Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/48

 

 

 

 

2025 оны 08 сарын 06 өдөр                                           Дугаар 2025/ДШМ/48                                                        Даланзадгад сум

 

 

 

                                      Ё.*******, Б.******* нарт

                                     холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор Г.Цогтмагнай /цахим/,

Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Н.Энхтөр,

Шүүгдэгч Ё.*******ын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг /цахим/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г. /цахим/,

Нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нарыг оролцуулан

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ё.*******, Б.******* нарт холбогдох 2329002260145 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Ё.******* нь 2020 оноос 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан "Тэнгэр уул констракшн” ХХК-ийн манаачаар ажиллахдаа тус компанийн итгэмжлэн хариуцуулж өгсөн кат-3-36 дугаартай экскаваторыг Б.*******тэй бүлэглэн эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 08-ны хүртэл 19 хоног ашиг олох зорилгоор бусдад түрээслэн түрээсийн орлого болох мөнгийг нь хувьдаа завшсан,

Мөн тэрээр тус компанийн өмчлөлийн зам индүүний машиныг зөвшөөрөлгүйгээр 2023 оны 06 дугаар сарын 27 өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 04-ний хүртэл 8 хоног ашиг олох зорилгоор бусдад түрээслэн түрээсийн орлого болох мөнгийг нь хувьдаа завшсан,

Ё.******* нь итгэмжлэн хариуцуулж өгсөн Хьюндай маяти маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуй, 1 ширхэг стартер, Кама маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуй, Хьюндай маяти цестерн маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, Хюндай маяти цистерн маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1 ширхэг стартер, 1 ширхэг динам, Хово самосвал маркийн *******, *******, *******, улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн 13 ширхэг дугуй, 1 ширхэг стартер, Хово самосвал маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн 5 ширхэг дугуй, 1 ширхэг тоормосны мембраны татуурга, Хово самосвал маркийн 18-17 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, Хово самосвал маркийн усны машины 1 ширхэг тоормосны мембраны татуурга зэрэг эд ангийг сольж зарж үрэгдүүлэн хувьдаа завшиж, бусдын итгэмжпэн хариуцуулж үлдээсэн эд хөрөнгийг хувьдаа завшиж хохирол учруулсан,

Б.******* нь Өмнөговь аймгийн Манлай сумын суманд үйл ажиллагаа явуулдаг "Тэнгэр уул констракшн” ХХК-д манаачаар ажилладаг Ё.*******той бүлэглэн кат-3-36 дугаартай экскаваторыг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 08-ны хүртэл 19 хоног ашиг олох зорилгоор бусдад түрээслэн түрээсийн орлого болох мөнгийг нь хувьдаа завших гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Ё.*******, Б.******* нарын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Ё.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ё.*******ыг 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд,

-Шүүгдэгч Ё.*******ыг 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.*******оос 20,000,000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч “Тэнгэр-Уул констракшн” ХХК -д олгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.******* хохирогч “Тэнгэр-Уул констракшн” ХХК-ийн хохирол төлбөрт 8,636,364 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч Ё.******* хохирогч “Тэнгэр-Уул констракшн” ХХК-ийн хохирол төлбөрт 2,576,364 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******, Ё.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г. давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Ё.*******ыг хохирол барагдуулаагүй байхад торгох ял оноосонд гомдол гаргаж байна. ******* нь манай компанид 2020 онд өөрөө буулгагч (хово самосвал)-ийн жолооч, хамтран амьдрагч М. нь тогоочоор тус тус ажилд орсон.

Ё.******* нь итгэмжлэн хариуцуулж өгсөн машин техникийн дугуй, стартер, сэлбэг эд ангиудыг олон удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлан ашиг олох зорилгоор бусдад зарж, мөн яллагдагч Б.*******тэй үгсэн хуйвалдаж КатЗЗ6 экскаваторыг 19 хоног, 20 тонны хүчин чадалтай индүүг 8 хоног түрээсэлж нийт 31,212,728 төгрөгийн ашиг олж хувьдаа завшсан нь тогтоогдсон.

Шүүх Ё.*******ыг хохирол барагдуулаагүй байхад торгох ял өгч байгаа нь хууль бус гэж үзэж байна. Ё.******* нь арилжааны банкнуудад данс байхгүй өөрөө санаатайгаар нээлгэдэггүй, албан байгууллагуудад ажиллахдаа цалингаа бэлнээр эсвэл хамтран амьдрагч М.ын данс руу хийлгэж авдаг байсныг мөрдөгч тогтоосон байдаг.

Дээрх хэргийг үйлдэж олсон орлого, манай байгууллагаас авдаг байсан цалингаа ч мөн М.ын дансаар авч байсан.

Мөн яллагдагч нарт шүүхээс торгох ял өгөөд торгуулиа төлөхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ял шийтгэнэ гэж шийдвэрлэж болдог хэрнээ хохирогчийн төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлээд орхидог нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулж гэмт этгээдүүдийг өөгшүүлж байна. Гэмт хэрэгтэнд дэндүү хөнгөдсөн торгуулийн ял оноогоод тэрхүү торгуулиа төлөхгүй бол хорих ял болгоно гэж торгуулиа улс хүчээр аваад жинхэнэ хохирогч болох манай байгууллага болон бусад хохирогчдыг үнсэнд хаясан шалз адил орхиж байна.

Энэ хэргийн улмаас 31,212,728 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн яллагдагч нараас гаргуулахаар болсон ч тэр олон машин механизмын алга болсон сэлбэг эд ангийг шинээр авах, засварчдын цалин хөлс зэрэг хохирол нь 100 орчим сая төгрөг болсон байдаг ба хохирлынхоо багахан хэсгийг олж авч чадах эсэх нь эргэлзээтэй байна.

Манай байгууллага нь олон харуул манаач авч ажиллуулдаг бөгөөд дараачийн хүмүүст буруу жишиг тогтоож маш олон удаагийн үйлдлээр хулгай хийж, машин механизм түрээсэлж хууль бусаар ашиг олон гэмт хэрэг үйлдсэн хүнд ял завших боломжийг шүүх олгож манай байгууллагыг хохироож нийгэмд буруу үлгэр үзүүлж байгаад гомдолтой байна.

Иймд хохирол барагдуулаагүй байхад Ё.*******од торгох ял өгч байгааг эсэргүүцэж хохирлыг нэн даруй төлүүлэх эсхүл Эрүүгийн хуулийн 17.4.1-т заасан хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасны дагуу 3 жилийн хугацаагаар хорих ял оноож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

          Прокурор Г.Цогтмагнай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх нь прокурорын гаргасан торгох ял оногдуулах саналын хүрээнд торгох ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд байгаа. Торгуулийн ялыг хорих ялаар өөрчилж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүхээс эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, шүүгдэгч нарын ажил хийх, орлого олох боломжийг өгч хохирлыг нөхөн төлүүлэх үүднээс торгуулийн ял оноосон байдаг. Хохирлыг барагдуулаагүй байхад торгох ял оноож болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй.

          Шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогч талд сар бүрд 2, 2 сая төгрөгийг төлж явсан баримт хэрэгт хавсаргасан байна. Шийтгэх тогтоол нь заавал биелэгдэх, албадан гүйцэтгэгдэх учиртай. Шүүх хуралдаанд улсын яллагч нь торгох ял оногдуулах саналыг гаргахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хүлээн зөвшөөрч байна гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байдаг.

          Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцэж гарсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн тогтоолоор “Тэнгэр уул констракшин” компанид 20 сая төгрөгийн хохирлыг гаргуулж олгохоор шийдсэн. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтад Ё.******* нь хохирогч “Тэнгэр уул констракшин” ХХК-д 2,576,364 төгрөгийг төлсөн болохыг дурдсан байгаа. Үүнээс гадна 20 сая төгрөг үлдсэн байснаас одоо 4 сая төгрөгийг төлсөн учраас үлдэж байгаа нь 16 сая төгрөг гэсэн үг.

Миний үйлчлүүлэгчийн хувьд сар болгон 2 сая төгрөгийг төлөх замаар хохирлыг бүрэн барагдуулна гэж хэлсэн ярьснаараа төлөөд төлбөрийг багасгаад явж байгаа.

Анхан шатны шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь олон чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ер нь бол 4, 5 манаач ажиллуулдаг. Ё.*******, Б.******* нар нь компанийн эд хөрөнгийг хувьдаа завшиж ашиг олоод байсан үйлдэлд зөвхөн торгох ял оноож байгаад гомдолтой байгаа.

          Манай компанид учирсан хохирлыг бүрэн барагдуулаагүй байхад торгох ял оногдуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хулгайн гэмт хэрэг үйлдээд торгуулаад өнгөрдөг юм байна гэж нийгэмд буруу үлгэр дуурайлал, жишиг тогтох вий гэж эмээсэн үүднээс энэ хүмүүст үйлдсэн хэрэгт нь шийтгэлийг оновчтой оногдуулж өгөхийг хүсэж байна гэв.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г. гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүгдэгч Ё.*******ыг Б.*******тэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр ашиг олох зорилгоор түрээсийн орлого болох мөнгийг хувьдаа завшсан, мөн итгэмжлэн хариуцуулж үлдээсэн эд хөрөнгийг хувьдаа завшсан,

Шүүгдэгч Б.*******ийг Ё.*******той бүлэглэн эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр ашиг олох зорилгоор түрээсийн орлого болох мөнгийг хувьдаа завшсан гэх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх Ё.*******ыг Б.******* нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.*******т 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ё.*******од 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г. нь шүүгдэгч Ё.*******од торгох ял оногдуулсныг эс зөвшөөрч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж,  шүүгдэгч Ё.*******од хорих ял оногдуулах агуулгаар давж заалдах гомдол гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******, Ё.******* нарыг бусдын хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг захиран зарцуулснаар өмчлөх эрхэд нь бага хэмжээнээс дээш буюу нийт 31,212,728 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч Б.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ё.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг “үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

 

Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Ё.*******ын хувьд хохирол нөхөн төлөхөө илэрхийлнэ гэсэн байр суурьтай байгаа бөгөөд үлдэгдэл 20,000,000 төгрөгийг хэзээ, хэрхэн яаж төлөх талаараа өмгөөлөгч дүгнэлтээ гаргах байх. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.*******од 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг шүүх хуралдааны танхимд гаргахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г. нь “Б.*******ийн хувьд хохирол төлбөрөө нөхөн төлсөн. Ё.*******ын хувьд үлдэгдэл хохирол 20,000,000 төгрөгийг олон сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх боломжгүй байна. Иймд нэн яаралтай төлүүлэх саналтай байна. Эрүүгийн хариуцлагын тухайд улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн тайлбарыг гаргасан байна.

 

Хяналтын прокурор В.Төгсбаярын гаргасан шүүгдэгч нарт торгох ял оногдуулах саналын хүрээнд анхан шатны шүүх нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр, шүүгдэгч Ё.*******од мөн хуулийн зүйл, хэсэгт зааснаар 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн боловч шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа яллах дүгнэлтэд заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтуудыг орхигдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн хууль хэрэглээний алдааг давж  заалдах шатны шүүх зөвтгөх нь зүйтэй байна.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.ын гаргасан “шүүгдэгч Ё.*******од оногдуулсан торгох ял нь хөнгөдсөн. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй учир түүнд хорих ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх гомдлын тухайд анхан шатны шүүхээс улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд торгох шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилж “давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж зааснаас дүгнэхэд анхан шатны шүүхийн ял оногдуулсан шийтгэх тогтоолд шүүгдэгч нарт оногдуулсан ялын төрлийг хүндрүүлэн өөрчлөх эрх олгогдоогүй байна. Иймд торгох ялыг хорих ял болгон өөрчлөх тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй буюу Эрүүгийн журмаар төлөгдөх хохирол төлбөр нь албадлагын арга хэмжээгээр явагдана. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдох гүйцэтгэх хуудас хүргэгдэж албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.ын “хохирол төлөгдөх боломжгүй байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан” гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш буюу 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус тус 2,000,000 төгрөгийг шүүгдэгч Ё.*******оос Гэндэнгийн нэртэй дугаартай Хаан банкны дансанд “хохирлын мөнгө” гэсэн утгаар шилжүүлсэн байна. Шүүгдэгч Ё.******* нь нийт 4,000,000 төгрөгийг хохирогч “Тэнгэр-Уул констракшн” ХХК-ийн захирал гэх Г.т төлсөн болох нь өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ё.******* нь хохирогч “Тэнгэр-Уул констракшн” ХХК-д 20,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлөхөөс 4,000,000 төгрөгийг төлсөн байх тул шийтгэх тогтоолын 5 дахь заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.*******оос 16,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Тэнгэр-Уул констракшн” ХХК -д олгохоор өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн:

 2 дахь заалтын эхний мөрөнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан” гэж, 2 дугаар догол мөрний эхэнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан” гэж нэмж,

 5 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.*******оос 20,000,000 төгрөгийг гаргуулж” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.*******оос 16,000,000 төгрөгийг гаргуулж,” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДЭЛГЭРМАА

 

                                   ШҮҮГЧИД                                     Л.УГТАХБАЯР

 

                                                                                          Х.ГЭРЭЛМАА