Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 218/МА2020/00020

 

*******гийн нэхэмжлэлтэй 
иргэний хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар  
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 139/ШШ2020/00480 тоот шийдвэртэй,
*******гийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдох Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 9 сарын 27-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
  Шүүх хуралдаанд: 
Нэхэмжлэгч *******,
Хариуцагчийн төлөөлөгч *******,
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн,
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 06 сарын 04-ний өдөр ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар *******т ******* ажилд томилогдон ажилласан. Гэтэл 2019 оны 09 сарын 27-ны өглөө Засаг даргын Тамгын газрын шуурхай хурал дээр Засаг даргын Тамгын газрын дарга ******* гэнэт намайг ******* үүрэгт ажлаас чөлөөлж байгаа талаар мэдэгдсэн. Тушаалын үндэслэлээ тайлбарлахдаа Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэбаатар, улсын байцаагч Г.Энхтайван нарын “Төлбөр тогтоох тухай” 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 26-05/19 тоот актыг үндэслэн ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар ярьсан. Хурлын дараа миний өрөөнд өөрийн тушаалаа оруулж өгсөн. Үүний нарийн учрыг олж албаны шалгалт хийж тушаалаа эргэж харахыг хүссэн боловч хүлээж аваагүй, илт нэг талыг барьж улсын байцаагчийн актыг үндэслэж ажлаас халсанд гомдолтой байна. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь намайг ажлаас халахдаа ажилдаа хариуцлагагүй хандан хөдөлмөрийн гэрээний 8.2.4 дэх заалтыг зөрчин ноцтой зөрчил гаргасан гэж үндэслэсэн боловч улсын байцаагчийн тавьсан актад дурдагдсан 6.087.100 төгрөгийн зөрчил нь би хувьдаа завшсан юм уу, эсвэл ажлын хариуцлагагүйгээс болж дутагдуулсан аль болохыг албаны шалгалт хийж Засаг даргын зөвлөлөөр оруулан шийдвэрлэх байтал надад ямар ч шалгалт хийлгүй, огт хэлж мэдэгдэлгүй ажлаас халсан болно.
Ер нь бол улсын байцаагчийн зүгээс 6087100 төгрөгийг хий зарлага бичиж тайлагнан хөрөнгө дутагдуулсан гэж акт тавьсан боловч би хий зарлага бичээгүй, дээрх мөнгийг давхардуулаад Засаг дарга ийн нэр дээр олгочихсон баримт байгаа талаар улсын байцаагчид тайлбарлаж, надад байгаа санхүүгийн баримтаа үзүүлсэн боловч хүлээж аваагүй. Энэ талаараа би Уранцэцэг даргад мөн тайлбарласан боловч хүлээж аваагүй. Ер нь бол ажлын байрны тодорхойлолтод зааснаар бол би Мал хамгаалах сантай холбоотой асуудалд оролцох эрхгүй юм байна гэж ойлгож байгаа. Тэгээд ч Засаг даргын Тамгын газрын дарга *******тэй байгуулсан гэх ажлын байрны тодорхойлолтод миний гарын үсэг ч байхгүй байдаг юм байна гэдгийг би ажлаас халагдсанаасаа хойш мэдлээ
Тэгээд ч Мал хамгаалах сан нь зөвхөн Засаг даргын мэдэлд байдаг сан бөгөөд энэ нь тусдаа нягтлан бодогчтой, энэ сангийн үйл ажиллагаанд Засаг даргын Тамгын газрын дарга биечлэн оролцдоггүй бөгөөд нэгэнт тавигдсан акттай холбоотой асуудлаар тэр, үнэн зөвийг олж тогтоох үүрэгтэй байсан гэж бодож байна. Иймд би ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Үүнд: Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 09-р сарын 27-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх зэрэг шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба нь манай суманд 2019 оны 09 сарын 23-ны өдрөөс 26-ны өдрүүдэд удирдамжийн дагуу 2018, 2019 оны санхүүгийн баримтад хяналт шалгалтыг хийсэн бөгөөд энэхүү хяналт шалгалтын явцад тус сумын гамшгаас хамгаалах сангийн 2018 оны баримтад тус сангийн өвс тэжээл борлуулсан орлогоос 6087100 төгрөгийг эд хариуцагч ******* нь тус сангийн төрийн сан банкин дахь харилцах дансанд тушаалгүй өвс тэжээл худалдан авсан, тээврийн хөлс олгосон гэх 2016 оны баримтыг ашиглан хий зарлага бичиж тайлагнан хөрөнгө дутагдуулсан зөрчил илэрч аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанаас “Төлбөр тогтоох тухай” 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 26-05/19 тоот улсын байцаагчийн акт гаргасан. Тэгээд 2019 оны 09 сарын 27-ны өглөө 10 цагт тус сумын Санхүүгийн албаны дарга Э.Баяржаргал, нягтлан Б.Энхжаргал, нярав ******* нарыг өрөөндөө дуудан хөрөнгө мөнгө дутсан, ажилдаа хариуцлагагүй хандсан албан тушаалтнуудад арга хэмжээ тооцох, Санхүүгийн албаны дарга, нягтлан хоёрыг хяналт яагаад тавиагүй зэрэг асуудлыг хэлэлцэж нярав *******гийн гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг ноцтой зөрчсөн байсан учраас ажлаас чөлөөлж, гэрээг цуцалж, нөгөө 2 албан тушаалтанд шийтгэл оногдуулсан. Нярав ******* нь хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 3.2.4-т заасан “байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан” гэх заалтыг зөрчсөн, тухайн зөрчилд Дундговь аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны байцаагч нараас 2019.09.26-ны өдрийн 26-05/19 тоот “Төлбөр тогтоох тухай" акт тавигдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, улсын байцаагчийн 2019.09.26-ны өдрийн 26-05/19 акт, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг үндэслэн 2019.09.27-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэгэнт санхүүгийн мэргэжлийн байгууллага ирж шалгалт хийгээд зөрчил дутагдлыг илрүүлсэн, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг ноцтой зөрчсөн байхад миний хувьд дахиж Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Би ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга *******т холбогдуулан Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 09 сарын 27-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд одоо дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд: ******* сумын ЗДТГ-ын нярав ******* би 2019.09.27-ны өдрийн Б/06 тоот тушаалаар 2019.12.27-ны ажлаас халагдсанаас хойших хугацааны цалин 1 сард 651859 төгрөг, 3 сарын цалин 1955577 төгрөг, байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл 224891 төгрөг, 2020.01,01-ээс 2020.06.27-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 1 сард 760326 төгрөг, 6 сарын 4561956 төгрөг, байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл 570244 төгрөг нийт 7312668 төгрөг, үүнээс гадна 2019.12 сард авах ёстой түлээ нүүрсний хөнгөлөлт 200000 төгрөг, 2019.01.31- ний өдрийн “Аймгийн Засаг даргын жуух бичиг”-ийн мөнгөн урамшуулал 10000 төгрөг, 2019.10.09-ний өдрөөс хойш 2020.05.29-ний өдрийг хүртэлх хугацааны бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлсэн хөлс 43500 төгрөг, 2019.10.10-ний өдрөөс 2020.06 cap хүртэлх хугацааны ******* сумаас Дундговь, ******* сумаас Улаанбаатар хот, Улаанбаатараас ******* сум, Дундговиос ******* сум руу тус тус шүүх, цагдаа, ШШҮХ, Сангийн яам, Төрийн албаны төв зөвлөл, Аймгийн ЗДТГ-ын санхүү, хяналт шалгалтын алба, Төрийн аудитын газар, Ёс зүйн зөвлөл, прокурорын газар руу явсны зардал нийт 380000 төгрөг, өмгөөлөгч С Төмөрбаатарт 2019.12.10-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсөнд 650000 төгрөг, өмгөөлөгч С.Төмөрбаатарыг Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу ирүүлж шүүх хуралд оролцуулах, мөн ЦГ-т мэдүүлэг өгөхөд оролцуулах, шинжээчийн дүгнэлттэй танилцуулах, шүүхээс түдгэлзсэн хэргийг сэргээлгэхэд ирүүлэн, мөн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхэд туслалцаа авч нэхэмжлэл бичүүлэх зэрэг зардалд нийт 85000 төгрөг бүгд 5796168 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилсэн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: ******* нь Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан Тамгын газрын даргын 2019 оны 9 сарын 27-ны өдрийн Б/06 эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд цалин, нийгмийн даатгалын шимтгэл, түлээ нүүрсний хөнгөлөлтийн мөнгө, аймгийн Засаг даргын Жуух бичгийн мөнгөн урамшуулал, нотариатын зардал, унааны зардал, өмгөөллийн хөлсөнд нийт 8796168 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч талаас гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд *******г ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон Улсын байцаагчийн 2019.09.26-ны өдрийн 26-05/19 тоот төлбөр тогтоосон актыг хүчин төгөлдөр, ажлаас чөлөөлсөн ******* сумын ЗДТГ-ын даргын 2019.09.27-ны өдрийн Б/06 тоот тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа болно.
Мөн нэхэмжлэгчийн гаргасан түлээ нүүрсний хөнгөлөлтийн мөнгө, аймгийн Засаг даргын “Жуух” бичгийн мөнгөн урамшуулал, нотариатын зардал, унааны зардал, өмгөөллийн хөлс гаргуулах шаардлага нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж буй үндсэн шаардлагад хамааралгүй байна. Иймд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасныг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 2008 06 сарын 04-ний өдөр ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар ******* ажилд томилогдон ажилласан. 2019 оны 09 сарын 27-ны өглөө Засаг даргын тамгын газрын шуурхай хурал дээр Засаг даргын тамгын газрын дарга ******* намайг ******* үүрэгт ажлаас чөлөөлж байгаа талаар мэдэгдсэн. Тушаалын үндэслэлээ тайлбарлахдаа аймгийн Санхүү аудитын санхүүгийн хяналт шалгалтын байцаагч Г.Эрдэнэбаатар, улсын байцаагч Г.Энхтайван нарын төлбөр тогтоох тухай 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 26-05/19 тоот актыг үндэслэн ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар хэлсэн. Хурлын дараа миний өрөөнд тушаалыг оруулж өгсөн. Үүний дараа албаны нарийн шалгалт хийж тушаалаа эргэж харахыг хүссэн боловч хүлээж аваагүй илт нэг талыг барьж улсын байцаагчийн актыг үндэслэж ажлаас халсанд гомдолтой байна. Улсын байцаагчийн зүгээс 6087100 төгрөгийн хий зарлага бичиж тайлагнан хөрөнгө дутагдуулсан гэж акт тавьсан боловч би хий зарлага бичээгүй. Дээрх мөнгийг давхардуулж Засаг дарга ийн нэр дээр орлогодсон болохоо улсын байцаагчид тайлбарлан надад байгаа санхүүгийн баримтаа үзүүлсэн боловч хүлээж аваагүй. Энэ талаар мөн даргад тайлбарласан боловч хүлээж аваагүй. Ажлын байранд тогтоосон тодорхойлолтод мал хамгаалах сантай холбоотой асуудалд оролцох эрхгүй гэж би ойлгож байна. Засаг даргын тамгын газрын дарга *******тэй байгуулсан ажлын байрны тодорхойлолтод миний гарын үсэг байхгүй гэдгийг ажлаас халагдсаны дараа мэдсэн юм. Мал хамгаалах сан нь Засаг даргын мэдэлд байдаг сан юм. Энэ нь тусдаа нягтлан бодогчтой. Нэгэнт тавигдсан акттай холбоотой асуудлын үнэн зөвийг тогтоох үндэслэлтэй байна. Иймд би ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2019 оны 09 сарын 27-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдох Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2019.09.27-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хийхийг шаардах тухай нэхэмжлэл гаргасан. Дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. 2019 оны 09 сарын 27-ны өдрийн Б/06 тоот тушаалаар халагдсанаас хойш хугацааны цалин нэг сард 651859 төгрөг, 3 сарын 1955577 төгрөг, байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл 224891 төгрөг, 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарыг хүртэлх цалин 1 сард 760000 төгрөг, 6 сарын цалин нийт 4561956 төгрөг, байгууллагаас төлөх шимтгэл 570944 төгрөг, нийт 7312668 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс гадна 2019 оны 12 сард авах ёстой түлээ нүүрсний хөнгөлөлт 200000 төгрөг, 2019 оны 1 сарын 31-ний өдрийн аймгийн Засаг даргын жуух бичгийн мөнгөн урамшуулал 10000 төгрөг 2019 оны 10 сарын 09-ний өдрөөс хойш 2020 оны 5 сарын 29-нийг хүртэлх хугацааны бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлсний төлбөр 43500 төгрөг, 2019 оны 10 сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 cap хүртэлх хугацаанд ******* сумаас Дундговь аймаг, ******* сумаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос ******* сум, Дундговь аймгаас ******* сум тус тус шүүх цагдаа, шүүхийн шийдвэр, сангийн яам, төрийн албаны төв зөвлөл, аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү хяналт шалгалтын яам, төрийн аудитын газар, ёс зүйн зөвлөл, прокурорын газар луу явсан зардал нийт 380000 төгрөг, өмгөөлөгч С.Төмөрбаатарт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үнэ хөлсөнд 650000 төгрөг, өмгөөлөгчийг Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу ирүүлж шүүх хуралд оролцуулах, мөн цагдаагийн газар мэдүүлэг өгүүлэхэд оролцуулах, шинжээчийн дүгнэлттэй танилцуулах, шүүхээс түдгэлзсэн хэргийг сэргээхэд ирэх, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхэд туслалцаа авч нийт 850000 төгрөг, бүгд 8796168 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилсэн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн дотоод аудитын хяналт шалгалт манай суманд 2019 оны 09 сарын 23-ны өдрөөс 25-ны хооронд 2018, 2019 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийсэн. Гамшгаас хамгаалах сангийн 2018 оны баримтад өвс тэжээл борлуулсан орлогоос 6087100 төгрөгийг эд хариуцагч ******* нь төрийн сангийн дансанд тушаахгүй тээврийн хөлсний 2016 оны баримтыг 2018 оны санхүүгийн баримтад хийж хөрөнгө дутагдуулсан нь аймгийн хяналт шалгалтын алба гаргаж төлбөр тогтоох акт гаргасан. Тус суманд 09 сарын 23-ны өдрөөс 25-ны хооронд ажилласан. 09 сарын 23-ны өдрөөс 09 сарын 24-ны өдрийг хүртэл миний бие эзгүй байсан. 09 сарын 25-ны өглөө ирэхэд акт тогтоосон гэж байсан. Санхүүгийн албаны дарга, нярав, нягтлан нар манай өрөөнд орж ирсэн. Актыг ямар нэг байдлаар үнэхээр дутагдуулсан бол арга хэмжээ ав гэдгийг хэлсэн боловч ямар ч арга хэмжээ авах боломжгүй акт тогтоогдсон. 9 сарын 26-ны өдрийн 05/19 тоот улсын байцаагчийн акт гарсан. Санхүүгийн албаны дарга Баяржаргал, нягтлан Энхжаргал, нярав ******* нарыг өрөөндөө дуудаад өчигдөр дүнгийн хурал хийсэн. Ийм хөрөнгө дутагдуулсан байх тул ажил албан тушаалдаа хариуцлагагүй хандсан хүмүүст хариуцлага тооцно гэж хэлсэн. Санхүүгийн албаны дарга, нягтлан нарт цалингийн арга хэмжээ авсан. Эд хариуцагч *******д цалингийн арга хэмжээ авна мөн ажлаас чөлөөлөх арга хэмжээ авна гээд хэлсэн. 27-ны өдөр Баяржаргал, Энхжаргал хоёрт гардуулсан. ******* үдээс хойш ажил дээр огт ирээгүй учраас албан ёсоор тушаалыг нь гардуулж чадаагүй. Нэг дэх өдрийн шуурхай хурал дээр хэлсэн. Шуурхай хурлын дараа *******д өгсөн. Мэргэжилийн байгууллагаас шалгалт явагдаад акт тавигдсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т зааснаар актыг үндэслэн шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гаргахад ажлаас хална гэдэг заалт байдаг. Хөдөлмөрийн гэрээний дагуу арга хэмжээ авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Анхан шатны шүүх: 
   1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******ийн ******* /*******/-г Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын ******* ажилд эгүүлэн тогтоож,
   2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны олговор 5858736 /таван сая найман зуун тавин найман мянга долоон зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, 
   3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох олговроос тооцон ажил олгогч хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, ажилтнаас хуульд заасан хэмжээгээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, 
   4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1,2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155689 /нэг зуун тавин таван мянга зургаан зуун наян есөн / төгрөгөөс 46999 /дөчин зургаан мянга есөн зуун ерэн есөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 108690 /нэг зуун найман мянга зургаан зуун ерэн/ төгрөгийг ******* сумын Засаг даргын тамгын газраас 249090 /хоёр зуун дөчин есөн мянга ер/ төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдол, болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******гийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 26-ны өдрийн 139/ШШ2020/00480 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
 *******гийн гаргасан ******* сумын ЗДТГ-ын даргын 2019 оны 09 сарын 27-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж хариуцагч талаас үзэж анхан шатны шүүхэд тайлбар, холбогдох баримтуудыг гаргаж өгсөн.
 Учир нь ******* сумын ЗДТГ-ын даргын 2019 оны 09 сарын 27-ны өдрийн Б/06 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Улсын байцаагчийн 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 26-05/19 тоот төлбөр тогтоосон актаар эд хариуцагч ******* нь хөрөнгө дутагдуулсан зөрчил гаргасан болох нь тогтоогддог, уг шалгалтаар илрүүлсэн байдаг. Тухайн төлбөр тогтоосон Улсын байцаагчийн 2019 оны 09 сарын 26-ны өдрийн актын 2 дахь заалтад “хууль зөрчиж зардал гаргасан албан хаагчид хариуцлага тооцох” үүргийг өгсний үндсэн дээр холбогдох албан тушаалтнуудад арга хэмжээ авч, нэхэмжлэгч *******г 2019 оны 09 сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлсөн.
  Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: Төлбөр тогтоосон улсын байцаагчийн актад гомдол гаргах эрхийг эдлүүлэхгүйгээр актыг үндэслэж ажилтныг ажлаас чөлөөлсөн нь буруу байна гэжээ. 
  Ажилтан хөдөлмөрийн гэрээний 5 зүйлд заасны дагуу хариуцсан ажлаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хийж хэрэгжүүлэх үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч *******гийн хувьд энэ үүргээ хангалттай биелүүлээгүй болох нь 2019 оны 09 сарын 26 өдрийн №26-05/19 дугаартай улсын байцаагчийн актаар тогтоогддог. Тус актад "... 2016 оны баримтыг ашиглан хий бичилт зарлага бичиж тайлагнан хөрөнгө дутагдуулсан зөрчил илэрлээ" гэж дүгнэсэн. Ажил олгогчийн зүгээс мэргэжлийн байгууллагын актыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Энэхүү үндэслэл нь хөдөлмөрийн гэрээний 8.2.4 -т заасан ноцтой зөрчил болно. Гэтэл анхан шатны шүүхээс Ажил олгогчийн тус актад гомдол гаргах эрхийг эдлүүлэхгүйгээр ажилтныг ажлаас чөлөөлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь тус актад гомдол гаргах эрх нь ажил олгогч ажлаас халах шийдвэр гаргасан эсэхээс үл хамааран хэрэгжих боломжтой эрх юм. Өөрөөр хэлбэл гомдол гаргах эсэх нь тухайн хүний субьектив эрхийн асуудал. ******* тус актад гомдол гаргаагүй бөгөөд актад дурдсан зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрдөг. Ажил олгогчийн зүгээс мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлт үнэн зөв эсэх дээр дүгнэлт гаргах эрхгүй ба хэрвээ дээрх акт хүчингүй болох өөрчлөгдсөн тохиолдолд гаргасан тушаалаа өөрчлөх, засах боломжтой байсан. Гэвч ажлаас халах тушаалын үндэслэл болсон улсын байцаагчийн акт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Иймээс ажил олгогч ажлаас халах шийдвэрийг гаргахдаа хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд, мэргэжлийн байгууллагын гаргасан, хүчин төгөлдөр шийдвэрт үндэслэсэн учир анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна.
1.    "...Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1 сарын 27 өдрийн 21 дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгч ******* нь 6,087,100 төгрөгийг дутагдуулсан завшсан гэж үзсэн нь үгүйсгэгдэж байх бөгөөд харин нягтлан бодох бүртгэлийн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлөөгүй бөгөөд эд хөрөнгө дутагдуулсан гэж ажлаас чөлөөлсөн байна..." гэж шүүх дүгнэсэн нь хэт явцуу бөгөөд алдаатай дүгнэлт болсон.
- Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр "...нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн зөрчилтэй байна. Илэрсэн зөрчил нь нягтлан бодох бүртгэлийг зохион байгуулж удирдах үүрэг бүхий засаг дарга, нягтлан бодогч, санхүүгийн анхан шатны баримт хөтлөгч нярав нар буруутай байна гэж гарсан." Өөрөөр хэлбэл нярав хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон. Гэтэл шүүхээс ******* гаргасан зөрчил нь 6,087,100 төгрөгийг дутагдуулсан, завшсан нь үгүйсгэгдэж байна гэж буруу дүгнэсэн бөгөөд тухайн шинжээчийн дүгнэлт нь ******* үйл ажиллагаа хууль тогтоомж зөрчсөн эсэх мөн улсын байцаагчийн акт үндэслэлтэй эсэх тухай болохоос түүнийг хөрөнгө мөнгө завшсан эсэхийг тогтоох талаарх дүгнэлт биш юм. Харин ч тухайн шинжээчийн дүгнэлтээр улсын байцаагчийн акт үндэслэлтэй болох нь тогтоогдсон. Санхүүгийн анхан шатны баримт хөтөлдөг нярав хүн санхүүгийн бүртгэл хөтлөлтийн алдаа гаргасан гэдэг нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил мөн, түүнийг эд хөрөнгө дутагдуулсан тухай улсын байцаагчийн акт гарсан байхад шүүхээс дутагдуулсан завшсан гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэл муутай байна.
Иймд тус шүүхийн 2020 оны 06 сарын 26-ны өдрийн 139/ШШ2020/00480 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв. 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 480 тоот шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж дэмжин хариуцагч Уранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Хариуцагч Уранцэцэг нь 2019 оны 9 сарын 26-ний өдрийн №2605/19 тоот улсын байцаагчийн актыг үндэслэн ажил олгогчийн зүгээс ажлаас чөлөөлсөн болно. Тэрээр хөдөлмөрийн гэрээний 8.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалтыг ноцтой зөрчин 2016 оны баримтыг ашиглан хий бичилт зарлага бичин тайлагнан хөрөнгө дутагдуулсан зөрчил гаргасан учир ажлаас халсан нь үндэслэлтэй гэж гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь дээрх улсын байцаагчийн актад гомдол гаргах эрхийг эдлүүлэхгүйгээр ажлаас халсан нь буруу байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Улсын байцаагчийн акт нь надад холбогдуулж гаргаагүй, сумын засаг дарга Батбилэг, нягтлан Нансал нарт холбогдуулж гарсан актын агуулга дотор миний талаар хөрөнгө дутагдуулсан гэж дурдсан боловч шүүхийн шинжилгээний албаны 21 дугаартай шинжээчийн дүгнэлтээр надаас 6,087,100 төгрөгийн дутагдал тогтоогүй гэсэн дүгнэлт гарсан. Намайг ажил олгогч ажлаас халахдаа засаг даргын зөвлөлийн хурал болон албаны шалгалт хийсэн зүйл байхгүй, мөн надаас тайлбар аваагүй, хөдөлмөрийн гэрээг дүгнээгүй. Иймээс түүний шийдвэр хууль бус болохыг анхан шатны шүүх тогтоосон. 2. Хариуцагч шинжээчийн 21 дугаартай дүгнэлтийг үндэслэлгүй гэж маргаж байна гэж ойлгож байна. Харамсалтай нь энэ шинжээчийн дүгнэлтээр намайг 6087100 төгрөгийн хөрөнгө дутагдуулсан нь тогтоогдоогүй. Мөн надад холбогдох хэргийг цагдаагийн байгууллага хэрэгсэхгүй болгосон. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би тус актад сангийн яамд гомдол гаргасан. Энэ акт нь хүчингүй болсон, цагдаа хэрэгсэхгүй болгосон. Шинжээчийн дүгнэлт гарахдаа цаг хугацаанд нь санхүүгийн тайлангаа хийж байгаагүйгээс тооцооллын алдаа гэсэн дүгнэлт гарсан. Бусдаар би идэж уугаад дутагдуулсан зүйл байхгүй. Миний алдаа гэвэл 2016 оны 2,3 сард ******* тайланд өгсөн мөнгөө зарлагадсан бол ажлаас халагдах асуудал байхгүй байсан. тэр үедээ би хагас, бүтэн жилээр ******* тайлан хийдэг байсан. Энэ тайланг би ганцаараа хийдэггүй. Миний хийсэн тайланг нягтлан, төрийн сан хянаж авах ёстой. Би нягтланд ийм мөнгө өгсөн баримт үлдчихжээ гээд хэлээд бариад очиход миний тайланг авчхаад 6 сая төгрөгийн орлого байна гэж тооцчихоод одоо болохоор мэдэхгүй гэж мөр хавчаад суудаг болсон гэв.
ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна. 
Нэхэмжлэгч намайг ажлаас халсан сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаал нь хөдөлмөрийн гэрээний 8.2.4 дэх заалтыг зөрчин ноцтой зөрчил гаргасан гэж үндэслэсэн боловч улсын байцаагчийн тавьсан актад дурдагдсан 6.087.100 төгрөгийн зөрчил нь би хувьдаа завшсан юм уу, эсвэл ажлын хариуцлагагүйгээс болж дутагдуулсан аль нь болохыг албаны шалгалт хийж Засаг даргын зөвлөлөөр оруулан шийдвэрлэх байтал надад ямар ч шалгалт хийлгүй, огт хэлж мэдэгдэлгүй ажлаас халсан нь үндэслэлгүй гэжээ.
Хариуцагч мэргэжлийн байгууллагаас шалгалт явагдаад акт тавигдсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т зааснаар актыг үндэслэн ажлаас халах шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гаргахад ажлаас хална гэдэг заалт байдаг. Хөдөлмөрийн гэрээний дагуу арга хэмжээ авсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзан маргажээ.
Ажил олгогчоос хөрөнгө дутагдуулсан зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан тушаал гарсан хугацаа, уг тушаалд гомдол гаргах эрхийг эдлүүлэлгүй ажлаас чөлөөлсөн нь буруу гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 
Ажилтныг сумын мал хамгаалах сангийн 2018 оны орлогоос 6087100 төгрөгийг тус сангийн харилцах дансанд тушаалгүй өвс тэжээл худалдан авсан, тээврийн хөлс олгосон гэх 2016 оны баримтыг ашиглан хий зарлага бичиж тайлагнан хөрөнгө дутагдуулсан зөрчил гаргасан гэж ажил олгогч үзсэн бөгөөд ажилтныг ажлаас халсан тушаал нь хөдөлмөрийн гэрээний 8.2.4 дэх заалтыг зөрчсөн. Энэ нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил мөн гэж ажил олгогч тодорхойлсон байна.
Хөдөлмөрийн гэрээний 8.2.4-т зааснаар “Байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулах, эд хөрөнгө,техник хэрэгсэл, эд ангийг солих, хувьдаа ашигласан буюу ашиглахыг завдсан үйлдлийг хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон ноцтой зөрчил байхаар томьёолсон байна. 
Хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигч талуудын тайлбарт дутагдуулсан гэх мөнгийг сумын засаг даргад өгсөн гэж дурдсан төдийгүй Сумын засаг дарга шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ мөн энэ талаар дурджээ.
Дээрхээс үндэслээд *******гийн сумын мал хамгаалах сангийн 2018 оны орлогоос 6087100 төгрөгийг тус сангийн харилцах дансанд тушаалгүй өвс тэжээл худалдан авсан, тээврийн хөлс олгосон гэх 2016 оны баримтыг ашиглан хий зарлага бичиж тайлагнасан үйлдлийг хөдөлмөрийн гэрээний 8.2.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцох бодит үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Ийнхүү тухайн байгууллагын мөнгөн хөрөнгийг *******г хувьдаа ашигласан байдал тогтоогдоогүй байхад 6087100 төгрөгийг тус сангийн харилцах дансанд тушаалгүй өвс тэжээл худалдан авсан, тээврийн хөлс олгосон гэх 2016 оны баримтыг ашиглан хий зарлага бичиж тайлагнан хөрөнгө дутагдуулсан зөрчил гаргасан гэж үзсэн аймгийн хяналт шалгалтын байцаагчийн акт нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил болохыг ажил олгогч нотлоогүй байна. 
Шүүхээс цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийг зөв тооцон гаргуулсан байх бөгөөд цагдаа шүүхийн байгууллагад хүрэлцэн ирэх, өмгөөлөгчид хөлс төлсөн зэрэг нь өөрийн эрхээ хэрэгжүүлж байгаа учир хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзээд нэхэмжлэлийн бусад шаардлагыг нотлох баримтгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журамд нийцсэн байна.
Хариуцагчийн давж заалдсан гомдолд зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд.
 
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 26-ны өдрийн 139/ШШ2020/00480 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхисугай. 
2.    Хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178850 /нэг зуун далан найман мянга найман зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

              ДАРГАЛАГЧ                              Ш.ТӨМӨРБААТАР 

                                        ШҮҮГЧИД                               Т.БЯМБАЖАВ
   
    Ц.ОТГОНЦЭЦЭГ