Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2017/00370

 

С.Равданбазарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/01213 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 294 дүгээр магадлалтай,

         С.Равданбазарын нэхэмжлэлтэй,

         “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д холбогдох          

          “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/535 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Нэхэмжлэгч С.Равданбазарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мягмарсүрэнгийн гаргасан тайлбарт: “С.Равданбазар миний бие Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тоолуурын хэсгийн монтёроор 2012 онд ажилд орсон бөгөөд “УБЦТС” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/535 тоот тушаалаар захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн. С.Равданбазар нь тус ХК-ийн хуулийн зөвлөх н.Төрболдын шаардлагаар хэсгийн ахлагч н.Батжаргалд мэдэгдэж өөрийн хувийн байдлыг тодруулах зорилгоор өмнө нь ажиллаж байсан 2 компаниас тодорхойлолт гаргуулахаар 2016 оны 09 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд ажилдаа очоогүй байна. Уг асуудлыг мэдэж байсан хуулийн зөвлөх болон хэсгийн ахлагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ноцтой зөрчил гэдгийг шалгаж, нягталж тогтоогоогүй байна. С.Равданбазар нь хувийн байдлаа тодруулах тодорхойлолт авах болсон үндэслэл нь ажиллах хугацаанд нь хэсгийн ахлагч Батжаргал нь С.Равданбазарыг үг хэлээр байнга доромжилдог, үндэслэлгүйгээр хулгайд сэрдэн хамт олны дунд нэр хүндийг нь унагааж байсантай холбоотой бөгөөд энэ талаар байгууллагын удирдлагуудад гомдол гаргасантай нь холбогдуулж үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Чөлөө авсан гэж ойлгоод хурууны хээ дараагүй. 09 дүгээр сарын 13-ны өдөр хэсгийн монтеруудын хурал болсон. Тэр хурлаар С.Равданбазарын өргөдлийг хянан хэлэлцсэн. Маргааш нь буюу 9 дүгээр сарын 14-ний өдөр ажлаа хийж байсан. Мөн 9 дүгээр сарын 15-ны өдөр УБЦТС төв дээр хурал болоход энэ шийдвэр гараагүй, нэхэмжлэгч нь төвийн захиргаа хүний нөөцөд өргөдөл гаргасан учраас С.Равданбазар ажлаа хийгээд явж байсан. Гэтэл н.Төрболд 10 дугаар сарын 20-ны өдөр ажлаас халсан тушаалыг өгсөн байдаг. Хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэсгийн ахлагчдаа мэдэгдэж ажлын байраа 2 хоног орхисон нь Хөдөлмөрийн гэрээний 5.6-д зааснаар ажил тасалсанд тооцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлгүй. Иймд ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

          Хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболдын гаргасан хариу тайлбарт: “С.Равданбазар нь 2016 оны 09 дүгээр сарын 02, 07-ны өдрүүдэд захиргаанд өргөдөл гаргаж, хэсгийн ахлах Б.Батжаргал нь хэл амаар доромжилж, хулгайд сэрдсэн тул хуучин ажиллаж байсан компаниудыг шалгуулахыг хүсэж байна гэсэн. Тус өргөдлийг шалгаж, С.Равданбазарын ажиллаж байсан Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежерийн зөвлөлийн хурлаар асуудлыг шийдвэрлэх үүрэг даалгавар өгсний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр менежерийн зөвлөлийн хурал, 09 дүгээр сарын 15-ны өдөр тоолуурын хэсгийн хамт олон хурал хийсэн бөгөөд хурлын шийдвэрээр С.Равданбазарын өргөдөл гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн. Манайх 1800 ажилтантай, энэ бол төвийн 1 хэсэг дээр монтёр, байцаагч 2 хүний л хоорондын маргаан үл ойлголцол юм. Нэхэмжлэгчийг хулгайд сэрдээгүй, хэсгийн ахлагч н.Батжаргал нь ажлаа чанартай хийлгэхийн тулд ажлаар шахдаг, С.Равданбазарыг ялгаж харьцаагүй нь 2 удаагийн хурлаар тодорхой болж түүний өргөдлийг үндэслэлгүй гэж үзсэн. С.Равданбазар нь 2 өдөр ажил тасалсан. Хөдөлмөрийн гэрээний 2.4, 2.4.2, дотоод журамд зааснаар хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул ажлаас халсан. Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсныг ноцтой зөрчилд тооцохоор заасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/01213 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/535 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн С.Равданбазарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 294 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/01213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч С.Равданбазарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “...294 дугаар магадлалыг зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын журмаар хянуулахаар дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгуулах дараах үндэслэлүүд байна. Үүнд: Хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүх талаас нь нарийвчлан хянаж үзээгүйгээс нотлох баримтыг буруу үнэлж, хэрэглэвэл зохих хуулиудыг хэрэглэлгүйгээр шүүхийн шийдвэр нь бодит байдалд нийцсэн хуульд заасан үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг баримтлалгүй миний гомдлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэг: Инженер Б.Батжаргал нь /тоолуурын хэсгийн ахлагч/ С. Равданбазарыг цахилгааны инженерийн мэргэжилтэй учраас дэвшүүлж ажиллуулж өгөөч гэсэн өргөдлийг 2013 оноос 2015 онуудад Захиргаа хүний нөөцийн хэлтэст гаргасныг мэдсэнээс хойш өөртэйгөө өрсөлдөж байна гэсэн хувийн сэдлээр таарамжгүй харьцаа үүсгэж улмаар халуулах хүртэлх арга хэмжээг авахуулж намайг хохироолоо. Энэ байдалд халширсандаа би энэхүү дарамтыг зогсоож, ойлголцуулж өгөхийг хүсч захиргаандаа 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан гомдлыг шийдвэрлэх талаар байгууллагын удирдлагаас өгсөн үүргийг Хуулийн зөвлөх н.Төрболд гүйцэтгээгүй, миний гомдлын хариуг өгөөгүй атлаа харин ч өөртэй нь маргалдсаныг далимдуулан хувийн сэдлээр н.Батжаргалтай үгсэж намайг ажлаас халсан тухай тушаалыг өгсөн юм Н.Төрболд болон “Улаанбаатар цахилгаан сүлжээ” ХК-ийн эрх баригчид нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д "өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг", ...гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байхад шүүх энэ хуулийн заалтуудыг хэрэглээгүй байна. Хоёр. С.Равданбазар би компанийн хуулийн зөвлөх Н.Төрболдын дуудсанаар зохих журмын дагуу чөлөө авч 9 дүгээр сарын 07-ны өдөр очсон бөгөөд С.Равданбазар, Н.Төрболдын шаардсанаар буюу 2016 оны 9 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд хуучин ажиллаж байсан "Монгол алт" ХХК, "Насны зам" ХХК, “Гацуурт” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж албан бичгээр гаргуулсан тодорхойлолтуудаа шүүхэд гаргаж өгсөн болно. Энэ 3 компанийн удирдлагууд ажилтай байсан учир хүлээж сууж байж авсан амжаагүй би ажлаа алдаж цалингаа хасуулах сонирхол байхгүй. Намайг хуулийн зөвлөх Н.Төрболд завгүй учир ажиллаж байсан байгууллагуудаасаа өөрөө явж тодорхойлолт авчир гэснийг хэсгийн ахлагч Б.Батжаргалд хэлж чөлөө хүсэхэд ...гэсэн атлаа хэлэлгүй орхисон байна. Энэ тухайгаа Н.Төрболд давж заалдах шатны шүүх хурал дээрээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн билээ. Би Н.Төрболдын даалгавраар явах болсон шалтгаанаа хэлж чөлөө авахыг хүссэн Н.Төрболд салбар руу хэлнэ гэсэн учир чөлөө олгогдсон гэсэн ойлголттой байсан бөгөөд энэ тухай нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй ямар ч шалтгаангүйгээр ажил тасалсан гэж эсрэгээр дүгнэсэнд гомдолтой байна. Би 2016 оны 09 сарын 07-ны өдөр зохих журмаар чөлөөний хуудсаар чөлөө авч хуулийн зөвлөх Н.Төрболдын дуудсанаар очиж уулзсан бөгөөд “УБЦахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 10.3.12-т "Чөлөө авсан ажилтан чөлөөний хугацаа дуусснаас хойш 3 ба түүнээс дээш өдрийн хугацаа өнгөрч ажилдаа ирээгүй шалтгааныг мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцож ажлаас халах хүртэл хариуцлага тооцно" гэсэн заалтыг надад хамаарахаар байхад байгууллага болон шүүх хэрэглээгүй байна. Гурав: Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежерийн зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын протоколоос үзэхэд С.Равданбазарын гаргасан гэх зөрчлүүд буюу 2016 оны 06 дугаар сарын 02-ны өрийн болон бусад гомдлын дагуу С.Равданбазар үйлчлүүлэгчээс уучлал гуйсан, тухайн үед нь шийдээд явсан, сахилгын зөрчил авах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн асуудлуудыг ярьж түүнийг буруутгах бүх зүйлсийг тоочицгоосон байх бөгөөд ажилтантай холбогдох асуудлыг хэлэлцэхэд байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчийг оролцуулаагүй, түүнд мэдэгдээгүй байна. Үүний дээр уг хурлын протоколд "Шийдвэрлэсэн нь: С Равданбазар нь ЗХНХ-т өргөдөл гаргасан учраас Захиргаа хүний нөөцийн хэлтсээр шийдвэрлүүлэхээр шийдвэрлэв" гэж бичсэн байхад хариуцагчийн тайлбарт "С.Равданбазарын өргөдөл гомдлыг хамт олны хурлын шийдвэрээр үндэслэлгүй гэж үзэж шийдвэрлэсэн байсан" гэж зөрүүтэй бичжээ. Мөн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 2016 оны 9 сарын 15-ны өдрийн 26/241 дүгээр албан бичгээр С.Равданбазар нь 2 өдөр ажил тасалсан тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү" гэсэн бичиг, “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д ирүүлснээс үзэхэд намайг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж өгөх санал ирүүлсэн гэж үзэхээргүй байна. Дөрөв: Намайг ажлаас халсан тушаалыг гаргахдаа байгууллагын дэргэдэх үйлдвэрчний байгууллагын төлөөллийг оролцуулаагүй ҮЭ-д мэдэгдээгүй, ажил олгогч ямар нэг хурлаар хэлэлцээгүй, намайг оролцуулаагүйгээр шийдвэрлэсэн байна. Энэ нь ."Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ" ХХК, түүний дэргэдэх Үйлдвэрчний эвлэл болон ажилтны төлөөлөгчидтэй 2015 онд байгуулсан Хамтын гэрээний, 1.8-д "компанийн хэмжээнд ...ажилтаныг ажлаас халах талаарх арга хэмжээнд Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдэж оролцуулж байна." 1.4-д "хууль зөрчсөн тохиолдолд таслан зогсоох саналыг тавих эрхтэй" гэсэн заалтуудыг зөрчсөн байхад шүүх түүнийг хэрэгсээгүй байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлд хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд талууд хяналт тавих 17.1-д "Хамтын гэрээний биелэлтэд талууд болон тэдгээрийн төлөөлөгчид хяналт тавина". мөн хуулийн 18.1.11-д "үйлдвэрчний эвлэл, түүний ажилтан, сонгуультнаас үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоог хангах." гэсэн заалт, Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд "Үйлдвэрчний эвлэлүүд нь хөдөлмөрийн харилцаатай холбогдсон үйл ажиллагаа явуулахдаа дор дурдсан үндсэн эрх эдэлнэ: 1. Захиргаа, эзэдтэй хэлэлцээ хийж хамтын болон бусад гэрээ байгуулах, түүний биелэлтэд хяналт тавих, 4,/хөдөлмөрлөх эрхийг хохироосон захиргааны шийдвэрийг түдгэлзүүлэн зогсоохыг болон өөрчлөх, хүчингүй болгох, гэрээг цуцлахыг шаардах;" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байхад шүүх эдгээр хуулийн заалтуудыг хэрэглээгүй байна. Тав: Миний ажил олгогчтой 2014 оны 3 сарын 13-ны өдөр байгуулсан №Н дугаартай хөдөлмөрийн гэрээний 5.6-д заасан заалт нь зохих зөвшөөрөл аваагүй "гадаад, аялал жуулчлалаар явсан гэх мэт"-ээр 3-аас дээш хоног ажил тасалсан хүмүүсийн зөрчилд хамаарах заалт гэж хариуцагчийн тайлбарт бичсэн нь өөрийн эрхээ хамгаалуулах гэсэн ажилчин хамаарахгүй адил бус нөхцөл тогтоосон гэрээ байгуулсныг нотолж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь дараах хуулийн заалтуудыг хэрэглээгүйн дээр шийдвэрийн тогтоох хэсэгт "Хөдөлмөрийн тухай хуулийн… 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай." гэж заасан нь шийдвэр гаргах өөр хуулийг хэрэглэсэн байна. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т "Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно." мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т "Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна." 21.5-д "Хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцөлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна." 6 дугаар зүйлийн 6.1. "Ажилтан нь хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй" гэсэн заалтуудыг хэрэглээгүй байна. Иймд миний гомдлыг хүлээн авч дараах шийдвэрийг гаргаж өгөхийг хүсье. Үүнд: ...магадлалыг тус тус хүчингүй болгож, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн захирал С.Төмөрхүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/535 дугаар тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоож, нэхэмжлэлийн дагуу ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын үндсэн дээр зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, уг харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлан хэрэглэжээ.

     Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй байна.

          Нэхэмжлэгч С.Равданбазар хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/535 дугаартай тушаалыг хүчингүй болгуулан, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, С.Равданбазар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 өдөр ажил тасалсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэж маргажээ.

         Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ажил олгогч буюу хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ зөвшөөрөл олгоогүй байхад 2016 оны 9 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд ажил тасалсан тул гүйцэтгэх захирлын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/535 дугаар тушаалаар С.Равданбазарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.42, 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.5.2, Хөдөлмөрийн гэрээний 2.4.2-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэжээ. /хх-ийн 4/

          Нэхэмжлэгч С.Равданбазар нь 2016 оны 09 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд ажилдаа ирээгүй явдлыг “хуулийн зөвлөх н.Төрболдын шаардлагаар хэсгийн ахлагч н.Батжаргалд мэдэгдэж өөрийн хувийн байдлыг тодруулах зорилгоор өмнө нь ажиллаж байсан 2 компаниас тодорхойлолт гаргуулахаар явсан, энэ талаараа байгууллагадаа мэдэгдсэн тул хүндэтгэн үзэх шалтгаантай” гэж тайлбарласан боловч 2016 оны 09 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд ажилтанд чөлөө олгосныг нотолсон үйл баримт тогтоогдохгүй байна.

         Энэхүү 2016 оны 09 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд ажилтан С.Равданбазарын хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан үйлдэл нь “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.42, 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.5.2, Хөдөлмөрийн гэрээний 2.4.2-т заасантай нийцэх тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээгээ цуцласныг буруутгах боломжгүй юм.

        Талуудын хооронд байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 2.4.2-т “хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан” бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ. Хэргийн 50 дугаар талд авагдсан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн менежер Г.Доржсүрэнгээс Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хандсан албан тоот болон зохигчдын тайлбар /хх-17, 76, 77/-аар нэхэмжлэгч ажил тасалсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10.3.5-д “...ажилтан чөлөө авахаар товлосон өдрөөсөө 3-аас доошгүй хоногийн өмнө удирдлагадаа мэдэгдэж шийдвэрлүүлсэн байна", 11.1.6-д “өдөр ажлын цагаар гадагш явах болон өглөө шууд гадуур ажилд явах ажилтнууд удирдлагын зөвшөөрлийг тухайн өдөрт нь цаг бүртгэгчид тэмдэглүүлэх үүрэгтэй ба тэмдэглүүлээгүй бол 2 өдөрт багтаан цаг бүртгэгчид өгч бүртгүүлнэ, энэ хугацаанд тэмдэглүүлээгүй бол хүчингүйд тооцно” гэж заасан үүргээ биелүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан болон Хөдөлмөрийн гэрээний 2.4.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

           Иймд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг үндэслэн С.Равданбазарыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/535 дугаартай тушаал хууль зөрчөөгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/535 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг зөрчөөгүй бөгөөд шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.1-д нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Равданбазарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/01213 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 294 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Равданбазарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ЦАГААНЦООЖ

                                          ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН