Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/24

 

 

 

2025         07         01                                       2025/ДШМ/24                 

                                                                                                                       

*******, ******* нарт

 холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй,  

прокурор Д.Дашням,

шүүгдэгч *******, *******,

шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурор Д.Дашнямын эсэргүүцэл, өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2430002390055 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцлээ.

 

1.1.Монгол Улсын иргэн, 1966 онд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага, нутгийн удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Асгат сумын 3 дугаар баг, “*******” гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* (РД:*******),

 

1.2.Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр баг, ******* тоотод оршин суух үндсэн хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт (РД:),

 

2.Шүүгдэгч, Сүхбаатар аймгийн Асгат сумын Засаг дарга асан *******, тус сумын Засаг даргын орлогч асан ******* нар үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Авлигын эсрэг, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчиж, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, энэ талаар өргөдлийг хянах бүрэн эрхийг аймгийн Засаг даргад олгосон байхад хийх ёсгүй үйлдэл хийж, өөрт олгогдоогүй эрх мэдлийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж, “” ХХК-тай 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” түр гэрээ байгуулж, тус компанид давуу байдлыг бий болгосны улмаас тус компанийн ажилчид Асгат сумын 3 дугаар багийн нутаг "" гэх газраас 1500 м.куб түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаарах голын хайрга олборлож, байгаль орчинд 8,222,272 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашням нь шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

 

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Л.Төгөлдөрт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч *******ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар Асгат сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч нарт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж, “” ХХК-иас нөхөн сэргээлтийн зардалд 615,606 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, “” ХХК-иас Төрийн сангийн тоот дансанд шилжүүлсэн 8,222,272 төгрөгийг буцаан гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 5,000,000 төгрөгийг гаргуулан “” ХХК-д олгож, иргэний хариуцагч М.Отгонбаатар нь байгаль орчинд учирсан хохиролд 8,222,272 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

5.Хяналтын прокурор Д.Дашням эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь эрх зүйн хэм хэмжээний актаар хязгаарлагддаг. ******* нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг биелүүлэх чиг үүрэгтэй сумын Засаг даргын албан тушаалыг эрхэлж байхдаа өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж, хуулийг зөрчиж, хийх ёсгүй үйлдэл хийж, “Сэвүүн Уудам” тал ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” түр гэрээ байгуулах үүрэг чиглэлийг Засаг даргын орлогч *******т өгсөн. Гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан талаар талууд маргадаггүй бөгөөд тухайн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу гэрээнд гарын үсэг зурж буй үйлдэл нь тус сумын Засаг даргын орлогч *******ийг хийх ёсгүй үйлдэл хийж, хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж, сумын Засаг дарга *******тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, “Сэвүүн Уудам” тал ХХК-д давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус бөгөөд өөрт байгаагүй бүрэн эрхийг хэрэгжүүлж өөрт хамааралгүй асуудлаар хуулийн этгээдэд давуу байдал бий болгосон байна. Анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байхад анхан шатны шүүхээс тухайн гэрээ хэрэгжих, хүчин төгөлдөр үйлчлэх нь тухайн гэрээг байгуулснаар бус харин сумын Засаг дарга баталснаар хэрэгжих зохицуулалттай хийгээд тэрээр тухайн гэрээг байгуулахад бие даан шийдвэр гаргаж, оролцсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэсэн байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг зөрчиж, “Сэвүүн Уудам тал” ХХК-тай түр гэрээ байгуулснаар “” гэх газраас 1500 м.куб түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаарах голын хайрга олборлож, тус компанид давуу байдлыг бий болгосны улмаас байгаль орчинд 8,222,272 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байхад *******ийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчимд нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ. Сумын Засаг даргын орлогч ******* нь нийтийн албан тушаалтны хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллагад, хуулийн хариуцлага хүлээхээр бол Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй тул энэхүү үүргээ хэрэгжүүлэлгүй, хууль бус чиглэлийг хэрэгжүүлж гэрээг байгуулах замаар гэмт хэрэгт хамтран оролцсон байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

 

6.Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх ... хэлбэртэй байна гэсэн. “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдэг нь албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно.” гэж тайлбарласан байна. Тэгвэл Гансүх нь хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд албаны болон нийтийн эрх ашгийн төлөө буюу орон нутгийн иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг хангахад чиглэсэн байдаг. Хэрэгт авагдсан гэрээ, шүүгдэгчийн дансны хуулга, иргэний хариуцагчийн дансны хуулга, бусад нотлох баримтаар шүүгдэгч ******* хувьдаа ашиг, орлого олсон, хувийн ашиг сонирхлын үүднээс, өөртөө ашиг хонжоо олох зорилгоор албаны эрх ашигт харш байдлаар гэрээ байгуулсан гэх нөхцөл байдал, шунахай сэдэл, зорилго тогтоогдоогүй бөгөөд сумын Засаг дарга, удирдах албан тушаалтны хувьд Үндсэн хуульд заасан орон нутгийн иргэдийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг хангах төрийн байгууллагын зүгээс хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс гэрээ байгуулан, гэрээний биелэлтийг хангасан нь түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй юм. Иймд хэргийн нөхцөл байдал, сэдэл зорилго, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тогтоолын *******эд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж, давж заалдах гомдол гаргав гэжээ.

 

7.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатар аймгийн Асгат сумын Засаг даргаар  2020-2024 онд 4 жилийн хугацаанд ажилласан. Бид нийтийн эрх ашгийн төлөө энэ гэрээг хийсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн жилд сумын төсөвт оруулах түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хэмжээг төлөвлөж өгдөг. Тэр төлөвлөгөөг биелүүлэхийн тулд гэрээ хийсэн. 1500 м.куб  түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр нь 4,500,000 төгрөг болж, уг мөнгийг сумын төрийн сангийн дансанд оруулсан. Мөн гол, горхины урсац маш муудсан байсан. Малчид маань энэ талаар бидэнд санал, хүсэлт их тавьж, хэлдэг байсан. Тухайн нутаг оронд мал маллаж байсан малчдын өөрсдийнх нь өгсөн мэдүүлэг хэрэгт байдаг. Үүнээс гадна суманд их хэмжээний цас орж, зуд болсон. Сумын Засаг дарга гэдэг хүн сум орныхоо иргэдийн нийтийн эрх ашгийн төлөө ажиллах үүрэгтэй. Энэ үүрэг чиглэлийнхээ дагуу Засаг даргын орлогч, бусад алба хаагчдад үүрэг чиглэл өгөөд, сэг зэмийг устгуулсан. Манай эрүүл мэндийн байгууллагаас бид нарт маш их гомдол ирдэг байсан. Манай хогийн цэг эрүүл мэндийн байгууллагаас  500 метр хүрэхгүй газар, сумынхаа зүүн урд дээр байрладаг байсан. Тэр үед сумд хөрөнгө мөнгө, хүн хүч, техник хэрэгсэл байхгүй байсан учир уг компанид бид санал хүсэлтээ тавьж, тухайн компанийн хүмүүсээр өөрсдийнх нь техник хэрэгслийг ашиглаж, сэг зэмийг устгуулсан. Миний хувьд энэ гэрээг байгуулсан нь буруу, хуулиа нарийн сайн судалж үзээгүй гэрээ байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн Нийтийн албанд ажиллах эрхийг хязгаарласан, зорчих эрхийг 1 жил 3 сараар хязгаарлах шийдвэр гарсан. Зорчих эрхийг Асгат сумын хэмжээнд биш, Сүхбаатар аймгийн хэмжээнд гэж өөрчилж өгөхийг хүсэх байна. Бидний хувьд төрийн албанд багийн даргаасаа, энэ сумд төрж өссөн цагаасаа цуг ажилласан. Бид хоёрт хуйвалдаж, үгсэн нийлж энэ гэрээг байгуулсан гэх зүйл байхгүй. Миний хувьд үүрэг чиглэл өгсөн, тэр үүрэг чиглэлийн дагуу орлогч маань гэрээ байгуулж, би өөрөө баталсан. Тиймээс бид хоёрын хэргийг үнэн зөвөөр нь шүүж, харж үзэх байх аа гэж найдаж байна. ******* даргын хувьд анхан шатны шүүхээс цагаатгасан. Энэ цагаатгалыг хэвээр үлдээж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, цаашид ажиллаж амьдрах замыг харж үзээсэй гэж хүсэх байна гэв.

 

8.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурор эсэргүүцэлдээ хууль бус үйлдэл болохыг мэдсэн, мэдэх ёстой байсан гэсэн дүгнэлт гаргасан байсан. Сумын Засаг даргын орлогч хүн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой. Сумын Засаг даргын захирамжаар дийлэнх ажлын хэсгийн ахлагчаар сумын Засаг даргын орлогчийг томилдог. Тийм учраас би орлогчийн хувьд Засаг даргын захирамжаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн.  Сумын Засаг дарга надад голын урсацыг сайжруулах нь малчдын хувьд нэн шаардлагатай ажил тул голын урсацыг дарсан хайрга, шороог зайлуулах үүрэг даалгавар өгсөн. Бид голын гүн рүү доош нь ухаж аваагүй, дээд өнгөн хэсгийг нь хамах маягаар авсан. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу түгээмэл тархалттай ашигт малтмал ашигласны төлбөрт 4,500,000 төгрөгийн орлогыг сумын төсөвт оруулсан. Зуднаар Асгат сум болон улсын хэмжээнд олон тооны мал хорогдсон тул маш их өмхий үнэртэж, халдварт өвчин, паразит өвчин дэлгэрэх магадлалтай байсан. Засаг даргын захирамжаар үхсэн малын сэг, зэмийг сумын төвөөс 500 метрийн зайд байдаг хогийн цэг рүү түрж, устгах үүрэг бүхий ажлын ахлагчаар би томилогдож, суманд техник хэрэгсэл, төсөв хөрөнгө байхгүй байсан учраас, энэ компанийг  бид 7 хоног ажиллуулж, сэг зэмийг булшилж, паразит, янз бүрийн өвчин тархах эрсдэлээс нийт ард түмнийг хамгаалж чадсан. Эцэст нь хэлэхэд бид Асгат сумын унаган хүмүүс. Улсад нийтдээ 30 гаруй жил ажиллаж байна. Төрийн ажил, албыг хашаад хоёргүй сэтгэлээр мэдлэг боловсрол, хүч чадлаа дайчлан ажиллачхаад эцсийн эцэст ингэж эрүүгийн хариуцлага үүрч, ажилгүй болж байгаа нь харамсалтай байна. Анхан шатны шүүх бодитой, үнэн зөв шийдвэр гаргалаа гэсэн бодолтой байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          9.Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

         

10.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

11.Шүүгдэгч, нийтийн албан тушаалтан ******* нь Асгат сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиудын холбогдох зүйл, заалтуудыг зөрчиж, сумын Засаг даргад түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхийг олгоогүй байхад хийх ёсгүй үйлдэл хийж, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “” ХХК-тай “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” түр гэрээ байгуулж, Асгат сумын нутагт харьяалах "" гэх газраас 1500 м.куб голын хайрга олборлуулж, байгаль орчинд 8,222,272 төгрөгийн хохирол учруулж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “” компанид давуу байдлыг бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Үүнд:

 

11.1.Шүүгдэгч *******ийн: “Миний бие сумын Засаг даргын албыг хашсан дөрвөн жилийн хугацаандаа нийтийн эрх ашгийн төлөө ажилласан. Тухайн компани бидэнд “”-ын хайрганаас авъя гэдэг саналыг тавьсан, үүний дагуу гэрээ байгуулсан. Энэ нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан сумын төсөвт түгээмэл тархацтай ашигт малтмалын орлогоос 5 сая төгрөг оруулах төлөвлөгөөг биелүүлэх зорилготой байсан. Мөн манай суманд зуд болж, мал сүрэг ихээр хорогдсон учраас хогийн цэг дээр төвлөрсөн сэг зэмийг устгаж булах ажлыг ” ХХК-иар 5-6 хоногт хийлгүүлсэн. Бид сумынхаа иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эрх ашгийн төлөө ажилласан” гэх мэдүүлэг (Хэргийн II хавтасны 50-51, III хавтасны 72 дугаар хуудас),

 

11.2.Шүүгдэгч *******ийн “Засаг даргын орлогч сумын Засаг даргын захирамжаар аливаа ажлын хэсгийн ахлагчаар томилогддог. Сумын ард түмний шаардлагаар сэг зэмийг булшлах, голын урсгалыг сайжруулах ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, Засаг даргын өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэхийн тулд гарын үсэг зурсан. Сумын эмнэлгээс аюултай халдварт өвчин тархах магадлал өндөр болчихлоо гэж байнга хэлдэг байсан. Тухайн үед сумын онцгой комиссын зардал хүрэхгүй, техник хэрэгсэл байхгүй учраас тухайн компаниар сэг зэм булж устгуулъя гэхээр нь дэмжиж, энэ ажлыг зохион байгуулсан. Энэ компани 4-5 хоногийн хугацаанд өөрсдийнхөө хөрөнгөөр манай сумын сэг зэмийг булшилж, хогноос салгаж өгсөн” гэх мэдүүлэг (Хэргийн II хавтасны 55-57,  III хавтасны 72, 75-76 дугаар хуудас),

 

11.3.Иргэний нэхэмжлэгч : “Миний бие Сүхбаатар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилладаг. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна…” гэх мэдүүлэг (Хэргийн II хавтасны 31-32 дугаар хуудас),

 

11.4.Иргэний хариуцагч ” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаатарын: “Гэрээ байгуулсны дараа компанийн ковшуудаар 7-8 хоногт Асгат сумын төвийн хог, хаягдлыг өөрсдийн зардлаар цэвэрлэж өгсөн.  Дараа нь оос 1500 м.куб  хайрга олборлосон. Манай компани байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуулна...” гэх мэдүүлэг (Хэргийн II хавтасны 24-25 дугаар хуудас),

 

11.5.Гэрч “Манайх ын зүүн урд талд нутагладаг. 2024 оны 6 дугаар сард оос том оврын шаланз машинаар хайрга зөөж эхэлсэн. Тэгээд би манай ойр орчмын зам болон голын ай сав, голдирлыг эвдээд байхаар нь аймгийн Байгаль орчны газарт хандаж өргөдөл гаргасан.” гэх мэдүүлэг (Хэргийн I хавтасны 19-20 дугаар хуудас),

 

11.6.Гэрч : “Сумын Засаг дарга *******, орлогч ******* нар нь оос хайрга олборлох гэрээ байгуулахдаа түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчсөн. Гэрээ байгуулсны дараа нийгмийн хариуцлагын хүрээнд “” ХХК-аар сумын төвийн хогийг цэвэрлүүлэх хэрэгтэй байна гээд 15 хоногийн хугацаанд хайрга зөөсөн...” гэх мэдүүлэг (Хэргийн I хавтасны 23-24, 60, 121-122 дугаар хуудас),

 

11.7.Гэрч : “Миний ажилладаг “Сэвүүн Уудам тал” ХХК нь Асгат сумын “” гэх газраас хайрга олборлодог. Манай компани нь 5, 6 дугаар сарын үед байх Асгат сумын ын борооны үерийн усаар урсаж бөөгнөрсөн хайрганаас малтаж авсан. Ухаж сэндийлсэн зүйл байхгүй…” гэх мэдүүлэг (Хэргийн I хавтасны 26-27 дугаар хуудас),

 

11.8.Гэрч : ““” ХХК нь бетон зуурмагийн үйлдвэр юм. 2024 оны 06 дугаар сард Асгат сумын нутаг дэвсгэр оос манай компанийн жолооч нь 27-47 СҮҮ улсын дугаартай North benz маркийн 40 м.куб багтаамжтай шаланзаар хайрга зөөж байсан...” гэх мэдүүлэг (Хэргийн I хавтасны 110-111 дугаар хуудас),

 

11.9.Гэрч : “Манай сум төмөр зудад нэрвэгдэж, малчид ихэнх малаа алдсан. Зам нээгдээд 3, 4 дүгээр сарын эхээр сэг, зэмийн үнэр үнэртэж эхэлсэн. Манай эмнэлгийн зүүн талд 500 метр хогийн нэгдсэн цэг байрладаг. Онцгой комиссын хурал дээр сэг зэмийг булшлах арга хэмжээ аваач гэж хэлж байсан. Зургаадугаар сард булшлаад устгасан....” гэх мэдүүлэг (Хэргийн II хавтасны 37-38 дугаар хуудас),

 

11.10. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах түр гэрээ” (Хэргийн I хавтасны 55-58, 170-172 дугаар хуудас),

11.11. “” ХХК-ийн “Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул 3 дугаар багийн нутаг, оос “” ХХК нь нийт 1500 м.куб түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон байна. ” ХХК нь тухайн газраас хайрга, дайрга олборлохдоо шинээр 1229.74 м.кв газар эвдсэн байна. “” ХХК-ийн байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ 8,222,272 төгрөг болж байна. Тухайн эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал 615,606 төгрөг болж байна.” гэх шинжээчийн дүгнэлт (Хэргийн I хавтасны 72-98 дугаар хуудас),

 

11.12.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (Хэргийн I хавтасны 9-12 дугаар хуудас),

11.13. Сүхбаатар аймгийн ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 61 дугаартай албан бичиг, хавсралтууд (Хэргийн III хавтасны 54-60 дугаар хуудас),

11.14.Асгат сумын Засаг даргын 2024 оны А/19 дугаартай, “Мал, амьтны сэг зэмийг цуглуулж, устгах, орчны цэвэрлэгээ, халдваргүйжлийн арга хэмжээ, зохион байгуулах тухай” захирамж,  (Хэргийн III хавтасны 4 дүгээр хуудас),

 

11.15.Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаартай, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрт тус сумын төсөвт 5,000,000 төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн тогтоол (Хэргийн III хавтасны 51-53 дугаар хуудас),

 

11.16.” ХХК-ийн хайрга ашигласны төлбөрт 4,500,000 төгрөг төлсөн цахим гүйлгээний баримт, Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрт 4,500,000 төгрөг төлсөн баримт, татварын албаны тодорхойлолт (Хэргийн I хавтасны 137, 173, 208 дугаар хуудас),  

11.17.”” ХХК-иар шинжээчийн дүгнэлт гаргуулсны төлбөрт 5,000,000 төгрөг төлсөн баримт (Хэргийн III хавтасны 11 дүгээр хуудас),

11.18. “Сэвүүн Уудам тал” ХХК-иас байгаль орчинд хохирол учруулсны нөхөн төлбөрт Төрийн сангийн MN180090 дугаартай дансанд 8,222,272 төгрөг шилжүүлсэн баримт (Хэргийн III хавтасны 12 дугаар хуудас) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

12.Хэрэгт авагдсан гэрч , , , , , , , , нарын мэдүүлгүүд, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлаа, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, ажил, албан тушаалд томилсон, чөлөөлсөн захирамжууд, албан тушаалын тодорхойлолт, дансны хуулганууд, хөрөнгө орлогын мэдүүлгүүд зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. (Хэргийн I хавтасны 29-43, 106-107, 113-117, 128-136 дугаар, II хавтасны 35, 40-44, 89-137, 158-247 дугаар, III хавтасны 5-6 дугаар хуудас),

 

13. Дээр дурдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, шинжлэн дүгнэхэд дараах үйл баримтууд эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдсон болно:

Шүүгдэгч ******* нь Асгат сумын Засаг даргаар ажиллаж байхдаа ” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаатартай харилцан тохиролцож, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах түр гэрээ”-г баталж, уг гэрээний дагуу тус сумын “” гэх газраас түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаарах 1,500 м.куб голын хайргыг барилга барихад ашиглах зориулалтаар олборлуулахаар шийдвэрлэж, 4,500,000 төгрөгийн хайрганы төлбөрийг тус сумын төсөвт төвлөрүүлж, зуднаар үхсэн мал, амьтны сэг зэм цуглуулж, булж устгах ажлыг хийлгүүлсэн байна.

Шүүгдэгч Г.Төгөлдөр нь Асгат сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа сумын Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах түр гэрээ”-нд гарын үсэг зурсан байна.    

Иргэний хариуцагч “” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаарах 1,500 м.куб голын хайрга олборлож, газрын хэвлийд 7,500,000 төгрөгийн, амьтны аймагт 106,666 төгрөгийн, нийт 7,606,666 төгрөгийн хохирлыг байгаль орчинд учруулсан бөгөөд нөхөн сэргээх ажлын 615,606 төгрөгийн зардлыг нэмж, нийт 8,222,272 төгрөгийн хохирол учруулсан гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоосныг төлж, хохирлыг барагдуулжээ.

 

14.“Түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг хэлдэг бөгөөд иргэний хариуцагч “” ХХК-ийн олборлосон голын хайрга нь түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаардаг болно.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д зааснаар харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох бүрэн эрхийг хууль тогтоогч аймгийн Засаг даргад олгосон, сумын Засаг даргад олгоогүй байна.

Гэтэл шүүгдэгч ******* нь сумын Засаг даргаар ажиллаж байхдаа түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар тогтоосон журмыг зөрчиж, сумын Засаг даргад хууль тогтоомжоор олгоогүй байхад хийх ёсгүй үйлдлийг хийж, сумынхаа нутаг дэвсгэрт “” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл олгож, 1,500 м.куб голын хайрга олборлуулж, байгаль орчинд 8,222,272 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”  гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ талаарх хууль зүйн үндэслэлийг Улсын дээд шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 139 дугаартай тогтоолд дурдаж, тайлбарласан байна.

 

15.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тооцжээ.

 Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Асгат сумын Засаг даргаар  ажиллаж байхдаа дээрх үйлдлийг хийсэн байх тул Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “төрийн улс төрийн албаны удирдах албан тушаалтан;” гэж зааснаар болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “нийтийн албан тушаалтан” мөн болно.

“Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд “давуу байдал” гэж авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ гэж Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4 дэх заалтуудад хуульчлан тодорхойлсон байдаг.

Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг.

Иймд шүүгдэгч *******ийн дээр дурдсан үйлдэл нь “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг бүрэн шинжийг хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, зүйлчлэл зөв байна гэж дүгнэв.

 

16.Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ийг анх удаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэрэг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

 

17. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.18-д зааснаар нутаг дэвсгэрт нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах бүрэн эрхийг сумын Засаг даргад олгосон байна.

Сумын байгаль орчин, аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтнээс гаргаж өгсөн “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах түр гэрээ”-ний загвар, төсөлд сумын Засаг даргын орлогч гарын үсэг зурахаар боловсруулсан байжээ.  Шүүгдэгч ******* нь сумын Засаг даргаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу  тухайн гэрээг байгуулахад оролцож, гарын үсэг зурсан байна.

Уг гэрээг сумын Засаг дарга баталснаар хүчин төгөлдөр болж, хэрэгжих хийгээд шүүгдэгч ******* тухайн гэрээг байгуулахад бие даан шийдвэр гарган оролцох эрх хэмжээгүй, түүний гарын үсэг зурсан үйлдэл дангаараа гэмт хэргийн шинжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив талын шинж үгүйсгэгдэж, бүлэглэн гүйцэтгэсэн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэв.  

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Төгөлдөрт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул үүнийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

18.Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг нар “шүүгдэгч *******эд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосон, зорчих эрх хязгаарлах ялыг Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд болгож, өөрчлөхийг хүсэж, давж заалдах гомдол гаргасныг дор дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгов. Тодруулбал:  

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох эсхүл тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоодог.

          Шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хязгаарлалт, хориглолтын аль нэгийг заавал тогтоож, ийнхүү шийдвэрлэхдээ тодорхой ямар газар очих болон тухайлсан хүнтэй уулзах, харилцахыг хориглож буйг албан ёсны хаяг, бүртгэл, нэршил, овог нэрээр нь шийтгэх тогтоолд тусгаж, зорчих бүс, чиглэлийг нэг бүрчлэн тодорхой заах үүрэгтэй бөгөөд зорчих эрх хязгаарлах ялыг сум, дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлан тогтоодог тул шүүгдэгч *******эд оногдуулсан Асгат сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосон, зорчих эрх хязгаарлах ялыг Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд болгож, өөрчлөх боломжгүй болно.

 

          19.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 8 дахь заалтуудад техникийн болон тооцооллын шинжтэй алдаа гаргасан байх тул холбогдох өөрчлөлтүүдийг орууллаа. Тодруулбал: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгч *******эд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялын хугацааг “2 жил 1 сар” гэхийг “2 жил 1 жил” гэж, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бичсэнээс зөрүүлж бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар газрын хэвлийд учирсан хохирлыг 7,500,000 төгрөгөөр тогтоож, нөхөн сэргээлтийн ажлын 615,606 төгрөгийн зардлыг, амьтны аймагт учирсан 106,666 төгрөгийг тус тус нэмж тооцоход байгаль орчинд нийт 8,222,272 төгрөгийн хохирол учирсан байна. Гэтэл анхан шатны шүүх байгаль орчинд учирсан хохиролд оруулан тооцсон, нөхөн сэргээлтийн ажлын 615,606 зардлыг тусад нь тооцож, иргэний хариуцагчаас нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн нь давхардсан байх тул шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулсан болно. (Хэргийн I хавтасны 79 дүгээр хуудас)

 

          Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          Нэг.Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямын эсэргүүцэл, шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтүүдийг оруулсугай:

          1.1.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн нийтийн албанд ажиллах эрхийг 2(хоёр) жил 1(нэг) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 3 (гурван) сарын хугацаагаар Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй. 

          1.2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “” ХХК-иас Төрийн сангийн тоот дансанд шилжүүлсэн 8,222,272 төгрөгийг буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлсүгэй.” гэж өөрчилсүгэй.

          1.3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

          Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНТУНГАЛАГ                   

                              ШҮҮГЧИД                           Г.УРТНАСАН

                                                                                        С.ГАНЧИМЭГ