжавт шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, эмчилгээний зардалд 3 076 065 төгрөг, 472 055 929 төгрөгөөс хүүхдэд болон өөрт ногдох хэсэг 314 703 396 төгрөг, АШУҮИС-ийн төлбөр 1 664 000 төгрөг, зардалд 270 270 төгрөг, ус дулаан СӨХ-ны төлбөрт 572 404 төгрөг, хүүхдийн хэрэгцээнд 303 840 төгрөг, хөрөнгийн үнэлгээ, орон сууцны ханшийн судалгаа хийлгэхэд гарсан зардалд 70 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ...,хүүхдээ өөрийн асрамжид авна, гэр бүлийн дундын эд хөрөнгө 0,07 га газар байгаа гэж маргажээ. /1хх-1-2, 31/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлэхдээ гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 94-03 УНЯ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг Б.Должинжавын нэр дээр шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаарджээ. /2хх-151-153/ Мөн энэ шаардлагатай холбоотойгоор Б.Должинжавыг хариуцагчаар татахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгожээ.

 

Анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэснээс зохигчид хэргийн үйл баримтын талаар бүрэн мэтгэлцэж чадаагүй, эрх нь зөрчигдсөн, давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

Уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах ямар үндэслэл байгаа, түүний үр дагаврыг арилгуулахаар шаардсан тохиолдолд тухайн эд хөрөнгө хэний өмчлөлд байгаа, гуравдагч этгээдийн буюу шударгаар эзэмшилдээ авсан өмчлөгч бий эсэх, хариуцагчийн эх Б.Должинжавын эзэмшилд байгаа эсэх нөхцөл байдалтай холбоотойгоор хариуцагчийг тодорхойлох, хариуцагчаар эсхүл гуравдагч этгээдээр оролцох этгээдийг тодруулах шаардлагатай юм.

 

Түүнчлэн, ХУД-ийн 15-р хороо Чингисийн өргөн чөлөө гудамж, 50-р байр 71 тоотын 1 өрөө орон сууц гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн эсэх, уг хөрөнгө гуравдагч этгээдийн барьцаанд байгаа эсэх зэрэг тухайн орон сууцтай холбоотой ногдох хэсгийг тодорхойлох асуудал ач холбогдолтой юм. Гэтэл хэрэгт дээрх нөхцөл байдлыг тодорхойлох баримт авагдаагүй байна. Мөн хамтран өмчлөх дундын өмчийг хувааж байгаа тохиолдолд уг хөрөнгөд ногдох үүрэг, өр зээл мөн хуваагдах эсэхийг шийдвэрлэх ёстой юм. Гэтэл гэрлэлт цуцлах өдрийн байдлаар хамтран өмчлөх дундын өмчид ногдох үүрэг, зээлийн өрийн хэмжээ тодорхойгүй, энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Хэргийн 1 хавтасны 8 дугаар талд авагдсан эвлэрлийн гэрээ нь Л.Хоролсүрэн шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2016 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр байгуулагдсан байна. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан ба дээрх ажиллагааг явуулах боломжгүй гэж үзэж байгаа тохиолдолд талууд гэрлэлт цуцлахаас бусад асуудлаар эвлэрэн хэлэлцэх боломжтой байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.7 дахь хэсэгт зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ажиллагааг шүүх хийхээр зохицуулсан. Гэтэл дээрх ажиллагааг хийсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гэр бүл цуцалсантай холбоотой ногдох хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн гишүүдийн нөхцөл байдал хүүхэд хэний асрамжид үлдэж байгаа болон бусад гишүүдийн эрх ашгийг харгалзан үзнэ. Гэрлэгчдийн гэр бүлийн гишүүнд А.Сүхжаргалын эх болон н.Энх-Амгалан гэх хүүхэд байгаа эсэх нөхцөл байдал тодорхой бус байна. Уг нөхцөл байдал хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлоход ач холбогдолтой юм.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/02116 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч А.Сүхжаргалын 516 285 төгрөг, нэхэмжлэгч Л.Хоролсүрэнгийн 516 285 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ш.ОЮУНХАНД