Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2025/ДШМ/926

 

 2025            08            05                                                                               2025/ДШМ/926

                                                                 

Б.Н-ад холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Марал,

хохирогч О.Намууны өмгөөлөгч Н.Түвшинжаргал,

шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч А.Намнансүрэн,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/1001 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н-, хохирогч О.Н- нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудыг үндэслэн Б.Н-ад холбогдох 2403009440173 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.      

Монгол овогт Батнасангийн Н-, .............,

урьд: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-өдрийн 923 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж 2 жил хорих ял, 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2021 оны 9 дүгээр сарын 17-нд 9 сар 8 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдаж, 2020 оны 02 дугаар сарын 12-нд 1.000.000 төгрөгийн торгох ялыг биелүүлсэн /РД:............../,  

 Шүүгдэгч Б.Н- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг Гандийн гудамж, Хөл бөмбөгийн талбайн зүүн талын замд 2024 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 10:45 цагийн үед “Тоёота Приус-30” загварын ****ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч О.Н-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ад тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Н- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Н-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг...” дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Н- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. Учир нь Улаанбаатар төмөр замын Дархан депод мастер ажил эрхэлдэг чөлөөний хугацаа дуусаж ажилдаа орох болсон мөн хохирогчийн иргэний шүүхээр нэхэмжилсэн мөнгө гаргаж өгөх тул миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Намнансүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан хүсэлтийг дэмжиж оролцож байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай холбоотой маргахгүй байгаа. Өмнө нь Улаанбаатар төмөр замд ажиллаж байсан. Уг байгууллага нь ажилдаа авах тухай хэлсэн. Гэмт хэргээс учирсан хохирол, төлбөрийг заавал иргэний шүүхээр шийдвэрлэхгүйгээр аль болох богино хугацаанд ажил хөдөлмөрөө эрхлээд үүнийгээ төлнө гэж миний үйлчлүүлэгч тайлбарлаж байгаа. Тийм ч учраас 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хохирогчтой холбогдож, дансны дугаарыг нь авснаар 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн хагалгаанд шаардлагатай мөнгө зэрэг төлбөрийг шат дараатайгаар шийднэ гэж үзэж байна. Ингэхдээ автотээврийн хэрэгслийг зарж борлуулж шийднэ гэсэн бодолтой байгаа. Шүүгдэгчийн эхнэрийн хувьд сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд хосууд Дархан хотод амьдардаг. Шүүгдэгч болон шүүгдэгчийн эхнэр өөрсдөө хувиараа бизнес эрхэлж байгаа бөгөөд үүнийгээ нотолж, дансны хуулгыг нотлох баримтаар өгсөн. Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн гэм буруутай холбоотой маргахгүй байгаа бөгөөд хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө бүрэн илэрхийлж байгаа учраас анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн санал болгосон 3500 нэгжээр торгох ялаар 320 цагаар албадан ажил хийлгэх ялыг сольж өгнө үү...” гэв.

Хохирогч О.Н- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэрийг гаргасан. Учир нь миний бие зүв зүгээр явж байгаад энэ шүүгдэгчийн буруутай үйлдлээс болж эрүүл мэндийн хувьд хүндэвтэр гэмтэлтэй болж хүний явдаг тулгуур эрхтнүүдийн гол хэсэг болох өвдөг хөлөндөө хагалгаа хийлгэхгүй бол цаашид миний хөдөлмөрийн чадвар байнга алдагдах эрсдэлтэй гэмтэл авсан. Энэ хүн өмнө удаа дараа тээврийн хэрэгслээр хүн мөргөж гэмтэл учруулж зугтаасан гэмт хэрэг шүүхээр шийтгүүлж байсан ч энэ тал дээрээ ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байхад түүнд шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа хэт хөнгөн ял өгсөн гэж үзэж байна.

Учир нь өнөөдөр миний хувьд энэ хүнээс болоод гэмтэл авчихсан, ажлаа нэг хэсэгтээ хийгээгүй явж хөдлөхгүй байж байгаад хагалгаанд яаралтай орох шаардлагатай гэж хэлсэн боловч банкны зээл төлөх шаардлагатай, хүүхдээ тэжээн тэтгэх амьдрахын тулд өнөөдрийн нөхцөл байдлын хувьд энэ их хэмжээний мөнгө гаргаж хагалгаанд орох боломжгүй байгаа учраас өнөөдөр яалт ч үгүй яваад ажил амьдралаа залгуулаад явж байна. Гэтэл энэ хүн хохирол төлбөр, хор уршиг арилаагүй байхад хохирол төлөх ямар ч сонирхол байхгүй зөвхөн гэм буруу дээрээ маргахгүй эмнэлэгт хүргэж өгсөн гэдгээр ял шийтгэлийг хөнгөрүүлэн өгсөнд маш их гомдолтой байна. Эцсийн эцэст өнөөдөр энэ хүн биш би ирээдүйдээ явж чадах уу үгүй юу гэдэг нь хэрхэн хурдан хагалгаа хийлгэхээс шалтгаалж хохирч байна. Надаа ийм хэмжээний мөнгө байхгүй учраас өнөөдөр би хагалгаа хийлгэж чадахгүй харин сэтгэл санааны хохирлоо гаргуулж байж ядаж хагалгаагаа хийлгэмээр байна. Яагаад өнөөдөр би хохирсон дээрээ хууль хяналтын байгууллагын уялдаа холбоо ойлгомжгүй байдлаас болж сэтгэл санааны хохирлоо жич нэхэмжлэхээр дахин шүүхэд хандан явах ёстой гэж.

Би хэрэв заавал шинжээч томилдог л байсан бол би шинжээчид үзүүлээд л эрүүгийн шүүхээр орох байсан. Гэтэл магадлал хүснэгтээр шүүх шийддэг хэрэв зөвшөөрөхгүй л бол шинжээч томилдог. Тэгэх юм бол дараалалд ороод уддаг гэж цагдаагийн хэлснээр зөвшөөрөөд шүүхээр орсон. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан зохицуулалтын хүрээнд заавал хэргийг прокурорт буцаахгүйгээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх боломжтой гэсэн хуулийн заалт байсаар байтал энэ заалтыг хэрэглэхгүйгээр шүүгдэгчийг хохирол төлбөргүй гэж ялыг бага өгч хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдэж байгаад гомдолтой байна. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаагүй гэж үзэж байна. Шүүх нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Яагаад гэвэл намайг өмгөөлөгчтэй оролцуулаагүй, шийтгэх тогтоолоо 2 сарын дараа гаргаж надаа өгсөн. Шүүгчийн туслахаас асуухаар уурлаж загнадаг. Гэм буруутай хүнд ашигтайгаар шийдвэрлэж хохирогч намайг илүү их хохирсон дээр минь хохироож байна. Иймд хохирол төлбөр, хор уршгийг зөв тодорхойлоогүй, миний эрхийг зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр сэтгэцэд учирсан хохирлыг тооцож гаргуулсны дараа гэм буруугийн асуудлыг нь шийдвэрлэж миний эрхийг хангаж өгнө үү. Надтай ярьж яаж байна, яах уу гээд 5,10 төгрөг ч өгөөгүй өгөх ч бодолгүй байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй харин бүүр хөнгөрүүлсэн нөхцөл байдал байна гэж үзэж ял оногдуулсныг зөвшөөрөхгүй байна. Одоо би яаж иргэний шүүхээр нэхэмжлэхээ мэдэхгүй нөхцөл байдал үүсээд байна. Хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохоор цагдаагаас тогтоол өгөхгүй, иргэний шүүх сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулсан бол тэрийгээ буруутай хүнээсээ нэхэмжилж болно гэж байна. Гэтэл би шийдээд дуусчихсан шийтгэх тогтоолыг бариад шүүхэд нэхэмжлэл гаргаж болохгүй шүүхээс захирамж тогтоол байхгүй болохоор Шүүх эмнэлэг нь тогтоолгүй бол үзэхгүй гээд, цагдаа нь дууссан хэрэг болохоор одоо тогтоол өгөхгүй .... Өнөөдрийн хохирогч нарын хохирсон байдал дээр шүүх улам хохироож байгаад бас загнаж шийтгэх тогтоолоо хугацаанд нь гаргахгүй 2 сарын дараа тогтоолоо гаргаж өгч хохирогч намайг чирэгдүүлж хохироож байгаад гомдолтой байна...” гэжээ.

Хохирогч О.Н-ы өмгөөлөгч Н.Түвшинжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэл оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг анхан шатны шүүх хангаагүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь 2019 онд тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр барьсан. Гэтэл энэ үйлдлээсээ ухаараагүй байна. Уг үйлдэлдээ гэмшиж байгаа зүйл байхгүй байна. Хохирол төлөхөө илэрхийлэх нь бүү хэл хохирлоо төлөөгүй буюу хор уршиг арилгаагүй. Давж заалдах шүүхэд гомдол гаргасны дараа 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Хохирогч шүүх хуралдаанд “би ганц бие эмэгтэй, манай хүүхдийг сургуульд хүргээд өгөөч гэж 2-3 удаа утсаар ярьсан, нэг удаа сургуульд хүргэж өгсөн, удалгүй би чадахгүй Дархан явдаг гэж хэлээд явсан, 10,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийн хооронд хагалгаанд орох ёстой, өвдгөндөө чулуутгагч чиг гэх зүйлийг зүүсэн учраас өвдөг нугарахгүй байсан, тиймээс шүүгдэгчээс аргаа барж гуйсан” гэж мэдүүлсэн. Миний үйлчлүүлэгч өөрөө эмнэлэгт хэвтэлгүй сургуульд нь хүүхдээ зөөх гэж өвчнөө тэвчиж байсан. Хүндрэлтэй байсан учраас шүүгдэгчээс гуйхад хүргэж өгөөгүй үйл баримт байдаг. Хохирогчийн зүгээс шүүгдэгчийн ял шийтгэл хөнгөдсөн гэж давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх ял шийтгэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн. Өмгөөлөгчийн зүгээс хохирогч О.Н-ы гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэхээр шийдсэнд гомдолтой байна. Гэм хор учирсан бөгөөд ингэхдээ эрүүгийн хэргээс болж учирсан. Тиймээс эрүүгийн хэрэгтэй хамт шийдэх ёстой байсан. Хохирогч гомдолдоо “хууль хяналтын байгууллагын уялдаа холбоо, ойлгомжгүй байдлаас болж би өнөөдөр хохирч байна, мөрдөгчийн тайлбар, шүүгчийн дүгнэлт хоёр нэг хуулийг зөрүүтэй хэрэглэж байна” гэж тайлбарласан. Эдийн бус гэм хорын маргааныг эрүүгийн хэрэгтэй нэг шийдвэрлэх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэмт хэргийн улмаас хохирогчийн өвдөг, тулгуур эрхтэн гэмтсэн. Өвдгөвчний холбогч чагт тасарсан буюу 80 хувийн гэмтэлтэй гэж гарсан. Одоог хүртэл хагалгаанд ороогүй байгаа учраас магадгүй 90 хувьтай байж магадгүй. Шүүгдэгчийн зүгээс гэм буруутай холбоотой маргаагүй. Энэ гэмт хэргийг хэн үйлдсэн бэ гэхэд “би үйлдсэн үйлдэлдээ маргахгүй” гэж тайлбарласан. Энэ үйл баримт илэрхий байхад эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэснээр хохирогчид ашигтай гэж үзэж байна. Иргэний журмаар шийдвэрлэх ёстой гэж орхиж байгаа нь хохирогчийг улам хохироож байна гэж үзэж байна. Учир нь хохирогчид нотолгооны үүргийн ачааллыг нэмэгдүүлж байна. Маргаан иргэний журмаар явагдахад нотолгооны үүргийн хуваарилалт болон талуудын тэгш эрхийн зарчмын дагуу явагддаг. Иймд нотолгооны үүргийг ашиглах институтийг төр болон шүүх хуулиар хязгаарлаж байна. Эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэснээр нотолгооны үүрэг хохирогчид үүсэхгүй. Өөрөөр хэлбэл хохирогч нотолгооны үүргээс чөлөөлөгдөнө. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль хүнийг хүн гэх мөн чанараас гадна түүний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахаар хуульчлагдсан. Энэ хуулийн зохицуулалтаар хохирол төлөгдөөгүй хуулийн зарчмыг тусгасан. Гэтэл энэ ослоос болж хохирогч хохирч, ямар хэмжээний өвдөлт, зовуурь, шаналал, сэтгэл зүйн дарамт авсан гэдгийг анхаарч үзэхгүй байна. Хохирогч 3 сар ажлаа хийгээгүй. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөрдөгч хүснэгтээр тогтоож, тус хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үздэг байсан. Гэтэл хэрэг гарснаас хойш Улсын дээд шүүх аргачлал хуулиас дээгүүр байна, шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэхгүй гэж тайлбарласан. Хууль хяналтын байгууллагуудын уялдаа холбооноос болж, хохирогч хохирох ёсгүй. Анхан шатны шүүхээс шинжээч томилж, 60 хоногийн хугацаа тогтоох боломжтой байсан. Тиймээс анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. 60 хоногийн хугацаанд эрүүгийн гэмт хэрэгтэй нь хамтатгаад шинжээч томилох эрх анхан шатны шүүхэд байсан. Үүнийг яагаад хэрэглээгүй юм бэ. Энэ байдлаас болж хохирогч хохирох ёсгүй. Анхан шатны шүүхээс 14 хоногийн дотор гарах ёстой шийтгэх тогтоолыг 2 сарын дараа гаргасан. Хохирогчийг хохирсон дээр нь хохироож байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор А.Марал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн үндэслэлтэй гарсан. Хохирогчийн болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Тухайн хэрэг 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гарсан. Бид мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид сэтгэцэд учирсан хохирлыг хүснэгтээр танилцуулж, гомдол гаргасан тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргаж явсан. Шүүх янз бүрээр шийдэж байсан. Тиймээс бид хүснэгтээр хохирогчид учирсан хохирлыг 3 дугаар зэргээр тогтоож, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үүнийг шүүх 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд сэтгэцэд учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Мөн хохирогчийн гаргасан гомдолд дурдсан цалингийн зөрүү болох 3 сарын цалингийн зөрүү 12,000,000 төгрөг, хагалгаа хийлгэх 10,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан нь нотлох баримтын хүртээмж муу буюу шүүхэд шийдвэрлэх нотлох баримтыг бүрдүүлээгүй байсан. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдал, цалин орлого авсан байдал зэрэгтэй холбоотой баримтууд дутуу байсан учраас шүүх үүнийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь зөв байсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр зөв хэмээн прокурорын зүгээс үзэж байна. Шүүгдэгч Б.Н-ын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эрхэлсэн тодорхой ажилгүй гэж дүгнэгдсэн. Тухайн ажил хийж байгаа байгууллага болон орлого олж байгаа талаарх баримтаа хэрэгт хавсаргаагүй. Прокурорын зүгээс 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал гаргасан хэдий ч шүүх үүнийг биелэгдэх боломжгүй гэж харсан. Ингэж 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, чанарт тохирсон гэж үзсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү…” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч О.Н-, шүүгдэгч Б.Н- нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Н- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг Гандийн гудамж, Хөл бөмбөгийн талбайн баруун талын замд 2024 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 10:45 цагийн үед “Тоёота Приус-30” загварын ****ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч О.Н-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-11/,

- хохирогч О.Н-ы: “...2024 оны 11 дугаар сарын 3-нд ертөнцийн зүгээр урдаас хойшоо харсан байдалтай зогсож байтал хоёр эгнээтэй замын хойноос урагш чиглэлтэй чигээрээ явдаг авто машины замд дээр нэг машин ухарч ирээд намайг арын гупер хэсгээрээ миний нуруу хэсэг рүү мөргөж унагасан ба баруун хөлний чагтан холбоос урагдсан гэдгийг MRI үзүүлж байж мэдсэн.  Хөл бүрэн эдгэрээгүй мөн хөлний хагалгаанд орохоор болж байгаа тухайн хагалгаа нь хувийн эмнэлэгт 10-15 орчим сая төгрөг болно гэж байсан. Гомдолтой байна. Нэхэмжилнэ цалин хөлс болон ажилгүй үеийн тэтгэмж мөн сэтгэл санааны хохирлоо гаргуулж авна. Би сард үндсэн цалин 1,500,000 мянган төгрөг үүнээс гадна урамшуулал болж эмнэлэгт орсон орлогын хувь тогтоож урамшуулал нэмж авдаг сард багадаа 4,000,000 төгрөг авдаг...” /хх 16-18/,

- автотээврийн үндэсний төв, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 545 дугаар дүгнэлт: “...Тoyota Prius маркийн **** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд оврын 2 гэрэл асахгүй, улсын бүртгэлийн 2 гэрэл асахгүй, хойд гупер бага зэрэг хагарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Урд оврын 2 гэрэл асахгүй, улсын бүртгэлийн 2 гэрэл асахгүй, хойд гупер бага зэрэг хагарсан зэрэг нь ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна. Шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Тоормос бүрэн ажиллаж байсан. Шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй автотээврийн хувьд тоормос гишгэх үед ачсан ачаа, замын гадаргуу, тоормосны дөрөв дээр гишгэх хүч зэргээс шалтгаалж тоормосны мөр зам дээр үүснэ...” /хх 22-27/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14993 дугаар шинжээчийн дүгнэлт: “...О.Н-ы биед өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний арын эврийн хөндлөн урагдалт, урд, ард чагтан холбоосны урагдалт, зөөлөн эдийн няцрал, тойг ясны орчмын зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт шарх, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо 5 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” /хх 32-33/,

- Б.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн мэдээлэл, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Голомт банкны дансны хуулга, бусад мэдээлэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 36-62/,

- Мөрдөгчийн магадлагаа… Тоёота Приус маркийн ****ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан жолооч Б.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэх тус тус дүрмийн заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байна. Явган зорчигч О.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний ямар нэг зүйл заалт зөрчөөгүй байна…/хх 63/,

- шүүгдэгч Б.Н-ын: “...эмчилгээний зардал барагдуулсан. Нэмж барагдуулаагүй. Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” /хх 72/,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 923 дугаар шийтгэх тогтоол /хх 76-83/, 

- О.Н-ы эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, ажлын газрын тодорхойлолт, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, /хх 84, 90-127/,

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт... О.Н- сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл тогтоов…/хх 85/,

- иргэний нэхэмжлэгч С.С-ийн: “...О.Н- нь 2024 оны 11 дүгээр сарын 3-аас 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрүүдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 196.380 төгрөгийн үйлчилгээ авсан байна...” /хх 131/ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.Н-ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Н-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гаргасан зөрчил нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон гэж дүгнэн, түүний уг үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаар зөв тайлбарлан зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаарддаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлаар мэргэшсэн мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлт гаргадаг бөгөөд шүүгдэгч Б.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.14-т Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэх тус тус дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан талаар Мөрдөгчийн магадлагаа гарсан, шүүгдэгчийн энэхүү болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч О.Н-ы биед “өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний арын эврийн хөндлөн урагдалт, урд, ард чагтан холбоосны урагдалт, зөөлөн эдийн няцрал, тойг ясны орчмын зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт шарх, зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүд болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогджээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй байх бөгөөд хэргийн үйл баримтыг бүрэн, эргэлзээгүй байдлаар нотолсон байна.

Шүүгдэгч Б.Н- “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхийн хуулиар олгогдсон бүрэн эрх юм.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хууль ёсны шаардлагыг шүүхээс оногдуулсан ял хэрхэн хангаж байгаа болохыг тайлбарлах нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд нийцэж гарсныг илтгэх шалгууруудын нэг болдог.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Н-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогч О.Н- “...хохирол хор уршгийг зөв тодорхойлоогүй, шүүгдэгчид хөнгөн ял оногдуулсан, сэтгэл санааны хохирол болон бусад хохирлыг иргэний журмаар жич нэхэмжил гэсэн нь намайг чирэгдүүлж байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт хохирогч О.Н-ы эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, ажлын газрын тодорхойлолт, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, /хх 84, 90-127/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт... О.Н- сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл тогтоов…/хх 85/ гэсэн баримтууд авагджээ.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол”, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг”-т тооцно гэж тус тус хуульчилсан.

Хохирогч О.Н- нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирол болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилсэн ба хэрэгт авагдсан дээрх баримтуудаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэг мөр шийдвэрлэхэд төдийлөн хангалттай бус байх ба энэ талаарх анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно" гэж, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;" гэж гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг тус тус зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор хүлээн зөвшөөрч дээрх заалтыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар “...хүндрүүлж. ...” гэснийг хассан өөрчлөлтийг оруулсан.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан “Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ” 39.9 дүгээр зүйлд заасан “Давж заалдах шатны шүүхийн шийдвэр” гаргахдаа хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэх эрх хэмжээ, шийдвэрийг дээрх хуулиар хориглосон тул хохирогчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Н-ад оногдуулсан ялыг хүндрүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр хохирогч О.Н-, шүүгдэгч Б.Н- нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/1001 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/1001 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Н-, шүүгдэгч Б.Н- нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХТУЛГА

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ