Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 023

 

Б.Мөнхсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 179/2016/0155/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч З.Хосбаяр, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Г.Ганхөлөг,

           Ялтан: Б.Мөнхсайхан, 

            Ялтны өмгөөлөгч: В.Энхболд,

Хохирогч: Д.Бямбаа,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунчимэг нарыг оролцуулан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолтой, ялтан Б.Мөнхсайханд холбогдох 201622000275 дугаартай эрүүгийн хэргийг ялтны давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1966 оны 1 дүгээр сарын 17-нд  төрсөн, 50 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Оргио овогт Бадарчийн Мөнхсайхан /Регистрийн дугаар РХ66011711/,

Ялтан Б.Мөнхсайхан нь 2016 оны 5 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.Жаргалсайханг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй буюу тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс М.Жаргалсайхан этилийн спиртийн цочмог хордлогонд орж нас барсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Оргио овогт Бадарчийн Мөнхсайханыг бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйн  улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхсайханыг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Мөнхсайханд оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн урдаа Jack Wolfskin гэсэн шар өнгийн бичиглэлтэй, хоёр хажуу талаар саарал өнгийн торон оруулгатай, саарал өнгийн малгайг хохирогч Д.Бямбаад буцаан олгож, камерийн бичлэг бүхий CD-г энэ хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхсайханаас хохирогч Д.Бямбаад 6 196 422 төгрөгийг гаргуулж олгож, Энэ хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Д.Бямбаа нь өмгөөллийн хөлс болон өөрт учирсан бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Мөнхсайхан давж заалдах гомдолдоо: … Миний бие мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад болсон явдлыг үнэн зөвөөр нь бодит байдлыг ярьж мэдүүлэлгүй худал мэдүүлэг гаргасан ба миний өгсөн худал мэдүүлэгт үндэслэн ийм шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь: хэрэг гарсан гэх өдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө таксигаар М.Жаргалсайханыг Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Жангар” нэртэй дэлгүүр болон Мөрөн Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн буудлын хоорондох замын хэсэгт буулгаж орхиод надтай хамт Мөнхбат гэдэг залуу согтуу явсан. Мөнхбат, М.Жаргалсайхан, С.Одгариг бид тэр шөнө 1 шил 0.5 литрийн хэмжээтэй “Ерөөл” нэртэй архи хувааж уусан. Намайг телевиз үзээд сууж байхад М.Жаргалсайхан гараад явчихсан байсан. Би бие засах гээд гарахдаа хашааны хаалга онгорхой байхаар нь түгжих гээд хаалга руу очиход хашааны гадаа хаалганы баруун талд М.Жаргалсайхан доошоо хараад уначихсан байсан. Тэгэхээр нь би гэрт орж энэ тухай Мөнхбатад хэлсэн. Тэр гарч ирээд “Үхчихсэн юм биш биз дээ” гээд ойртон үзсэнээ: “амьд байна. Гэрт нь хүргэж өгье, “Жангар” дэлгүүрийн Гамбаагийнд замдаа очъё” гээд бид хоёр өргөж машины хойд талын суудалд суулгасан. М.Жаргалсайхан юу ч дуугараагүй, тэр амьд байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. …Мөнхбат бид хоёр талийгаач М.Жаргалсайханыг гэрт нь хүргэж өгөх замдаа Мөнхбат нь Ганбаа гэгчтэй уулзана гээд Одгаригийн гаднаас миний машинаар явсан. Би машинаа жолоодоод Мөнхбат миний хажууд урд суудал дээр талийгаачийг хойд суудалд суулгасан. Товчооны хойно ирээд Мөнхбат нь “Энд зогсчих” гэсэн. Машин зогсоход Мөнхбат буугаад явснаа удалгүй буцаж ирээд “Ганбат хаалгаа онгойлгохгүй байна” гэсэн. Тэгээд хойд талд суусан Жаргалсайханыг хараад буугаад хойд буруу талын хаалгыг онгойлгосноо “Үхчихсэн юм биш үү” гээд түүнийг татан буулгаад орхисноо “За хөдлөе” гэсэн. Ийм явдал болсон. Цагдаагийн байгууллагад анх баригдаж очсон өдрөө би М.Жаргалсайхан нас барсан тухай Мөнхбатад хэлэхэд “Би чамтай хамт Жаргалсайханыг хүргэх гэж яваагүй. Одгаригийнхаас гараад шууд гэртээ харьсан.” гэж хэлсэн. Би түүнд хоёр удаа энэ тухай ярихад: “Би та хоёртой хамт яваагүй” гэж улаан цайм мэлзээд байхаар нь би аргагүйдээд үнэнийг нууж ганцаараа М.Жаргалсайхантай явсан гэж худал мэдүүлэг өгсөн юм. …Мөрдөн байцаалт дууссаны дараа хэргийн материалтай танилцахад болон шүүхийн хэлэлцүүлэг явагдах үед М.Жаргалсайханыг буулгах үеийн камерийн бичлэгийг биечлэн бодит байдлаар нь үзэж танилцаж судлаагүй. Уг бичлэгийг үзэж тэмдэглэл үйлдсэн мөрдөн байцаагчийн тэмдэглэлтэй л танилцсан. Эх бичлэгийг үзэж санаа бодлоо илэрхийлээгүй нь миний хувьд ял шийтгэгдэх гол нөхцөл болсон. …М.Жаргалсайханыг машинаас буулгах үеийн бичлэг нь нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж чадах эсэхэд эргэлзэж байна. Учир нь талийгаачийг машинаас Мөнхбат эсхүл би буулгасны аль аль нь тодорхой харагдах ёстой байтал хэн буулгасныг нотлолгүйгээр надад ял шийтгэж хүлээлгэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад өндөр хүчин чадал бүхий техник хэрэгсэл ашиглан уг камерийн бичлэгийг дахин судалж үнэлэх шаардлагатай гэж үзэж байна. Иймд миний гомдлын дагуу хэргийг дахин хянан үзэж Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хохирогч Д.Бямбаа давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан тайлбартаа: …Шүүгдэгч Б.Мөнхсайханы үйлдсэн хэрэг нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байгаа бөгөөд давж заалдах гомдолд үндэслэлгүйгээр худал зүйл бичсэн байна. Б.Мөнхсайхан нь урьдчилсан мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгийн үед энэ хэргийг үйлдсэнээ удаа дараа хүлээн мэдүүлсэн, камерийн бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хуульд заасан хэрэгслийн дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар батлагдаж байгааг анхан шатны шүүх үнэн зөвөөр үнэлж дүгнэж шүүгдэгч этгээдэд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг шударгаар оногдуулсан болно. …Иймд хохирогч би шүүгдэгчийн давж заалдсан гомдолд дурьдсан зүйлүүд нь үндэслэлгүй бөгөөд үйлдсэн хэрэг нь бүрэн батлагдаж байх тул давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхийг хүсч тайлбар гаргав гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй  байна” гэсэн шаардлагыг хангажээ.

Ялтан Б.Мєнхсайхан нь 2016 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шєнє Мєрєн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.Жаргалсайханыг согтууруулах ундааны зїйл хэрэглэж биеэ авч явж чадахгїй байгааг мэдсээр байж амь биед нь аюултай нєхцєлд байхад нь өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж їзїїлээгїй буюу тусламж їзїїлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгїй, түүнийг зам дээр машинаас буулгаж орхисны улмаас М.Жаргалсайхан эмнэлгийн тусламж авч чадалгүй этилийн спиртийн цочмог хордлогод орж нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон байна. Мөн Б.Мөнхсайханд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

Ялтан Б.Мөнхсайханы “...Миний бие мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад болсон явдлыг үнэн зөвөөр нь бодит байдлыг ярьж мэдүүлэлгүй худал мэдүүлэг гаргасан ба миний өгсөн худал мэдүүлэгт үндэслэн ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Урьд нь Б.Мөнхсайханаас 2016 оны 5 дугаар сарын 5, 6-ны өдөр асууж авсан тайлбар, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар иргэн М.Жаргалсайханыг амь биед нь аюултай нєхцєлд байхад нь өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж їзїїлээгїй буюу тусламж їзїїлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгїй, түүнийг зам дээр машинаас буулгаж орхисны улмаас хохирогч эмнэлгийн тусламж авч чадалгүй этилийн спиртийн цочмог хордлогод орж нас барсан нь нотлогдож тогтоогдсон байна. Харин ялтан Б.Мөнхсайханы давж заалдах гомдолд дурдагдсан дээрх үндэслэлүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Иймд ялтан Б.Мөнхсайханы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ялтан Б.Мөнхсайханы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

      ШҮҮГЧИД                                                   З.ХОСБАЯР

                                                Н.БАЯРХҮҮ