| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/01068/И |
| Дугаар | 301/ШШ2026/00058 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 301/ШШ2026/00058
301/ШШ2026/00058
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: Д аймаг, Д сум, .... дүгээр баг, “Д” их дэлгүүр, .... давхарт байрлах “Д нэхий ББСБ” ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймаг, Ө сум, .... дүгээр Я багт оршин суух Ө овогт Д-ын Э /РД:...../-т холбогдох,
2,804,094 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Д нэхий ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд зээлдэгч Д.Э-аас нийт 2,804,094 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Ө сумын Я багийн иргэн Д миний төрсөн хүү Эрдэнэбаяр нь “Д нэхий ББСБ”-аас гар утас түүний төлбөр болох 2,804,094 төгрөгийг 3 сарын хугацаанд хуваан төлөх хүсэлт гаргаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс манай байгууллагын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тус зээлийг 3 сард багтаан төлөх тухай өргөдөл гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс тус өргөдөлтэй танилцаад дараах хуваарийн дагуу төлөх хугацаа олгоход татгалзах зүйлгүй. 2026.01.31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026.02.29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026.03.31-ний өдөр 1,804,000 төгрөг гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Д нэхий ББСБ” ХХК нь хариуцагч Д.Э-т холбогдуулан 2,804,094 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 2,804,094 төгрөг гаргуулах тухай шаардлагыг 3 сарын хугацаанд төлж барагдуулах тухай хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 59,900 төгрөгөөс 29,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 29,950 төгрөг, хариуцагч Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 29,950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Д нэхий ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Д нэхий ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,804,094 төгрөгийг хариуцагч Д.Э 3 сарын хугацаанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 59,900 төгрөгөөс 29,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 29,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 29,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д нэхий ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН