| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0180/э |
| Дугаар | 000191 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 000191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Шүүгдэгч Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 1825002240191 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт баг, Овоотын оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Б-ын Д
Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотод эхнэр М.Б, охин Д.Ц нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их харамсаж байна. Өөр ярих зүйлгүй гэв.
-Хохирогч М.Бийн: 2018 оны 03 дугаар сарын 15-ны орой намайг гэртээ байж байхад нөхөр Д миний утас руу залгаад айлаас ирж ав гэхээр нь ганцаараа гараад Д-ын архи ууж байгаа айлын гадаа ирээд Д руу залгаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд Д намайг 30 гаруй минут хүлээлгэж байгаад гарч ирээд чи урд айлын Б-тай унтсан байна гэж хэрүүлийн чанартай юм яриад байсан. Д бид хоёр гэртээ ирээд хашаанд байх машиныг хуч гэхээр нь машин хучиж байхад Д урдаас ирээд миний үснээс зулгаагаад бэлэг эрхтэн хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Миний том охин Ц ОО-оос гарч ирээд та болиоч ээ гэхэд Д гэртээ ор, та нарыг бүгдийг чинь ална гэж хэлсэн. Тэгээд бид нар гэртээ ороход Д хэрүүл хийгээд намайг цохих гэхэд охин Ц урдуур нь ороод аавыгаа дараад хэвтээд авахаар нь би утсаа авч гэрээсээ гараад ах Б-ын утас руу залгаж тусламж дуудсан. Аавыгаа тэврээд авахад нь охин Цийн чихийг нь хазсан гэж хэлсэн. Гэхдээ намайг гарсаны дараа хазсан байх. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэсэн мэдүүлэг /хх 13 ху/
-Насанд хүрээгүй хохирогч Д.Ц-ийн ...Бид нар гэртээ ороход аав, ээжийг цохих гээд байхаар нь би аавын араас тэврээд авахад ээж утсаа аваад гараад гүйчихсэн. Аав миний зүүн талын чихнээс хазчихсан. Би гэрээс гараад ээжийн ах Б-ын гэрт очиж тусламж дуудсан гэсэн мэдүүлэг /хх 27 ху/,
-Гэрч Л.Т-ийн...2018 оны 03 дугаар сарын 15-ны орой гэртээ нөхөр хүүхдийн хамт байж байхад манай нөхрийн утас руу төрсөн дүү Б нь залгаад нөхөр Д зодож байна, Ц аавыгаа барьж байх хойгуур нь би зугтаачихсан, одоо хүүхдээ зодож байгаа байх та очоод хүүхдийг маань аваад өгөөч, цагдаад дуудлага өгөх хэрэгтэй гэж хэлсэн. Нөхөр бид 2 цагдаад дуудлага өгчихөөд Д-ын гэр рүү явж байхад урдаас Ц ирэхээр нь юу болсон талаар асуухад аав ээжийг зодсон, миний чихийг хазчихлаа гэж хэлэхээр нь нөхөр бид 2 гэртээ оруулчихаад Д-ын гэрт очиход цагдаа нар ирсэн гэсэн мэдүүлэг /хх 31 ху/
-Гэрч М.Б-ын: 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ эхнэрийн хамт байж байхад миний утас руу дүү Б залгаад Д архи ууж ирээд зодоод байна, хурдан ирээд аваач гэж хэлсэн. Би өөрийнхөө утаснаас цагдаад дуудлага өгчихөөд эхнэр Т-ийн хамт гэрээс гараад Дын гэр рүү явж байхад Ц урдаас ирэхээр нь юу болсон талаар асуухад аав архи ууж ирээд ээжийг зодоод байна, би аавыг тэврээд авсан чинь миний чихнээс хазчихлаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 36 ху/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 271 дугаартай шинжээчийн...М.Б-ийн биед баруун цавь, умдаг, баруун гуянд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал үүсчээ. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгджээ. Баруун цавь, умдаг, баруун гуянд цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, хуйханд зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх-ийн 38 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 276 дугаартай шинжээчийн... Д.Ц-ийн биед зүүн чихний дэлбээнд урагдсан шарх үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна гэсэн мэдүүлэг /хх 42 ху/
-Б.Дыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 48, 49-50 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 52 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Б.Дын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 20-19 тоотод эхнэр М.Б, охин Д.Ц нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Д урдаас ирээд миний үснээс зулгаагаад бэлэг эрхтэн хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Д.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... аав миний зүүн талын чихнээс хазчихсан гэсэн мэдүүлэг, гэрч Л.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... нөхрийн утас руу төрсөн дүү Б нь залгаад нөхөр Д зодож байна, Ц аавыгаа барьж байх хойгуур нь би зугтаачихсан, одоо хүүхдээ зодож байгаа байх та цагдаад дуудлага өгөөч гэж хэлсэн. Нөхөр бид 2 цагдаад дуудлага өгчихөөд Дын гэр рүү явж байхад урдаас Ц ирэхээр нь юу болсон талаар асуухад аав ээжийг зодсон, миний чихийг хазчихлаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, гэрч М.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... дүү Б залгаад Д архи ууж ирээд зодоод байна, хурдан ирээд аваач гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, хохирогч М.Бийн биед баруун цавь, умдаг, баруун гуянд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал үүссэнийг тогтоосон 271 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Д.Цийн биед зүүн чихний дэлбээнд урагдсан шарх үүссэнийг тогтоосон 276 дугаартай дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Дын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч М.Б, Д.Ц нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ