| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2506 00000 0357 |
| Дугаар | 2025/ДШМ/927 |
| Огноо | 2025-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Дөлгөөн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/927
А.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Дөлгөөн,
шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Б.Будхүү,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2025/ШЦТ/1176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2506 00000 0357 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн А-ийн Б-, ................../РД:ХЕ.............../,
Шүүгдэгч А.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ****** хорооны нутаг дэвсгэрт байрлах Тарвилан хотхоны 48д байрны орцонд хамтран амьдрагч Х.Н-ийн бугалга, өгзөг, шилбэн тус газарт хутгаар хатгаж, шуу, далан тус газарт гурлын модоор цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Б-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Б- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэхийг...” дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Б- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Б- миний бие 2025 оны 2 сараас эхлэн айл гэр болон албан байгууллагын мэргэжлийн дуудлага цэвэрлэгээ, үйлчилгээний “**********” гэх байгууллагад үйлчилгээний ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд өдөр болгон 8:30 цагаас 18:30 цагийн хооронд ажилладаг, ер нь ихэвчлэн дуудлага ихтэй, ажил ихтэй үед оройн 21:00 цаг хүртэл ажилладаг. Цалин хөлсний тухайд, 2025 оны 2 сард 1,400,000 төгрөг, 2025 оны 3 сард 1,300,000 төгрөг, 2025 оны 4 сард 1,400,000 төгрөг, 2025 оны 5 сард 4,900,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 3,300,000 төгрөгийн цалинтай ажилласан байна. Гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг авсан бөгөөд эдгээр мэдүүлгүүдэд “Ажилгүй” гэж тэмдэглэгдсэнийг миний бие анхан шатны шүүх хуралдаанд шүүгчээс “таны мэдүүлэгт ажилгүй гэж тэмдэглэгдсэн байна” гэж хэлснээр мэдсэн болно. Тухайн үед мэдүүлэг авч байх үед хэсгийн байцаагч нь “таны хэрэг хөнгөн хэрэг учраас торгуулаад л өнгөрөх гайгүй хэрэг байна” гэх зэргээр хэлээд байсан болохоор миний бие ажил хөдөлмөр эрхэлж байгаатай холбоотой тайлбар баримтыг тодотгож гаргаж өгөөгүй, ач холбогдол өгөөгүй юм. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр миний бие ажил хөдөлмөр хийдэг талаараа хэлж ярьсан, улсын яллагчаас надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох санал гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөн торгох ялын мөнгийг төлөх эдийн засгийн чадвартай байхаас гадна шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг дээр дурдсан өглөөнөөс орой хүртэл дуудлагаар айл гэр болон албан байгууллагын мэргэжлийн дуудлага цэвэрлэгээ, үйлчилгээ хийх ажил хийдгийн улмаас биелүүлэх боломжгүй нөхцөл байдал байгаа болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2025/ШЦТ/1176 дугаартай шийтгэх тогтоолын нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольсон өөрчлөлтийг оруулж, А.Б- миний биеийн ажил хөдөлмөр эрхэлж амьжиргаагаа залгуулж байгаа нөхцөл байдлыг алдагдуулахгүй хэвээр үргэлжлүүлэх боломжоор хангаж өгнө үү....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Будхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн үйлчлүүлэгчийн бичгээр гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны шаардлагыг шүүхээс оногдуулсан ял хэрхэн хангаж байгаа болохыг дүгнэх нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хуульд нийцэж гарсан болохыг илэрхийлэх, хуульд захирагдах зарчмын үндсэн шалгууруудын нэг юм. Хуульд заасан ялын төрлүүдээс тухайлан сонгосон үндэслэл, тусгай ангид заасан ялаас ямар хэмжээг сонгон авсан шалтгаанаа тайлбарлахыг шаарддаг. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй тулд түүнд торгох ял оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан. Харин ажилгүй хүнд торгох ял оногдуулж болохгүй гэх хуулийн зохицуулалт байхгүй. 2025 оны 02 дугаар сараас эхлэн шүүгдэгч А.Б- “**********” гэх байгууллагад үйлчилгээний ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл ажиллаж, цалин хөлс авч байгаа үйл баримт бий. Шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. 2025 оны 02 дугаар сараас өнөөдрийг хүртэл ажил хөдөлмөр эрхэлж байгаа мөн улсын яллагчаас анхан шатны шүүх хуралдаанд торгох ял оногдуулж байсан гэх тус тус үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар болон энэрэнгүй ёсны зарчмын хүрээнд торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Прокурор Э.Дөлгөөн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс шүүгдэгчийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс гэрч болон яллагдагчаар мэдүүлэг авахдаа биеийн байцаалтад эрхэлсэн тодорхой ажилгүй хэмээн тэмдэглэсэн байсныг шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдсэн гэх байдлаар шүүгдэгч талаас гомдол гаргасан байна. Ажил төрөлтэй гэх талаарх баримтаа гаргаж өгсөн байна. Шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэлүүдээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд прокурорын саналыг хүлээж авахгүйгээр нийтэд тусдаа ажил хийлгэх ялыг төрлийг оногдуулсан. Энэ нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.Б-гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ****** хорооны нутаг дэвсгэрт байрлах Тарвилан хотхоны 48д байрны орцонд хамтран амьдрагч Х.Н-ийн бугалга, өгзөг, шилбэн тус газарт хутгаар хатгаж, шуу, далан тус газарт гурлын модоор цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас /хх 02, 3/,
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-8/,
- хохирогч Х.Н-ийн: “...би тухайн өдөр 17 цагийн үед Б-гийн гэрт ирээд хаалга онгойлгохгүй байсан болохоор орцонд нь 2 ширхэг лаазтай пиво болон 0.33 литрийн цагаан архи уугаад орцонд унтаж байтал Б- нь гэрээсээ гарч ирээд над руу хувинтай ус цацаж сэрээгээд бид хоорондоо маргалдаад, дээшээ 13 давхарт гараад хэвтэж байтал миний гуяны ар хэсэгт нэг хөлийн шилбэ хэсэгт нэг, гарын тохой хэсэгт нэг удаа тус тус хутгаар хатгасан гэдэс хэсэгт хатгах гэж байхад нь би хутганы ир хэсгээс нь бариад авах үед миний барьсан байсан хутгыг татаж аваад миний гар зүсэгдэж цус гарсан. Гэртээ ороод цусаа цэвэрлээд байж байтал дахин хэрүүл хийгээд над руу аяга шидэж, ганжингаар намайг цохиж байтал цагдаа нар хүрч ирээд эмч дуудсан. Гар хэсэгт хэд хэдэн зүсэгдсэн шарх, гуянд нэг, гарын тохой хэсэгт нэг, шилбэнд нэг удаа хатгуулсан, ар дал болон гарын шуу хэсэгт хөхөрсөн байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Бид танилцаад 7-8 сар болж байна, хамт амьдраад 4 сар болж байна. Бид хамтран амьдрагчид юм. Сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх 14-15/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн 725/2815 дугаар шинжээчийн…Х.Н-ийн биед баруун гарын долоовор хуруу, дунд хуруу, зүүн бугалга, өгзөг, шилбэнд шарх, зүүн шуу, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн болон мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн хатгагдах, цохих үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмттэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…/хх 26-27/,
- Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл…Х.Н- 2025 оны 01 дүгээр сарын 27-нд 49.920 төгрөгийн үйлчилгээ авсан…/хх 31/,
- А.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 34-42/,
- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт…Х.Н-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл тогтоов…/хх 54/,
- Х.Н-ийн…сэтгэл санаанд хохирол учраагүй, хохирлын зэргийг тогтоолгохгүй... гэсэн хүсэлт /хх 55/,
- А.Б-гийн: “... бид ялихгүй зүйлээс болж маргасан. 2-лаа архи уусан байсан. би өөрийн хийсэн буруутай үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрч байна...” /хх 53/ зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Б-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч А.Б-гийн хохирогч Х.Н-ийн биед баруун гарын долоовор хуруу, дунд хуруу, зүүн бугалга, өгзөг, шилбэнд шарх, зүүн шуу, зүүн даланд цус хуралт гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаар зөв тайлбарлан зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д энэ хуулийн үйлчлэлд “…хамтран амьдрагч...” хамаарна гэж хуульчилсан.
А.Б-, Х.Н- нар хамтран амьдардаг болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч А.Б- “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхийн хуулиар олгогдсон бүрэн эрх юм.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хууль ёсны шаардлагыг шүүхээс оногдуулсан ял хэрхэн хангаж байгаа болохыг тайлбарлах нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд нийцэж гарсныг илтгэх шалгууруудын нэг болдог.
Шүүгдэгчид оногдуулах ялын талаар улсын яллагч санал гаргах эрхтэй боловч шүүх улсын яллагчийн гаргасан саналаас хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах үүрэг хүлээдэггүй. Учир нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулдаг бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал байдаг.
Ял бол эрх зүйт ёсны зайлшгүй шаардлага, шүүхээс шударга ёсыг хангуулах хэрэгсэл болдог. Ялыг оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж болон нийгмийн шударга ёс сэргээгдсэн эсэхийг харгалзана.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Б-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд, шүүгдэгч А.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2025/ШЦТ/1176 дугаар дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2025/ШЦТ/1176 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ