| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 2428003080058 |
| Дугаар | 2025/ДШМ/45 |
| Огноо | 2025-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., 11.7.1.3., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/45
2025 оны 08 сарын 06 өдөр Дугаар 2025/ДШМ/45 Даланзадгад сум
Т.*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: А.Амгалан,
Нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/188 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Б.Арсланбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Т.*******т холбогдох 2428003080058 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Дэлгэрмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
урьд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял,
Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.1, 261 дугаар зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял,
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны
дугаар сарын 01-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 660,000 төгрөгөөр торгох ял,
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан.
Яллагдагч Т.******* нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ******* тоот хаягт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ын эрх чөлөөнд халдаж баруун талын хөмсөгний дээд хэсэгт нь хөлөөрөө өшиглөж баруун талын нүдийг нь хөхрүүлж зодсон,
2024 оны 09 дүгээр сарын дундуур Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг *******д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүүхдийн дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ын эрх чөлөөнд халдаж аюулхай, гэдэс хэсэгт гараараа чанга цохиж унагаан үснээс нь зулгааж, газар чирж хөл, гуяыг нь хөхрүүлсэн, хоолны халбагаар толгой хэсэгт нь цохиж зодсон,
2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн 4 дүгээр баг ******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ын эрх чөлөөнд халдаж биед цээжний зүүн дээд хэсэг, дээд, доод уруулд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, эрүү баруун шилбэнд цус хуралт, дух баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн хацар шанаа, дээд доод уруул гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайхан 2-41 тоот хаягт байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 19 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ын эрх чөлөөнд халдаж, гараараа татаж унагаан хөлөөрөө толгой хэсэгт нь өшиглөж, дээд уруулыг сэтэлж зодсон,
2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайхан 2-41 тоот хаягт 22 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ын эрх чөлөөнд халдаж, баруун хөлийн шилбэнд хөлөөрөө 3-4 удаа өшиглөж зодсон,
2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Даланзадгад сумын Дундсайхан хороололд байх ******* дэлгүүрийн гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ын самсунг маркийн гар утсыг эвдсэн, мөн 2024 оны 10 дугаар сарын эхээр Оюут хорооллын ******* нэртэй дэлгүүрийн үүдэнд Самсунг-А10 маркийн гар утсыг булааж цементэн талбай дээр шидэж эвдсэн, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн орчим хутга, сүх барьж айлгаж, зодох үедээ гэрийн хөргөгчийн нүүрний хэсэгт юм шидэж шилэн нүүрийг нь хагалсан,
2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг ******* тоот хажууд байх 22 дугаар усан сангийн дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ын эрх чөлөөнд халдаж, биед тархины доргилт, хуйх, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд болон доод зовхи, баруун, зүүн шуу, зүүн гуяны цус хуралт, баруун нүдний доод зовхины зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Арсланбаатар нь Т.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Яллагдагч Т.*******ын өмгөөлөгч И.Оюунгэрэлийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлтийг хангаж, Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батынхан овгийн Тодбаярын *******т холбогдох нэг хавтас эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж,
Яллагдагч Т.******* Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хоригдож байгаа болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Б.Арсланбаатар давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нь энэ гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжид хамаарахгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, өөрөөр хэлбэл мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирлын хэмжээ нь хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн тогтоох, өөрчлөх үндэслэлүүдэд хамаарахгүй.
Мөн 2025 онд Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохтой холбоотой хэргүүдийг “Эрх зүйн шинэ ойлголтын хууль хэрэглээг нэг мөр тогтоож шүүхийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь зүйтэй” гэж дүгнэж, мөн шатаар хянан хэлэлцэж, дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тайлбар гарган, хууль хэрэглээний практикийг тогтоосон болно.
Тухайлбал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохтой холбоотой нийт 17 эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ тогтоол тус бүрийн тодорхойлох хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр” хуулийн зохицуулалтын хууль зүйн агуулгыг тайлбарласнаас гадна эдгээр хэргүүдийг шийдвэрлэхдээ хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр өөрчлөлт оруулах, мөн анхан болон давж заалдах шатны шүүхүүд “сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нэхэмжлэлээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэснийг зөв болсон” хэмээн дүгнэх зэргээр шийдвэрлэж, энэ талаар хууль хэрэглээний практик нэгэнт тогтсон байна.
Гэтэл Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох ажиллагааг заавал мөрдөн шалгах ажиллагаагаар гүйцэтгүүлэхээр прокурорт буцааж байгаа нь хэргийг түргэн, шуурхай шийдвэрлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг зөрчсөн шийдвэр болсон.
Түүнчлэн шүүгч нь зарим хэрэгт мөрдөгчөөс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоосныг нотлох баримтаар үнэлж мөнгөн төлбөрийг гаргуулан шийдвэрлэх, зарим хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллагаар тогтоолгохоор зэргээр шийдвэрлэж байгаа боловч зарим хэрэгт дээрх зэрэглэл тогтоох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж үзэж, хэргийг прокурорт буцаах зэргээр хууль нэг мөр хэрэгжихгүй байгааг дурдах нь зүйтэй.
Яллагдагч Т.*******ын холбогдсон гэмт хэрэгт түүнээс мэдүүлэг авах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алинд ч хамаарахгүй, мөн өмгөөлүүлэх эрхээр хангаагүй талаар эрүүгийн хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй байхад яллагдагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэлийн зөвхөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан: “...Оюунгэрэл өмгөөлөгчийг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулмаар байна гэсэн хүсэлтүүдийг хэлсэн байдаг” гэх тайлбарт шүүх үндэслэж, энэ талаарх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авсан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд прокуророос Т.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоолгохоор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Гэтэл шүүх тус хэрэгт хамааралгүй буюу яллагдагч Т.*******оос өөрийн буруутай үйлдлээр бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлын төлбөрт авсан гэх зурагт ямар үнэлгээтэй байсныг тогтоолгохоор хэргийг прокурорт буцааж байгаа нь дээрх хуулийн шаардлагыг хангахгүй, зөрчих бөгөөд зурагтын үнэлгээг тогтоох, хохирогч нь яллагдагчаас нэхэмжлэх эсэх нь энэ хэргийн хувьд яллагдагчийн эрх зүйн байдалд огт нөлөөлөхгүй, хууль зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй.
Түүнчлэн Т.*******, Б.******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон бөгөөд шаардлагатай гэж үзвэл Б.******* нь Т.*******оос зурагтын үнийг нэхэмжлэх, төлүүлэх эсэх асуудлыг нэхэмжлэлээ гарган, иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдаж байна.
Шүүхийн гаргасан дээрх хууль хэрэглээний алдаа, зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.
Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/188 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор А.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлогдсон байдлыг нь харгалзаад шүүх шийдвэрлэх боломж байгаа гэж харж байна. Жишээлбэл, сэтгэцтэй холбоотой хохирлыг нотлогдсон байвал эрүүгийн хэрэгтэй хамтад нь шийдээд, нотлогдоогүй байвал иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж болно. Энэ хэргийн хувьд иргэний шүүхэд жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээгээд шийдвэл хохирогч болон шүүгдэгчийн хэн алиных нь эрх зүйн байдлыг дордуулахгүй байх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/188 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Яллагдагч Т.******* нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ******* тоот хаягт, 2024 оны 09 дүгээр сарын дундуур тус багийн *******д, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн 4 дүгээр баг ******* тоотод, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөн тоот хаягт, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөн тоот хаягт, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг ******* тоот хажууд байх 22 дугаар усан сангийн дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ыг зодож, биед тархины доргилт, хуйх, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд болон доод зовхи, баруун, зүүн шуу, зүүн гуяны цус хуралт, баруун нүдний доод зовхины зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэж хяналтын прокурор Б.Арсланбаатар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол, мөн зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдсон гэж дүгнэн хохирогч Б.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгох, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бүрэн тогтоолгох ажиллагааг хийлгэхээр Т.*******т холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын прокурор Б.Арсланбаатар нь “Шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгох нь зүйтэй гэж шүүх үзлээ хэмээн дүгнэж, дээрх ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд гүйцэтгүүлэхээр, яллагдагчаас мэдүүлэг авах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алинд ч хамаарахгүй, мөн өмгөөлүүлэх эрхээр хангаагүй талаар эрүүгийн хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй байхад, мөн тус хэрэгт хамааралгүй буюу яллагдагч Т.*******оос өөрийн буруутай үйлдлээр бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлын төлбөрт авсан гэх зурагт ямар үнэлгээтэй байсныг тогтоолгохоор” хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгох агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ..., Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/, ...-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж, мөн зүйлийн 40.2 дахь хэсэгт “Шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ:” 40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.” гэж тус тус заажээ.
Хохирогч Б.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгох нь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй байна гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын хүснэгтийн дагуу хохирогч Б.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Гуравдугаар” зэрэглэлээр тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн байх хэдий ч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт “энэ хэрэг дээр хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор, хохиролд шинжээчийн дүгнэлт гаргах саналтай. Мөн яллагдагч Т.*******оос гаргуулахаар нэхэмжилж буй зурагт нь үнэхээр 2,000,000 төгрөгийн үнэтэй эсэх тал дээр ажиллагаа хийлгүүлэх хүсэлтэй” гэжээ.
Яллагдагч Т.*******ын холбогдсон гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан тул хохирогч Б.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгох нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байх ба хэрэгт хохирогчийн нэхэмжилж буй зурагттай холбоотой ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байх тул анхан шатны шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэв гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Иймд прокурорын зүгээс хүснэгтээр тогтоосон хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн “Гуравдугаар” зэрэглэлд үндэслээд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх боломжтой, зурагтын үнийг тогтоох нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэх тайлбар, эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.
Анхан шатны шүүх “яллагдагчийн өмгөөлөгч И.Оюунгэрэлийн ...Т.*******ын зүгээс өмнө өгсөн хэд хэдэн удаагийн мэдүүлэгтээ өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө, өмнө ажиллаж байсан И.Оюунгэрэл өмгөөлөгчийг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулмаар байна гэсэн хүсэлтүүдийг гаргасан байдаг. Гэтэл мэдүүлэг авахад нь өмгөөлөгч оролцуулалгүй эрхийг нь зөрчсөн асуудал байгаа.” гэх тайлбарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй буюу мөрдөн шалгах ажиллагаагаар дахин хийх шаардлагагүй гэж үзэв.
Иймд давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Яллагдагч Т.******* нь Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гарын харьяа цагдан хорих байранд цагдан хоригдож байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хяналтын прокурор Б.Арсланбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/188 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2. Яллагдагч Т.******* нь Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гарын харьяа цагдан хорих байранд цагдан хоригдож байх тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА