| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/01049/И |
| Дугаар | 301/ШШ2026/00127 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 301/ШШ2026/00127
| 2026 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 301/ШШ2026/00127 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: У хот, Ч-эй дүүрэг, 00 дүгээр хороо, Ж 00 давхарт үйл ажиллагаа явуулдаг Д финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймаг, Жаргалант сум, 5 дугаар баг, Баянцагаан тоотод оршин суух Б.Н/РД:.../-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “6,836,606.72 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.
Хариуцагч Б.Н-т шүүх хуралдааны товыг цахим хаягаар хүргүүлсэн, хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тайлбар гаргасан, тусгайлсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд нэг шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх зохицуулалт зэргийг тус тус харгалзан хариуцагч Б.Н-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Б.Н нь 2022 оны 04 сарын 15-ны өдөр ЗГ2221318Х дугаартай Зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Тус гэрээгээр 2,849,900 төгрөгийг жилийн 39.60% хүүтэй, 24 сарын хугацаатай, манай компанийн зүгээс олгосон. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 20-ны өдөр хийж байхаар харилцан тохиролцсон. Зээлдэгч Б.Н нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 2022 оны 05 сарын 20-ны өдөр төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж, нэмэгдүүлсэн хүү тооцож эхэлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 04 сарын 15-ны өдөр дууссан. Зээлдэгч Б.Н нь график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.6 дахь заалтад “... нэмэгдүүлсэн хүү 20% байна...гэж зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 7,172,606.72 төгрөг болж, энэхүү мөнгөн дүнгээс хариуцагч нь 348,000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл төлбөр 6,824,606.72 төгрөг, энэхүү дүн дээр зээлдэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн гарсан хохирол зардал буюу нотариатын зардал 12,000 нийт 6,836,606.72 нийт төгрөгийг Б.Н-ээс гаргуулж өгнө үү....” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Б.Н-тэй 2022 оны 04 сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 04 сарын 15-ны өдөр дууссан. Зээлдэгч Б.Н нь график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүй тул үндсэн зээл 2,703,962,96 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нэмэгдэж 8,836,606,72 төгрөг болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү....” гэв.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах
- улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
- Д финанс ББСБ ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаар итгэмжлэл,
- Д финанс ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
- 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ2221318Х дугаар зээлийн гэрээний хуулбар,
- Зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
холбогдуулан “6,836,606.72 төгрөг гаргуулах” шаардлагабүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Д финанс ББСБ ХХК болон, Б.Н нар нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ2221318Х дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2,849,900 төгрөгийг жилийн 39.60 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 451.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хүчин төгөлдөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан зээлийн гэрээний эргэн төлөх хуваарь болон зээл төлөлтийн дансны хуулгаар хариуцагч нь 2,703,962.96 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна.
Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Б.Н-т холбогдох нэхэмжлэгч “Д финанс” ББСБ ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “хариуцагч Б.Н 2022 оны 5, 6 сард 2 удаа төлөлт хийснээс хойш өнөөдрийг хүртэл зээлээ огт төлөөгүй, Б.Н-тэй түүнээс хойш нэг удаа холбогдсон...” гэх тайлбараас үзэхэд зээлдэгч Б.Н нь “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийг зөрчсөн, зээлдэгч талаас зээлийг эргэн төлүүлэх талаар удаа дараа шаардаж холбогдож байсан талаар баримт хэрэгт авагдаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан “зээлийн гэрээ”-ний:
-2.1.10-т зээлийн гэрээний үүргийг ноцтой зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлснийг,
-5.1.2-д “зээлдэгчийн зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний үүргийг зөрчсөн бол уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах,
-5.1.9-д “Зээлдэгч зээлийн гэрээний үүрэг зөрчсөн бол зээлийг гэрээг цуцлах зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгчид учруулсан хохирлыг нэхэмжлэх, хохирлыг төлүүлэх” гэж тус тус заасан байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч Б.Нзээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн нь тогтоогдсон буюу мэдэгдсэн байхад нэхэмжлэгч “Д финанс” ББСБ ХХК нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5.1.2, 5.1.9-т зааснаар өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, зээл төлүүлэх арга хэмжээ авах эрхтэй байна.
Талуудын хооронд үүссэн дээрх нөхцөл байдал буюу маргааныг шийдвэрлэхэд Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд илүү нарийвчилсан зохицуулалт байхгүй тул мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж, мөн хуулийн 224.2-д Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараахь үүрэг, үр дагавар үүснэ, 224.2.3-д мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж тус тус зааж өгчээ.
Өөрөөр хэлбэл дээрх гэрээний зохицуулалтаас зээлдүүлэгч буюу Д финанс ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийг зээлдүүлэгч ноцтой зөрчсөн нь мэдэгдэж байсан нөхцөл байдал үүссэн байхад Д финанс ББСБ ХХК нь тухайн нөхцөлд нийцүүлэн гэрээг өөрчлөх, эсхүл гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах зайлшгүй шалтгаан болох бөгөөд гэрээнд заасан энэ эрхээ хэрэгжүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн байгаад хариуцагч Б.Н гэхээсээ илүүтэй нэхэмжлэгч Д финанс ББСБ ХХК буруутай байх тул энэ хугацаанд хуримтлагдсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас нэхэмжилж буй нь үндэслэлгүй гэж үзэв.
Иймд зээлдэгчийн шаардах эрхийг 2022 оны 09 дүгээр сараас эхлэн үүссэн, уг эрхээ түүнээс хойш хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг буюу зээлийн үндсэн төлбөр 2,703,962.96 төгрөг, зээлийн гэрээний үүргийг хамгийн сүүлд буюу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр биелүүлснээс хойш гэрээний ноцтой зөрчил гэж үзэх үндэслэл хүртэл хугацаа буюу 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү буюу гэрний үүрэг гүйцэтгээгүй 91 хоногийн хүү 266,957,6 төгрөг, уг дүнгээс нэмэгдүүлсэн хүү 53,391,52 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 3,036,312,08 төгрөгийг хариуцагч Б.Н-ээс гаргуулан Д финанс ББСБ ХХК-д олгож, 3,800,294,88 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Д финанс ББСБ ХХК-ийн хариуцагч Б.Н-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн.
Шүүх Д финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хариуцагч Б.Н-ийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цахим шууданд мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг зэрэг 7 хуудас бүхий баримтыг илгээсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т “...Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ...” гэж,
754 дүгээр зүйлийн 754.2-т “...Энэ хуулийн 754.1-д заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар , өмгөөлөгчийн Монголын Өмгөөлөгчдийн холбооны цахим системд бүртгүүлж холбогдсон цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ...”, “...75 4.4-т “...Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно...” гэж тус тус заасан тул хэргийг хариуцагчийн эзгүйд тусгай журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,336 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид 63,531 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарлаж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Н-ээс үндсэн зээл 2,703,962.96 төгрөг, үндсэн зээлийн хүү 266,957.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,391.52 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 3,036,312.08 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,800,294.88 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,336 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-ээс 63,531 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д финанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР