| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0275/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/286 |
| Огноо | 2018-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/286
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Хохирогч *******
Шүүгдэгч******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******холбогдох эрүүгийн 1818005930336 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, *******мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн*******гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Дархан сумын *******тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч******* нь 2018 оны 7 дугаар сарын 18-наас 2018 оны 7 дугаар сарын 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн ******* тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр ******* эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч******* нь 2018 оны 7 дугаар сарын 18-наас 2018 оны 7 дугаар сарын 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн ******* тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр ******* эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…хэрэг гардаг өдөр нэг пиво уугаад гэртээ ирэхэд манай эхнэр намайг архи уусан байна гэж уурласан. Тэгээд маргалдаж, уурандаа эхнэрээ цохисон. Дахин архи ууж гэр бүлдээ агсам согтуу тавьж, эрх чөлөөнд нь халдаж байхгүй.
...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 7 дугаар сарын 18-наас 2018 оны 7 дугаар сарын 19-нд шилжих шөнө манай нөхөр гэртээ согтуу ирсэн. Урд нь дахин архи уухгүй гэж надад амалсан байсан учир би амлалтаа зөрчлөө гээд уурлаж, бид маргалдсан. Маргалдаж байх үед хүүхэд сэрээд уйлтал манай нөхөр намайг “чи хүүхэд айлгалаа” гээд багалзуурдахаар нь гарыг нь хазаж тавиулсан. Тэгтэл намайг элдвээр хэлээд байхаар нь “чи янхнаас төрөөгүй юунаас төрсөн юм” гэж хэлтэл миний толгой руу цохисон.
...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,
-Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 6/,
-Аюулын зэргийн үнэлгээ /хэргийн 7-8/,
-Гэрч*******мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн орчим эгч ******* ажил дээр очиход манай эгчийн зүүн талын нүд нь маш том хавдаж хөхөрсөн, ер нь нүүр нь тэр чигтээ хавдаж хөхөрсөн байдалтай, эрүү орчимдоо маажуулсан бололтой, хүзүү нь улайчихсан боолгуулсан бололтой хөх судалтай болчихсон, хүзүүнийх нь баруун хэсэгт нь хумс шигдэж орсон бололтой ором гарчихсан байсан.
...Г******* уулзаад “яагаад эгчийг минь зодож байгаа юм бэ?” гэхэд “би тухайн үед уурлахаараа юу хийснээ мэддэггүй юм, нэг мэдэхэд л эгчийг чинь цохисон байсан. Би шанаа руу нь цохисон чинь хавдаад нүд рүүгээ орсон байна лээ” гэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 17/,
-“…******* биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн бугалганы цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 776 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 21/,
-“Киа оптима” маркын ******* улсын дугаартай автомашин нь 2500000 төгрөгийн үнэтэй байна” гэх 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 26-27/,
-Хохирогч, яллагдагч нараас гаргасан баталгаа /хэргийн 49-50/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн бугалганы цус хуралт” бүхий гэмтэл учирсан /хэргийн 21 бөгөөд хохирогч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч******* нь 2018 оны 7 дугаар сарын 18-наас 2018 оны 7 дугаар сарын 19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн ******* тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр ******* эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…маргалдаж, уурандаа эхнэрээ цохисон.” гэх мэдүүлэг, хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…манай нөхөр намайг “чи хүүхэд айлгалаа” гээд багалзуурдахаар нь гарыг нь хазаж тавиулсан. Тэгтэл намайг элдвээр хэлээд байхаар нь “чи янхнаас төрөөгүй юунаас төрсөн юм” гэж хэлтэл миний толгой руу цохисон.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 6/, аюулын зэргийн үнэлгээ /хэргийн 7-8/, гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай эгчийн зүүн талын нүд нь маш том хавдаж хөхөрсөн, ер нь нүүр нь тэр чигтээ хавдаж хөхөрсөн байдалтай, эрүү орчимдоо маажуулсан бололтой, хүзүү нь улайчихсан боолгуулсан бололтой хөх судалтай болчихсон, хүзүүнийх нь баруун хэсэгт нь хумс шигдэж орсон бололтой ором гарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17/, “******* биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн бугалганы цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. ” гэх 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 776 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 21/, хохирогч, яллагдагч нараас гаргасан баталгаа /хэргийн 49-50/ болон хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч *******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгуулийн ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч*******д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч*******д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ