Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 91

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                      Хэргийн индекс:114/2016/0086/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг би Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хорооллын 4 дүгээр байрны ******* тоотод оршин суудаг З.*******ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн  Засаг даргад холбогдох  “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн А/401 дүгээр захирамжийн 3 дахь заалт “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 231 дүгээр захирамжийн иргэн З.*******т холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн 000452765 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцсугай гэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад   

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:                                              

            Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар зарлагдсан Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад оролцож, нийтийн орон сууцны зориулалттай газрын төсөл сонгон шалгаруулах комиссын 2014 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн дүгнэлтээр ялагчаар тодорсон юм. Ийнхүү Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр байрны зүүн урд талд 500 м.кв талбай бүхий газрыг 2014 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн Засаг даргын 231 тоот захирамжаар эзэмших эрхтэй болж 2014 оны 05 дугаар сарын 19-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ авч улсын бүртгэлд бүртгүүлсэн.

            Өөрөөр хэлбэл миний бие уг газрын эзэмших эрхийг олж авахдаа төрийн байгууллагаас зарласан төсөл сонгон шалгаруулалтад оролцон ялагч болж, шударгаар хууль ёсоор эзэмшсэн бөгөөд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан шударга эзэмшигч  юм.  Хэрвээ   миний   бие  төсөл   сонгон  шалгаруулалт  зарласан   тухайн  газар  маргаантай байсан гэдгийг анх төсөл сонгон шалгаруулалтанд орохдоо, газрын гэрчилгээ гаргуулах, барилгын ажил эхлүүлэхээс өмнө мэдсэн бол газар эзэмших эрхээсээ сайн дураараа татгалзах боломжтой байсан гэдгийг удаа дараа хэлж байсан билээ.

            Гэтэл З.******* миний бие төрийн байгууллагаас зарласан төсөл сонгон шалгаруулалтад оролцон ялагч болж, газар эзэмших эрхийн гэрчилгээг авч, уг газар дээрээ 10 давхар 50 айлын орон сууцны барилгыг  2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн барьж эхэлсэн бөгөөд барилгын ажил 90%-95%-ийн гүйцэтгэлтэй дуусах шатандаа орчихсон байхад газрын талаар маргаантай болохыг мэдсэн.

            Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд Захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зааж өгсөн бөгөөд 4.2.5-д “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан бөгөөд аймгийн Засаг даргын 2016 оны А /401 дүгээр захирамж нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна.

            Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн А401 дүгээр захирамжийн 3 дахь заалт, “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 231 дүгээр захирамжийн иргэн З.*******т холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн 000452765 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцсугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Иргэн З.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн А401 дүгээр захирамжийн 3 дахь заалт, “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 231 дүгээр захирамжийн иргэн З.*******т холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн 000452765 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцсугай” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* болон “*******” ХХК-ийн хооронд үүссэн 233 м.кв газрын давхцалтай асуудлыг аль алины хууль ёсны эрх ашиг, сонирхолд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах тухай нэмэгдуулсан шаардлага гаргасан болно.

            Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр А/436 дугаар захирамж гарган давхцлыг арилгаж 267 м.кв газар эзэмшүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”  гэж  зааснаар   нэхэмжлэгч  З.******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах...” гэж заасны дагуу  шүүхэд гаргасан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн А401 дүгээр захирамжийн 3 дахь заалт, “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 231 дүгээр захирамжийн иргэн З.*******т холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн 000452765 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцсугай” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн, ******* болон “*******” ХХК-ийн хооронд үүссэн 233 м.кв газрын давхцалтай асуудлыг аль алины хууль ёсны эрх ашиг, сонирхолд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах тухай нэмэгдуулсан шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж байгаа тухайгаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг ирүүлсэн байна.

            Иймд  нэхэмжлэгчийн  нэхэмжлэлээсээ   татгалзсан  нь  хуульд   харшлаагүй   байх  тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж,  нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн  захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

           

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, 66.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ”Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн А401 дүгээр захирамжийн 3 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай,  ******* болон “*******” ХХК-ийн хооронд үүссэн 233 м.кв газрын давхцалтай асуудлыг аль алины хууль ёсны эрх ашиг, сонирхолд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах тухай”  нэхэмжлэлийн шаардлагаасаа  бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид дахин төлсөн 70200 төгрөгийг  төрийн сангийн 190000941 тоот дансанаас буцаан олгосугай.

 

            3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар  нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНЧИМЭГ