| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 181/2017/02361/И |
| Дугаар | 210/МА2019/00343 |
| Огноо | 2019-02-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2019/00343
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2018/02793 дугаар шийдвэртэй ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* газарт холбогдох, хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ******* ХХК нь ******* ХХК-аас зээл авсны үндсэн дээр 1 083 916 598 төгрөгийг төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж нэхэмжлэгч байгууллагын хөрөнгийг битүүмжлээд хөрөнгийг үнэлсэн. Нэхэмжлэгч талаас уг хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй учраас нэхэмжлэл гаргасан. Зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талын саналыг хариуцагч байгууллага нь харгалзан үзээгүй. Мөн тухайн хөрөнгө болох 2 өрөө орон сууцыг 127 500 000 төгрөгөөр, газар болон байшинг 73 168 000 төгрөгөөр, Баянгол дүүрэгт байрлах байгууламжийг 513 600 000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэгт байрлах Фермийг 249 067 000 төгрөгөөр гэх мэтчилэн зах зээлийн ханшнаас хэт доогуур болон нэхэмжлэгч байгууллагын саналыг харгалзан үзэлгүйгээр үнэлсэн нь үндэслэлгүй хууль зөрчсөн гэж үзэж байна. Эд хөрөнгийг үнэлэхдээ төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нарыг харилцан тохиролцуулах арга хэмжээг аваагүй, хөрөнгө үнэлэхэд төлбөр төлөгч болон өмчлөгчийг байлцуулаагүйгээр үнэлсэн, нэхэмжлэгч талын саналыг хариуцагч байгууллага нь харгалзан үзээгүй нь хууль зөрчсөн. Нэхэмжлэгчээс хүсэлт гаргаж мөн шүүхийн журмаар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн боловч нэхэмжлэгч байгууллагад хүлээн зөвшөөрөгдөхөөр үнэлгээ гараагүй. Мөн уг хоёр үнэлгээ нь хоорондоо зөрүүтэй байгаа учраас хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах үндэслэлтэй. 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 3/16273 тоот хариуцагч байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу хөрөнгийн үнэлгээг мэдсэн байгаа. Ингэж мэдсэнээс 7 хоногийн дотор гомдол гаргасан. Нийтийн жишиг үнийн байдлаар хөрөнгийг үнэлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тухайн үнэлгээг бүхэлд нь үнэлэхэд шүүхийн шийдвэрт дурдсан төлбөрөөс дээгүүр гарна гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэгч талаас хамгийн том хөрөнгөө худалдан борлуулаад өр төлбөрөө төлөх саналтай байна. Мөн нэхэмжлэгч нь гуравдагч этгээдэд төлбөр төлөх ёстой боловч нэхэмжлэгч байгууллага нь ямар ч төлбөр төлөх боломжгүй байдал нилээд удаан үргэлжилж байгаа учраас тухайн хөрөнгүүдийг худалдан борлуулаад төлбөрийг төлөх хүсэлтэй байгаа. Хоёр үнэлгээ нь нийт үнийн дүнгээр болон эд хөрөнгө бүрт хийгдсэн үнэлгээ нь зөрүүтэй. Иймээс ******* ХХК-аар үнэлүүлсэн үнэлгээг хүчингүй болгуулах хүсэлттэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчээс 1 083 916 598 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Үүний дагуу нэхэмжлэгч талд төлбөр барагдуулахыг мэдэгдсэн боловч төлбөр барагдуулаагүй. Ингээд нэхэмжлэгч байгууллагын хөрөнгийг битүүмжилсэн. Хөрөнгийн үнэлгээ хийлгэхдээ хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн. Нэхэмжлэгч байгууллагад үнэлгээг мэдэгдсэн. Хуульд заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд 7 хоногийн дотор гаргаагүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг заасныг зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Шийдвэр гүйцэтгэгч шууд үнэлгээ хийх боломжгүй бол талуудаас саналыг нь авдаг. Хэрэв санал ирүүлээгүй бол шийдвэр гүйцэтгэгч үнэлгээ хийлгэдэг. Төлбөр төлөгч ******* ХХК-ийн захирал ******* болон хамтран өмчлөгч *******, *******, ******* нарт 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 3/16273 тоот үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэдэг талаарх баримтыг гаргаж өгөөгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагаас хөрөнгийн үнэлгээ зах зээлийн ханшнаас хэт доогуур, нэхэмжлэгч талын үнийн саналыг харгалзан үзээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан боловч эг нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна. Шүүхийн журмаар болон шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийг үнэлүүлж хөрөнгийн үнэлгээг тогтоосон. Гэтэл энэ нь холбогдох хуулийг зөрчөөд гаргасан юм шиг зүйл яриад байна. Нэхэмжлэгч тал хөрөнгөө өөрсдөө худалдан борлуулах бүрэн боломжтой. Гуравдагч этгээд талаас заавал барьцаа хөрөнгийг авах сонирхол байхгүй. Шийдвэр гүйцэтгэх журмаар тогтоогдсон үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур байна гэдэг нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн журмаар үнэлүүлсэн үнэлгээ бас хүчингүй болгуулах гэж байгаа юм шиг зүйл ярьж байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн зүйл байхгүй. Банкны хувьд нэхэмжлэгч талын эд хөрөнгийг авах сонирхол байхгүй бөгөөд төлбөрөө л авах сонирхолтой. Иймд эд хөрөнгө худалдан борлуулж, төлбөр барагдуулах ажиллагааг талуудтай хамтарч хийх бүрэн боломжтой гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* газарт холбогдох Хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 323 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай ******* ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351 000 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 280 800 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын ******* тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч ******* газраас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс томилсон шинжээчийн зардалд 1 500 000 төгрөгийг хариуцагч ******* газраас гаргуулан Итгэлт эстимэйт ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч ******* ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргасан 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан хугацаа хэтэрсэн байхад шүүх хэтрээгүй гэж үзсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан мөн шинжээч томилох тогтоолд шинжээч нь санаатай худал дүгнэлт гаргасан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болохыг анхааруулж тогтоолд гарын үсэг зуруулсан байхад анхан шатны шүүх үнэлгээчин *******г хувийн сонирхолгүй эсэхийг тогтоох ажиллагаа хийгдээгүй гэж үзсэн нь учир дутагдалтай.
Шүүх үнэлгээчин *******г хувийн сонирхолтой үнэлгээ хийсэн гэдгийг тогтоогоогүй, тогтоох ажиллагаа хийгээгүй энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байхад хувийн сонирхолтой гэж үзсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Эрүүгийн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх хариуцлагыг сануулаагүй гэж үзсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын барьцаа хөрөнгөнд хийлгэсэн үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн эсэхийг тогтоохын тулд шүүхээс шинжээч томилуулан ******* ХХК-аар дахин үнэлгээ хийлгэсэн боловч шүүхээс хийсэн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн үнээс доогуур байхад үнэлгээг хүчингүй болгосон.
Мөн нэхэмжлэгч нь шүүхээс тогтоосон үнэлгээнд гомдолгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үнэлгээнд гомдолтой гэж тайлбарласан нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийж хугацаа авах сонирхолтой байхад шүүх 2 байгууллагын хийсэн үнэлгээг харьцуулаагүй нэхэмжлэгчийн талд хэргийг шийдвэрлэсэн. Шүүх 2017 оны 11 дүгээр сард барьцаа хөрөнгөнд үнэлгээ хийлгэхээр захирамж гаргаж үнэлгээний тайлан нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирсэн нь төлбөр төлөгчид төлбөр төлөхгүй байх хугацаа авах боломж бололцоогоор хангаж хэргийг хэт удаан шийдэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаанд хэрэг хянан шийдвэрлээгүй хугацаа хэтэрсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүх нэг талыг бариж хэргийг шийдвэрлэсэн нь дээрх заалтыг зөрчсөн. Үнэлгээ хийсэн Хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн үнэлгээчин *******г хэд хэдэн удаа шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасан болговч оролцуулаагүй хэт нэг талыг бариж хэрэг шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1065 дугаартай шийдвэрээр ******* ХХК-аас 1 083 916 598.08 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 5 577 533 төгрөгийг тус тус гаргуулан ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17270307 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. /хх-ийн 37-43 дугаар тал/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэж тодорхойлсон.
Хариуцагч ******* газар нь талуудын гаргасан ... ******* тоот 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, ******* тоот 607 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрх бүхий газар, ******* тоот 160 м.кв талбай бүхий орон сууц, ******* нэгж талбарын дугаар бүхий 1152 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, ******* тоот /******* худалдааны төвийн хүнсний захын барилгын Б корпус/ 336 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* тоот хаягт байрлах 190 м.кв талбайтай ферм, 20.25 м.кв талбайтай худаг, ******* нэгж талбарын дугаар бүхий 22452 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, ******* сумын ******* ард байрлалтай 80 га талбайтай, үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, Тоёота маркийн ланд круйзер 200, УБЗ ******* улсын дугаартай суудлын автомашин зэрэг эд хөрөнгөнд шинжээч томилуулах хүсэлтийн дагуу 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор ******* ХХК-ийг томилжээ. Тус байгууллага нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 323 дугаар дүгнэлтийг ирүүлж, 323 дугаартай албан бичгээр хөрөнгө үнэлсэн тухай тайланг ******* газарт ирүүлж, барьцаа үл хөдлөх хөрөнгийг 1 163 335 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 75-86 дугаар хуудас/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ хийлгэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн ба 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12010 дугаар шүүгчийн захирамжийн дагуу ******* ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №80/03 дугаар дүгнэлт гаргаж, дээрх хөрөнгийг 1 149 212 500 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 116, 128-157 дугаар тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилсон ******* ХХК нь барьцааны хөрөнгүүдийг 1 163 335 000 төгрөгөөр, шүүхээс томилогдсон ******* ХХК нь 1 149 212 500 төгрөгөөр тус тус үнэлсэн, шүүх 14 122 500 төгрөгөөр илүү үнэлсэн ******* ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосон байна. /хх-ийн 75-86, 128-145 дугаар тал/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ХХК-ийн үнэлгээний мэргэжилтэн *******г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. /хх-ийн 99, 118, 169-170 дугаар тал/ Учир нь нэхэмжлэгч тухайн үнэлгээчний үнийн тухай гомдол гаргаж маргасан, тус үнэлгээг гаргасан шинжээчийг асууж, үнэлгээний талаар тодруулах нь хэрэгт ач холбогдолтой болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.
Түүнчлэн шүүх дээрх барьцааны хөрөнгийн үнэлгээнд бодитой дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй болно.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт Энэ хуулийн 55.7, 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болох энэ хуулийн 6.2-т заасан шийдвэрийн агуулгад хамаарахгүй гэж заасан байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй ...шинжээчид Эрүүгийн хуульд заасан хариуцлага сануулаагүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийгээгүй гэх үндэслэлээр 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 323 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай ******* ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Нэхэмжлэгч 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр үнэлгээний талаарх мэдэгдлийг хүлээн авч 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ. /хх-ийн 12, 89 дүгээр тал/
Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тохиолдолд давж заалдах шатны шүүх маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй учраас шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2018/02793 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Б.НАРМАНДАХ