Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                             Хэргийн индекс: 114/2016/0076/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.*******т холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч Д.*******ийн гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0000291 дүгээр шийтгэврийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч:                                                             Х.Ганбаатар

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                                     Д.Номин-Эрдэнэ

            Хариуцагч:                                                                 Д.*******

            Хариуцагчийн өмгөөлөгч:                                        Б.Цэдэндамбаа  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Ганбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:- Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газарт иргэн А.******* гэх хүний 2016 оны 01 дүгээрсарын 07-ны өдөр гаргасан өргөдлөөр манай компаний хиаман цехэд төлөвлөгөөт бус шалгалт хийж  үндэслэлгүйгээр 14,400,000 төгрөгийн торгууль тавьсан.

Учир нь шалгалтын явцад өргөдөл гаргасан иргэнтэй холбогдох гэсэн боловч хаяг дээрээ байгаагүйн дээр манай компанид хандаагүй, ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй, арга буюу болсон байдлыг тодруулахаар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс лавлагаа авахад  “...Д.******* 10 сартай эрэгтэй. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр амбулаторийн хүүхдийн кабинетэд Х.Уранчимэг эмчид халдварт бус ходоод гэдэсний цочмог үрэвсэл” гэсэн оноштой үзүүлж зөвлөгөө авсан болох нь тогтоогдсон.

 Гэтэл А.******* гэх хүний өргөдөл нь манай компаний үйлдвэрлэдэг “*******” нэрийн хиамнаас 400 гр буюу нэг годгор хиам худалдан аваад 10 сартай хүүхэддээ талыг нь өгч идүүлснээс хүүхэд нь хордлого авсан гэх утга бүхий өргөдөл гаргасан тухай улсын байцаагч Д.******* нь хэлсэн. Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн онош нь хордлого бус ходоод гэдэсний цочмог үрэвсэл  гэсэнтэй зөрүүтэй байна. Түүнчлэн манай компанид иргэдээс “*******” нэрийн хиамнаас хордлого авлаа гэсэн ямар ч гомдол мэдээлэл огт ирээгүй нь А.******* гэх хүний гаргасан өргөдөл үнэн эсэхэд эргэлзэхэд хүргэж байна. Мөн уг шалгалтыг явуулахдаа улсын байцаагч хуулийн дагуу явуулаагүй, шалгалт хийх явцдаа эрх, үүрэг танилцуулаагүй, холбогдох зөвлөмж, тайлбар, мэдээллээр огт хангалгүйгээр баримтууд дээр шууд гарын үсэг зуруулж байснаас ямар учиртай баримт бичиг дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэх боломжгүй байсан. Хэд хэдэн удаагийн шинжилгээ хийсэн бөгөөд Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2016-Е1-08-ны өдрийн 10-02-007/012 болон 2016-01-08-ны өдрийн 10-03-003/013 дугаартай дүгнэлтээр Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шаардлага хангаж байна гэсэн дүгнэлтүүд гарсан байтал үндэслэлгүйгээр акт тавьсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн ийнхүү шалгалтынхаа дүнд Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.******* нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0000291 дүгээр шийтгэвэр тавьж 14,400,000 төгрөгийн захиргааны шийтгэл оногдуулсан нь учирсан хор хохирол болон гаргасан зөрчлийн хоорондох уялдаа холбоог нарийн тогтоогоогүйгээс манай компаний эрх, хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүй халдсан гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцахад хариуцагч нь тус компани дээр хяналт шалгалт хийхдээ удирдамжгүй, шалгалтын бүрэлдэхүүнд оролцоогүй улсын байцаагч нарыг оролцуулан, тэдний гаргасан дүгнэлтийг үндэслэн шийтгэвэр ногдуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.4, 5.4, 5.7, 52.3-д заасныг зөрчиж хяналт шалгалтыг явуулсан. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар шийтгэл ногдуулсан нь энэ хуулийн 12 дугар зүйлийн 12.4-т ямар хамааралтай болох, гэтэл гэрч А.*******гийн мэдүүлгээр шошготой байсан нь нотлогдож байна. Хүүхдийн эмчийн мэдүүлэг, А.*******гийн мэдүүлэг, эмчийн онош зэргээс үзэхэд шийтгэвэр нь учирсан хор хохиролтой уялдаагүй,  улсын байцаагч нь хуулийг дээдлэх зарчим болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчиж шийтгэвэр ногдуулсан нь үндэслэлгүй байна.

            Иймд Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар, хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.*******ийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0000291 дугаар шийтгэвэрээр захиргааны шийтгэл оногдуулсан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож  өгнө үү гэв.

                                                                                              

Хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Д.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт иргэн А.******* гэх хүнээс “хүү Д.******* нь Дархан сумын 4 дүгээр баг 11 дүгээр байрны “*******” хүнсний дэлгүүрээс нарийн хиам авч идээд хордлогод орсон, яаралтай энэ хиамыг шинжилж өгнө үү” гэх өргөдөл ирүүлсний дагуу холбогдох эрх бүхий албан тушаалтнууд болох улсын байцаагч нараас тус компанид үзлэг шалгалт явуулж, уг компаний үйлдвэрлэж түгээсэн “*******” дэлгүүрт байсан хиам, мөн гомдол гаргагчийн авч ирсэн хиам зэргийг хураан авч, холбогдох шинжилгээ хийлгэж, цугларсан баримт нотолгоог үндэслэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэхь хэсэгт зааснаар 14.400.000 төгрөгийн торгууль оногдуулж захиргааны шийтгэл хүлээлгэсэн болно.

Дээрх үйлдэлд захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдсан ба 0000291 тоот шийтгэврийг тус компанийн захирал М.*******д танилцуулж мэдэгдэн, 1 хувийг гардуулан өгсөн. Үүний дараа 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр М.******* нь үйлдвэр ашиггүй ажиллаж байна. Торгуулийн хэмжээ хэт өндөр байгаа тул бид энэ торгуулийг төлөх боломжгүй байна гэсэн тайлбарыг бичгээр гаргаж өгсөн нь зөрчлийн хэргийн 5 дугаар хуудсанд хавсаргагдсан байгаа. Тухайн шийтгэврийг танилцсаны дараа хүлээн зөвшөөрөхгүй талаар дээрх байдлаар тайлбар гаргасан тул улсын байцаагчийн зүгээс захиргааны хэрэг бүртгэлт явуулсан зөрчлийн хэргийг прокурорт хянуулахаар аймгийн Прокурорын газарт хүргүүлж хянуулсан. Прокуророос хянаад зөрчилд оногдуулсан торгуулийн хэмжээ тохирсон, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж үзсэн. Ингээд Прокурорт хянуулсны дараа дээрх компани торгуулийн мөнгийг төлөхгүй байсан тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу шүүхэд хандсан байсан. Гэтэл хариуцагч тал 0000291 тоот шийтгэвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан нь Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйл “Захиргааны шийтгэл оногдуулсан шийдвэрийг давж заалдах, гомдол гаргах” 19.2-д “Зөрчил гаргасан этгээд захиргааны шийтгэл оногдуулсан торгуулийн хуудас, шийтгэврийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор давж заалдаж болно”, “...албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг тухайн салбарын дээд шатны албан тушаалтанд”, “...талууд давж заалдах гомдлын талаар дээд шатны эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн орон нутгийн шүүхэд гомдол гаргах эрхтэй. Гэтэл шийтгэл оногдуулсан албан тушаалтны дээд шатны албан тушаалтан болох аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад гомдол гаргах ёстой байсан ба шийтгэвэрийг гардан авснаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргаагүй байна. Иймээс 0000291 тоот шийтгэвэрт гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтэрсэн байгааг шүүх анхаарна уу.

Иргэн А.******* манай байгууллагад биеэр ирж гомдол гаргасан нь бичиг хэргийн бүртгэл, өгсөн өргөдөл зэргээр нотлогдох ба үзлэг шалгалтыг явуулахдаа иргэнээс өргөдөл ирсэн талаар хэлж мэдэгдсэн бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7.1.5-д “өргөдөл, гомдолд дурдсан төр, байгууллага, хувь хүний нууцыг хөдгөлөх”, 7.2-т “Тухайн байгууллага, албан тушаалтан өөрийн эрх хэмжээнд хамаарах өргөдөл, гомдлыг үндэслэлгүйгээр өөр байгууллага, албан тушаалтанд шилжүүлж болохгүй” гэж заасны дагуу иргэний өргөдлийг “*******” ХХК-д үзүүлээгүй болно.

Үзлэг шалгалтын явцад тус компаний хиаман цехийн үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд тавьсан шаардлагыг хангасны дараа дахин үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн улсын байцаагчийн 10-01-007/012, 10-03-003/013 дугаартай 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтүүдийг өөр утгаар нэхэмжлэлдээ бичсэн байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д удирдамжгүйгээр хяналт шалгалт хийж болох талаар зааж өгсөн. ******* хүнсний дэлгүүрээс хураан авсан, иргэн А.*******гаас ирүүлсэн хиамыг шинжилж үзэхэд шинжилгээний хариугаар 1 грамм бүтээгдэхүүнд байх нянгийн тоо их, стафилакокк, бацилус вирус илэрсэн тул бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “*******” ХХК-ийн хиаман цэхэд шалгалт хийхээс өөр аргагүй болсон. Удирдамжид зааснаар шаардлагатай тохиолдолд холбогдох чиглэлийн улсын байцаагч нарыг хамруулана гэж заасны дагуу чиглэлийн улсын байцаагч нартай хамтран энэ хяналт шалгалтыг хийж дуусгасан. Шалгалтаар Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3, 12 дугаар зүйлийн 12.4-т заасныг зөрчсөн байна гэж үзээд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасан арга хэмжээг авсан, энэ зүйлд өөр сонгох санкц байхгүй, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж заасан тул тэр хэмжээгээр захиргааны шийтгэл ногдуулсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1. “Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч Д.*******ийн гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0000291 дүгээр шийтгэврийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.******* нь нэхэмжлэгч “*******” ХХК-д Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “хүний  эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болон хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдан борлуулсан, түүгээр үйлчилгээ үзүүлсэн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмээний төгрөгөөр торгох” гэж зааснаар 14 400000 /арван дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн торгуулийг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0000291 тоот шийтгэвэрээр ногдуулжээ.

 

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар иргэн А.*******гаас ирүүлсэн гомдлыг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Дархан сумын 4 дүгээр баг, 11 дүгээр байранд байрлах “*******” хүнсний дэлгүүрт худалдаалагдаж буй мах махан бүтээгдэхүүнд шалгалт хийх 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10-03-003/005 тоот удирдамжийг Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-эрдэнэ батлан гаргасан байна. Уг удирдамжид төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх, шалгалтанд хамрагдах хүрээ “*******” дэлгүүр, шалгалтын бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.*******, хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч С.Түвшинтөр нар оролцохыг заажээ.

Хариуцагч Д.******* нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10-03-003/005 тоот удирдамжийн дагуу “******* “хүнсний дэлгүүр хяналт шалгалт хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ”, 52.3-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж заасантай нийцэж байна.

Хариуцагч Д.*******ээс “иргэн А.*******гаас гомдлын хамт өгсөн хиам, “*******” хүнсний дэлгүүрээс “*******” нэртэй нарийн хиамыг хураан авч лабораторийн шинжилгээнд өгөхөд хиамнаас 1 граммд байх нянгийн тоо их, стафилакокк, бацилус вирус илэрсэн учир уг хиамыг үйлдвэрлэсэн “*******” ХХК-д хяналт шалгалтыг хийсэн, удирдамжид шаардлагатай тохиолдолд холбогдох чиглэлийн улсын байцаагчийг татан оролцуулна гэсний дагуу улсын байцаагч Ч.Эрдэнэчимэг, Ч.Насансүрэн нарыг татан оролцуулсан”  гэх тайлбарын тухайд:

“*******” ХХК-ийн хиаман цех дээр Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Ч.Насансүрэн, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ч.Эрдэнэчимэг нар 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хяналт шалгалт хийх удирдамжгүйгээр хяналт шалгалт хийж, бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторийн 189 дугаар шинжилгээний дүнг үндэслэн улсын байцаагч Ч.Эрдэнэчимэг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 10-02-007/006 тоот дүгнэлт, улсын байцаагч Ч.Насансүрэн, Ч.Эрдэнэчимэг нар  2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 10-02-041/001 тоот улсын байцаагчийн акт, мөн өдөр 10-02-041/004 тоот албан шаардлага зэрэг захиргааны актуудыг гаргасан байна.

“*******” ХХК дээр хийгдсэн хяналт шалгалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийнэ...”, 52.3-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж заасан журмыг зөрчин, хяналт шалгалт хийх удирдамжгүйгээр хяналт шалгалт хийж, шалгалтын бүрэлдэхүүнд оролцоогүй улсын байцаагч Ч.Эрдэнэчимэг, Ч.Насансүрэн нарын гаргасан дүгнэлт, актыг үндэслэн хариуцагч Д.******* нь нэхэмжлэгчид шийтгэвэрийн хуудсаар торгууль ногдуулсан нь дээрх хуулийн заалт болон Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ын 9 дүгээр зүйлийн 9.7-д “...төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийнэ”, 9.15-д “...зөвхөн удирдамж баталсан албан тушаалтан удирдамжийн ...бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж болно”, 10 дугаар зүйлийн 10.2.5-д “хяналт шалгалтын үйл ажиллагаанд шалгагчийн зүгээс удирдамжинд заасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс бусад өөр хүн оролцуулах, байлцуулахыг хориглоно”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “... улсын байцаагч төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх бүрт удирдамж батлуулна” гэж заасныг тус тус зөрчиж  хяналт шалгалт хийсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.******* нь дээрх хууль болон ерөнхий шаардлагад  тавигдсан журмыг зөрчиж хяналт шалгалт хийж, улмаар 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0000291 тоот шийтгэвэрээр захиргааны шийтгэл ногдуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга...байх” зарчимтай нийцэхгүй байх тул хариуцагч Д.*******ийн гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0000291 тоот шийтгэвэр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.2 дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.2, 52.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.*******ийн гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0000291 тоот шийтгэвэр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА