| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 1909 03193 0870 |
| Дугаар | 2025/ДШМ/948 |
| Огноо | 2025-08-07 |
| Зүйл хэсэг | 17.3.3.2., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг /томилолтоор/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/948
А.Э-, Ж.Ө- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн, даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөнцэцэг /томилолтоор/,
яллагдагч А.Э- /цахимаар/, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар,
иргэний нэхэмжлэгч “********” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.У-,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/4094 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай прокурор Г.Бат-Оргилын бичсэн эсэргүүцэлд үндэслэн А.Э-, Ж.Ө- нарт холбогдох 1909 03193 0870 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б- овгийн А-ийн Э-, ............, урьд
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 952 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Э-д оногдуулсан 7 жилийн хорих ялыг биечлэн эдэлж дуусмагц, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн ба одоо 421 дүгээр нээлттэй хорих ангид ял шийтгэл эдэлж байгаа, /РД:............/,
2. Б- овгийн Ж-ы Ө..............., урьд
Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас заримыг нь буюу 1 жилийн хорих ялыг нэмж нийт 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 558 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан, /РД:............/,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Э-, Ж.Ө- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “яллагдагч А.Э- нарт холбогдох эрүүгийн 2109 00000 0866 дугаартай хэрэгт яллагдагч А.Э- нарт холбогдох 2109 00000 0867, 2109 00000 0868, 2109 00000 0869, 2109 00000 0870 дугаартай хэргүүдийг нэгтгэсүгэй" гэх өөрчлөлтийг оруулсан байх боловч Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаар тогтоолоор яллагдагч А.Э-д холбогдох эрүүгийн 1911 00992 1200 дугаартай хэргээс 1909 03193 0870 дугаартай хэргийг тусгаарлаж шийдвэрлэжээ. Дээрх нэгтгэсэн, тусгаарласан тогтоолуудаас А.Э-, Ж.Ө- нарт холбогдох эрүүгийн 1909 03193 0870 дугаартай хэргийг анх 2109 00000 0866 дугаартай хэрэгт нэгтгэж, 1911 00992 1200 дугаартай хэргээс тусгаарласан зөрчил тогтоогдож байна.
Яллагдагч А.Э-ийг эрүүгийн 1909 03193 0870 дугаартай хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах заалтад зааснаар яллагдагчаар татаж, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар тогтоолоор А.Э-д холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурорын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Прокурорын байгууллагын тогтолцоо нь Улсын ерөнхий прокурорын газар, аймаг, нийслэлийн прокурорын газар, сум буюу сум дундын, дүүргийн прокурорын газраас бүрддэг бөгөөд тухайн эрүүгийн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааг дээд шатны прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон прокурорын тухай хуульд зааснаар хянах эрхтэй.
Яллагдагч А.Э-, Ж Ө- нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан дээрх тогтоолуудаас үзэхэд дүүргийн ерөнхий прокурор нь Нийслэлийн хяналтын прокурорын хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгох эрх бүхий албан тушаалтан буюу дээд шатны прокурор нь мөн эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.
Иймд Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор нь дээд шатны прокурорт хамаарч Нийслэлийн хяналтын прокурорын тогтоолыг хүчингүй болгох эрх бүхий субъект мөн эсэхийг тодруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараа энэ хуулийн долдугаар бүлэгт заасан яллагдагчийн эрхийг тайлбарлан өгч, тэр тухай тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна.” гэж хуульчилжээ.
Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд А.Э-өөс яллагдагчаар мэдүүлэг авч, эрх үүргийг танилцуулж, гомдол гаргах эрхээр нь хангах нь зүйтэй байжээ.
Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул А.Э-, Ж.Ө- нарт холбогдох эрүүгийн 1909 03193 0870 дугаартай хэргийг прокурорт буцааж, дээрх дурдсан ажиллагааг хийхийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорт даалгаж, дээрх ажиллагааг хуульд зааснаар бүрэн гүйцэт хийсний эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул дээрх үндэслэлээр яллагдагч А.Э-, Ж.Ө- нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Бат-Оргил 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцэлдээ: “...Шүүхийн захирамжид дурдагдсан А.Э- нарт холбогдох 2109000000866, 2109000000867, 2109000000868, 2109000000869, 2109000000870, 1909031930870 дугаартай хэргүүдэд А.Э- болон тус гэмт хэргийг түүнтэй бүлэглэж үйлдсэн гэх нэр бүхий хүмүүст холбогдох хэрэгт Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгаас мөрдөн шалгах ажиллагаа явуулан, тус дүүргийн прокурорын газраас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, дээрх хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2109000000866 дугаартай хэрэгт нэгтгэн, Нийслэлийн прокурорын газарт хяналт тавьж байсан эрүүгийн 1911009921200 дугаартай хэрэгт нэгтгэн шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн.
Улмаар тус дүүргийн прокурорын газраас харьяаллын дагуу шилжүүлсэн 2109000000866 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газар хүлээн авч, өөрийн хяналт тавьж буй эрүүгийн 1911009921200 дугаартай хэрэгт нэгтгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.
2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 27 дугаартай тогтоолоор яллагдагч А.Э-, Ж.Ө- нарт холбогдох эрүүгийн 1911009921200 дугаартай хэргээс яллагдагч А.Э-ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгон, дээрх үндсэн хэргээс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаартай тогтоолоор мөрдөн байцаалтын хуучин дугаар буюу 1909031930870 дугаараар мөрдөн байцаалтын хэргийг тусгаарлан Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаан ирүүлснээр прокурор эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарласан.
Өөрөөр хэлбэл, эрүүгийн 1909031930870 дугаартай хэргийг эрүүгийн 2109000000866 дугаартай хэрэгт нэгтгэсний дараа, эрүүгийн 2109000000866 дугаартай хэргийг эрүүгийн 1911009921200 дугаартай хэрэгт тус тус нэгтгэн шалгасны дараа эрүүгийн 1909031930870 дугаартай хэргийг тусгаарлахдаа үндсэн хэрэг буюу эрүүгийн 1911009921200 дугаартай хэргээс тусгаарлан шалгасан тул хэрэг тусгаарлах ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн дээр дурдсан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас харьяаллын дагуу шилжүүлсэн 2109000000866 дугаартай хэрэг нь нийслэлийн прокурорын газрын 1911009921200 дугаартай яллагдагч А.Э- нарт холбогдох хэрэгт нэгтгэгдэн, улмаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, тус хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн, шийтгэх тогтоол хэрэгт авагдсан.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын гаргасан шийдвэрийг дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор хүчингүй болгосон тухайд Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Дээд шатны прокурор прокурорын үйл ажиллагаа, шийдвэрийн талаарх гомдлыг хянан шийдвэрлэх, хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, буцаан авах эрхтэй.’’, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.5 дахь заалтад “хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөгч, прокурорын шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Дээд шатны прокурор нь прокурорын тогтоолыг хууль бус, үндэслэлгүй гэж үзвэл өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй.” хэмээн дээд шатны прокурорын бүрэн эрхийг хуульчилсан.
Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор, аймаг, нийслэл, дүүрэг, сум буюу сум дундын, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурорыг дээд шатны прокурор гэж ойлгоно” гэж тодорхойлсон, мөн "Дээд шатны прокурор” гэсэн нэр томьёог прокурорын тухай хуулийн “Нийтлэг үндэслэл” гэсэн бүлэгт оруулж тодорхойлсон нь хууль тогтоомжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсэгт зааснаар нийт хуулийн хэмжээнд хэрэглэгдэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгасан “дээд шатны прокурор” гэсэн нэр томьёог прокурорын тухай хуульд зааснаар ойлгон хэрэглэж байгаа ба дээрх хэрэгт тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор хяналт тавьж, шийдвэрлэж буй хэрэгт тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор хяналтын прокурорын гаргасан шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гаргаж буй хууль ёсны шийдвэр юм.
Дүүргийн прокурорын газрын хяналт тавьж буй эрүүгийн хэрэг, гомдол мэдээлэлд нийслэлийн прокурорын газар нь шалгалт, судалгааны хүрээнд эсхүл хэргийн оролцогчоос тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу хэргийг татаж, хянаад гомдлыг хүлээн авахаас татгалзах, прокурорын шийдвэр хүчингүй болгох зэрэг аливаа шийдвэрийг гаргах эрхтэй бөгөөд яллагдагч А.Э-, Ж.Ө- нарт холбогдох хэргийн хувьд дээрх Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаартай зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг яллагдагч, хохирогч, хэргийн бусад оролцогч нараас эс зөвшөөрч гомдол гаргаагүй тул Нийслэлийн прокурорын газар өөрийн санаачилгаар хэргийг татаж хянах, шийдвэр хүчингүй болгох боломжгүй юм.
Харин тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор нь нэгж прокурорын газарт хянагдаж буй эрүүгийн хэрэгт прокурорын тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь үндэслэл бүхий гэж үзнэ.
Шүүгчийн захирамжид дүгнэснээр дээрх заалтуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, прокурорт буцааж дээрх дурдсан ажиллагааг хийхийг прокурорт даалгасан нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрөхөөргүй байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна.
Учир нь дээрх дурдсан үндэслэлээр прокуророос хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд тус ажиллагаа нь прокурорын шатанд нөхөн гүйцэтгэх, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийгдэх боломжгүй ажиллагаа юм.
Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд А.Э-өөс яллагдагчаар мэдүүлэг авч, эрх үүрэг танилцуулах, гомдол гаргах эрхээр хангаагүй гэх дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тохиолдолд дахин яллагдагчаар мэдүүлэг авч, эрх үүргийг танилцуулах талаар хуульд үүрэг болгосон хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд А.Э-д урьд өмнө яллагдагчаар татсан тогтоол танилцуулж яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдсон эсхүл тогтоогдоогүй талаар бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь учир дутагдалтай болсон байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасныг зөрчсөнөөс гадна хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн захирамжид заасан хэргийг прокурорт буцаах үндэслэл болсон нөхцөл байдал нь ойлгомжгүй түүний дагуу хийж гүйцэтгэх мөрдөн шалгах ажиллагаа тодорхойгүй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл хэргийг бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/4094 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Б.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч А.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ... Прокурор 04 дүгээр сарын 22-ний өдөр хорих 461 дүгээр ангид яллах дүгнэлт гардуулахаар ирсэн. Үүнийг нь би татгалзаад гарын үсэг зураагүй. Мөн хүчингүй болгосон тогтоолыг надад танилцуулаагүй, би гарын үсэг зураагүй. ...” гэв.
Яллагдагч А.Э-ийн өмгөөлөгч П.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Mиний гаргасан хүсэлтийг анхан шатны шүүхээс хүлээж аваад захирамж гаргасан тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Прокуророос урьд нь хүчингүй болгосон яллах дүгнэлттэй холбоотойгоор эсэргүүцэл бичсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс прокурорын газрын тогтолцоог Улсын ерөнхий прокурорын газар, аймаг, нийслэлийн прокурорын газар, дүүргийн прокурорын газар, сум дундын дүүргийн прокурорын газар гэж ойлгож байгаа. Иймээс нийслэлийн прокурорын газар нь дүүргийн прокурорын газрын дээд шатлал бүхий байгууллага юм. Дүүргийн ерөнхий прокурор гэхээрээ бүх хяналтын прокурорын дээр гэсэн ойлголтоор хүчингүй болгосон асуудал гарсан. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй тул урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх гурван агууллагадаа дурдсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “тус захирамжид дурдагдаагүй боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурорын хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийн анхаарах нь зүйтэй” гэж дурдсан. Өөрөөр хэлбэл, миний хүсэлтдээ дурдсан гурван агуулгыг шүүгчээс хүлээн аваад захирамжиндаа дурдсан. Прокурор анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь биш зөвхөн дээд, доод шатны прокурортой холбоотойгоор эсэргүүцэл бичсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Иргэний нэхэмжлэгч “********” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.У- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.Э-, Ж.Ө- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Анхан шатны шүүх “...хэрэг тусгаарлах ажиллагаа хууль зөрчсөн, ...Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор Нийслэлийн хяналтын прокурорын тогтоолыг хүчингүй болгох эрх бүхий субъект мөн буюу дээд шатны прокурорт хамаарах эсэхийг тодруулах, ...Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд А.Э-өөс яллагдагчаар мэдүүлэг авч, эрх үүргийг танилцуулж, гомдол гаргах эрхээр нь хангах...” шаардлагатай гэсэн 3 үндэслэлээр А.Э-, Ж.Ө- нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шүүгчийн хэрэг тусгаарлах ажиллагаа хууль зөрчсөн, Дүүргийн ерөнхий прокурор Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй эсэх буюу дээд шатны прокурор мөн эсэхийг тодруулах гэсэн 2 үндэслэл нь хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлд хамаарахгүй байна гэж дүгнэлээ.
1. Хэргийн 2 дугаар хавтасны 2-4 дүгээр талд авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолоор “...2109000000866 дугаартай эрүүгийн хэрэгт 2109000000867, 2109000000868, 2109000000869, 1909031930870 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, улмаар 210900000866 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт хүлээн авч, тус прокурорын газарт шалгагдаж буй 1911009921200 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсэн үйл баримт тогтоогджээ.
Мөн, 1911009921200 дугаартай хэргээс зарим хэргийг буюу А.Э-, Ж.Ө-, Б.Б- нарын бүлэглэсэн үйлдлээс А.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 1911009921200 дугаартай хэргээс Ж.Ө-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 1909031930870 дугаартай хэргийг тусгаарлан, харьяаллын дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүргүүлсэн байхаас гадна эрүүгийн 1911009921200 дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болох нь хэргийн 3 дугаар хавтасны 164-169 дэх талд авагдсан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 27, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаар тогтоолууд, хэргийн 4 дүгээр хавтасны 34-117 талд авагдсан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 952 дугаартай шийтгэх тогтоол зэргээр тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, дээр дурдсан ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2. Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор, аймаг, нийслэл, дүүрэг, сум буюу сум дундын, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурорыг дээд шатны прокурор гэж ойлгоно” гэж хуульчилсан байх бөгөөд дээд шатны прокуророос доод шатны прокурорын шийдвэрийг заавал хянах зохицуулалтыг тус хуулийн 10 дугаар зүйлд үүрэг болгожээ.
Тодруулбал, дээрх хуульд зааснаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорыг дээд шатны прокурор гэж үзэх бөгөөд Прокурорын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.3 дахь заалтад зааснаар дээд шатны прокурор нь хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн тохиолдолд заавал хянах үүргийг хүлээж, прокурорын тогтоолыг хууль бус, үндэслэлгүй гэж үзвэл өөрчлөх, хүчингүй болгох бүрэн эрхтэй байна.
Иймд, дээд шатны прокурор нь нэгж прокурорын газрын хяналтад буй эрүүгийн хэргийг хянаж, шийдвэр гаргасныг буруутган дүгнэх, хууль бус гэж үзэх боломжгүй юм.
Харин, анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Хэргийг прокурорт буцаах” захирамжид заасан Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотой А.Э-ийн гомдол гаргах эрхийг хангах шаардлагатай байсан талаарх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар А.Э-ийн зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг танилцуулах, гардуулах ажиллагаа хийгдээгүйн улмаас А.Э-ийн хуульд заасан эрх хязгаарлагдсан гэж үзэхээр байна.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай “Прокурорын шийдвэр хүчингүй болгох тухай” тогтоолд хэргийн оролцогчид танилцаж гарын үсэг зурсан баримтад А.Э-ийн гарын үсэг байхгүй, мөн А.Э-д шийдвэр гардуулан өгсөн “...№59, 60, 61 дугаартай тогтоолууд танилцуулсан...” тэмдэглэлээс /хэргийн 4 дүгээр хавтасны 206-215 тал/ А.Э-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хамаарал бүхий 19 дүгээр тогтоолыг түүнд танилцуулах ажиллагаа хийгдээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3, 7.7 дугаар зүйлд заасан ямар хэрэгт яллагдагч байгаагаа мэдэх, гомдол, хүсэлт гаргах эрхээр хангаагүй гэж үзнэ.
Энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/4094 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, А.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/4094 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Бат-Оргилын бичсэн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлийн 1, 2 дахь хэсгийг хүлээн авч, шүүгдэгч А.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА