Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/44

 

 

 

 

2025 оны 07 сарын 23 өдөр                                           Дугаар 2025/ДШМ/44                                                         Даланзадгад сум

 

 

 

Б.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор Э.Наранхүү /цахимаар/

Шүүгдэгч Б.******* /цахимаар/,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор В.Төгсбаярын эсэргүүцлийг үндэслэн Б.*******т холбогдох 2529000570014 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 03-ны шөнийн 23 цаг 58 минутад Өмнөговь аймгийн Ханбогд сумын 3-р баг, Баялаг дэлгүүрийн урд талын засмал замд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн *******улсын дугаартай Тoyota sai маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

 

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Б.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Шүүгдэгч Аюуш овогт *******н *******ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр 1 дүгээр хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.*******т оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.*******ийн биечлэн эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоож,

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж,

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.*******ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хяналтын прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

Шийтгэх тогтоолыг 2025 оны 05 сарын 14-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

  1. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “Шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.” гэж дүгнэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.7 дугаар заалтуудад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхой заасан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан “...гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал”-ыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор заагаагүй байна.

Мөн “Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Б.*******ийг “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.” гэж дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Ийнхүү эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөргүй байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд...” гэж дүгнэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг дурдан тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс хамгийн хүнд ял буюу хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолд “Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэж дүгнэсэн атлаа хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг дурдан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, хорих ялын төрлүүдээс хамгийн хүнд буюу хорих ялыг сонгон хэрэглэх болсон талаараа хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй байна.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийн талаар:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага”, 2.3 дугаар зүйлд заасан “бусад асуудлын талаарх хууль зүйн дүгнэлтэд шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээний талаар огт дүгнэлт хийгээгүй атлаа ТОГТООХ хэсгийн 9 дүгээр зүйлд “Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх”-ээр заажээ.

Шүүгдэгч Б.******* нь эрүүгийн 2529000570014 дугаартай хэрэгт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авагдсан байсан.

   Гэтэл анхан шатны шүүх нь эрүүгийн 2529000570014 дугаартай хэрэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолдоо огт шийдвэрлээгүй, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор хэзээнээс хэзээг хүртэл хоног цагдан хоригдсон, уг хоногуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох” эсэхийг шийдвэрлэлгүй Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих хуулийн зүйл, хэсгийг хэрэглэлгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан цагдан хоригдсон хугацаагаа эдлэх ялдаа оруулан тооцуулах боломжгүй нөхцөл байдлыг буй болгон шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрсөн байна.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон”, 1.5 дахь заалтад заасан “шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх тухай” асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Шийтгэх тогтоолын дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,6-д заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхээр заасан байна.

Мөн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсгийн 2.2 дугаар зүйл, ТОГТООХ хэсгийн 3 дугаар зүйлд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр 1 дүгээр хэсэгт зааснаар” гэж бичиг, техникийн шинжтэй алдаа гарсан байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 05 сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

          Прокурор Э.Наранхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

          Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү миний бие томилолтоор өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Эсэргүүцэлд дурдагдаагүй нэмэлтээр хоёр зүйлийг нэмж тайлбарлах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Нэгдүгээрт шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд анхан шатны шүүх тооцсон нь өөрөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.7-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд байхгүй зүйлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх онцгой нөхцөл байдлын улмаас хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох зохицуулалт хуульд байгаа хэдий ч гэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа асуудал нь өөрөө тухайн шүүгдэгчийн онцгой нөхцөл байдалд хамаарахгүй асуудал. Хоёрдугаарт анхан шатны шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.*******ийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзээд Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрлүүдийн хамгийн хүнд ялыг оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн үйлдэлд оногдуулсан ялыг оногдуулах ёстой байтал сум дундын шүүх хамгийн хүнд ялыг сонгож хэрэглэсэн нь зохимжгүй. Энэ хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1-т нэг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний үндэслэлийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ заавал тусгана гэж заасан. Гэтэл шийтгэх тогтоолд гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж дүгнэчхээд үүнийхээ үндэслэлийг тайлбарлаж бичээгүй. Гуравдугаарт нь таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудал дээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг шүүх аваад, эдлэх ялд оруулж тооцох эсэх асуудлыг шийтгэх тогтоолд заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-д шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон асуудлыг заавал шийтгэх тогтоолд дурдахыг тусгаж зохицуулаагүй нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Иймээс эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 

Шүүгдэгчийн Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хамгийн хөнгөн ялыг оногдуулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүгдэгч Б.*******ийн үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Б.*******ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр 1 дүгээр хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.*******т оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.*******ийн биечлэн эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоож, шийдвэрлэснийг хяналтын прокурор В.Төгсбаяр эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгох агуулгаар эсэргүүцэл бичжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд сахих бөгөөд зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчингүй болгох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагад нийцнэ.

 

Шүүгдэгч Б.******* нь урьд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн гэх боловч энэ талаарх нотлох баримт буюу шийтгэх тогтоол хэрэгт авагдаагүй, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст ял шийтгэлгүй гэж тэмдэглэгдсэн байхад шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулалгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.*******ийн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 7 сарын хугацаагаар тооцож шийдвэрлэсэн, түүнчлэн шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, цагдан хоригдсон таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон талаар шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж явуулсан мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавих үүргээ биелүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг тодорхойлох ач холбогдол бүхий нотлох баримтгүйгээр таамаглалд үндэслэн шүүгдэгчид оногдуулсан хорих ял дээр дахин хорих ял нэмж шийдвэрлэсэн нь  Эрүүгийн хулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.*******т холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор В.Төгсбаярын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” агуулга бүхий эсэргүүцлийг хангасугай.

 

2. Шүүгдэгч Б.*******т холбогдох 2529000570014 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.

 

 3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

 

                                  ШҮҮГЧИД                                         Т.ДЭЛГЭРМАА

 

                                                                                           Л.УГТАХБАЯР