| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2311 01706 0027 |
| Дугаар | 2025/ДШМ/946 |
| Огноо | 2025-08-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ундармаа /томилолтоор/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/946
2025 08 07 2025/ДШМ/946
Л.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ундармаа /томилолтоор/,
шүүгдэгч Л.Т- /цахимаар/, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр /цахимаар/,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1601 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Т- болон түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Л.Т-д холбогдох 2311 01706 0027 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Л-гийн Т-, ..............
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:................../,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Л.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт Л-гийн Т-г “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би дээрх гэмт хэрэгт холбогдож өөртөө болон өрөөлийн хувийн сэтгэл зүй, цаг хугацаанд хор уршиг учруулсандаа маш ихээр харамсаж байна. Би мөрдөн байцаалт, шүүхийн шатанд ямарваа нэгэн байдлаар хүндрэл учруулаагүй, гэм буруу дээр маргаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй. Би энэ гэмт хэрэгт холбогдсондоо маш ихээр харамсаж байна. Миний эхнэр Н.С- нь тархины цусан хангамжийн нарийн судас тасарч гэмтсэн ба хүнд хагалгаанд орсон. Эхнэр маань хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, тогтмол эм тарианы хамааралтай болж бусдын асаргаанд орсон. Би эхнэрээ асран хамгаалахаас гадна 2 хүүхдээ тэжээн тэтгэх шаардлагатай болсон тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял багасгаж өгнө үү ...” гэв.
Шүүгдэгч Л.Т-гийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Т- нь хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрч оролцож байсан. Мөн хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн бусдад төлөх төлбөргүй, ам бүлийн хувьд эхнэр хүүхдийн хамт амьдардаг зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 3 дах хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Анхан шатны шүүхээс Л.Т-д 2 жил 1 сарын хорих ял оногдуулахдаа “энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн ч засрал хүмүүжлийг олохгүй дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн” зэргийг харгалзсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заагаагүй хүндрүүлэх нөхцөл байдлыг үндэслэж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж оногдуулсан. Хэдийгээр Л.Т- урьд нь 2 удаа ял шийтгэл эдэлж байсан боловч дээрх гэмт хэргийг үйлдсэн үйлдэлдээ ял шийтгэлээ эдэлсэн, урьд ял шийтгэл эдлээд анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл 10 жилийн хугацаа өнгөрсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчиж үндэслэлгүйгээр эрүүгийн хариуцлагыг хэт хүндрүүлэн оногдуулсан.
Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо гэх боловч дээрх хориглосон нөхцөл байдлыг харгалзан хорих ял хүндрүүлэн оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “ Шүүх .... энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан бөгөөд завдсан гэмт хэрэгт ялын дээд хэмжээг зааж, харин ялын доод хэмжээг тодорхойгүй зааж өгөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар тогтоож болохоор байна. Өөрөөр хэлбэл нэвтрэлтэй хулгайлах гэмт хэрэгт 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулдаг бол тус хэрэгт завдсан тохиолдолд ялын гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр 6 сарын хооронд хорих ялыг оногдуулахаар хуульчилсан байна гэж үзэхээр байна. Иймд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Ундармаа давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Т-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь, шүүгдэгч Л.Т-д ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, гэмт хэрэг илэрсэн нөхцөл байдал зэргийг харгалзаж ял оногдуулсан гэж үзэж байна. Мөн өмнө нь 2 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Үүнийг анхан шатны шүүхээс үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, ухаарахгүйгээр дахин гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Л.Т- нь 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, ********ны зуслангийн 2 дугаар гудамжны 15 тоотод оршин суух Ш.Б-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 501.834 төгрөгийн үнэ бүхий дуран, душ, мишок, дээл, цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэрч Г.Т-гийн “...Б- гэгчийн байшингийнх нь баруун ар талын цонх нээгдсэн, төмөр шат хажууд нь байсан. Байшингийн сүүдэрт саарал цамц, цайвар жинсэн өмдтэй 25-30 орчим насны туранхайвтар эрэгтэй хүн 2 ширхэг хар өнгийн цүнх, том хар өнгийн дуран авчихсан байсан. Намайг хараад шууд хашаанаас гарч зугтаахыг оролдсон. Би тэр хүнийг хашаанаас гарах үед охин О-т мэдэгдсэн байсан бөгөөд араас нь яваад зуслангийн цахилгаан станцын арын хэсэгт барьж авахад надаас зугтаад яваад өгсөн. Тэр хүн өөр айлын хашаа руу орохоор нь охин бид 2 хүүхдүүд дуудаж бариулаад, цагдаад мэдэгдсэн. Мөн Б-д мэдэгдсэн...” /хх24-25/,
гэрч Т.О- “...миний утас руу залгаад “Б-ын байшингийн цонх нь онгорхой, дотор нь нэг эрэгтэй хүн байна” гэж хэлсэн. Очиход тэр эрэгтэй зугтаагаад өөр айлын хашаа руу орчихсон. Би тэр үед буцаж гэртээ ороод хүүгээ найзтай нь дуудаад зуслангийн цахилгаан станцын орчим барьсан. Тэр хүн 2 ширхэг хар цүнхтэй эд зүйл, 1 ширхэг 3-н хөлтэй дуран авчихсан байсныгаа төв зам руу явах хэсэгт үлдээсэн байсан. Бид нар тэр эд зүйлд огт хүрээгүй. Гэрийн эзэн Б- гэгчид утсаар нь залгаж хэлсэн. ...” /хх22/,
хохирогч Ш.Б-гийн “...О- гэгч манай эхнэр Б- руу залгаад “танай байшинд хулгай орсон байна, нэг сэжигтэй юм аваад явж байсан хүнийг барьчихлаа, цагдаад дуудлага өгсөн” гэсэн. Эхнэр бид гэрээс гараад 11 цагийн орчимд ирэхэд байшингийн маань нэг давхрын арын цонх нээлттэй, цагдаагаас үзлэг хийж байсан. Би гэртээ ороод эд зүйлээ бүртгэхэд байшингийн 1 давхрын буйдангийн харалдаа байдаг манай ач хүү Б-ийн хэрэглэдэг Celestron маркийн “Powerseeker 76 AZ” холын дуран, хар өнгийн цүнхтэй аялалд явахдаа хэрэглэдэг хувцас эд зүйлс алдагдсан байсан. Тухайн үед хулгайч нь баригдсан бөгөөд эд зүйлсээ эргүүлэн авсан. ...” /хх20/,
яллагдагч Л.Т-гийн “...ганцаараа явж байгаад зуслангийн хаягийг нь санахгүй байна нэг байшинд орсон. Би тухайн үед болсон явдлын талаар санахгүй байна. Түүнээс хойш яаснаа мэдэхгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллагад эрүүлжүүлэгдсэн. ...Хууль бус үйлдэл хийсэн гэдгээ мэдэж байгаа бөгөөд согтуу байхдаа ийм үйлдэл хийсэн байна. ...Би тэр үед ганцаараа байсан. ...ямар эд зүйлс авснаа санахгүй байна, 2 ширхэг хар цүнхтэй юм байсныг авсан, дотор нь юу байсныг мэдэхгүй. ...цүнхийг дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагч нарт хүлээлгэн өгсөн. ...” /хх63-64/ гэсэн мэдүүлгүүд,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх7-13/, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ЧД2-23-744 дугаартай “Дамно” хөрөнгийн үнэлгээний “дуран 415034, дүш 10800, мишок 34000, дээл 24000, цүнх 18000, нийт 501.834” төгрөгөөр үнэлэгдэв гэх шинжээчийн дүгнэлт /хх36-40/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Л.Т- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Л.Т-ий хулгайн гэмт хэрэг үйлдэхийг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Л.Т- болон түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нар нь “...ял шийтгэлийг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулгаар давж заалдах гомдлууд гаргасан байна.
Шүүгдэгч Л.Т- нь согтуугаар, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн боловч уг үйлдлээ төгсгөж чадаагүй баригдаж, хулгайн эд зүйлээ хүлээлгэн өгсөн, мөн гэм буруугийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн маргахгүй оролцож ирсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул төгс үйлдэгдсэн хулгайн үйлдэлд оногдуулах ял шийтгэлээс ялгамжтай байх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох ...хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэсэн эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Т-д оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хорих ял болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Т-гийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 52 хоног хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1601 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2, 3 дахь заалтын “...2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар...” гэснийг “...1 /нэг/ жилийн хугацаагаар...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-гийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 52 /тавин хоёр/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА