| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00620/И |
| Дугаар | 311/ШШ2026/00040 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 311/ШШ2026/00040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ........... сумын .......... багийн .. айлын .. тоотод оршин суух, ........ овогт ..............ын ..........гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ..................... дарга С..............т холбогдох,
Завхан аймгийн ........................... ........... даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.........., нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.......... /цахим/-аар, хариуцагч байгууллагын төлөөлөгч С..........., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г............ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Завхан аймгийн .................................................................... мэргэжилтний үүрэгт ажлыг хашиж байсан бөгөөд аймгийн ........................... даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.
...Миний бие ............ нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл нийт 87 хоног ажилгүй байсан. Ажилгүй байсан хугацааныхаа цалинг бодохоор 7.694.000 төгрөг болж байгаа. Уг мөнгийг нэхэмжилж байгаа. Мөн би зүгээр ажлаа хийгээд явж байхад гэнэт ямар ч шалтгаангүйгээр ажлаас халсан тушаал гаргасанд би гомдолтой байгаа. Тийм учраас шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.............. шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн .................................................................... мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 639 дүгээр тогтоолын хавсралтаар Төрийн захиргааны албан тушаал байхаар хянан баталгаажуулсан байна. Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6-д "жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй" байгаа тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр заасан. Албан тушаалын сул орон тоонд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4 дэх заалтыг үндэслэн "жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх"-ээр хуульчилсан байна. Г.................. нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдээгүй, тус ажлын байрны шалгуур шаардлагыг хангаагүй хууль зөрчин томилуулсан байсан томилгооны зөрчлөө арилган хуульд нийцлүүлсэн шийдвэр гаргасан болно гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.............. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн энэ маргаан маань хөдөлмөрийн эрх зүйн маргаан буюу хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаан. Хөдөлмөрийн маргаан бол тушаал дээр эргэлддэг. Өөрөөр хэлбэл хөдөлмөрлөх эрхийг цуцалсан тушаал маань хуульд нийцсэн эсэх талуудын нотлох баримт дээр мэтгэлцээн өрнөдөг. Би хэд хэдэн агуулгаар өмгөөллийн үгээ хэлнэ.
Нэгдүгээрт: Г..............г ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх, гэхдээ энэ талаар тайлбарлахаасаа өмнө хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн юм уу, хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хууль зүйн фактын талаар өмгөөллийн үгээ хэлнэ. ...одоо үйлчилж байгаа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулснаар хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсдэг боловч нэг зүйлд өөрчлөлт орсон нь хөдөлмөрлөж эхэлснээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсдэг болсон. Өөрөөр хэлбэл 2 гар хөдөлж эхэлснээр тухайн хөдөлмөрийн харилцаа үүсдэг болсон. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь заалт ...ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэж заасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж заасан. ...хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүснэ гэдэг нь тухайн ажилтны 2 гар хөдөлсөн л бол хөдөлмөрийн харилцааны журмын дагуу цалин хөлс, ажил амралтын цаг нь тооцогдох гэх мэт Хөдөлмөрийн тухай хуулийн хаалгыг нээгээд орж ирнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн хаалгыг нээж орж ирсэн юм бол Хөдөлмөрийн тухай хуулийн хаалгыг хааж гарна. Үүнийг нийтэд нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хууль зүйн факт гэж нэрлэдэг.
Өнөөдрийн үйл баримтаас харахад ажилд авсан тушаал нь 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тушаал гаргаад ТҮ буюу төрийн үйлчилгээний албан тушаалд томилсон. Ингэхдээ цалинг нь ТҮ-гээр тогтоосон. Ингээд ажилтан 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж ойлгож болно.
Хоёрдугаарт: Тухайн байгууллага өөрөө хэн нь ТЗ, хэн нь ТҮ-гээр ажиллахыг ажил олгогч өөрөө мэднэ. Түүнээс биш миний үйлчлүүлэгч Г........ өөрөө би ТҮ-гээр ажиллана гэсэн зүйл яриагүй. Ажил олгогч ажлын байрын зар тавина, зарын шаардлага хангасан хүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан хийж гүйцэтгэх ажил, цалин хөлсний талаарх бүхий л мэдээллийг өгөх, мөн эдгээр мэдээллийг өгсний дараа ажилтантай харилцан тохиролцож хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үүсгэнэ. Тиймээс ажил олгогч өөрөө Г.............г ажилд томилсон тушаалыг гаргасан. Уг тушаалыг хуурамч гэж хэн ч маргахгүй. Хариуцагч тайлбарлахдаа Г............г ажилд томилсон тушаал хууль бус байсан гэж байна. Тэгвэл өнөөдөр энэ тушаалыг хууль бус байсан гэдгийг хэн тогтоох юм бэ, уг тушаалыг хууль бус тушаал гэдгийг тогтоосон ямар нэгэн баримт хэргийн материалд байхгүй. Тушаал гэдэг чинь өөрөө тоглоом биш, эрх зүйн үр дагаврыг тогтоодог. Үнэхээр хууль бус тушаал юм бол Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно гэж заасан байгаа.
...Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасан. ...хүнийг ТҮ-гээр ажилд авчхаад халахдаа ТЗ-гээр халж болохгүй. ...тушаал гэдэг зүйл бол толь, ажлаас халсан тушаал нь өөрөө тухайн хүнийг яагаад халагдсан юм гэдгийг товч бөгөөд тодорхой байх толь юм. Гэтэл нөгөө толь гээд байгаа энэ эрх зүйн харилцааг үүсгээд байгаа тушаалыг харахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг баримталсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь заалтууд нь хөдөлмөрийн харилцааны агуулга буюу талуудын эрх үүргийн талаар зохицуулсан байдаг. ...ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох гэж заасан байдаг. Холбогдох хуульд нийцүүлнэТҮ-гийн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг яаж дуусгавар болгодог вэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр цуцалдаг. Үүнийг бас та бүхэн анхаарч ажиллах хэрэгтэй.
Мөн хариуцагч тайлбартаа Г...............г ур чадварын хувьд тэнцэхгүй, ажлын байраа орхиж явсан гэж байна. Тэгвэл ажил олгогчийн үүрэг байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т ажлын байрны чиг үүрэгт хамаарах мэргэжлээ дээшлүүлэх, давтан сурах боломжоор хангах гэж заасан байна. Та тухайн үед Г..........г ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн юм бол тэр мэргэжлээр нь суралцуулах үүрэг нь танд байсан. ...ажилтныг ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзсэн юм бол мэргэжил дээшлүүлэх боломжоор нь хангаад тэр ажилтан мэргэжлээ дээшлүүлээд ирэхээр нь та шалгалт аваад тэнцэхгүй бол та чөлөөлөх байсан. Харамсалтай нь ийм процесс явагдсан баримт хэргийн материалд байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т зааснаар та Г.............г ажлаас халсан үндэслэлээ нарийн тайлбарлах ёстой. Харамсалтай нь та тайлбарлаагүй, тайлбарлах битгий хэл мэргэшсэн судлаач .......... миний бие таны гаргасан энэ тушаалыг хараад ойлгохгүй байна. Би 16 жил Хөдөлмөрийн тухай хуулийн талаар судалгаа хийж байгаа судлаач хүн. Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд яг адилхан нэг заалт байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах хугацаагаар та хангах ёстой. Тэгээд энэ хүн өөрийгөө өмөөрч болно, буруугаа хүлээхгүй байж болно, тэгэх юм бол бусад нотлох баримтаар нотлоод холбогдох хуульд заасан 5 төрлийн сахилгын шийтгэлийн хэлбэрээс та аль нэгийг нь сонгох ёстой. Гэтэл та Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасан тайлбарлах, мэдэгдэх зүйлийг огт хийгээгүй.
Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар тайлбарлах, санал гаргах боломжоо ашиглах ёстой.
...тушаалыг захирамжлах хэсэг дээр таны яриад байгаа зүйл огт байхгүй. Аймгийн .................................. мэргэжилтэн Г................г 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж бичсэн. Яагаад чөлөөлж байгаа юм, яасан юм, юуг зөрчсөн гээд огт бичигдээгүй. ...Улсын Дээд Шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан зөвлөмж байдаг. Уг зөвлөмжийн 3.1-д ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хууль тайлбарлах шаардлагыг хангасан байх болно, ажлаас халсан тушаал нь хуулиар зохицуулагдана. Ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халсан үндэслэл тохирч байх ёстой. Өөрөөр хэлбэл 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалын үндэслэх хэсэг буюу хууль хэрэглэх, захирамжлах хэсэг агуулгын хувьд яг таарч байх ёстой. Гэтэл таны гаргасан тушаал 2 өөр. Зөрчил гаргасан юм бол зөрчилтэй холбоотой хуулийн зохицуулалтаа л бичнэ. ...Хэрвээ ажилтныг ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзэж байгаа юм бол тогтоох ажиллагааг заавал хийх ёстой гэдэг нь ажилтныг ажил олгогчийн статустай тэнцүүлж байгаа нэг нөхцөл. Хэрвээ хуулийн ийм зохицуулалт байхгүй бол ажил олгогч ажилтныг зүгээр халж байх байсан. Тийм учраас дээрх нөхцөл байдлуудыг шүүх бүрэлдэхүүн маань харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Цалин хөлсний талаар үйлчлүүлэгч маань тодорхой ярьсан. Нэхэмжлэгчийн хувьд 3 сарын хугацаанд 7.695.000 төгрөг гарч байна. Уг мөнгийг цээжээрээ гаргаагүй, дундаж цалин хөлс тооцох журам буюу Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сард баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийг үндэслэж гаргасан журамд зааснаар сүүлийн 3 сарын цалингаар тооцож нэг сарын цалинг гаргаж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү, нэхэмжлэгч маань шүүхэд нэхэмжлэлээ гаргахдаа хуульд заасан 30 хоногийн дотор буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д зааснаар 30 хоногийн дотроо хөдөлмөрийн маргаан таслах 3 талд хороо болон бусад байгууллагуудад хандаж байсан. Захиргааны хэргийн шүүхэд хандсан байсан, ажилтныг ТҮ-гээр томилсон байсан учраас захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзсэн. ...өнөөдөр яагаад ердийн шүүхээр шийдвэрлэж байгаа вэ гэхээр миний үйлчлүүлэгч бол төрийн үйлчилгээний гүйцэтгэх ажилтан учраас ердийн шүүхээр орж байгаа. Захиргааны хэргийн шүүхийн харьяалал тогтоосон шийдвэр бол хууль ёсны шийдвэр учраас миний үйлчлүүлэгч гомдол гаргаж яваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Завхан аймгийн .......... сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хорооны хуралдааны тэмдэглэл, Завхан аймгийн ...................даргын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/12 дугаартай “ Г..............г ажилд түр томилох тухай” тушаал, мөн ..................даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/17 дугаартай “Г.............г ажлаас чөлөөлөх тухай ” тушаал, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 118/ШЗ2025/0159 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Хариуцагч тал нотлох баримтаар: Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн хариу тайлбар, албан тушаалын тодорхойлолт /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ баримт, Завхан аймгийн .................. даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/01 дугаартай “Алтан тушаалын тодорхойлолт батлах тухай” тушаал /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ баримт зэргийг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.............. нь хариуцагч Завхан аймгийн ................. холбогдуулан Завхан аймгийн ................. даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй гэж тайлбарлан маргажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.............. нь Завхан аймгийн ............................... мэргэжилтнээр түр томилогдож, ТҮ6 зэрэглэлээр цалинжсан болох нь Завхан аймгийн ....................... даргын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар нотлогдож байна.
Улмаар Завхан аймгийн ................. даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/17 дугаартай тушаалаар Г...........г ажлаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгч Г.............. нь Завхан аймгийн .......................... даргын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг эс зөвшөөрч Завхан аймгийн .............. сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч маргалдагч талууд эвлэрч тохиролцоонд хүрээгүй, хуралдаан дуусгавар болсон байна.
Хариуцагч Завхан аймгийн ................ даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/17 дугаартай тушаалыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2.10 дахь заалтыг тус тус үндэслэсэн байна.
Дээрх тушаалаас үзэхэд нэхэмжлэгч Г............г ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй байх тул уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасантай нийцжээ.
Тодруулбал, ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой.
Хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүдийг авч үзвэл: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т зааснаар “ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох”, мөн хуулийн 43.2.10-т зааснаар “хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах” гэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдээгүй, тус ажлын байрны шалгуур шаардлагыг хангаагүй хууль зөрчин томилуулсан байсныг томилгооны зөрчлөө арилган хууль нийцүүлэн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэдгээ нотлох үүрэгтэй.
Тиймээс ажил олгогч нь ямар үндэслэлээр /шалтгаанаар/ Г...........г ажлаас чөлөөлсөн гэдгээ нотлохгүйгээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас чөлөөлсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан ...шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлын зарчимтай нийцээгүй бөгөөд түүний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийн зөрчсөн гэж үзнэ.
Хариуцаг нь Г...........г ажлаас чөлөөлсөн тушаалынхаа үндэслэх хэсэг болгосон албан тушаалын тодорхойлолт, Завхан аймгийн ............. даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/01 дугаартай “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” тушаалын хуулбар болон холбогдох баримтуудыг өөрийн байгууллагын “архив, хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулан хэрэгт хавсарган ирүүлсэн боловч эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангахгүй байх тул шүүх эдгээр баримтад дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг дахин тайлбарлан өгч, шинээр гаргах хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг талуудаас тодруулахад талууд байхгүй гэсэн тайлбар өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох, нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа зохигчид нотлоогүй байна.
Иймд Завхан аймгийн ................. даргын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Г............г тус .................... мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Г...........г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж хуульчилсан.
Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч .......... овогт .............ын ............г Завхан аймгийн ....................мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан Г........гийн өмнө авч байсан дундаж цалин хөлсийг бодож, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Аймгийн .....................мэргэжилтний ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацааны олговор олгохыг, мөн хугацаагаар тооцож, хуульд заасан хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Завхан аймгийн ............. даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Г.......... нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хариуцагч Завхан аймгийн ..................аас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ