| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2405 05084 0026 |
| Дугаар | 2025/ДШМ/928 |
| Огноо | 2025-08-06 |
| Зүйл хэсэг | 13.12.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/928
2025 08 06 2025/ДШМ/928
Ц.Э-, Ц.М- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ган-Эрдэнэ,
хохирогч Ц.Г-, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс,
шүүгдэгч Ц.Э-, түүний өмгөөлөгч П.Очгэрэл,
шүүгдэгч Ц.М-, түүний өмгөөлөгч Э.Насанбаяр,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2025/ШЦТ/1245 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Э.Баярбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Э-, Ц.М- нарт холбогдох 2405 05084 0026 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.
М- овогт Ц-ы Э-, ............, /РД: .............../,
Б овогт Ц-ы М-, .............., /РД: .............../,
Шүүгдэгч Ц.Э-, Ц.М- нар нь бүлэглэн үйлдлээрээ нэгдэж мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Б.Г-ийн эзэмшлийн “Лексус-HS250” загварын ****УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч Airtag төхөөрөмж суулгаж, Ц.М- нь байршлын мэдээллийг Ц.Э-т дамжуулан, Б.Г-ийг хууль бусаар мөрдөн мөшгөсөн гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Э-, Ц.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.Э-, Ц.М- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг хууль бусаар мөрдөн мөшгөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 10 сарын хугацаагаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ыг 10 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Э-, Ц.М- нар зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-аас 3,375,000 төгрөг, Ц.М-аас 3,375,000 төгрөгийг тус тус гаргуулж нийт 6,750,000 төгрөгийг хохирогч Ц.Г-т олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг “байршил тогтоогч” төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.М-т буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ц.Э-, Ц.М- нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Э.Баярбаатар давж заалдах заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч нарыг гэм буруутай болохыг нотолсон нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй. Ц.Э-, Ц.М- нар өөрсдийн үйлдэл буюу Ц.Г-ийг мөрдөж мөшгисөн үйлдэл нь хууль бус болохыг мэдэж байсан гэдэг нь ямар логикоор тайлбарлагдаж байгаа нь тодорхойгүй байна. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолын 12 дахь талд Ц.Э- болон Ц.Г- нарын хооронд гэр бүлийн таарамжгүй харилцаа байсан гэж дүгнэсэн. Гэтэл тэдний хооронд гэр бүлийн таарамжгүй харилцаа байсан нь уг гэмт хэргийн субьектив талыг бүрэн дүүрэн тайлбарлахгүй. Шүүхээс дүгнэсэн уг хэсэгт гэр бүлийн таарамжгүй харилцаа нь өөрөө гэмт хэргийн шалтгаан нөхцөл гэж үзэж болохоос шууд субьектив талын шинж нь биш юм. Ц.Э-ын хувьд эхнэр Ц.Г-ийг мөрдөн мөшгисөн үйлдлийн учир шалтгааныг тайлбарлаж өөрийн үйлдэлдээ хандсан сэтгэл зүй, ухамсар, сэдэл зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарладаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг гэмт хэргийн шалтгаан нөхцөл болон субьектив талын шинжийг тогтоох чиглэлээр ямар нэгэн ажиллагаа огт хийгдээгүй. Гэвч тэдний мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байхаас гадна тэдний мэдүүлэг өөрөө шалгагдсан зүйлгүй. Ц.Э-ын хувьд өөрийн эхнэрийн бусдад уруу татагдах, гэмт хэрэг зөрчлийн хохирогч болох эрсдэлтэй нөхцөлд орсон байж болзошгүй гэж нөхцөл байдлыг дүгнэн тэрхүү асуудлыг таслан зогсоох үүднээс, өөрсдийн хүүхдийнхээ “эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх”, “хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай” байх буюу жам ёсны гэр бүлийн орчинд өсөж торних боломж алдагдахаас болгоомжлон эхнэрийнхээ буюу хохирогч Ц.Г-ийн аюулгүй байдлын төлөө түүнийг мөрдөн мөшгисөн нь тогтоогдсон тохиолдолд “гэмт хэргийн эцсийн үр дүнг хүсэж үйлдсэн” гэсэн ойлголт үгүйсгэгдэнэ.
Анхан шатны шүүхээс хэргийн субьектив талын шинжийг тогтоосон нотлох баримт хэрэгт огт авагдаагүй байхад гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл байж болзошгүй зүйлийг шүүхийн шийтгэх тогтоолд дурдаж түүнийг субьектив талын шинж хэмээн тайлбарлан дүгнэлт хийснийг алдаатай гэж үзэх үндэслэлтэй.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх буюу дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байхаас гадна шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад Ц.Г-ийн мэдүүлгийг авахдаа Ц.Э-ын мэдүүлгийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна. Шүүгдэгч Ц.Э-ын мэдүүлэг бодит байдал дээр нотлогдон тогтоогдвол шүүхээс хийх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал гэж үзэх бөгөөд үүнийг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Иймд 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 1245 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Э- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч П.Очгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч болох шүүгдэгч Ц.Э-т холбогдох эрүүгийн хэрэгт ял хөнгөрүүлэх байдлаар оролцож байна. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 8 хуудас баримт бичгийг шүүхэд гаргаж өгсөн болно. Тэрээр аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тухайн компанийн гэрээ, мөн хохирогчид 6,675,000 төгрөгийг төлсөн баримтуудыг хавсаргасан болно. Мөн шүүгдэгч Ц.Э- нь гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгийг арилгаж, хохирогчоос уучлалт хүссэн, гэм буруугаа ойлгож байгаа зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа. Түүнчлэн уг хэрэг нь анх удаагийн, санаатай бус үйлдэл бөгөөд шүүгдэгч өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, тогтмол ажил эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг үндэслэн тэнсэх харгалзах ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ц.Э- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Миний төрсөн дүү Ц.М- бидэнд зорчих эрх хязгаарлах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Отгонтөгс давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбартаа: “...Шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлж, тэнсэн харгалзах ялаар солих тухай өмгөөлөгчийн гаргасан саналыг хохирогчийн зүгээс эрс эсэргүүцэж байна. Учир нь, уг хэрэг нь хохирогч Ц.Г-ийн хувьд зөвхөн биед учирсан хохирол бус, маш хүнд сэтгэл зүйн дарамт, айдас хүйдэс, хүний эрхийн ноцтой зөрчлийг дагуулсан бөгөөд энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Хохирогч өөрийн болон хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд сэтгэл зүйн хувьд туйлын хүнд нөхцөлд, гомдолтой байдалтай амьдарч байгаа бөгөөд энэ талаар өөрөө холбогдох бүх байгууллагад хандаж, шалгуулж ирсэн. Тухайлбал, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст ч хувь хүний мэдээлэлтэй холбоотой асуудлаар шалгалт үргэлжилж байна. Шүүгдэгчийн зүгээс үйлдсэн үйлдэлдээ өнөөдрийг хүртэл хохирогчид уучлал хүсэх нь байтугай, хүүхдээ нь ч эргэж очсон удаагүй, гэмшсэн шинжийг зөвхөн шүүхэд л харуулж байна. Харин хохирогчийн хувьд эмэгтэй хүнийхээ хувьд, гэр бүлээ авч явахын тулд бүхий л боломжийг ашиглаж, тэвчиж байна. Өмгөөлөгчийн зүгээс ялыг хөнгөрүүлэх талаар тавьж буй санал нь шударга ёс, хүний эрхийг үл харгалзсан, хохирогчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн агуулгатай гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг зөрчиж, мөрдөн мөшгөсөн асуудал байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчдэд оногдуулсан ял шийтгэлийг бууруулахгүй байхыг, мөн шударга ёс, хүний эрхэд тулгуурлан асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Хохирогч Ц.Г- давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбартаа: “...Би Ц.Э-тай 2017 оноос эхлэн хамтран амьдарч, 2020 онд бид дундаасаа нэг хүүтэй болсон. Миний хувьд өмнө нь арван жил ганц бие байсан бөгөөд энэ нь миний хоёр дахь хамтын амьдрал байсан. Ц.Э- анх надтай танилцахдаа нэг хүүхэдтэй, нэг гэр бүлтэй байсан тухай ярьж байсан ч, цаашлаад хоёр хүүхэдтэй, өмнө нь хэдэн удаа гэр бүл болж байсан талаарх мэдээлэл нь тодорхойгүй байсан. Би төрөөд нялх хүүхэдтэй гэртээ байж байх хугацаанд, цагдаа хаалга тогшин намайг “Хоёр дахь эхнэр нь үү” гэж асууж байсан. Бидний харилцаа раар тавилт, хардалт зэрэг шалтгаанаас болж биш, харин удаа дараагийн хүчирхийлэл, доромжлол, дарамтын улмаас дууссан. Ц.Э-ын зүгээс надад байнгын дарамт учруулдаг байсан. Өнөөдөр Ц.Э-ын зүгээс хүүхдийн тэтгэлгийн асуудлаар шүүх хуралдаан хойшлуулах, шүүгчээс татгалзах байдлаар удаа дараа саад учруулж байгаа. Одоо ч гэсэн би бүх талаар дарамтад орж, бие махбод, сэтгэл зүйн хувьд хохирсоор байна. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээхийг хүсэж байна. Шүүгдэгч Ц.Э- миний утасны дугаарыг олон жилийн хамтын амьдралтай байсан хүний хувьд миний утсыг мэдэхгүй байх боломжгүй. Нэг ч удаа утасдаж, хүүхэдтэйгээ уулзах хүсэлт тавьж байгаагүй. Манай хүүхэд нэг нас хүрснээс хойш бид тус тусдаа өрөөнд амьдарч байсан, бодит байдал дээр манайх гэр бүл гэж нэрлэгдэхүйц харилцаа байгаагүй. Ц.Э-, мөн шүүгдэгч Ц.М- нар нийлж байгаад намайг сэм дагаж мөрдөж, хаана явж байгааг хянаж, зураг авч, хоорондоо дамжуулж байсан баримтууд надад бий. Тухайлбал, миний байршлыг мөшгөөд, араас дагаж зураг аваад, түүнийгээ дамжуулж байсан явдал нотлогдож байгаа. Энэ бүх хугацаанд би цагдаагийн байгууллагад удаа дараа хандаж, хувь хүний нууцад халдсан тухай гомдол гаргасан...” гэв.
Шүүгдэгч Ц.М-ын өмгөөлөгч Э.Насанбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.М-ын хууль ёсны ашиг сонирхлын үүднээс анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар Ц.М-т холбогдох хэрэг хөнгөрөх заалттай байх тул түүнд оногдуулсан ялыг тэнсэн харгалзах ялаар солиулах байр суурьтай байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн шийдвэрийн 12 дугаар талд дурдагдсанаар шүүх нь Ц.Г-ийн тээврийн хэрэгсэлд шүүгдэгч нар хамтран байршуулсан гэж дүгнэсэн байна. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Э- нь тухайн үйлдлийг өөрөө, ганцаараа хийсэн бөгөөд дүү нь мэдээгүй гэж мэдүүлсэн байдаг. Мөн шүүгдэгч Ц.М-ын зөөврийн компьютерт хийсэн үзлэгтэй холбоотойгоор акт үйлдэгдсэн хэдий ч уг баримт нь хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 3.2, 4.14 дүгээрт зааснаар зөвхөн Ц.М-т холбогдох мэдээлэл бөгөөд түүний хувийн захидал харилцааны нууцад хамаарч байгаа тул баримтыг үндэслэж түүнийг буруутгах боломжгүй. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан гэрч Б-, Г-, Г- нарын мэдүүлэгт 2024 оны 09 дүгээр сард болсон үйл явдлыг байршил тогтоогчийн тусламжтайгаар олсон гэж дурдсан байдаг ч яг тухайн өдөр М-ын тусламжтайгаар олсон тухай нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Гэтэл шүүхийн шийдвэрийн 12 дугаар талд байршил тогтоогч суулгасан гэх нотлох баримтгүйгээр Ц.М-ын гэм буруутайг дүгнэсэн нь эргэлзээгүй, нотлогдсон байдалд тулгуурласан гэж үзэх боломжгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг харгалзан, шүүгдэгч Ц.М-т оногдуулсан ялыг тэнсэн харгалзах ялаар солих, эсхүл хөнгөрүүлэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...” гэв.
Шүүгдэгч Ц.М- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх ах Ц.Э- “Ахдаа airtag-аа /байршил тогтоогч/ түр хэрэглүүлээч, хэрэглэх шаардлага гарсан” гэхэд нь би өгч мэдээллийг нь өөр лүү нь явуулж байсан. Гэтэл бэр эгч болох Ц.Г- нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, маргаан гарсан байсанд би оролцсон байснаа сүүлд нь мэдсэн...” гэв.
Прокурор Г.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс шүүгдэгч нарын ял шийтгэлийг тэнсэж, хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нар анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцоогүй. Өнөөдрийн байдлаар хүлээн зөвшөөрсөн гэж ойлголоо. Э.Баярбаатар өмгөөлөгч гомдолдоо гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх агуулгатай байсан. Харин хохирогчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж санал гаргасан байна. Тиймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Э.Баярбаатарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Э- нь төрсөн дүү Ц.М-тай үйлдлээрээ нэгдэж бүлэглэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Г-ийн эзэмшлийн “Лексус-HS250” загварын ****УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч Airtag төхөөрөмж суулгаж, Ц.М-аас байршлын мэдээллийг өөртөө дамжуулан авч, хохирогч Б.Г-ийг хууль бусаар мөрдөн мөшгөсөн,
шүүгдэгч Ц.М- нь төрсөн ах Ц.Э-тай бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Б.Г-ийн эзэмшлийн “Лексус-HS250” загварын ****УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд байршуулсан байршил тогтоогч Airtag төхөөрөмжийн байршлын мэдээллийг, Ц.Э-т дамжуулан хохирогч Б.Г-ийг хууль бусаар мөрдөн мөшгөсөн гэмт хэргийн тус тус үйлдсэн болох нь:
- хохирогч Ц.Г-ээс Эрүүгийн цагдаагийн албанд гаргасан гомдол /1хх 4-5/,
- хохирогч Ц.Г-ийн: “...2024 оны 3 дугаар сараас эхлээд Ц.Э-аас тусдаа амьдарахаар болсон. ...Ц.Э- нь зөрчлийн хэргээр 100,000 төгрөгөөр торгуулсан. Тухайн үед Ц.Э- нь надад чиний машинд байршил тогтоогч суулгасан. Тухайн байршил тогтоогч нь сайн заахгүй, худлаа байршил заагаад байна гэж хэлсэн. 2024 оны 10 дугаар сарын 5-ны өдөр гэртээ байхад миний зөөврийн компьютерт зурвас ирэхээр нь үзтэл Ц.Э- нь ********* дугаарын viber-ээ хадгалсан байсан. Би Ц.Э-ын төрсөн дүү Ц.М-аас миний ****УНР улсын дугаартай Ц- өнгийн “HS-250” загварын тээврийн хэрэгслийн хаана явж байгаа талаарх байршлын мэдээллийг ах Ц.Э- руу явуулж байсан. Ц.Э- хариуд нь миний тээврийн хэрэгслийн араас дарсан зургийг дүү Ц.М- руу явуулсан зураг болон харьцсан зурвасууд байсан...” /1хх 10-12, 94-95, 97-105/,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2020 дугаар шийтгэвэр /1хх 24/,
- Viber-аар харилцсан мессэжүүд, байршил заасан зургууд /1хх 25-40/, автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа /1хх 41/, зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 42-64/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 65-78/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 81-89/,
- гэрч Т.Б-гийн: “...тухайн үед эхнэр Б.Г-д хаана байгаагаа хэлээгүй, тэгтэл эхнэр Б.Г- гэнэт Ц.Г-ийн машиныг олоод ирсэн. Яаж тээврийн хэрэгслийг олж ирснийг мэдээгүй...” /1хх 115-116/,
- гэрч Б.Г-гийн: “...Э- Баянгол дүүргийн нутаг дэвсгэр төмөр замын эмнэлэгийн орчимд байхад ирээд Ц.Г-ийн машин сая энд байсан гэсэн. Тэгээд цагдаа Э- хоёр Э-ын заасан газар луу явсан. ...Ц.Э- эд нар Петровис шатахуун түгээх станц дээр зогсож байна ш тээ гэсэн. Ингээд би цагдаатайгаа Петровис дээр очиход Ц.Г-ийн машинд Б-, Г- хоёр согтуу байсан...” /1хх 119-120/,
- гэрч Б.Г-ийн: “...Ц.Г- надад Ц.Э- миний машинд байршил тогтоогч тавьсан байж магадгүй юм шиг байна. Намайг хаана явж байгааг мэдээд байна. Эсвэл гар утсанд байршил тогтоогч суулгасан байж болох уу гээд надаас асуухаар нь би Zenly суулгасан байж магадгүй гэж хэлсэн...” /1хх 123-124/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 300 дугаар шинжээчийн…Шинжилгээнд ирүүлсэн Apple компанийн шошго бүхий 3.19см диаметртэй дугуй Ц- төхөөрөмж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Apple компанийн шошго бүхий 3.19см диаметртэй дугуй Ц- төхөөрөмжийн дотор талын үйлдвэрийн бичиглэл нь уг төхөөрөмж нь БНХАУ-д 2023 оны 9 дүгээр сард үйлдвэрлэгдсэн болохыг илтгэж байна. Шинжилгээнд ирүүлсэн дугуй Ц- төхөөрөмж нь Аpple компанийн IOS үйлдлийн системтэй ухаалаг гар утас, таблетэд цувралын дугаар, QR кодоор нь уншуулж урьдчилан тохируулаад аливаа нэг жижиг эд зүйлд зориулалтын оосроор бэхэлж газарзүйн байршлын мэдээллийг тухай бүр холболт хийж тохируулсан ухаалаг төхөөрөмжид дамжуулах зориулалт, үүрэг, ажиллагаатай төхөөрөмж байна. Шинжилгээнд ирүүлсэн Аpple компанийн шошго бүхий 3.19см диаметртэй дугуй Ц- төхөөрөмж нь өөр дээрээ санах ойгүй тул аливаа нэг мэдээлэл хадгалдаггүй байна. Шинжилгээнд ирүүлсэн Apple компанийн шошго бүхий 3.19см диаметртэй дугуй Ц- төхөөрөмж нь өөр дээрээ аливаа мэдээлэл хадгалах санах ойгүй тул ямар төхөөрөмжид урьдчилан тохируулсанг тогтоох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн Apple компанийн шошго бүхий 3.19см диаметртэй дугуй Ц- төхөөрөмжийн техникийн дэлгэрэнгүй үзүүлэлтийг хавсралт хэвлэмэл хуудас №4-өөр харуулав…/1хх 135-141/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн 43 дугаар дүгнэлт… Ц-гийн Г- /РД ......../-т гэмт хэргээс шалтгаалан сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ шинж тэмдэг нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид гэр бүл нийгэм хамт олны дэмжлэгт орчин болон сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай…/1хх 152-154/,
- Ц.Э-ын хувийн мэдээллүүд /1хх160-171/, Ц.М-ын хувийн мэдээллүүд /1хх 182-192/,
- шүүгдэгч Ц.М-ын: “...ах Ц.Э- байршил тогтоогч Airtag чинь хэрэгтэй байна гэхээр нь өгсөн. ...Ах надад ямар зорилгоор хэрэглэх гэж байгаагаа хэлээгүй. Тэгтэл 2024 оны 8 дугаар сарын эхээр тухайн Airtag төхөөрөмжийн зураг байршил нь хаана зааж байгааг явуулаад өгөөч гэхээр нь би байршлын талаарх мэдээлийг ах руу явуулдаг байсан...” /1хх 109-112, 228-231/,
- шүүгдэгч Ц.Э-ын: “...2024 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Ц.Г- ****УНР улсын дугаартай Lexus-HS250 загварын тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Тухайн үед би ****УНР улсын дугаарыг тогтоож өгөхдөө тээврийн хэрэгслийн жолооч талын эсрэг талын зочигчийн суудлын баруун хөлний харалдаа байрлах үслэг дэвсгэр хуванцар хоёрын дундуур байршил тогтоогч байрлуулсан. Тухайн байршил тогтоогч нь apple брэндийн Airtag гэсэн бичиглэл бүхий байршил тогтоогч байсан. Би тухайн Airtag-ийг өөрийн төрсөн дүү Ц.М-аас гуйж авсан. Тэгэхдээ Ц. Г-ийг машинд суулгах гэж байгаа талаар дүүдээ хэлээгүй. Тухайн Airtag нь манай дүүгийн машинд байсан. Байршил тогтоогчийг Ц.Г-ийн тээврийн хэрэгсэлд нууцаар байрлуулсан...” /1хх 127-129, 237-240/ гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдсон байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.
2. Анхан шатны шүүхээс Ц.Э-, Ц.М- нарыг “мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг хууль бусаар мөрдөн мөшгөсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 13-д “Монгол Улсын иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэж заасан.
Хууль бусаар мөрдөн мөшгих гэмт хэргийн сэдэлт энэ гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд бусдыг мөшгөсөн үеэс төгсдөг, хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Хүнийг хувийн болон бусад сэдэлтээр мөрдөн мөшгисөн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлээр зүйлчилэхээр хуульчилсан. Тухайлбал, хүнийг тогтмол дагаж, гэрэл зургийг авах, утсаар тогтмол холбогдох, захидал бичих замаар өөрийн хараат, хамааралтай байлгаж сэтгэл санааны дарамтад оруулсан байж болдог.
Хэрэгт авагдсан хохирогч Ц.Г-ийн... Ц.Э- нь надад чиний машинд байршил тогтоогч суулгасан. Ц.Э-ын төрсөн дүү Ц.М-аас миний **** УНР улсын дугаартай Ц- өнгийн HS-250 загварын тээврийн хэрэгслийн хаана явж байгаа талаарх байршлын мэдээллийг ах Ц.Э- руу явуулж байсан. Ц.Э- хариуд нь миний тээврийн хэрэгслийн араас дарсан зургийг дүү Ц.М- руу явуулсан зураг болон харьцсан зурвасууд байсан.../1хх 10-12, 94-95, 97-105/, Viber-аар харилцсан мессэжүүд, байршил заасан зургууд /1хх 25-40/, зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 42-64/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 65-78/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 81-89/, шүүгдэгч Ц.М-ын...2024 оны 8 дугаар сарын эхээр тухайн Airtag төхөөрөмжийн зураг байршил нь хаана зааж байгааг явуулаад өгөөч гэхээр нь би байршлын талаарх мэдээлийг ах руу явуулдаг байсан.../1хх 109-112, 228-231/, шүүгдэгч Ц.Э-ын...би **** УНР улсын дугаарыг тогтоож өгөхдөө тээврийн хэрэгслийн жолооч талын эсрэг талын зочигчийн суудлын баруун хөлний харалдаа байрлах үслэг дэвсгэр хуванцар хоёрын дундуур байршил тогтоогч байрлуулсан. Байршил тогтоогчийг Ц.Г-ийн тээврийн хэрэгсэлд нууцаар байрлуулсан.../1хх 127-129, 237-240/ гэсэн мэдүүлэг, нотлох баримтуудаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа шүүгдэгч Ц.Э-, Ц.М- нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ц.Г-ийг мөрдөх талаар үйлдэлээрээ санаатай нэгдэн хамтарч мөрдөн мөшгисөн байх тул тэднийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс хардалтын улмаас мөрдөн мөшгиж сэтгэл санааны шаналал зовиурт оруулсан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн аргыг нь харгалзан үзэж хууль бусаар мөрдөн мөшгих гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгтэй давхар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохоор хуульчилсан ба энэ нь “гэрлэлтээ цуцлуулахгүй байх, хугацаа хожих, өмч хөрөнгөө өөртөө авах шийдвэр гаргуулах” гэх мэт зорилгоор илэрч болно.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Ц.Г-, шүүгдэгч Ц.Э- нар нь гэр бүлийн харилцаатай байх бөгөөд Ц.Э- энэ гэмт хэргийг үйлдэхдээ ямар нэгэн хэлбэрээр хүчирхийлэл болон эд хөрөнгийн маргаан үүсгэсэн гэсэн баримт, гэмт үйлдэл байхгүй байх тул анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Ц.Э-ийн өмгөөлөгч Э.Баярбаатарын давж заалдах шатны шүүхэд гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Шүүгдэгч Ц.Э-, түүний өмгөөлөгч П.Очгэрэл, шүүгдэгч Ц.М-, өмгөөлөгч Э.Насанбаяр нараас давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү...” гэжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 10 сарын хугацаагаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Ц.М-ыг 10 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхийн хуулиар олгогдсон бүрэн эрх юм.
Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх хэм хэмжээ биш болохыг дурдах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм.
Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зэрэг боломжийг олгож, гэмт хэргийн хохирогч, бусад хүний эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг дахин үйлдэгдэхээс сэргийлэх зорилгыг агуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлаас хамааруулан ялтныг шүүхээс тогтоосон хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих” эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих зэрэг хэлбэрээр хэрэгжих учиртай.
Шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулахдаа хэргийн нөхцөл байдлаас хамааран Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох”, “тодорхой газар очихыг хориглох”, “шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих” зэрэг хязгаарлалтын аль нэгийг, эсхүл хэд хэдэн хориглолт, хязгаарлалтыг зэрэгцүүлэн хэрэглэх боломжтой.
Зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, хувийн болон эрүүл мэндийн байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлаас гадна Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний суурь эрх, иргэний журамт үүрэг, гэр бүлийн амин чухал хэрэгцээ шаардлагыг тус тус харгалзан хүний чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлах нутаг дэвсгэрийн хүрээ, хязгаарлалт тогтоох хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэдэг учиртай.
Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “Нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог” ойлгоно гэж тус тус хуульчлан заасан бөгөөд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, зайлшгүй хэрэгцээ шаардлагуудыг харгалзан чөлөөтэй зорчих хязгаарлалтын бүсийг нэг, эсхүл хэд хэдэн дүүрэг, хороо, багийн нутаг дэвсгэрийн аль тохирох нэгжийг хамааруулан тогтоож болно.
Ялтан шүүхээс оногдуулсан зорчих эрхийн хязгаарлалтыг зөрчиж хяналтын бүсээс гарах, хориглосон газарт очих, техникийн хяналтын тоног төхөөрөмжийг устгах, гэмтээх, эсхүл тэдгээрийн хэвийн ажиллагааг сарниулах, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэх, техникийн болон биечилсэн хяналтаас санаатайгаар зайлсхийх, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзах, хүч хэрэглэн эсэргүүцэх, заналхийлэх зэргээр ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон солих зохицуулалт нь уг ялын хэрэгжилтийг хангах үндсэн нөхцөл болдог.
Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээх ба хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтын нөхцөлийг өөрчлөх, эсхүл хязгаарлалт тогтоосон бүсээс гадагш 30 хүртэл хоногийн хугацаагаар түр зорчих зайлшгүй шаардлага үүссэн, эсхүл байнга оршин суугаа газраас бусад газарт 3 сараас дээш хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай болсон, эсхүл жирэмсэн болсон, хүүхэд төрүүлсэн зэрэг хуульд заасан үндэслэлээр зорчих эрх хязгаарлах ялыг түдгэлзүүлэх нөхцөл байдал үүсвэл энэ талаарх хүсэлтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 154, 173, 174 дүгээр зүйлд заасан журмын дагуу хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын албан тушаалтанд буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, прокурорт тавьж шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Э-, Ц.М- нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршигт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч П.Очгэрэл, Э.Насанбаяр нарын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх” талаар гаргасан гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Харин ял шийтгүүлсэн этгээдийг гэрт буюу байнга амьдрах газарт нь тусгаарлах хэлбэрээр хэрэгждэг, өөрөөр хэлбэл хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслалцаа үзүүлэх, гэмт хэрэг дахин үйлдэх зан үйлээс татгалзуулах, урьдчилан сэргийлэх, хохирогч бусад хүнийг хамгаалахад зорчих эрхийг хязгаарлах ялын зорилгын хүрээнд гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж шүүгдэгч Ц.М-т анхан шатны шүүхээс оногдуулсан “10 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх” зорчих эрхийг хязгаарлах ялыг “6/зургаа/ сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, мөн Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахгүй байх” зорчих эрхийг хязгаарлах өөрчлөхөөр шийдвэрлэв.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т “…гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах...”-аар гэж хуульчилсан.
Шүүгдэгч Ц.Э-, Ц.М- нар нь хохирогч Ц.Г-ийг мөшгисөн гэмт үйлдэлдээ “Apple” гэсэн бичиглэл бүхий байршил тогтоогч ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т заасны дагуу “Apple” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг байршил тогтоогчийг хураан авч, устгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
5. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” заажээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн 43 дугаар дүгнэлтээр…Ц.Г-ийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна…/1хх 152-154/ гэсэн байх ба анхан шатны шүүх сэтгэл санааны хохирлыг 6.600.000 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Ц.Э- нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Г-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр болох 6.600.000 төгрөгийг төлсөн болохыг магадлалд дурдаж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Э.Баярбаатарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2025/ШЦТ/1245 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2025/ШЦТ/1245 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ыг 10 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ыг 6/зургаа/ сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, мөн Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял...” гэж,
5 дахь заалтын “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг “байршил тогтоогч” төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.М-т буцаан олгож...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Apple” шошготой 1 /нэг/ ширхэг байршил тогтоогч төхөөрөмжийг хураан авч...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Э.Баярбаатарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Ц.Э- нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Г-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 6.600.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ц.ОЧ