| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0197/э |
| Дугаар | 000199 |
| Огноо | 2018-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 000199
2018/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Шүүгдэгч Б.И
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.И-д холбогдох эрүүгийн 1825002430199 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Булган аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, чөлөөт бөхийн багш мэргэжилтэй, Ирээдүй одод спортын бүрэн дунд сургуульд багш ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, А овгийн Б-ны И
Шүүгдэгч Б.И нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хуримт буудлын 301 тоот өрөөнд Ч.Ө-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед би Хуримт буудалд очсон. Хуримт буудалд найз О болон түүний найз Ө нар намайг хүлээж байсан. Би тэр 2 дээр очихдоо нэг шил 0.75 литрийн архи, 2 литрийн пиво, ус, ундаа авч очсон. Намайг буудалд ороход тэр 2 юм яриад сууж байсан. Бид 3 нийлээд миний авч ирсэн архи пивийг уусан. Архи пивоо уугаад дуусахаар нь би найз Б-ныг дуудаж архи, пиво, хоол авчруулж бид 3 хувааж уусан. Тэгээд архи пивоо уугаад дуусч байтал О, Ө 2 маргалдаад Ө нь О-ийнхээ үснээс зулгаагаад байхаар нь тэр хоёрын голоор орж салгасан. Намайг тэр хоёрыг салгаж байхад Ө миний цамцыг урсан. Миний зүүн гарын шуун дээрээс маажсан, мөн нүүр маажих гээд байхаар нь Ө-ийг өөрөөсөө холдуулах гээд баруун гараараа түүний хацар тус газар нь нэг удаа алгадсан. Би хохирогчийн биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан гэв.
-Хохирогч Ч.Ө-ын ...2018 оны 03 дугаар сарын 26-ны орой 20 цаг болж байхад би өөрийн найз О-ийн хамт Уурхайчин багт байх Хуримт буудалд очсон. Бид 2 буудлын 301 тоот өрөөнд ороод юм яриад сууж байтал О-ийн найз И ирсэн. Бид гурав 1 шил архи хувааж уугаад хоорондоо юм ярьсан. О нэг залуутай утсаар яриад байхаар нь би Ог загнасан. Энэ асуудлаас болоод О бид 2 хоорондоо хэрэлдсэн. Тэгээд байж байтал И бид хоёрыг салгасан. И намайг О-гаас салгаад дараа нь зүүн талын нүд орчимд баруун гараараа нэг удаа цохисон. Би И-д цохиулаад буудлын орон дээр унасан. И хүчээр чирээд намайг буудлаас хөөж гаргасан гэсэн мэдүүлэг /хх 08-09 ху/,
-Гэрч Х.Б-ны: 2018 оны 03 дугаар сарын 26-ны орой 23 цаг болж байхад манай найз И над руу утсаар яриад Хуримт буудалд хүрээд ир гэсэн. Би уг буудалд 00 цагийн үед очсон. Тэгээд буудлын 3 давхарт байх өрөөнд ортол манай найз И 2 танихгүй эмэгтэйн хамт байсан. Би гаднаас 1 шил архи, хоол, ундаа авч орсон. Буудалд байсан 2 эмэгтэй согтуу байсан. Нэг мэдсэн нөгөө 2 эмэгтэй хоорондоо маргалдаад байсан. Ө гэх эмэгтэй О гэх эмэгтэйн үснээс зулгааж доош дарсан. И тэр хоёрын голоор орж салгасан. Ө И-ы нүүрийг маажих гээд байхаар нь өөрөөсөө холдуулж нэг удаа баруун гараараа зүүн шанаа орчимд нь алгадсан. И Ө-ийг эндээс яв гээд буудлаас хөөж гаргасан гэсэн мэдүүлэг /хх 22-23 ху/,
- Гэрч Б.О-ийн: Манай найз Ө бид 2 их согтсон. Нэг мэдсэн манай найз надтай маргалдаад миний үснээс зулгаасан. Энэ үед И бид хоёрын голоор орж салгасан. Тэгээд И Ө-ийг баруун гараараа зүүн талын шанаа орчимд нь алгадах шиг болсон. И Ө-ийг буудлын өрөөнөөс хөөж гаргасан гэсэн мэдүүлэг /хх 24-25 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 30-ны өдрийн 303 дугаартай шинжээчийн...Ч.Ө-ын биед зүүн нүдний зовхи, нүдний алим, дух, зүүн шуу, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн нүдний зовхи духанд зөөлөн эдийн няцрал үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах шинэ гэмтэл байна. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 15 ху/,
-Б.Иыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01,46-48 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Б.И-ы гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.И нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хуримт буудлын 301 тоот өрөөнд Ч.Ө-ийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... И намайг Огаас салгаад дараа нь зүүн талын нүд орчимд баруун гараараа нэг удаа цохисон. Би Ид цохиулаад буудлын орон дээр унасан. И хүчээр чирээд намайг буудлаас хөөж гаргасан гэсэн мэдүүлэг, гэрч Х.Б-ны... Ө гэх эмэгтэй О гэх эмэгтэйн үснээс зулгааж доош дарсан. И тэр хоёрын голоор орж салгасан. Ө Иы нүүрийг маажих гээд байхаар нь өөрөөсөө холдуулж нэг удаа баруун гараараа зүүн шанаа орчимд нь алгадсан. И Ө-ийг эндээс яв гээд буудлаас хөөж гаргасан гэсэн мэдүүлэг /хх 22-23 ху/, гэрч Б.Оийн: ...манай найз надтай маргалдаад миний үснээс зулгаасан. Энэ үед И бид хоёрын голоор орж салгасан. Тэгээд И Ө-ийг баруун гараараа зүүн талын шанаа орчимд нь алгадах шиг болсон. И Ө-ийг буудлын өрөөнөөс хөөж гаргасан гэсэн мэдүүлэг /хх 24-25 ху/,хохирогч Ч.Өын биед зүүн нүдний зовхи, нүдний алим, дух, зүүн шуу, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн нүдний зовхи духанд зөөлөн эдийн няцрал үүссэнийг тогтоосон 303 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Иы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Ч.Ө нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг авсан цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай баримт хэрэгт авагдсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. /хх 55 ху/
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1/нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ