Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/267

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа,

Гэрч *******, *******, *******

Шүүгдэгч М.Э-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох 1818004540276 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Э-/ *******/, 1987 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-нд *******ажилтай, ам бүл 6, ээж, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *******тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Э-нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагийн орчим Дархан-уул аймгийн Дархан сумын “Өргөө” багийн нутаг дэвсгэрт байрлах ******* байрны асфальтан зам дээр иргэн ******* өмчлөлийн******* улсын дугаартай “ Toyota Mark-2” маркийн сувдан цагаан өнгийн автомашиныг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 13 дугаар бүлгийн 13.3-т “явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал араас ирсэн жолооч түүний урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч байхгүйг бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэж тус тус заасан дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч 10 настай*******ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Э-нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагийн орчим Дархан-уул аймгийн Дархан сумын “Өргөө” багийн нутаг дэвсгэрт байрлах ******* байрны асфальтан зам дээр иргэн ******* өмчлөлийн******* улсын дугаартай “ Toyota Mark-2” маркийн сувдан цагаан өнгийн автомашиныг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 13 дугаар бүлгийн 13.3-т “явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал араас ирсэн жолооч түүний урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч байхгүйг бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэж тус тус заасан дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч 10 настай*******ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 19:30 цагийн үед би өөрийн эзэмшлийн******* улсын дугаартай цагаан өнгийн “ Toyota Mark-2” маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод Дархан сумын Засаг даргын тамгын газрын ойролцоогоос гэртээ харих гээд хуучин Дарханы 18-ын буудал орчим буюу өнгөт хорооллын ******* байрны арын замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байхад ******* байрны орчимд замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд машин зогсож байхаар нь зүүн гар талаар нь буюу 2 дугаар эгнээгээр нь хөдлөөд явахад 10 орчим насны эмэгтэй хүүхэд миний машины урдуур гүйгээд машины буруу талын хамарт буюу машины урд талын баруун хэсэгт мөргүүлсэн. Ингээд би цаашаа 7-8 метр орчим яваад зогссон. Тэгээд тэр хүүхэд дээр очиход газар уйлсан байдалтай байсан. Ингээд манай эхнэр ******* эмнэлэг рүү ярьж дуудлага өгч, түргэний машин ирж хүүхдийг аваад эмнэлэг явсан.

..гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Зөрчлийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 9/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 10-12/,

-Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг /хэргийн 13-14/,

-Хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хэргийн 18-24, 124-128/,

 

-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай том охин******* ээжийнхээ аав ээж дээр амьдарч байсан бөгөөд тухайн үед би өөрөө Улаанбаатар хотод ажиллаж байсан юм. Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 20:00 цагийн үед хадам талаас “******* машинд дайруулчихлаа” гээд залгахаар нь би шөнө Улаанбаатар хотоос Дархан руу гараад 2018 оны 05 дугаар сарын 16-ны өглөө Дарханы нэгдсэн эмнэлэгт очиж охинтойгоо уулзтал охины маань баруун талын хөлний шагай хэсэг хөхөрсөн, баруун гарын тохой хэсэг мөн хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд эмчтэй нь уулзахад эмч “охин чинь гэмтлийн улмаас гавал тархиндаа гэмтэл авсан,  биеийн байдал нь хүндэвтэр байна” гэхээр нь би тэр өдрөө эмнэлгийн машинаар Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргүүлж тэндээ 6 хоног хэвтэж эмчлүүлсэн. Энэ хугацаанд би ажлаасаа цалингүй чөлөө авч охиноо сахиж байсан. Тэгээд охин маань эмнэлгээс гарсан боловч хамраас нь ямар ч шалтгаангүй цус гардаг болсон. Үргэлжлүүлэн эмчийн зөвлөснөөр эмчилгээ хийлгэж байгаа. Миний охиныг дайрсан гэх жолоочийн ээж нь над руу залгаад “миний хүү танай охиныг мөргөөгүй, танай охин гүйж ирээд миний хүүгийн машиныг мөргөсөн” гэж загнаж ярьсан. Миний бие ээжтэй нь холбогдоод “охиндоо эмчилгээ хийлгэх шаардлагатай байна мөнгө төгрөгийн туслалцаа үзүүлэх боломж байна уу?” гэтэл “манай хүү ослоос болж шоконд орж даралт нь ихсээд толгой нь эргээд гэртээ хэвтэж байгаа, хуулийнхаа дагуу явна, манайх өмгөөлөгч авсан байгаа” гээд бид нарыг хүүтэйгээ уулзуулахгүй байсан.  Миний охиныг мөргөсөн жолооч болон ар гэрийнхэн нь миний охины биеийг ямархуу байгаа талаар огт асууж байгаагүй. Ослын талаар охиноосоо асуухад орой 17:00 цагийн үед давтлагаасаа тараад 18-н буудлын орчим зам хөндлөн гарцтай газраар гарч автобусанд суух гэтэл тэр жолооч миний баруун хөл рүү мөргөсөн. Ослын дараа юу болсныг мэдэхгүй байна нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн гэж ярьсан. Одоо охины минь биеийн байдал нь ослын дараах үеэ бодвол сайжирсан ч толгой нь өвдөж байгаа, хамраас нь өдөр бүр цус гарч байна. Мөн баруун талын чихний араар өвдөөд байна гэдэг зовиур хэлдэг болсон. Мөнгө төгрөг байхгүйгээс одоо охины маань гэмтэл ямар шатандаа явж байгаа, ямар байдлаар эдгэрч байгааг дахин давтан үзүүлж оношлуулж чадахгүй байна. Мөн миний хувьд сарын 900000 төгрөгийн цалинтай ажил хийдэг ба үүнийг ажлын 22 хоногт хуваавал өдрийн би 40000 төгрөгийн цалинтай. Охиноо тус осолд ороод гэмтэх үед Дархан руу дуудагдаж ирсэн, мөн 8 хоног гэмтлийн эмнэлэгт сахисан. Нийт 10 хоног ажлаасаа цалингүй чөлөө авсан цалин болох 400000 төгрөгийг нэхэмжилж байна”  гэх мэдүүлэг /хэргийн 28-30/,

-Насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тухай тэмдэглэл /хэргийн 36/,

-Насанд хүрээгүй хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гарцаар зам хөндлөн гарч байхад древень чиглэлээс шинэ Дарханы чиглэлд явсан цагаан өнгийн жижиг машин ирж харагдсан. Би бодохдоо тэр машиныг ирэхээс өмнө зам гарч амжина гэж бодсон. Тэгтэл тэр машин ирээд миний баруун талаас мөргөхөд би баруун талаараа зам дээр унасан. Намайг мөргөсөн машин дотроос жолооч ахын ээж нь бууж ирээд дараа нь жолооч ах өөрөө бууж ирээд “зүгээр үү?” гэж асуусан. Тэгээд би ухаан алдаад сэрсэн чинь түргэний машин дотор сэрсэн. Тэгээд эмч надаас “аав, ээжийнхээ дугаарыг мэдэх үү?” гэхээр нь би өвөөгийнхөө дугаарыг өгсөн. Эмч манай өвөө рүү залгаж намайг осолд орсон гэж хэлсэн. Осолд ороод миний баруун хөлний шагай, гуяны баруун талд баруун гарын тохой хэсэгт хөхөрсөн, толгой гэмтсэн, толгой маань баруун чихний дээд хэсэгт хатгаж өвдөөд, баруун чихний араар өвдөөд байгаа. Хамраас ойр ойрхон цус гараад байгаа. Замаар хөндлөн гарахаар айж сандраад байдаг.” гэх мэдүүлэг, мэдүүлэг өгөх ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 38-41/,

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хэргийн 43/,

-Өвчний түүх, эмийн хуудас /хэргийн 45-52/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 54-63/,

 

-Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Миний төрсөн охин******* гэдэг залуутай гэр бүл болоод 3 хүүхэд төрүүлсэн ба ууган хүүхэд нь ******* юм.  Зан харилцааны хувьд таарч тохирохгүйн улмаас салж тусдаа амьдрах болсон. Ингээд охин******* маань 2017 оны 9 дүгээр сарын эхээр Турк улс руу ажил хийхээр 3 жилийн хугацаатай гэрээгээр явахдаа 3 хүүхдээ эхнэр бид 2-ыг харж хандаж байгаарай гэж захиж үлдээгээд явсан. Охин*******ыг анх сургуульд ороход нь хичээлд нь хүргэж авч байсан. Охин маань 10 нас хүрсний дараа ганцаараа сургууль руугаа яьдаг болсон. Ингээд 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр******* ганцаараа хичээлдээ яваад үдээс хойш давтлагадаа суусан. Би*******ын 2 дүүг нь цэцэрлэгээс аваад явж байхад над руу нэг эмэгтэй залгаж мэдэгдсэн. Би сандраад 2 дүүг нь гэртээ оруулчхаад 18-н буудал дээр очтол цагдаа нар ирчихсэн хэмжилт хийж байсан. Дайрсан гэх цагаан өнгийн машин ослын гэрлээ асаачихсан, жолоочийг нь цагдаа нар албаны машиндаа суулгачихсан байсан. Ингээд би Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр очиход******* маань насилкан дээр хэвтсэн байдалтай байсан. Охиноо харахад духны баруун талд шалбарсан, толгойн оройд хавдсан, баруун хөлний тавхай хэсэг хөхөрч хавдсан нэлээд хөндүүртэй байсан. Охиныхоо биеийн байдлын талаар асуухад******* “толгой, хөл маш их өвдөөд байна, дотор муухай оргиод бөөлжих гээд байна” гэж хэлж байсан. Эмч нь намайг “та хүүхдээ яаралтай толгойн томографт үзүүл” гэж хэлсний дагуу “Саран-Элит” эмнэлэг явж толгойн томографын зургийг авахуулж үргэлжлүүлэн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн.*******ыг осолд орсон талаар аав нь мэдсэн байсан. Тэгээд Улаанбаатар хотоос ирээд*******ыг “Улаанбаатар хот явж нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлнэ” гээд аваад явсан. Одоо охин маань бид нартай хамт амьдарч байгаа. Биеийн байдлын хувьд эдгэрсэн, цаашдын эмчилгээнд нь зарцуул гэж 500000 төгрөг өгсөн учир ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

-Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Э-над руу утсаар яриад “ээж ээ, та тайван байгаарай, хүү нь сая гэр рүүгээ харих гэж явж байгаад 18-н буудал орчим хүүхэд дайрчихлаа” гэсэн. Тэгэхээр нь би сандраад сувилагчдаа хэлж эмнэлгээс түр гарч Нэгдсэн эмнэлэг дээр очиход 2 давхар гэмтлийн тасгийн орчим Э-эхнэрийнхээ хамтаар “дайрсан хүүхдийг томографын шинжилгээ хийхээр эмч нар аваад явчихлаа, одоо ирж байгаа” гэж хэлээд байж байсан. Хүү маань тухайн үед их сандарсан байсан. Охиныг хүлээж авч үзлэг хийсэн эмчтэй нь уулзахад эмч “мөргүүлсэн хүүхэд толгойн чамархай ясандаа гэмтэлтэй байгаа, мөн хөл орчмоороо дайрагдсан, тухайн газраа зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа, эмчилгээ хийгдэнэ” гэж хэлсэн. Ингээд охины өвөөтэй нь уулзаад томографын мөнгө 150 000 төгрөг болон 3 өдрийн тарианы 26 000 төгрөг зэргийг өвөөд нь өгөөд явсан.

...Би осол гарах үед хүүгийнхээ машинд байгаагүй. Ослын дараа дуудагдаж эмнэлэг дээр очсон. Хүүхэд осолд ороод шоконд орж намайг машинд явсан гэж андуурсан байж магадгүй. Харин маргааш нь охиныг аав нь Улаанбаатар хотруу авч явахад би эмнэлгийн машинд нь хамт суугаад Улаанбаатарт хүргэж өгч, гэмтлийн эмнэлгийн эмчээс хохирогчийн биеийн байдлыг асуухад эмч “гайгүй, тогтвортой байна. Та явж болно.” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

 

-Эмнэлгийн магадалгаа /хэргийн 70/,

-Гэрч Л.*******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...18-н буудал орчим явж байхад явган хүний гарц тэмдэгтийн орчим зам дээр машин зогсож байсан. Тухайн машиныг нөхөр маань өөрийнхөө машинаар ертөнцийн зүгээр зүүн талаар нь тойрч гарах үйлдэл хийж байхад тухайн зогсож байсан машины урдуур явган хүний гарцаар гэнэт нэг гарч ирсэн хүүхдийг нөхөр маань машинаараа мөргөчихсөн. гэх мэдүүлэг,

-Гэрч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Энэ ослын талаар цагдаагийн байгууллагад хүний ******* дугаарын гар утсаар залгаж дуудлага өгсөн. Осол болох үед буюу 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагийн орчимд би 18-н буудлын орчим древен чиглэл рүү явдаг автобусны буудлын орчим өөрийнхөө машин дотор хүн хүлээгээд сууж байтал “пид” гээд хүчтэй чимээ сонсогдохоор нь хартал зам дээр цагаан өнгийн тоёото гранд марк-2 маркийн машин зам дээр өнхөрч байсан. Тухайн машины жолооч мөргүүлсэн хүүхэд рүү гүйж байсан. Ингээд би машинаасаа буугаад аажим өнхөрч байгаа дээрх машин дээр очоод арааг нь салгах гэтэл тухайн машины жолоочийн хажуугийн суудалд сууж байсан эмэгтэй арааг нь салгаад машиныг зогсоосон. Тухайн нөхцөл байдлаас  харахад гранд марк-2 маркийн машины жолооч залуу машинаар охиныг мөргөсөн нь тодорхой байсан.” гэх мэдүүлэг / хэргийн 76-78/,

-“*******ын биед тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх жижиг ялтаслаг цусан хураа, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, тавхайд цус хуралт, өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6411 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 80/,

-“Насанд хүрээгүй хохирогч******* нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, эрүүл болно. Дээрх хэрэгт өртсөнөөс шалтгаалсан сэтгэцийн эмгэг одоогоор илрэхгүй байна.******* нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй, эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай болно.” гэх шүүх сэтгэц, эмгэг судлалын эмнэлгийн магадалгаа /хэргийн 93/,

-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 97-101/,

-“Жолооч М.Э-нь Марк-2 маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 (Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна) гэсэн заалтыг зөрчсөн. Явган зорчигч Отгонцэнгэл овогтой ******* нь замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна. Жолооч М.Э-нь замын хөдөлгөөний дүрмийн 13.3 (Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал араас нь ирсэн жолооч түүний урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч байхгүйг бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ) гэх заалтыг баримтлан яваагүй улмаас осол шалтгаалан гарсан. Жолооч М.Э-жолооны ******* дугаарын, /В/ ангиллын , Жолооч болсон 2015/02/25, Үнэмлэх олгосон огноо 2015/02/25, Хүчинтэй хугацаа 2025/02/25 байна. Нэмэлт нөхцөл байдал дүгнэлтийн явцад гараагүй болно.” гэх 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 105/,

-“Уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд хүүхдийн мөргүүлсэн хэсэг болох баруун талын урд болон хойд хаалган хэсэгт ямарваа нэг эвдрэл, хонхойлт байхгүй байсан тул хохирлын үнэлгээний тайлан хийх боломжгүй, тухайн машинд эвдрэл хохирол байхгүй гэж дүгнэж байна.” гэх 2018 оны 06 сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 109-110/,

-Өвчний түүх /хэргийн 161-167/,

-Хохирол, төлбөр төлсөн баримт /хэргийн 187-188, 190/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч *******автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүгдэгч *******ажилгүй байсан хугацааны цалин болох 400000 төгрөг болон эмчилгээний зардал нэхэмжилж холбогдох бичгийн баримтууд ирүүлсэн, насанд хүрээгүй хохирогчийн өвөө ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...цаашдын эмчилгээнд нь зарцуул гэж 500000 төгрөг өгсөн учир ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг өгч байх бөгөөд шүүгдэгч М.Э-нь нийт 1300000 төгрөгийг төлсөн болох нь хохирол төлбөр төлсөн баримтуудаар /хэргийн 187-188, 190/ нотлогдож байна.

Иймд шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч******* гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч М.Э-нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагийн орчим Дархан-уул аймгийн Дархан сумын “Өргөө” багийн нутаг дэвсгэрт байрлах ******* байрны асфальтан зам дээр иргэн ******* өмчлөлийн******* улсын дугаартай “ Toyota Mark-2” маркийн сувдан цагаан өнгийн автомашиныг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 13 дугаар бүлгийн 13.3-т “явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал араас ирсэн жолооч түүний урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч байхгүйг бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэж тус тус заасан дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч 10 настай*******ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд машин зогсож байхаар нь зүүн гар талаар нь буюу 2 дугаар эгнээгээр нь хөдлөөд явахад 10 орчим насны эмэгтэй хүүхэд миний машины урдуур гүйгээд машины буруу талын хамарт буюу машины урд талын баруун хэсэгт мөргүүлсэн.” гэх мэдүүлэг, зөрчлийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 9/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 10-12/, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг /хэргийн 13-14/, хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хэргийн 18-24, 124-128/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 16-ны өглөө Дарханы нэгдсэн эмнэлэгт очиж охинтойгоо уулзтал охины маань баруун талын хөлний шагай хэсэг хөхөрсөн, баруун гарын тохой хэсэг мөн хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд эмчтэй нь уулзахад эмч “охин чинь гэмтлийн улмаас гавал тархиндаа гэмтэл авсан, биеийн байдал нь хүндэвтэр байна” гэхээр нь би тэр өдрөө эмнэлгийн машинаар Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргүүлж тэндээ 6 хоног хэвтэж эмчлүүлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 28-30/,  насанд хүрээгүй хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр машин ирээд миний баруун талаас мөргөхөд би баруун талаараа зам дээр унасан.” гэх мэдүүлэг, мэдүүлэг өгөх ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 38-41/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хэргийн 43/, Өвчний түүх, эмийн хуудас /хэргийн 45-52/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 54-63/, гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...18-н буудал дээр очтол цагдаа нар ирчихсэн хэмжилт хийж байсан. Дайрсан гэх цагаан өнгийн машин ослын гэрлээ асаачихсан, жолоочийг нь цагдаа нар албаны машиндаа суулгачихсан байсан. Ингээд би Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр очиход******* маань насилкан дээр хэвтсэн байдалтай байсан.” гэх мэдүүлэг, гэрч Л.*******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...өөрийнхөө машинаар ертөнцийн зүгээр зүүн талаар нь тойрч гарах үйлдэл хийж байхад тухайн зогсож байсан машины урдуур явган хүний гарцаар гэнэт нэг гарч ирсэн хүүхдийг нөхөр маань машинаараа мөргөчихсөн. гэх мэдүүлэг, гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... тухайн нөхцөл байдлаас харахад гранд марк-2 маркийн машины жолооч залуу машинаар охиныг мөргөсөн нь тодорхой байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 76-78/, “*******ын биед тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх жижиг ялтаслаг цусан хураа, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, тавхайд цус хуралт, өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.” гэх 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6411 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 80/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 97-101/, шүүгдэгч М.Э-нь замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн талаарх  2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 105/, Өвчний түүх /хэргийн 161-167/, хохирол, төлбөр төлсөн баримт /хэргийн 187-188, 190/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Э-нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч *******гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч М.Э-нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахыг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М.Энхбатад үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч М.Энхбатад анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Энхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ