Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/947

 

2025          08             07                                                                                      2025/ДШМ/947

 

Ж.Г-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Хүслэн,

яллагдагч Ж.Г-, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин, Н.Нарантуяа,

хохирогч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С-,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/4336 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаартай прокурор З.Хүслэнгийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн Ж.Г-ад холбогдох 2002 00362 0173 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Т- овгийн Ж-гийн Г-, ............., /РД:............./,

Яллагдагч Ж.Г- нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Ж-гийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ж.Г-ын шууд хяналтад үйл ажиллагаа явуулах “**************” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.М- 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Улаанбаатар төмөр замаар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшний вагон тээвэрлэх, хамтран ажиллах гэрээ”-г байгуулж өөртөө болон Ж.Г-ад давуу байдал бий болгосон үйлдэлд “**************” ХХК-ийн үйл ажиллагааг удирдан Д.Ж-гийн үйлдэлд дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон,

дээрх гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө, орлого болох 600.000 ам.долларын хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор “**************” ХХК-ийн Голомт банк дахь ********* тоот данснаас Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод өөрийн үүсгэн байгуулсан “***********” компанийн “Emirates NBD Bank PJSC” банкны ********* тоот дансанд 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 500.000 ам.доллар, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 100.000 ам.доллар буюу нийт 600.000 /1.578.924.000 төгрөг/ ам.долларыг тус тус шилжүүлж, 600.000 ам.долларыг “***********” компанийн данснаасаа мөн өөрийн үүсгэн байгуулсан Монгол Улс дахь “************” ХХК-ийн Голомт банкны ******** дугаарын дансанд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэн авч,

улмаар “************” ХХК-ийн Голомт банкны ******** дугаарын данснаас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “******” ХХК-ийн захирал Д.Б-гийн Голомт банк дахь ********* дугаарын дансанд шилжүүлж, мөн өдөр Д.Б-тай “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулж улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Баянгол дүүргийн 17 дугаар хороо, ******* гудамж, 4 дүгээр хороолол, 6-4 тоот хаягт байрлалтай 1495 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объект, 1618/0127 нэгж талбарын дугаартай, 305 м.кв талбайтай эзэмших эрхийг гэрчилгээтэй газрыг “************” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн авч мөнгө угаасан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ж.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06/715 дугаартай ““М-*****” ХХК-тай холбоотой баримт бичгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж хуулбарлан ирүүлнэ үү” гэсэн албан бичгийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд явуулсан байна. Гэтэл Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам байгууллагаас 279 баримт бичгийг гаргаж өгсөн боловч уг баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно. ...” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Үүнд яллагдагчийг яллах үндэслэл болгож байгаа баримтад 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Улаанбаатар төмөр замаар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшний вагон тээвэрлэх, хамтран ажиллах гэрээ” мөн хамаарч байна.

Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтад заасан “нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн” үндэслэлд хамаарч байна.

Мөн Ж.Г-ыг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж, “М-*****” ХХК-ийн үйл ажиллагааны орлого болох 600.000 ам долларын хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 600.000 ам.долларыг Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хот руу шилжүүлсэн гэжээ.

Гэтэл уг 600.000 ам доллар нь ямар тодорхой гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас олсон орлого болохыг, “М-*****” ХХК-ийн ямар тодорхой үйл ажиллагааны орлого болохыг, хууль бус эх үүсвэр нь юу байсан талаар тогтоогоогүй байна. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай байна гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд зөвхөн “...албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж...“, “...гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө, орлого...”, “...хууль бус эх үүсвэр...“ гэж хуулийн нэр, томьёоны талаар бичсэн боловч тодорхой хууль зүйн факт буюу үйлдэл, эс үйлдэхүй талаар дүгнэлт байхгүй байна.

Энэ хэрэгт үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүсч болзошгүй гэж шүүх өмнө нь хэргийг буцааж байсан ба үүнтэй холбоотой субъектийг тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй байна...” гэх үндэслэлээр Ж.Г-ад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор З.Хүслэн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаартай эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд прокуророос Ж.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүгчийн захирамжид “М-*****” ХХК, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн "Улаанбаатар төмөр замаар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшний вагон тээвэрлэх, хамтран ажиллах” гэрээ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаагүй гэж дүгнэжээ.

Гэтэл уг баримтыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12/323 дугаартай албан бичгийн дагуу баримт бичгийг хуулбарлан ирүүлсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа ба тухайн баримтуудыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замаас дахин гаргуулахаар хэргийг буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, мөн нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн тохиолдолд тухайн баримтуудыг шүүхийн шатанд дахин гаргаж өгөх боломжтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Мөн уг гэрээ нь 10 дугаар хавтаст хэргийн 131, 167-174 дүгээр талд нотлох баримтын шаардлага хангахуйц байдлаар дахин хавтаст хэрэг авагдсан болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, “...600.000 ам.доллар нь ямар тодорхой гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас олсон орлого болохыг, "М-*****" ХХК-ийнямар тодорхой үйл ажиллагааны орлого болохыг, хууль бус эх үүсвэр нь юу байсан талаар тогтоогоогүй байна. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай байна гэж дүгнэв. Яллах дүгнэлтэд зөвхөн ...албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ..." гэж, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө, орлого ..." гэж. "...хууль бус эх үүсвэр..." гэж хуулийн нэр, томьёоны талаар бичсэн боловч тодорхой хууль зүйн факт буюу үйлдэл, эс үйлдэхүй талаар дүгнэлт байхгүй байна. ...” гэж захирамжид заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “...Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно. ...”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж хуульчилсан.

Прокуророос хавтас хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн нотлох баримтуудад үндэслэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоолд тодорхой хууль зүйн дүгнэлтийг хийж Ж.Г-ад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба дээрх яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллах дүгнэлтийн хуульд заасан шаардлагыг хангасан, мөн ямар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх нь тодорхойгүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж шүүгчийн захирамжид заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/1477 дугаартай захирамжид Ж.Г-ын мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж олсон гэх Баянгол дүүргийн 17 дугаар хороо ******* гудамж 4 хороолол ******* тоот хаягт байрлалтай 1495 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объект, 1618/0127 нэгж талбарын дугаартай, 305 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар бүхий тухайн объектоос улсын орлогод оруулах нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өмчилж авсан этгээдийн эрх ашгийг хөндөгдөх тул тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс улсын орлого болгуулах нь үндэслэлгүй хэмээн үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Мөрдөгчөөс дээрх эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох “************” ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.М-ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр 4 удаа мэдүүлэг авсан ба дээрх үл хөдлөх эд хөрөнгийн шилжүүлэн авсан үйл явцтай холбоотой мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн байдаг.

Гэвч анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, үүнтэй холбоотой субъектийг тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэж дүгнэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг дурдаагүй, яллагдагчийг шүүхэд шилжүүлж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт тусгагдсан баримтын хүрээнд яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...”, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ. ...” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Ж.Г- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн прокурор намайг оруулж ирээд “надад 12 жилийн ял оногдуулна” гэхэд нь би айсан. Улмаар өмгөөлөгч нартайгаа хэлэлцээд хурдан салъя гэж бодоод хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт бичиж өгсөн. Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Яллагдагч Ж.Г-ын өмгөөлөгч А.Энхтүвшин давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн, дутуу хийгдсэн ажиллагаа болон анхаарах ёстой ажиллагааг үнэн зөвөөр тодорхойлсон гэж үзэж байна. Тодруулбал, энэ хэрэгт н.М-а, н.А- нараас гэрчийн мэдүүлэг авсан боловч хангалттай нотлох баримт биш, хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт н.М-а, н.А- нар худалдах худалдан авах гэрээ хийсэн байж болно гэвч төлбөрийг нь бүрэн төлөхгүйгээр 2 дахин үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийг Ланд крусер 200 маркийн машин, 100.000.000 төгрөг төлөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эцсийн шийдвэр гарахад үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл байдал үүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд хэрэв шүүхээс гэм буруутайд тооцсон тохиолдолд хохирол хор уршгийн талаар асуудал яригдаж, тухайн хохирлыг хэрхэн барагдуулах асуудал яригдах ёстой. Хэрэгт авагдсан баримтаар хэн нэгэн этгээдэд үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудал байгаа эсэхийг шалга гэсэн. Мөн прокуророос анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа ямар ажиллагаа хийхийг тодорхой заагаагүй гэсэн. Гэтэл шүүх мөрдөн шалгах ажиллагаа хийх субъект биш, ямар мөрдөн шалгах ажиллагаа хийх талаар заах эрх зүйн зохицуулалт байхгүй. Харин прокурор өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн бодит бодит байдлыг бүрэн тогтоох ёстой бөгөөд үүнийг шүүхээс хийж чадаагүй гэж үзсэн. Мөн суурь гэмт хэрэгтэй холбогдож нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж шүүхээс дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Ж.Г-ын өмгөөлөгч Н.Нарантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ сүүлийн прокурорт буцсан захирамжийн талаар дурдлаа. Тэр нь, оролцогчийн гомдлын талаар буцааж байсан. үүний өмнөх хялбаршуулах хүсэлт өгсөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яагаад буцсан бэ гэвэл тухайн шүүгчийн захирамжийн биелэгдээгүй нэг асуудал байдаг. Тэр ажиллагаануудыг заавал хийж байж хэргийг шүүхэд шилжүүлээчээ гэсэн шүүгчийн захирамж өнөөдрийг хүртэл бүрэн дүүрэн биелэгдээгүй гэж үздэг. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дугаар хэсгийн 6.13 дугаар заалтаар ямар нэгэн байдлаар нөхөн гүйцэтгэх боломжгүй баримтууд байгаа гэдгийг дурдаж буцаасан нь үндэслэлтэй байна. Тодруулбал, хөрөнгөтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн асуудал яригддаг. Хэрэв хялбаршуулсан журмаар шийдвэрлэвэл хураах эд хөрөнгө мөн эсэх, тухайн эд хөрөнгийн жинхэнэ өмчлөгч хэн гэдэг талаар тодруулж ирэх талаар даалгавар өгсөн. Үүний дагуу ажиллагаа хийсэн боловч дутуу хийгдсэн. Мөн үнэлгээ байхгүй, хэдэн төгрөгийн хэний хөрөнгө, хэний өмчлөл вэ, Иргэний шүүхээр явагдаж байгаа асуудал мухарлагдсан эсэх талаар гэрч нараас асуухдаа тодруулж асуугаагүй. Сүүлийн ажиллагаанд яллах дүгнэлтэд тусгахдаа дутуу хийсэн байсан. Иймээс үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулахгүй үүднээс байр сууриа тухайн үедээ яллах дүгнэлтэд бүрэн дүүрэн хийгээд өгөөч гэж хүсэлт гаргаж байсан. Иймээс нэгэнт ажиллагаа хийгдээгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6 дугаар зүйлд заасан нотлох баримтыг гаргаж өгөхгүй яасан юм бол, бид хэргээ шийдвэрлүүлэх саналтай байсан. Иймд хэрэгт авагдаагүй дутуу баримтыг шүүхээс бүрдүүлэх боломжгүй байгаа тул хэргийн прокурорт буцаасан асуудлыг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ж.Г-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүх Ж.Г-ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх буюу “...яллах үндэслэл болж байгаа 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Улаанбаатар төмөр замаар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшийн вагон тээвэрлэх, хамтран ажиллах гэрээ” нотлох баримтын шаардлага хангаагүй, 600.000 ам доллар нь ямар гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас олсон орлого болохыг, ”М-*****” ХХК-ийн ямар үйл ажиллагааны орлого болохыг, хууль бус эх үүсвэр нь юу байсан талаар тогтоогоогүй, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүсч болзошгүй, үүнтэй холбоотой субъектийг тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй...” гэсэн 3 үндэслэл зааж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь, хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой байх тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

Тодруулбал, Ж.Г-ыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2002003620173 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4336 дугаартай захирамжид заасан ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй байна.

Нэг. Яллах үндэслэл болж байгаа гэх 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Улаанбаатар төмөр замаар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшийн вагон тээвэрлэх, хамтран ажиллах гэрээ” нь хэргийн 10 дугаар хавтасны 131, 167-178 дахь талд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагджээ.

Хоёр. 600.000 ам долларын гүйлгээтэй буюу хэзээ, хаанаас, хэнд, хэрхэн шилжсэнтэй холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг шинжлэн судалсны эцэст хууль бус эх үүсвэртэй эсэх, гэмт хэргийн улмаас олсон орлого мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх замаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Гурав. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсхүл хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал бий гэж үзвэл анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд тухайн эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах боломжтой бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дэх хэсэгт тус тус заасныг зөрчихгүй юм.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэл бий болсон гэж үзнэ. 

Нөгөө талаар, тус эрүүгийн хэргийг өмнө мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд удаа дараа нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах хуулийн зорилгод нийцэхээр байна. 

Иймд, Ж.Г-ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хуралдаанаар хэлэлцэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан дүгнэж хэргийн үйл баримт, зүйчлэлд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, энэ талаар бичсэн прокурор З.Хүслэнгийн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/4336 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Л.ДАРЬСҮРЭН

 

                                                ШҮҮГЧ                                              Д.МӨНХӨӨ

 

                                    ШҮҮГЧ                                             С.БОЛОРТУЯА