| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2510 01705 0494 |
| Дугаар | 2025/ДШМ/949 |
| Огноо | 2025-08-12 |
| Зүйл хэсэг | 20.10.1., |
| Улсын яллагч | М.Билгүүдэй /томилолтоор/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/949
А.Ш-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Билгүүдэй /томилолтоор/,
шүүгдэгч А.Ш-,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1482 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Ш-ий гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2510 01705 0494 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн А-ын Ш-, ............., урьд
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2080 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн ба 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ялыг эдэлж дууссан, /РД:.........../,
Тээврийн прокурорын газраас: А.Ш-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт А-ын Ш-ийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-д оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг А.Ш-д сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Ш- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн гэм буруугаа маш ихээр ухамсарлаж, хийсэн гэмт үйлдэлдээ болон эцэг, эх хоёрыгоо сэтгэлийн хямралд оруулсандаа харамсаж байна. Би өндөр настай эцэг, эхийн хамт амьдардаг. Аав маань ууц нурууны өвчтэй, ээж маань бамбайн хорт хавдартай, 2-лаа ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, эрүүл мэндийн асуудалтай, мөн тэтгэврийн зээл авсан бөгөөд түүгээрээ байрны зээлээ төлдөг тул санхүүгийн хувьд хүнд нөхцөлтэй байгаа. Би мөн Голомт, Хаан банкуудад зээлтэй бөгөөд манай гэр бүл миний цалингаар амьдардаг. Иймд энэхүү нөхцөл байдлыг маань харгалзан үзэж, надад оногдуулсан торгуулийн ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Билгүүдэй тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Ш- эрх бүхий албан тушаалтад зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай анийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэж заасны дагуу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан хууль зүйн үндэслэлтэй. Иймд шүүгдэгч А.Ш-ий гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч А.Ш-ий гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,
шүүгдэгч А.Ш- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Лавай захын уулзвар орчимд Тоёота Акуа маркийн **** УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн болох нь:
гэрч Н.Б-ын “...Би 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 13-н цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Лавай захын уулзварт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Тоёота Акуа маркийн **** УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоох гэхэд тухайн машин нь зогсохгүй шууд явсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг араас нь харахад 50-н метр яваад баруун гар тийш эргээд Эрлийн автобусны буудлын шороон зогсоол руу ороод зогссон. Тэгэхээр нь би араас нь очоод тухайн жолоочоос илтэд архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгтэл жолооч нь машинаасаа буугаад зугтаасан. Би араас нь явган барьж аваад уулзсан. Надад өмнөх өдөр нь архи уусан гэж хэлсэн. Тэгээд жолоочид драгер багаж үлээлгэх гэсэн боловч үлээхгүй шаардлага биелүүлэхгүй байсан. ...Маш их архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба хүний хэлж байгаа зүйлийг ойлгохгүй байсан. ...” /хх27/,
гэрч Т.Г-ийн “...Би 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ үүргээ гүйцэтгэж байх үедээ Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсээс ахлах ахлагч Б- гэдэг цагдаа нэг согтуу иргэнийг эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөхөөр орж ирсэн. Тухайн үед би тэр согтуу жолоочид үзлэг хийж мөн драгер багаж үлээж шалгуулах хууль ёсны шаардлага тавьсан. Тэгтэл иргэнээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан боловч драгер багаж үлээхгүй гэсэн тул тухайн иргэнийг эрүүлжүүлсэн. ...Ер нь бол архи маш их үнэртэж байсан ба согтуу байсан. ...” /хх28/ гэх мэдүүлгүүд,
эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх4/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх5-6/, согтуурсан хүнийг саатуулах тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /хх9/, саатуулагдсан хүнийг сулласан тухай тэмдэглэл /хх10/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх15/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх30/, Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ЗШ/969 дугаартай “...Зөрчилд холбогдогч А.Ш-д ...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэх шийтгэвэр /хх37-38/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.Ш-ийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Ш-ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг буруутган дүгнэх боломжгүй юм.
Харин, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж хуульчилсан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч А.Ш-ий гаргасан “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би банканд зээлтэй, эцэг, эхийн хамт амьдардаг. Гэр бүлээ ганцаараа ажил хийж тэжээн тэтгэдэг тул энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялыг багасгаж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг авч, энэ талаарх зохих өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулав.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэх хуулийн заалтаар гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримтын цаг хугацааг зөв тогтоож, дүгнэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой атал шүүгдэгч А.Ш-ий гэм хэрэг үйлдсэн тухайн үеийн үйл баримтыг Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх55/, прокурорын яллах дүгнэлт /хх78/, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд /хх111/ “2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр” гэж хэргийн үйл баримтаас өөрөөр алдаатай бичсэн байх тул дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс “2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр” гэж зөвтгөж, цаашид анхаарвал зохихыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1482 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “Шүүгдэгч А.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч А.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-д оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-д оногдуулсан 6.000.000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ш-ий гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА