| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0139/Э |
| Дугаар | 000154 |
| Огноо | 2018-04-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 000154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Шүүгдэгч Л.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн 1825000000131 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Булган аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багт түр оршин суудаг, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн сум дундын шүүхийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Гончиг овгийн Лувсангончигийн Б,
Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багт үйл ажиллагаа явуулдаг Т.С-ын “Хангай” 6 нэрийн хүнсний дэлгүүрт нэвтрэн бэлэн 52.000 төгрөг, 47.200 төгрөгийн тамхи хулгайлж нийт 99.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Л.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй, хохирлоо машинаа зарж төлсөн гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Т.С-ын: ...Би ажлынхаа хажуугаар Даваат багт Хангай нэртэй 6 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 21-22 цагийн хооронд дэлгүүр эзэнгүй байх хойгуур хулгай орж эд зүйлс алдагдсан байсан. Манай дэлгүүр хяналтын камертай учир дэлгүүрт орж хулгай хийсэн хүн нь камерт бичигдсэн байсан. Манай дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэж орсон. Дэлгүүрээс бэлэн 52.000 төгрөг, парламент тамхи 3 хайрцаг, эссэ тамхи 4 хайрцаг зэрэг алдагдсан гэсэн мэдүүлэг /хх 11 ху/,
Шүүгдэгч Л.Бгийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өгсөн...Би Хангай хүнсний дэлгүүрээс хулгай хийж 99.200 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн. Гэхдээ би хохирлоо бүрэн барагдуулсан. Тус хяналтын камерт бичигдсэн хүн би өөрөө мөн. Би дэлгүүрийн хаалгыг төмрөөр хөшиж онгойлгоод төмрөө хашаа давуулан хаясан.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг / хх 32 ху/
Гэрч Ч.Түмэнжаргалын:...Би хүүхдийнхээ Хангай хүнсний дэлгүүрт суудаг юм. 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би 21 цагийн үед сууж байгаад гэнэт ажил гараад айлд очсон. Би дэлгүүрээ цоожлоод явсан. Тэгээд 22 цаг 15 минут болж байхад дэлгүүртээ ирэхэд дэлгүүрийн гадна хаалга онгорхой байсан. Ороод үзтэл хулгай орчихсон шинжтэй байхаар нь цагдаад хандсан. Мөн охин Сосорбарамд хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 21 ху/
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6 ху/
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9 ху/
-Бан хас ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2018/э-0124 дугаартай: Эд зүйлийн үнэлгээ 47.200 төгрөг гэх дүгнэлт /хх 13-14 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26-27 ху/
-Л.Бг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 01, 32 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлогооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай, шүүгдэгч Л.Б-гийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багт үйл ажиллагаа явуулдаг иргэн Т.С-ын “Хангай” 6 нэрийн хүнсний дэлгүүрт нэвтэрч бэлэн 52.000 төгрөг, 47.200 төгрөгийн тамхи хулгайлж нийт 99.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.С-ын... 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 21-22 цагийн хооронд дэлгүүр эзэнгүй байх хойгуур хулгай орж эд зүйлс алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх 11 ху/, гэрч Ч.Түмэнжаргалын “Би дэлгүүрээ цоожлоод явсан. Тэгээд 22 цаг 15 минут болж байхад дэлгүүртээ ирэхэд дэлгүүрийн гадна хаалга онгорхой байсан. Ороод үзтэл хулгай орчихсон шинжтэй байхаар нь цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх 21 ху/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Бгийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн байдлыг нь харгалзан хорих ялыг сонгон хэрэглэж, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгэлгүй гэх боловч хэргийн 27 дугаар талд авагдсан жагсаалтаар 4 удаагийн ял шийтгэлтэй гэсэн ба, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 99.200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь төлж барагдуулсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гончиг овгийн Лувсангончигийн Бг байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар шүүгдэгч Л.Бг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бгийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ