Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 97

 

Ө.Э-ийн нэхэмжлэлтэй,

ХЗДХС-д холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, Танхимын тэргүүн:М.Батсуурь,

            Шүүгчид:                                    Г.Банзрагч,

                                                               Б.Мөнхтуяа,

                                                               Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                          П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:            Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: ХЗДХС-ын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Ө.Э-ийг ажлаас халах тухай” Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч Ө.Э, түүний өмгөөлөгч Э.Жанчивдорж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болоржаргал нар,

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ХЗДХС-ын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Ө.Э-ийг ажлаас халах тухай” Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ө.Э-ийг Дотоод хэргийн /одоогийн нэршил/ их сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч Ө.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн бөгөөд магадлалын үндэслэх хэсэгтээ “Анхан шатны шүүх шаардлагатай тохиолдолд гэрчээс мэдүүлэг авах, Төрийн нарийн бичгийн даргад хэрхэн мэдэгдсэн талаар тодруулан, утсаар мэдэгдсэн бол уг мэдэгдсэн гэх утасны дэлгэрэнгүй жагсаалт болон хэрэг учрал болсноос хэдий хугацааны дараа удирдлагууддаа мэдээлсэн, тухай бүр мэдээлэл хүргүүлсэн гэх тухай албан бичгүүд нь ХЗДХС-, Төрийн нарийн бичгийн даргад хүрсэн эсэхийг тодруулах боломжтой байжээ” гэж дүгнэсэн байна.

4. Нэхэмжлэгчээс ХЗДХС-ын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/13 дугаар тушаал нь хууль хэрэглээний илэрхий алдаатай, хууль зөрчиж гаргасан буюу хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Уг тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, Төрийн албаны тухай хуулийн 37, 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасныг үндэслэсэн гарсан бөгөөд “Ө.Э-ийг Хууль сахиулахын их сургуулийн сонсогч Г.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, сантехникийн инженер Я.Э нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, сонсогч Ч.Ө нь 12 дугаар сарын 25-ны өдөр сургуулийн бүсэд амь насаа алдсан нь тус сургуульд удирдлага зохион байгуулалт алдагдаж, хариуцлага суларч, сургалт хүмүүжлийн ажил хангалтгүй байгаатай холбоотойгоос гадна, хоёр сар хүрэхгүй хугацаанд гарсан эдгээр ноцтой асуудлын талаар яам болон удирдлагад танилцуулаагүй” гэж буруутгасан байдаг.

5. Хууль сахиулахын их сургуулийн сонсогч Г.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн амьдарч байсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 16 дугаар байрны 79 тоот буюу 9 давхраас унаж нас барсан гэх мэдээллийг шалгаснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 136 дугаар прокурорын тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2497 дугаар дүгнэлт, Хууль сахиулахын их сургуулийн сонсогч Ч.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хууль сахиулахын их сургуулийн сонсогч нарын цайны газрын доод талын подвалд өөрийгөө боомилсон байдалтай нас барсан гэх мэдээллийг шалгаснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 551 дүгээр прокурорын тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 152 дугаар дүгнэлт, Хууль сахиулахын их сургуулийн Санхүү, хангамж үйлчилгээний газрын сантехникийн инженер Я.Э нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажлын байр буюу тус сургуулийн В1 давхарт нас барсан тухай мэдээллийг шалгаснаар зүрх судасны өвчний улмаас нас барсан гэж шалтгааныг тогтоосон Баянзүрх дүүргийн Прокурорын газрын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоолуудыг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

6. Өөрөөр хэлбэл, дээрх амь нас эрсэдсэн гурван тохиолдлыг гэмт хэргийн шинжгүй, бусдын гэм буруутай аливаа үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нас барсан гэдэг нь тогтоогдохгүй байна гэж эрх бүхий байгууллагаас дүгнэсэн байдаг бөгөөд Хууль сахиулахын их сургуулийн бие бүрэлдэхүүнээс аливаа хэлбэрээр дээрх тохиолдлуудад нөлөөлсөн зүйл байхгүй нь тогтоогдсон юм. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох эрх бүхий байгууллага хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байх үед буюу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Танилцуулга хүргүүлэх тухай” 01/2595 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүнд, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 01/2600, 01/2601, 01/2602 дугаар албан бичгээр ХЗДХС Ц.Н-д тус тус хэрэг учралын талаар мэдээлэл, танилцуулга бичгээр хүргүүлсэн.

7. Хууль зүйн сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/148 дугаар тушаалаар батлагдсан “Хууль сахиулахын их сургуулийн дүрэм”-ийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Их сургуулийн захирал нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.6-д “Эрхэлсэн асуудлаараа хууль зүйн болон боловсролын асуудал хариуцсан төв байгууллагад мэргэшлийн зөвлөгөө өгч, холбогдох мэдээллээр хангах” эрхтэй гэж заасан бөгөөд эрхэлсэн асуудлын хүрээнд холбогдох мэдээллийг өгч ажилласан, түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг бүрэн эрхийг үүрэг мэтээр тайлбарласан хууль зүйн хувьд ойлгомжгүй байна.

8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий акт нь хууль бус эсэхэд дүгнэлт хийх замаар хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжтой байхад хэрэгт байгаа нотлох баримтыг дахин цуглуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 121.3.4 дэх хэсгийг үндэслэл болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

9. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

11. Нэхэмжлэгч Ө.Э нь ХЗДХС-ын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба маргаан бүхий тушаалаар “Хууль сахиулахын их сургуулийн сонсогч Г.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, сантехникийн инженер Я.Э нь 12 дугаар сарын 17-ны өдөр, сонсогч Ч.Ө нь 12 дугаар сарын 25-ны өдөр сургуулийн бүсэд амь насаа алдсан нь тус сургуульд удирдлага зохион байгуулалт алдагдаж, хариуцлага суларч, сургалт хүмүүжлийн ажил хангалтгүй байгаатай холбоотойгоос гадна, 2 сар хүрэхгүй хугацаанд гарсан эдгээр ноцтой асуудлын талаар яам болон удирдлагад танилцуулаагүй” гэж нэхэмжлэгчийг буруутгажээ.

12. Хэрэгт авагдсан баримтаар “2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр сонсогч Г.Г нь өөрийн амьдарч байсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 16 дугаар байрны 79 тоот буюу 9 давхраас унаж, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн Санхүү, хангамж үйлчилгээний газрын сантехникийн инженер Я.Э нь тус сургуулийн В1 давхарт зүрх судасны өвчний улмаас, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр сонсогч Ч.Ө нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хууль сахиулахын их сургуулийн сонсогч нарын цайны газрын доод талын подвалд өөрийгөө боомилж амиа хорлосон” гэх шалтгаанаар нас барсан үйл баримтууд тус тус тогтоогджээ.

13. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн албанаас хална” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд тус сургуулийн захирал Ө.Э-ийн удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагааг дээрх хэрэг учралтай шууд холбох боломжгүй, эдгээрээс 2 тохиолдол нь сургуулийн удирдлага, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаатай шалтгаант холбоогүй байх тул нэхэмжлэгчийг “3 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.  

14. Эдгээр хэрэг болсон талаар Хууль сахиулахын их сургуулийн захирал Ө.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/2600 дугаар албан бичгээр Г.Г-ын тухай, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/2601 дугаар албан бичгээр сонсогч Ч.Ө-ын талаар, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/2602 дугаар албан бичгээр Я.Э-ны талаар тус тус ХЗДХС-ад хүргүүлсэн, эдгээр албан бичгийг хариуцагч хүлээн авсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хууль сахиулахын их сургуулийн дүрэмд заасны дагуу танилцуулах ажиллагаа хийгдээгүй, 3 хэрэг учралын талаар 12 дугаар сарын 27-ны өдөр буюу сар хагасын дараа эхний нас барсан үйл явдлыг мэдэгдсэн” гэх тайлбараар тогтоогдсон, цаг хугацааны хувьд эдгээр албан бичгийг хэзээ хүлээн авсан талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

15. Иймээс давж заалдах шатны шүүхээс “...албан бичгүүд нь ХЗДХС, Төрийн нарийн бичгийн даргад хүргэгдсэн эсэхийг тодруулах”-аар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь буруу байна. Түүнчлэн “шаардлагатай тохиолдолд гэрчээс мэдүүлэг авах, Төрийн нарийн бичгийн даргад хэрхэн мэдэгдсэн талаар тодруулан, утсаар мэдэгдсэн бол уг мэдэгдсэн гэх утасны дэлгэрэнгүй жагсаалт болон хэрэг учрал болсноос хэдий хугацааны дараа удирдлагууддаа мэдээлсэн“ гэх үйл баримтыг тогтоолгох тухай дүгнэлт нь хэрэгт ач холбогдолгүй.

16. Хууль зүйн сайдын 2015 оны А/148 дугаар тушаалаар батлагдсан Хууль сахиулахын их сургуулийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д зааснаар Сургуулийн захирлын албан тушаалын чиг үүргийг “Эрхэлсэн асуудлаараа хууль зүйн болон боловсролын асуудал хариуцсан төв байгууллагын удирдлагад мэргэшлийн зөвлөгөө өгч, холбогдох мэдээллээр хангах” гэж Сургуулийн захирал болон ХЗДХС- хоорондын ажил үүргийн харилцааг зохицуулсан байх тул сургуулийн бүсэд сонсогч амиа алдсан үйл явдлын талаар мэдээлэх үүрэг сургуулийн захиралд хадгалагдах ба энэхүү үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч нь хэрэг болсон даруйд дээд шатны байгууллагад танилцуулаагүй буруутай тул нэхэмжлэгчийн “эрхэлсэн асуудлын хүрээнд холбогдох мэдээллийг өгч ажилласан, дүрмийн 12.1.6-д бүрэн эрхийг заасан болохоос үүрэг биш” гэх гомдол үндэслэлгүй.

17. Гэвч энэхүү зөрчил нь нэхэмжлэгчийг ажлаас халах хэмжээний үр дагаварт хүргэхгүй, тодруулбал, “3 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” байх хуулийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй, 2018 оны 11 дүгээр сарын 18-н болон 12 дугаар сарын 17-ны өдрийн хэрэг явдлыг хугацаанд мэдээлээгүй боловч 12 дугаар сарын 25-ны өдрийн хэргийг зохих хугацаанд дээд шатны байгууллагад мэдэгдсэн байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

18. Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ