Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00318

 

                                   Б.Эрдэнэцэцэг, А.Нарандэлгэр нарын нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож  даргалж, шүүгч   Ц.Амарсайхан,  Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2016/00416 дугаар шийдвэр,                                                                                   

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Б.Эрдэнэцэцэг,

Нэхэмжлэгч : А.Нарандэлгэр,

Хариуцагч : БАМИ ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага :  28.677.140 төгрөг гаргуулах тухай,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Нарандэлгэр, хариуцагчийн төлөөлөгч Б.Ганданбаатар, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний алба нь БАМИ ХХК-тай ажилчдын орон сууц бариулах гэрээг байгуулж, уг гэрээний дагуу Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны нягтлан бодогч Б.Эрдэнэцэцэгийн квотон дээр А.Нарандэлгэр нь тус байрны 3 давхрын 10 тоот 3 өрөө байрыг захиалахаар талууд тохиролцсон. Тухайн үед БАМИ ХХК нь байрны 30 хувийн урьдчилгааг 2014.8.01-ний дотор төлөхийг шаардаж, мөн оны 11 дүгээр сард байрыг ашиглалтад өгөхөөр тохиролцон 15сая төгрөгийг БАМИ ХХК нь Хас банк дансанд 2014.8.01-ний өдөр тушаалгасан. Тухайн үед А.Нарандэлгэрийг гэрээ хийх санал тавихад ШШГА-ны квот учраас Б.Эрдэнэцэцэгтэй захиалгын гэрээг байгуулна, барилгыг ашиглалтад бүрэн өгч байрны ордер гарах үед тантай гэрээ байгуулна гэсэн хариу өгсөн. Б.Эрдэнэцэцэгтэй 2014.8.18-ны өдөр гэрээг байгуулж, 2015 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулж түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан. БАМИ ХХК нь гэрээнд заасан хугацаандаа орон сууцыг ашиглалтад өгөөгүй учир захиалгын гэрээг цуцалж, мөнгөө буцаан авах хүсэлт удаа дараа гаргасан боловч одоог хүртэл шийдвэрлэж өгөөгүй. Иймд Б.Эрдэнэцэцэгтэй байгуулсан захиалгын гэрээг цуцалж, А.Нарандэлгэрийн БАМИ ХХК-д төлсөн 15 сая төгрөг, 2015 оны 1 дүгээр улирлаас хойш 2016.6.09-ний өдрийг хүртэл 434 хоногийн хугацааны алданги хоногийн 0,1 хувиар тооцохоор гэрээнд заасан тул 6.510.000 төгрөг нийт 21.510.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. А.Нарандэлгэр нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж: хохиролд 7.167.140 төгрөг нийт 28.677.140 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийн квот дээр А.Нарандэлгэр гэж хүн ирж байр авна гэсэн. Б.Эрдэнэцэцэг нь манай эгч байгаа юм. Миний квот дээр энэ хүнийг оруулж өгч болох уу гэсэн. Тэгэхэд нь би болно гэсэн. Шүүх шинжилгээний албатай 2014.4.02-ны өдөр хийсэн гэрээн дээр хүү алданги гэж яригдаагүй. Шүүх шинжилгээний 10 айл 55 мкв талбайтай орон сууцанд орно гээд бүгд хамтдаа сууж гэрээ хийсэн. Тэгээд би Улаанбаатар хотын компаниар зураг зуруулаад, экспедицээр оруулж батлуулаад 2014.7.01-ний өдөр гэхэд бэлэн болсон. Тэр үед карказан барилгын мкв-н зах зээлийн үнэ нь 1.200.000 төгрөг байсан. А.Нарандэлгэр Б.Эрдэнэцэцэгийн квот дээр 950.000 төгрөгөөр орно гэснийг би зөвшөөрсөн. Би мкв-г нь 950.000 төгрөгөөр орно гэвэл байранд оруулна. Харин хүү алданги тооцож өгөх ямар ч боломж байхгүй гэжээ.

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2016/00416 дугаартай шийдвэр гаргаж,  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг баримтлан  2014.8.18-ны өдрийн “орон сууц захиалгын гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан 2014.8.18-ны өдрийн гэрээг цуцалж, хариуцагчаас 15 сая төгрөг гаргуулан А.Нарандэлгэрт олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.                                                                                           

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаартай магадлал гаргаж, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2016/00416 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтын Иргэний хуулийн “343 дугаар зүйлийн 343.1” гэсний дараа “355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1,” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, 3 дахь заалтаас “...63 дугаар зүйлийн 63.1.4”, “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-д зааснаар Б.Эрдэнэцэцэгээс улсын тэмдэгтийн хураамж 493.890 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.” гэснийг тус тус хасч, мөн заалтын “олгож”, гэснийг “олгосугай”. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч А.Нарандэлгэр  хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг зөрчиж А.Нарандэлгэрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироож,бодит байдалд нийцээгүй шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч А.Нарандэлгэр "БАМИ" ХХК-тай хэлцэл хийж 2014.8.01-ний өдөр байр захиалсны урьдчилгаа төлбөр 15 сая төгрөг төлсөн болохыг анхааран үзэлгүй Б.Эрдэнэцэцэгийн 2014.8.18-ны өдөр "БАМИ" ХХК-ний захирал М.Ганданбаатартай байгуулсан "Орон сууц захиалгын гэрээ"-г үндэслэл болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. А.Нарандэлгэрнь хуульд заасан үндэслэлээр гүйцэтгэгч байгууллага гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нэхэмжилсэн.Иргэний хуулийн 352.5.1-д гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх шаардлага гаргах эрхтэй гэж хуульчилсны дагуу нэхэмжлэгч А.Нарандэлгэр нь өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн байхад шүүх нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийн "БАМИ" ХХК-тай өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэрээг үндэслэн маргааныг шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Урьдчилгаанд 15 сая төгрөг төлсөн боловч захиалсан байр нь өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүйгээс хохирсон хохирлоо төлүүлэхээр шаардлага гаргасныг хуулийн ямар заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээ шүүхийн шийдвэр, магадлалд тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах  шатны шүүхийн магадлалыг   хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Б.Эрдэнэцэцэг, А.Нарандэлгэр нарын  нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүйгээс зохигчдын хооронд үүссэн маргааны талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нар хамтран нэхэмжлэл гаргасан /хх 1,34/ боловч Б.Эрдэнэцэцэг нь хариуцагчтай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах /хх 82/ шаардлага тавьсан байх бөгөөд шүүх энэ нөхцөл байдлыг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 62, 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2-г зөрчжээ. 

А.Нарандэлгэр нь Б.Эрдэнэцэцэгтэй эсхүл БАМИ ХХК тай тохиролцож төлбөрийг төлсөн эсэх нь нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхэд  ач холбогдолтой байна. 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөнөөс гадна Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаав.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болон зохигч тус бүрийн хооронд  үүссэн маргааны талаар дүгнэлт хийх нь  хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой болохыг дурдах нь зөв гэж үзлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2016/00416 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оы 01 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 129.700 төгрөгийг  А.Нарандэлгэрт захирамжаар буцааж олгосугай.

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЦАГААНЦООЖ

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ