Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/23

 

 

2025         07          01                                    2025/ДШМ/23                                                                                 

 

*******, ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Ууганбат,

                      шүүгдэгч *******, *******,

                      шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Х.Ургаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Ургаагийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2330002270131 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

1.1.Монгол Улсын иргэн, 1987 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, соёлын менежер мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн “*******” театрт уран бүтээлийн нэгжийн дарга, дуучин ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт, Баруун-Урт сумын 7 дугаар баг “*******” хотхоны ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* (РД:*******)

 

1.2.Монгол Улсын иргэн, 1982 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежер мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн “*******” музейн нягтлан бодогч ажиллаж байсан, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт, Баруун-Урт сумын 2 дугаар баг “” хотхоны тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт (РД:)

 

2.Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн захирлаар, шүүгдэгч ******* нь тус номын сангийн нягтлан бодогчоор  ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.6, 7.1.7, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.4 дэх заалтуудыг зөрчиж, орон нутгийн төсвөөс дулааны шугам шинэчлэх зориулалтаар Нийтийн номын сангийн дансанд олгогдсон 15,000,000 төгрөгөөс 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1,300,000 төгрөгийг *******, 1,400,000 төгрөгийг ******* нь бусдын дансаар шилжүүлэн авч, өөрсдийн хувийн хэрэгцээнд зарцуулан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндорж нь шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:   Шүүгдэгч *******, ******* нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр нийтийн албанд ажиллах эрхийг 2  жилийн хугацаагаар хасаж, тус бүр 1 жилийн хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч *******, ******* нарт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, тэд энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичгээр хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар хохирлыг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

5.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Ургаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах заалтыг зөрчиж, яллах дүгнэлтээс хальж тухайн хэрэгт хамааралгүй нотлох баримтыг болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй баримтыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх эдгээр захиргааны актуудыг огт үнэлэхгүйгээр зөвхөн байгууллагын ажилчдын гэрчийн мэдүүлгээр энэхүү гэмт хэрэг нь бүрэн нотлогдож байна гэсэн дүгнэлт хийсэн нь Үндсэн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжид нийцэхгүй байна. Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Үндсэн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй.  Ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг атал энэ талаар хууль хэрэглээний болон эрх зүйн онолын дүгнэлт хийгээгүй нь шийтгэх тогтоол ойлгомжтой байх зарчмыг алдагдуулж байна. Энэхүү хууль тогтоомжийг зөрчсөн гэж эрх бүхий байгууллагаас захиргааны акт гаргаж, тухайн зөрчлийг нь арилгуулсан. Уг шийдвэр өнөөдрийг хүртэл хүчинтэй байна. Мөн яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч нарыг 1,400,000, 1,300,000 төгрөгийг хувьдаа авч зарцуулсан гэх боловч энэ байдал хэн нэг этгээдийн данс руу мөнгө шилжсэн гэдгээр тогтоогдсон гэсэн ойлголт биш юм. Шүүгдэгч нарт болон бусдад ямар давуу байдал үүссэн, бусдын эдлэх ёстой байсан ямар боломжийг хаасан талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй бөгөөд энэхүү гэмт хэргийн тухайн шинж нь хангагдаагүйг үүгээр давхар нотлогдож байна. Шүүгдэгч нар гаргасан зөрчилдөө захиргааны актаар хариуцлага тооцуулан акт тавигдсан зөрчлийг арилгасан. Улсын дээд шүүх энэ талаарх хууль хэрэглээг тайлбарласан байдаг бөгөөд анхан шатны шүүхэд энэ талаар мэтгэлцэж оролцсон. Эрүүгийн хуульд заасан обьектив болон субьектив шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай, харин дан ганц үр дагаварт түшиглэсэн субьектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог. Дээрх үндэслэлүүдээр миний үйлчлүүлэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

6.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хувьдаа ашигласан гээд байгаа 1.300.000, 1.400.000 төгрөгийн талаар тайлбарламаар байна. Тухайн үед улсын баяр наадам, аймаг, нийтийн номын сангийн 80 жилийн ойтой холбоотой ахмад зохиолчдыг хүлээн авах зардал, Шинэхүү даргын амралтын бааз, түүнтэй холбоотой гарсан зардал, Булган аймгийн нийтийн номын сангийн албан хаагч нар аймагт туршлага судлах ажлаар ирсэнтэй холбогдон гарсан зардал, номын сангуудын хооронд болсон спортын наадамд Улаанбаатар хот руу явж оролцсонтой холбогдон гарсан зардал, Монголын үндэсний телевиз дээр манай аймгийн номын сан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр хүсэлтээ өгөөд тухайн төсөл дэмжигдэж 2, 3 удаа явж төслөө танилцуулсан зардал, төсвийг зориулалтын бусаар зарцуулсан хоол унд, гарын бэлэг сэлттэй холбоотой гарсан зардал зэрэг нийтдээ 2.700.000 төгрөгийн зардлууд байгаа. Үүнийг бид нар хувиасаа болон хүнээс зээлж төлсөн төлбөрүүд байсан. Тухайн яригдаад байгаа мөнгийг хувьдаа ашигласан зүйл байхгүй. Төрийн аудитын газраас тавьсан албан шаардлага, актыг хүлээн зөвшөөрч төлбөр мөнгийг нь төлж барагдуулсан гэв.

 

7.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ы хэлсэн дээр нэмж хэлэхэд жилд 2 удаа номын санчдыг чадавхжуулах сургалтад өргөн хүрээг хамарсан номын баяр хийсэн. Тэр үед хийсэн сургалтын багш нарыг Дарьганга нутгийн түүхэн дурсгалт газруудаар  аялуулахад гарсан зардалд зарцуулсан гэв.

8.Прокурор Х.Ууганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Төрийн аудитын байгууллага нь төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг хуваарилах, ашиглах, зарцуулахад тавих хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд Төрийн Аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар шалгагдагч этгээд нь хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болоод бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа зөрчлийг таслан зогсоохоор, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага болоод албан тушаалтанд шаардлага өгнө гэж хуульчилсан. Мөн хуулийн 21.2-т зааснаар холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээ, бусад эрх зүйн актыг зөрчсөн бол төлбөр, акт тогтоосон. Энэ дагуу Сүхбаатар аймаг дахь Төрийн Аудитын газраас тус аймгийн нийтийн номын сангийн санхүүгийн тайланд аудит хийж төлбөрийн акт, албан шаардлагыг тавьсан байдаг. Энэхүү шийдвэр, үйл ажиллагааг хууль бус, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8 дэх хэсэгт “Энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь түүнийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж хуульчлан зохицуулсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг хангасан. Өөрөөр хэлбэл *******, ******* нар нь өөрсдийн дансандаа 1.300.000, 1.400.000 төгрөгийг авсан гэдгээ мэдүүлсэн. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн номын санд засвар хийх зориулалтаар дансанд нь шилжүүлсэн 15,000,000 төгрөгөөс 1.300.000, 1.400.000 төгрөгийг хувьдаа авч, ашигласан үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байгаа. Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулсан үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болоод эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нэгэнтээ тогтсон ойлголт гэж үзээд байна. Хэрэгт авагдсан бүх нотлох баримт, өөрсдийнх нь мэдүүлэг, асуулт хариултаар тодруулсан зүйлүүдээр *******, ******* нарын үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

9.Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Х.Ургаагийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

10.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

11.Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн захирлаар, шүүгдэгч ******* нь тус номын сангийн нягтлан бодогчоор  ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Авлигын эсрэг болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчиж, 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр орон нутгийн төсвөөс дулааны шугам шинэчлэх зориулалтаар Нийтийн номын сангийн дансанд олгогдсон 15,000,000 төгрөгөөс ******* нь 1,300,000 төгрөгийг, ******* нь 1,400,000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч, өөрсдийн хувийн хэрэгцээнд зарцуулан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Үүнд:

 

11.1.Шүүгдэгч *******н “Зориулалт бусын гүйлгээ хийсэн нь үнэн. Жилийн эцэс болоод байгууллагад маш олон асуудал тулгардаг. 80 жилийн ойн номынхоо зардлыг өгөөд илүү мөнгөөр нь зориулалт бусын буюу гадна, дотноос ирсэн хүн, байгууллага доторх зүйлүүд дээр үүссэн өрөө дарахын тулд зөрүү гаргаж авсан.” гэх мэдүүлэг  (Хэргийн V хавтасны 3-5  дугаар хуудас)

 

11.2.Шүүгдэгч *******ы “Жилийн эцсийн гүйлгээ хаахаас 1-2 хоногийн өмнө би энэ мөнгийг шилжүүлсэн. 15,000,000 төгрөгийн асуудлыг төрийн хяналт шалгалтын байгууллагаас төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж тогтоогоод акт, албан шаардлага өгсөн. Тухайн 15,000,000 төгрөгийн төлбөрийг барагдуулсан. Би нийтийн номын санд 2014 оноос хойш гэрээт нягтлан бодогчоор ажилладаг. Тухайн албан шаардлагын дагуу надад сахилгын шийтгэл оногдуулж албан үүргээсээ чөлөөлсөн. Шугам сүлжээний зардал дээр 15,000,000 төгрөгийн төсөв тавигдсан байсан. Үүний дагуу мөнгө орж ирсэн. Тухайн үед захирлын тушаалаар уг гүйлгээг би хийсэн” гэх мэдүүлэг (Хэргийн IV хавтасны 21-22, V хавтасны 5-9 дугаар хуудас),  

 

11.3.Гэрч “2022 оны 12 сард 15,0 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс Нийтийн номын сангийн урсгал засварын зардалд шилжүүлсэн. Уг 15.0 сая төгрөгийг өөр зүйлд зарцуулсан нь тогтоогдож, Сүхбаатар аймгийн Төрийн аудитын газраас акт тавьсан...” гэх мэдүүлэг (Хэргийн III хавтасны 104-105 дугаар хуудас)

 

11.4.Гэрч “2023 оны 01 дүгээр сард манай байгууллагыг аудитор А.Мөнхцэцэг гэх хүн шалгасан. Тэрээр: Танай байгууллага 2022 онд 15 сая төгрөгөөр сантехникийн ажил, засвар үйлчилгээ хийгдсэн үү? Танай байгууллагын дарга *******, нягтлан бодогч ******* нар нь засвар үйлчилгээ хийгдсэн гэж, баримтууд бүрдүүлж, “” ХХК-ны дансанд 15 сая төгрөгийн орлого хийсэн байна гэхээр нь ямар нэгэн засвар үйлчилгээ хийгдээгүй талаар хэлсэн...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас),

 

11.5.Гэрч “Нийтийн номын сангийн нягтлан бодогч Түвшээ  намайг дуудаад сантехникийн засварын ажил хийлгэнэ гээд зураг, зардлын тооцоо гаргуулcан. Манай “Мөнх нарны илч” ХХК-ны данс руу 15,000,000 төгрөг шилжүүлээд маргааш нь нэг дансны дугаар өгөөд: -Энэ данс руу мөнгөө буцаагаад хий гэхээр нь сантехникийн материалаа миний өгсөн жагсаалтаар өөрсдөө авах гэж байгаа байх гэж бодоод шилжүүлсэн чинь мөнгөө аваад ахиж холбогдоогүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 23-24 дугаар хуудас)

 

11.6.Гэрч “Манай найз над руу яриад данс руу чинь мөнгө оруулаад гаргая гэсэн. Удалгүй миний тоот дансанд 13.500.000 төгрөгийг “Мөнх наран элчээс бараа материалын төлбөр” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн. Нөгөө мөнгөө тоот данс руу шилжүүлчих, гүйлгээний утга дээр нь “номын сан, ном хэвлэлийн төлбөр” гэж бичээрэй гэж хэлсэн. Би тухайн данс руу нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 20-21 дугаар хуудас), 

 

11.7.Гэрч “ нь манай суманд 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөс 4,060,000 төгрөг орж ирсэн. өөс асуухад: “2,400,000 төгрөгийг руу шилжүүлнэ.” гэж хэлсэн. Би ы дансыг аваад тухайн мөнгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас)

 

11.8.Гэрч “ нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн бие төлөөлөгч, туслахаар ажилладаг. ын дансанд орсон 10.000.000 төгрөгийн талаар ярихад Нийтийн номын сангийн даргаар ажиллаж байсан ******* УИХ-ын гишүүнтай уулзаад Сүхбаатар аймгийн 80 жилийн ой болон Нийтийн номын сангийн ойд зориулж, ном хэвлүүлэхэд дэмжлэг, туслалцаа хүссэн. Үүний дагуу миний бие хэвлэлийн газруудаас үнийн санал авч, “Бест колор интернэйшнл” ХХК-аар хэвлүүлэхээр болсон. УИХ-ын гишүүн ном хэвлэлтийн 50 хувийг нь шийдвэрлэж өгье, үлдэгдэл мөнгийг нь өөрсдөө төлөөрэй гэж хэлсэн. Ном хэвлэгдсэний дараа Нийтийн номын сангаас холбогдож, номын мөнгөө шилжүүлэх гэсэн юм аа гэхээр нь ын дансыг өгөөд хэвлэлийн газар мөнгийг нь аваачиж өгөөрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас),

 

11.9.Гэрч ын “УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн ажлын албанаас холбогдож, мөнгө орж ирнэ, дансаа өг гэсэн. Би дансаа өгсөн. Уг мөнгийг хэн гэдэг хүн миний данс руу шилжүүлснийг би мэдэхгүй. Уг 10,000,000 төгрөгийг бэлнээр гаргаж, “” ХХК-нд өгсөн. 2022 онд Сүхбаатар аймгийн 80 жилийн ойг угтаж, “Хар дарсан зүүд”, “Сүхбаатар нутгийн бичгийн мэргэжлийн намтар, ном зүй” гэсэн хоёр номыг хэвлүүлсэн...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас)

11.10.Гэрч ““Хар дарсан зүүд” гэх нэртэй 150 ширхэг номыг 5,940,000 төгрөгөөр хэвлэсэн. Мөн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Сүхбаатар аймгийн Нутгийн захиргаа, удирдлагын байгууллагын түүхэн товчоон намтар" нэртэй 500 ширхэг номыг нэгийг нь 22,420 төгрөгөөр тооцож, нийт 11,210,000 төгрөгөөр хэвлэсэн. Уг хоёр номын төлбөр болох 10,000,000 төгрөгийг бэлнээр 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Наранбаатар гэх хүн өгсөн. Одоо ном хэвлүүлсний үлдэгдэл төлбөр 7,150,000 төгрөгийг өгөөгүй байна...” гэх мэдүүлэг (III хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас),

 

11.11.Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын 2023.02.27-ны өдрийн 67, 68, 69, 70, 71 дугаартай төлбөр барагдуулах тухай, 86, 87, 88 дугаартай зөрчил арилгах тухай актууд, 89, 112 дугаартай “сахилгын шийтгэл оногдуулах” тухай албан шаардлагууд (Хэргийн I хавтасны 26-35, III хавтасны 43-63 дугаар хуудас),

 

11.12.Сүхбаатар аймаг Нийтийн номын сангийн захирлын 2022.09.14-ний өдрийн А/26 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” тушаал (Хэргийн I хавтасны 145 дугаар хуудас),

 

11.13.Нийтийн номын сангийн инженерийн шугам сүлжээний угсралт, халаалтын системийг хэсэгчлэн шинэчлэх, засварлах ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт ( Хэргийн I хавтасны 37-38, 145-154 дүгээр хуудас),

 

11.14.Төлбөрийн баримт, нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт, бэлэн мөнгөний орлогын ордер (Хэргийн I хавтасны 36, 143-144, III хавтасны 73-76 дугаар хуудас) 

 

11.15.“Мөнх нарны илч” ХХК-ийн дугаар дансны, гэрч дугаар дансны, гэрч ын дугаар дансны, шүүгдэгч *******ы дугаар дансны, дугаар дансны хуулгууд, эдгээр дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, “Мөнх нарны илч” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (Хэргийн I хавтасны 51-52, 169-173, 190-193, 196, 208 дугаар, II хавтасны 67 дугаар, III хавтасны 28 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

12.Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаалууд, албан тушаалын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. (Хэргийн I хавтасны 53-58, 117-131, 164-163, IV дүгээр хавтасны 28-29, 46-50, 93-98 дугаар хуудас)

 

13.Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, дүгнэлт хийхэд дараах үйл баримтууд тогтоогдсон болно. Тодруулбал:

Шүүгдэгч *******, ******* нар нь 2022 оны 12 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд Нийтийн номын сангийн дулааны шугамыг шинэчилж, засварлах зориулалтаар орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн 15,000,000 төгрөгийг “Мөнхнарны илч” ХХК нь сантехникийн завсрын ямар ч ажил хийж, гүйцэтгээгүй байхад инженерийн шугам, сүлжээний угсралт, халаалтын системийг хэсэгчлэн шинэчлэх, засварлах ажил гүйцэтгэх гэрээ, түүний хавсралтууд зэрэг санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр тус компанийн дугаар данс руу шилжүүлсэн.

Мөн шүүгдэгч ******* нь гэрч тэй утсаар ярьж, тохиролцсоны дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “” ХХК нь 1,200,000 төгрөгийг суутган авч, гэрч тоот данс руу 13,500,000 төгрөгийг “бараа, материалын төлбөр” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж, үлдэгдэл 300.000 төгрөгийг шүүгдэгч *******н төрсөн эгчийн охин болох тоот данс руу шилжүүлжээ.

Гэрч нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр уг мөнгөнөөс 10,000,000 төгрөгийг нь гэрч ын тоот данс руу “номын сан, ном, хэвлэлтийн төлбөр” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлснээс гадна, үлдэх 3.500.000 төгрөг дээр 560.000 төгрөгийг нэмж, гэрч тоот данс руу нийт 4.060.000 төгрөгийг шилжүүлж, гэрч Д.Жаргалсайхан нь өөрийн ажлын хөлс болох 1.660.000 төгрөгийг суутган авч үлдэгдэл 2.400.000 төгрөгийг шүүгдэгч *******ы тоот данс руу шилжүүлсэн байна.

Шүүгдэгч ******* нь тоот данснаас шүүгдэгч *******н төрсөн эгчийн охин болох дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлж, А.Анаргэрэл нь “” ХХК-ийн данснаас орж ирсэн 300,000 төгрөгийг нийлүүлэн өөртөө 20,000 төгрөгийг авч, үлдэх 1,280,000 төгрөгийг шүүгдэгч *******н тоот данс руу шилжүүлж, тус номын сангийн захирал ******* нь 1.300.000 төгрөг, нягтлан бодогч ******* нь 1.400.000 төгрөгийг авсан болох нь нотлогдсон болно.

Гэрч нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн данснаас 10,000,000 төгрөгийг бэлнээр гаргаж, Сүхбаатар аймгийн болон Нийтийн номын сангийн 80 жилийн ойд зориулсан “Хар дарсан зүүд”, “Сүхбаатар нутгийн бичгийн мэргэдийн намтар, ном зүй” зэрэг ном хэвлүүлсний төлбөрт “” ХХК-ны ажилтан хүлээлгэн өгчээ.

 

14.Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна. Түүнээс гадна хэрэгт авагдсан захиргааны актууд буюу Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын 2023.02.27-ны өдрийн 67, 68, 69, 70, 71 дугаартай төлбөр барагдуулах тухай, 86, 87, 88 дугаартай зөрчил арилгах тухай актууд, 89, 112 дугаартай “сахилгын шийтгэл оногдуулах” тухай албан шаардлагууд зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалж, нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын “Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа яллах дүгнэлтээс хальж, тухайн хэрэгт хамааралгүй нотлох баримтыг болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй баримтыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх эдгээр захиргааны актуудыг огт үнэлэхгүйгээр энэхүү гэмт хэрэг нь бүрэн нотлогдож байна гэсэн дүгнэлт хийсэн...” гэх үндэслэлүүд үгүйсгэгдэж байна. (Хэргийн I хавтасны 26-35, III хавтасны 43-63 дугаар хуудас),

 

15. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тооцжээ.

 Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн захирлаар, шүүгдэгч ******* нь тус номын сангийн нягтлан бодогчоор  ажиллаж байхдаа эл үйлдлийг хийсэн тул Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч”  гэж зааснаар болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д "нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ гэж зааснаар тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “нийтийн албан тушаалтан” мөн болно.

“Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд “давуу байдал” гэж авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ гэж Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4 дэх заалтуудад хуульчлан тодорхойлсон байдаг.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг ойлгоно гэж хуульчилжээ.

Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг.

Иймд шүүгдэгч *******, ******* нарын дээр дурдсан үйлдэл нь “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг бүрэн хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж дүгнэв.

 

16.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдлээ хэтрүүлэх, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах зэрэг төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйл ажиллагаа явуулсан буюу энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь түүнийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг хууль тогтоогч хуульчлан тогтоосон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******, ******* нарт эрх бүхий албан тушаалтнаас сахилгын болон захиргааны шийтгэл хүлээлгэсэн нь тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж заасан шударга ёсны зарчимд харшлахгүй тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.  

 

17.Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******, ******* нарын анх удаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэрэг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1,  энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          Нэг.Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Х.Ургаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

          Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНТУНГАЛАГ                   

                              ШҮҮГЧИД                          Г.УРТНАСАН

С.ГАНЧИМЭГ